Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Энхтөр,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Н.Содномдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гүр овогт Надмидын Содномдоржид холбогдох 201616010077 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ханбогд хурд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Гоёотын 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №115 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хууль /хуучин/-ийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Гүр овогт Надмидын Содномдорж /РД:КЙ65091575/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Содномдорж нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, 2 дугаар баг, Гоёотын 2-8 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлт-Одтой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Гэрэлт-Одын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Содномдорж мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой гэртээ байсан чинь манай авгайн эгчийн хүүхэд Гэрэлт-Од архи, чихэр аваад ирсэн. Тэгээд хоёулаа нийлээд шилтэй архийг нь хувааж уусан. Урьд нь намайг гэртээ хүрээд ир гэхэд нь би очиж чадаагүй юм. Үүнд Гэрэлт-Од гомдож явдаг байсан юм шиг байгаа юм. Түүнээс болоод архи дуусах үед бид хоёр маргалдсан. Хоёулаа согтуу байсан болохоор үг хэлээ ололцоогүй маргалдсан. Тэгээд би айлгах санаатай гэр лүү орж хутга бариад гарч ирээд тэврэлдэж байхад зүсэгдсэн байна лээ, би мэдээгүй. Яг хутгалчихъя гэж бодоогүй, айлгах санаатай байсан юм. Тэгээд Гэрэлт-Од яваад өгсөн. Тэгээд гэртээ байж байтал цагдаа нар ирсэн. Эмчилгээнийх нь бүх зардлыг төлсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Гэрэлт-Одын биед би гэмтэл учрууулсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Архи ууж, согтуурсны улмаас ийм хэрэг гарсан. Н.Гэрэлт-Одыг санаатайгаар хутгалъя гэж бодоогүй. Санамсаргүй байдлаар ийм хэрэг боллоо. Улсын яллагчаас оногдуулсан торгуулийн хэмжээг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

   Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч  Н.Содномдорж нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, 2 дугаар баг, Гоёотын 2-8 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлт-Одтой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Гэрэлт-Одын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримт, яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Н.Содномдоржид Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “ Согтуурсан буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин буюу 960000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Н.Содномдорж нь 2016 оны 08 дугаар сраын 08-ны өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай “…Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой хүргэн ах Содномдоржийн гэрт нь 0,5 литрийн архи, ундаа чихэртэй очиж хувааж уугаад хоорондоо таарамжгүй харьцаанаас болж хүргэн ах Содномдорж намайг нуруун тус газар зүссэн байна…” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,

Хутга хураан авч үзлэг хийсэн тухай “...Уг хутганы ерөнхий урт нь 28 см, ажлын хэсгийн урт нь 14.5 см, өргөн нь 2 см тус тус хэмжээтэй хүрэн модон бариултай эдлэж хэрэглэж байсан хуучин хутга байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 10-р хуудас/,

Н.Гэрэлт-Одын хохирогчоор өгсөн “…Би 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрөөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байдаг хүргэн ах Содномдоржийнд Ханбогд сумын наадмын эхний өдрийн орй 1 шил 0,5 литрийн ерөөл архи ундаа чихэр жимс авч очсон. Хүргэн ах Содномдорж гэртээ байсан. Бид хоёр архи дуусахын алдад маргалдаж зууралдаж байгаад Содномдорж ах гэр лүүгээ ороодхутга бариад гараад ирсэн. Тэгээд намайг тэвэрч аваад зогсож байсан тэгэхээр нь би цээж рүү нь түлхсэн чинь баруун дал нуруун хэсэгт зүсчлээ гэдгийг мэдээд хашаанаас гараад явсан. Цус гоожоод байхаар нь энд байдаг айлынхаа хүн рүү хүний утсаар гуйж ярьчихаад хүлээгээд зогсож байтал Сарангэрэл эгч, охин Бумзаяа нар араас автомашинтай ирээд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод нуруундаа 4 оёо, баруун мөрөндөө 1 оёо тус тус тавиулаад явсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/,

Ханбогд сумын хүн эмнэлгийн багийн эмч О.Ундармаагийн “...Баруун талын далны дунд шугамаар баруун бөөрний орчимд 4 см урттай, 0,5 мм гүн, өргөн 0,4 мм зүсэгдсэн шархтай. Бөөр болон хэвлий рүү нэвтэрсэн эсэхийг багажаар шалгахад нэвтрээгүй байсан.” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 17-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ¹411 дугаартай “…Гэрэлт-Одын биед баруун бөөр орчмын болон баруун мөрний зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-р хуудас/,

Шүүгдэгч Н.Содномдоржийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Н.Содномдоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29-р хуудас/,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №931 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 30-р хуудас/,

Шүүгдэгч Н.Содномдоржийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Гэрч С.Бумзаяагийн өгсөн “...би 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Галба талбай дээр сумын наадамд зориулсан шоу тоглолт үзэж байгаад 23 цагийн үед гэртээ харьж явахад ах Гэрэлт-Од таарсан. Тэгтэл Гэрэлт-Од ах аавтай хамт архи ууж сууж байгаад хутгаар зүсүүлчлээ гэхээр нь авч яваад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд буцаад хариад аав Соднодоржид яах гэж зүгээр архи ууж чадахгүй хутга шөвөг барьж байдгийн гээд загнаад байж байтал гаднаас цагдаа нар ирээд аав Содномдоржийг аваад явсан. Гэрэлт-Одын баруун мөрний дал хэсэгт, баруун бөөрний нуруу хэсэгт хутгаар зүсүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-р хуудас/,

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №106 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

Шүүгдэгчийн харилцагч банкуудаас гаргасан лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 42-58-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Содномдорж нь 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус аймгийн Ханбогд сум, 2 дугаар баг, Гоёотын 2-8 тоот гэртээ хохирогч Н.Гэрэлт-Одтой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Гэрэлт-Одын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч Н.Гэрэлт-Од нь шүүгдэгч Н.Содномдоржтой сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Хэдийгээр хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д мансуурсан буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гүр овогт Надмидын Содномдоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Н.Содномдоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960000 /есөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг уг ялын хэмжээнээс хамааруулан гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Н.Содномдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Содномдоржид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй байх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 8.Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА