Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0012/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Л.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2118003480366 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Л.Б, 1981 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 22 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Н-ийн эрх чөлөөнд халдаж, толгойн дагз хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Хэдэн сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Би таксины жолоочтой муудалцсаны улмаас бие өвдөж хэл амаа хазаад гэртээ ухаан алдаж унасан. Хэн ч байгаагүй учир сэрээд өөрөө түргэн дуудсан. Түргэн дуудах гээд залгахад эмч нь “тэгээд яасан юм бэ? яг яах гэж байгаа юм” гээд байхаар нь би “хэл амаа хазаад унасан байна, хүрээд ирээч, Болороо байна” гэхэд утасны цаанаас “хохь чинь чам шиг амьтан үхэж байвал таарна.” гэж хэлсэн. Өвчтөндөө тэгж хэлж болох юм уу? Намайг цохисон гэж хэлээд байгаа боловч би Наранцэцэгийг цохиогүй. Гэмтэл учруулах зүйл болоогүй. Харин ч би энэ хүнээс болж сэтгэц, бие мах бодиороо хохирч байна.

...”Чи яагаад утасны цаанаас “үхээч” гээд байгаа юм бэ? чамд би үзүүлэхгүй” гээд хаалгаа хаагаад түлхэхэд Наранцэцэг “мэдрэл муутай гичий” гэж  хэлсэн. Би “чи яахаараа өвчтэй хүнийг тэгж хэлдэг юм бэ” гээд гараа зангах үед жолооч нь дундуур орж ирсэн, би цохиогүй.

...Тэр хүнд үзүүлмээргүй байсан. Намайг утасны цаанаас “гичий, үхэж байвал таарна” гэж хэлсэн. Би орилж чарлахаараа мэддэггүй болохоос тэрийг түлхсэн зүйл байхгүй, гараа далайхад Дарханбаяр дундуур орж ирсэн. Дарханбаяр намайг болон Нарааг түлхсэн. Тэгээд Нараа хойшоо болоход нь Дарханбаяр татаж авсан.

...би шүүх хурлаа хүндэтгээд ирж байна. Наранцэцэгтэй би өмнө нь хэрэлдэж байсан. Тэр хүн намайг “Болороо мэдрэл муутай” гэж ярьдаг гэсэн. Дахин хэлэхэд Наранцэцэгийг түлхсэн зүйл байхгүй. Ингэж өвчтэй хүнд нөлөөлж болохгүй. Энэ хүнээс болж би сэтгэцийн өвчинд хамрагдаж корона авсан. Энэ өвчнөөс болж би бие сэтгэлээрээ хохирч байна.

...Тангараг өргөсөн эмч урьдын таарамжгүй харилцаанаас болж үйлчлүүлэгчдээ ингэж хандаж болохгүй, би цохиогүй байхад эмнэлэг, цагдаа яагаад намайг буруутгаж байгааг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,

-Хохирогч Ч.Н-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 11/,

 

-Хохирогч Ч.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Шарын гол сумын Эрүүл мэндийн төв дээр яаралтай тусламжийн бага эмчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэтэл 17 цаг өнгөрч байхад дуудлага ирсэн бөгөөд утсаа авсан чинь нэг эмэгтэй хүн “дуудлага өгмөөр байна” гэхээр нь би “ямар шалтгаанаар түргэн дуудаж байгаа юм бэ?” гэсэн чинь өөдөөс “яасан хүн түргэн дууддаг юм бэ, хурдал, би үхэх гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би түүнийг ядахдаа гэрийнхээ хаягийг хэлэл дээ гэхэд “Хайрхан баг 22-05 тоотын Болороо байна” гэхээр нь би утсаа тавьсан. Тэгээд хаягаар нь жолооч болох Дарханбаярын хамт очиход Болор-Эрдэнэ гэж эмэгтэй өөрөө хаалгаа онгойлж өгөөд намайг харснаа “би чамд үзүүлэхгүй” гээд намайг түлхээд гэртээ оруулахгүй байхаар нь би буцаад доошоо шатны уруу бууж явтал Болороо гэж хүүхэн миний араас ирээд толгойн дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үедээ би тоолгүй “чамайг цагдаад хэлнээ” гэж хэлээд түргэнийхээ машинд суугаад эмнэлэг дээрээ очсон чинь дотор муухайрч байгаад ухаан алдаж унасан.

...Би ажил төрлөө хийж яваад Болороо гэх хүнд доромжлуулж зодуулсандаа гомдолтой байна. Харин надад нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

-Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр би Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн жолоочоор гарч байсан бөгөөд орой 17 цаг өнгөрч байхад “22-05 тоотод дуудлага” ирлээ гээд Наранцэцэг эмч намайг аваад явсан бөгөөд Хайрхан багийн 22-05 тоотод очоод хаалга нүдэхэд Болороо гэх хүүхэн хаалгаа онгойлгоод үгийн зөрүүгүй Наранцэцэг эмч рүү орилж хашхираад дайрч давшилсан. Тухайн үед юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй орилоод байхаар нь Наранцэцэг эмч бид 2 буцаад явах санаатай 2 давхрын шатнаас бууж байхад миний хажуугаар Болороо гэх хүүхэн дайрч орж ирээд миний урд шатаар доошоо алхаж явсан Наранцэцэг эмчийн толгойн ард дагз руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед би хажуугаас нь Наранцэцэг эмчийг татаж аваад салгасан. Тэгэхгүй бол хамт шатны уруу унах байсан. Тэгээд Болороо гэж хүүхэн Наранцэцэг эмчийн араас шүлсээ хаяад үлдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,

 

“...Ч.Н-ийн биед “баруун гүрээний дотор артерийн хагарсан том цүлхэнгийн хүзүү хэсгээр хавчаар тавьсан мэс заслын дараах байдал” оноштой, 50% группд байсан, мэдрэлийн эмчийн хяналтанд, тогтмол эмчилгээ хийлгэдэг, сэтгэл санаа болон бие махбодын талаар дэглэм баримтлах шаардлагатай байх тул ямар нэгэн гадны цочрол өгөх үед амь тэнссэн байдал үүсч амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой. Ч.Н-ийн биед илэрсэн дээрх байдал нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ч.Н-ийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,

 

-Хохирогч Ч.Н-т үзлэг хийсэн тухай эмчийн тодорхойлолтууд /хавтаст хэргийн 28-30/,

 

-“...Л.Б нь сэтгэцийн тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, зан төрхийн гүнзгий өөрчлөлттэй байна. Л.Б-ийн сэтгэцийн Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, зан төрхийн гүнзгий өөрчлөлт нь олдмол эмгэг болно. Л.Б нь сэтгэцийн Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, зан төрхийн гүнзгий өөрчлөлттэй боловч мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган ойлгох, хэрэг хариуцах чадвартай байна.” гэх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 106/21 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 35/,

 

-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ч.Н-ийн биед илэрсэн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой талаар 2021.10.18-ны өдөр гаргасан №688 дугаартай дүгнэлтийн 1-д бичиж гаргасан байгаа. Ч.Н-ийн биед “баруун гүрээний дотор артерийн хагарсан том цүлхэнгийн хүзүү хэсгээр хавчаар тавьсан мэс заслын дараах байдал” оноштой, 50%-иар группд байсан, мэдрэлийн эмчийн хяналтанд, тогтмол эмчилгээ хийлгэдэг, сэтгэл санаа болон бие махбодын талаар дэглэм баримтлах шаардлагатай байх тул ямар нэгэн гадны цочрол өгөх үед амь тэнссэн байдал үүсч амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх боломжтой. Энэ гэмтэл нь 2021 оны 10 сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39/,

 

-“ Л.Б нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группд байдаг” гэх хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон тухай комиссын шийдвэр /хавтаст хэргийн 100/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би Наранцэцэгийг цохиогүй. Эмнэлэг, цагдаа яагаад намайг буруутгаж байгааг би мэдэхгүй байна.” гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Ч.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгээд хаягаар нь жолооч болох Дарханбаярын хамт очиход Болор-Эрдэнэ гэж эмэгтэй өөрөө хаалгаа онгойлж өгөөд намайг харснаа би чамд үзүүлэхгүй гээд намайг түлхээд гэртээ оруулахгүй байхаар нь би буцаад доошоо шатны уруу бууж явтал Болороо гэж хүүхэн миний араас ирээд толгойн дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үедээ би тоолгүй чамайг цагдаад хэлнээ гэж хэлээд түргэнийхээ машинд суугаад эмнэлэг дээрээ очсон чинь дотор муухайр ч байгаад ухаан алдаж унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/, гэрч Д.Дарханбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Наранцэцэг эмч бид 2 буцаад явах санаатай 2 давхарын шатнаас бууж байхад миний хажуугаар Болороо гэх хүүхэн дайрч орж ирээд миний урд шатаар доошоо алхаж явсан Наранцэцэг эмчийн толгойн ард дагз руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед би хажуугаас нь Наранцэцэг эмчийг татаж аваад салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/, “Ч.Алтанцэцэгийн дагзны орчим улайж хавдсан, зүүн гарын арын хэсэгт 2 см орчим маажсан, хөхөрсөн байдалтай. Сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлсэн.” гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн жижүүр эмч Ж.Гэрэлмаагийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 30/ зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч Л.Б нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 22 дугаар байрны 1 дүгээр орцонд иргэн Ч.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун гүрээний дотор артерийн хагарсан том цүлхэнгийн хүзүү хэсгээр хавчаар тавьсан мэс заслын дараах байдал” бүхий хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 26-27/ нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 106/21 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 35/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48/ зэргээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группд байдаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон тухай комиссын шийдвэр /хавтаст хэргийн 100/ зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 1 /нэг сар/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ч.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй мөн мөрдөн байцаалтын шатанд “...би ажил төрлөө хийж яваад Болороо гэх хүнд доромжлуулж зодуулсандаа гомдолтой байна, харин надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Л.Б-ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д 1 /нэг сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-эд анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ