Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0097/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Д.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2218000000071 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Д, 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буд” худалдааны төвийн урд зам дээр 59-03 ДАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил тараад, машинаа унаад явж байсан. Аав шинэ дархан явна гэхээр нь ажлаасаа очиж аваад аав, ээж хоёрыг шинэ дарханд үлдээгээд буцаад явж байхдаа нэг найзтайгаа тааралдаж, хамт хоол идчихээд, баталион ороод буцаад гэр лүүгээ явж байсан. Гэрлэн дохионоос баруун эргэхэд өөдөөс баахан машин явж байсан бөгөөд машинууд гэрлээ хол дээр тавьсан явж байсан, зарим машин гэрлээр дохиод байсан. Гэтэл гэнэт замын хажуугаас хохирогч машин руу ороод ирсэн.

...Бүх эмчилгээний зардал, эрүүл мэндийн даатгал төлж өгсөн. Нийт 481,100 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орой 19:00 цагийн үед гүйж яваад ийм зүйл болсон. Хөлдөө гурван хадаастай хэцүүхэн л байна, гишгэж чаддаггүй болсон.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хавтаст хэргийн 3-10/,

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-Гэрч З.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны оройн 18 цаг 20 минутанд ажлаасаа тарсан юм. Тэгээд гарч ирээд найзтайгаа уулзаж байтал манай найз Д.Д хүрч ирсэн юм. Ирэхдээ аавынхаа 59-03 ДАА улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд манай найз гэр рүүгэээ явсан, харин Д.Д бид хоёрын гэр ойрхон байдаг учраас хамт явсан юм. Би Даваавандангийн жолоодож явсан автомашины жолоочийн эсрэг талд урд суудал дээр суугаад явсан юм. Тэгээд Дархан захын ард талаар гараад “Буд” төвийн дэргэд явж байтал гэнэт түс гээд л явчихсан юм. Тухайн үед манай найз Д.Д надад хандан “хүн мөргөчихлөө” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би буугаад харсан чинь зам дээр машины баруун хэсэгт буюу жолоочийн хэсгийн доод талд эмэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед манай найз Д.Д тэр эмэгтэйг дээшээ эргүүлээд харуулсан чинь нэг гараа дээшээ өргөөд татаад байсан юм. Тэгэхээр нь би айгаад шууд эмнэлэг рүү залгасан чинь “эхлээд цагдаа руу залга” гэж хэлсэн. Тэгэхээр нь дараа нь цагдаа руу залгаж дуудлага өгсөн юм..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,

 

-Гэрч К.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр миний хүү Д.Д нь миний эзэмшлийн 59-03 ДАА улсын дугаартай Т/Приүс маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод намайг шинэ Дарханд хуучин хорооллын 3 дугаар байрны гадаа хүргэж өгөөд 20 цагийн орчим /би яг цаг хугацааг сайн санахгүй байна/ явсан юм. Тэгээд удалгүй миний хүү Д.Д над руу залгаад “аав би хүн шүргэчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа, эмнэлэг дуудсан уу гэж асуухад надад дуудсан гэж хэлсэн юм.

...59-03 ДАА улсын дугаартай Приүс маркийн тээврийн хэрэгсэл бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

“...Ц.Н-ийн биед баруун хөлийн шилбэний шаант, тахилзуур ясны дунд 1/3-н битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.Н-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34/,

 

-Ц.Н-т яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 35-36/,

 

-“...59-03 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021 оны 08 сарын 18 ны өдөр техникийн хяналтын үзлэгт орон тэнцсэн байна. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.1 мөн 3.4-д заасны дагуу тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж оролцсон байна.

2.1-д заасны дагуу хөдөлгөөнд оролцсон учраас осолд техникийн байдал нөлөөлөөгүй. 59-03 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зургийн баримтаас харахад нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй байна.

59-03 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 11,4 км/ц хурдтай яваад явган зорчигчийг мөргөөд 1м яваад зогссон байна. Хөдөлгөөнд оролцсон машины тормозны механизм хэвийн ажиллагаатай байсан байна. Осолд тормозны механизм нөлөөлөөгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41/,

 

-“...Эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардал 520000 төгрөг болно.” гэх 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн эвдрэл хохирлын үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51/,

 

-“... Д.Д нь 59-03 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Ц.Н-ийг зам дээр мөргөж, эрүүл мэндэд хохирол учруулж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 59-03 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Д.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”,

12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна",

12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөн.

Явган зорчигч Ц.Н нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэх заалтыг зөрчсөн байна.” гэх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 56/,

 

-Д.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74/,

-Д.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75/,

-Д.Д-гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 78/,

-Д.Д-гийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.00%  гарсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 93/,

-Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 114, 135-142/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Д.Д нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буд” худалдааны төвийн урд зам дээр 59-03 ДАА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Д.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75/, шийтгэх тогтоолын хуулбар 110-112/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Д нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шийтгэх тогтоол гарах үед хохирол төлбөрийг төлсөн зэрэг хувийн болон ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Д нь эмчилгээний төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөрт нийт 481,100 төгрөгийг хохирогчид төлсөн гэх мэдүүлгүүдийг өгч байх бөгөөд тухайн хохирол төлбөрийг төлсөн тал дээр талууд маргахгүй байна.

Хохирогч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөртэй холбоотой 205000 төгрөгийн баримтыг /хавтаст хэргийн 135-141/ гаргаж өгч байх бөгөөд шүүгдэгч Д.Д нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан /хавтаст хэргийн 145/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ