| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2018/0797/Э |
| Дугаар | 1108 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1108
М.Р-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
шүүгдэгч М.Р-,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.Р-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708000000085 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Хар гэр овгийн М.Р-, 1984 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Их-Уул суманд мал маллаж амьдардаг байсан гэх, ам бүл 3, эцэг, эх, ахын хамт Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
М.Р- нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Хандсүрэнгээс 100.000 төгрөг, Ц.Чинзоригоос 200.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Р-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Р-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 85 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Р-оос 300.000 төгрөгийг 6 сарын хугацаанд гаргуулж, хохирогч Ж.Хандсүрэнд 100.000 төгрөгийг, хохирогч Ц.Чинзоригт 200.000 төгрөгийг тус тус олгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Р- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулна. Дахин ийм зүйл хийхгүй, шударгаар амьдарна. Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Р- нь мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан тул түүнд цагдан хорих таслан шийдвэрлэх арга хэмжээ авсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
М.Р- нь 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 51 дүгээр гудамжны 21 тоотод байрлах “Бумба бурхан” нэртэй хүнсний дэлгүүрт орж, худалдагч Ж.Хандсүрэнгээс “Би энэ хашаа байшинг худалдаж авахаар эзэнтэй нь тохиролцсон, орой хашаандаа барилгын материал буулгана, ажлын хөлс өгөх гэсэн чинь мөнгө дутаад байна, түр мөнгө зээлээч” гэж 100.000 төгрөгийг, мөн гудамжинд байрлах “Амтат бууз, хуушуур” нэртэй цайны газарт орж, тогооч Батхишиг гэх эмэгтэйн нөхөр Ц.Чинзоригоос “Би танай хажуу талын дэлгүүрийг худалдан авч байгаа, танайх манай хашаанд байрлаж дугуй засвар ажиллуулаач, одоо байшингийн төмөр авч ирэх гэсэн чинь тээврийн зардал дутаад байна, түр мөнгө зээлээч” гэж 200.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч Ж.Хандсүрэн, Ц.Чинзориг /хх-ийн 42-44, 45, 47, 48-49/ нар нь М.Р-т мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээний талаар тус тус тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд энэ нь шүүгдэгч М.Р-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн /хх-ийн 74-78, 82-84, 154/ мэдүүлгээр давхар нотлогджээ.
Шүүгдэгч М.Р- нь хохирогч нараас бага хэмжээний мөнгийг авахдаа өөрийгөө “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 51 дүгээр гудамжны 21 тоотод байрлах хашаа байшинг худалдан авч байгаа” мэтээр ойлгуулж, “хашаандаа барилгын материал буулгана, дугуй засварын үйл ажиллагаа явуулна” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитой биш байсан байх бөгөөд тэрээр хуурч мэхлэх аргаар, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын хөрөнгийг авч, өөртөө хэрэглэсэн байдал тогтоогдож байна.
Дээрх байдлыг үндэслэн, шүүгдэгч М.Р-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авснаас бага хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог. Ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжиж, түүнд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Р-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шүүгдэгч М.Р-оос нийт 300.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Ж.Хандсүрэнд 100.000 төгрөгийг, Ц.Чинзоригт 200.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасанд нийцжээ.
Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, дээрх хохирлыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосныг буруу гэж үзлээ.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаас үзвэл, шүүхийн шийдвэрт “хохирол барагдуулах ажиллагааг тодорхой хугацаанд хийх” талаар тусгаж болохоор байх боловч уг хугацааны хэмжээ, хязгаарыг тодорхой хуульчлаагүй байна.
Иймд шүүхээс хохирол барагдуулах хугацаа тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан, шүүгдэгч М.Р-ын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 826 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаас “...6 /зургаа/ сарын хугацаанд...” гэснийг хасч, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч М.Р-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
Н.БАТСАЙХАН