Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1753

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02223 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрхэт трейд” ХХК-д холбогдох

 

  Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 477 552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: С.Баяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Мэндсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 75 дугаар байрны оршин суугчид 2013 оны 9 дүгээр сарын 15-нд болсон бүх гишүүдийн хурлаас сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдах шийдвэр гаран 2013 оны 12 дугаар сарын 01-нээс “Их хөгжил”  сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа эхэлсэн. “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбоо нь 75 дугаар байранд сууц өмчлөгч 200 гишүүнтэй. Тус холбооны гишүүн 14 ба 217 тоотын өмчлөгч “Эрхэт трейд” ХХК-ийн захирал Г.Одгэрэл нь 2015 оны 7 дугаар сараас эхлэн 2017 оны 6 дугаар сар хүртэл 14 тооттой холбоотой нийт 24 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 477 552 төгрөг, 217 тооттой холбоотой 182 720 төгрөг нийт 660 272 төлөөгүй байгаа болно. 14 тоотод оногдох төлбөрийг бусад сууц өмчлөгчдийн холбооны нэг сарын төлбөр нь 19 898 төгрөг юм. Уг тоотод хамаатай нэг сард оногдох төлбөрийг бусад сууц өмчлөгчдийн холбооны жишиг дундажийг баримтлан тогтоосон ба тухайн 75 дугаар байрны 14 тоотод хамаарах орон сууцны талбайн м.кв-ыг үндэслэн засвар үйлчилгээнд 8748 төгрөг, лифтний үйлчилгээнд 5000 төгрөг, цэвэрлэгээнд 2500 төгрөг, хог 2000 төгрөг, гэрэлтүүлэг 1500 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар мөн 217 тоотод хамаарах орон сууцны м.кв-ыг үндэслэн засвар үйлчилгээнд 14 698 төгрөг, лифтний үйлчилгээнд 5000 төгрөг, цэвэрлэгээнд 2500 төгрөг, хог 2000 төгрөг, гэрэлтүүлэг 1500 төгрөг, баримтын үнэ 150 төгрөг байхаар тус тус бүх гишүүдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл тогтоосон байдаг. Өмчлөгч Г.Одгэрэлийн төлөх дээрх тооттой холбоотой сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь тухайн сар бүр шууд зардлаар тухайн тоотуудад хамааран авдаг үйлчилгээний төрөлд хүрдэггүй. Энэ тухай ултай тооцох, сонсохыг ч хүсдэггүй, удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан. Санхүү эрхэлсэн захирал Оюунчимэгтэй энэ талаар утсаар, албан бичгээр болон биечлэн уулзаж ярилцаж байсан. Тухайн нэг өрхөд оногдох зардлыг тооцон үзвэл лифт хариуцсан мэргэжлийн байгууллагаас авдаг үйлчилгээнд нэг сард дунджаар 10 000 төгрөг сууц өмчлөгчдийн холбооны ажиллагчдын цалингийн зардалд 10 700 төгрөг, хог тээвэрт 2000 төгрөг, дундын өмчлөлийн орон зайн халаалт, усны хэрэглээнд дунджаар 1000-2000 төгрөг, бусад зардалд 2000 төгрөг гардаг талаар дараах тооцоог хийн 2016, 2017 онд удаа дараа биечлэн уулзаж, утсаар ярин танилцуулж ярилцсан боловч өөрийн өмчлөл дэх 14 тоотод оногдох СӨХ-ны төлбөр болох нэг сарын 19 898 төгрөг нийтдээ нийт 24 сарын СӨХ-ны төлбөр болох 477 552 төгрөг, 217 тоотод хамаарах 182 720 төгрөг нийт 660 272 төгрөгийг төлөхгүй байсаар “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны санхүүд хүндрэл учруулж, дундын өмчлөлийн орон зайд урсгал засвар, үйлчилгээ хийх боломжгүй болгож, төлбөрөө хугацаандаа төлдөг бусад гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Иймд Г.Одгэрэлээс 14 тоотод оногдох 24 сарын СӨХ-ны төлбөр 477 552 төгрөгийн гаргуулж өгнө үү. 217 тоотод оногдох 182 720 төгрөгийг төлсөн гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 75 дугаар байрны 14 тоот ба 217 тоот байрнуудын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 664 072 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. 75 дугаар барилгыг манай “Эрхэт трейд” ХХК ерөнхий захиалагчаар ажиллан хөрөнгө оруулагчаар “ЭФ си си” ХХК орж уул барилгыг барьж 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж орон сууцнуудыг тухайн жилдээ борлуулж дууссан. Дээр дурдсан 14 тоот болон 217 тоот байрнууд нь манай компаний өмчлөлийн байр биш болно. Иймд манай компани энэхүү хэргийн хариуцагч биш болно гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Эрхэт трейд” ХХК-иас 477 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... хариуцагч Г.Одгэрэлээс 14 тоотод оногдох 24 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 477 552  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн байхад иргэн Г.Одгэрэлд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, түүнээс хариу тайлбар аваагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй байна. Ингэснээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2, 72 дугаар зүйлийн 72.1, 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг тус тус зөрчсөн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбараар "Эрхэт трейд" ХХК нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 75 дугаар байрны 14 тоот орон сууцны өмчлөгч биш болох нь тогтоогдож байна" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн орон сууц нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн эрх ... бусад эрхийг бүртгүүлнэ" гэсний дагуу өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн зохигчдын тайлбараар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болохыг тогтоох боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад 75 дугаар байрыг "Эрхэт трейд" ХХК захиалж бариулсан бөгөөд тус байрны 14 тоот нь тухайн компанийн өмч байгаад хожим бусдад худалдсан, одоо Одгэрэл захирал мөн эсэх, тус байрыг эзэмшдэг гэсэн мэдээллийг хариуцагч тал өгсөн байх бөгөөд түүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд "Эрхэт трейд" ХХК гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь дээр дурдсанаар "Эрхэт трейд" ХХК нь хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасан ажиллагааг явуулахгүйгээр  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд  нь  хэрэгсэхгүй  болгосон  нь үндэслэлгүй байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Их хөгжил” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн 3 дахь хуудсанд “… Г.Одгэрэлээс 664 072 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэгч тодорхойлох эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн этгээдэд эсхүл иргэнд холбогдуулж гаргасан эсэхийг шүүх тодруулах шаардлагатай.

 

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй атлаа хариуцагч “Эрхэт трейд” ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэн, тус компанид холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

  Түүнчлэн “Эрхэт трейд” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Д.Дэлгэрмаад нэхэмжлэл гардан авах эрхтэй итгэмжлэл олгосон байхад түүнд  шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ. /хх-н 10-13, 15-р тал/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/02223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 977 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                       

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ