Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0011

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

Ө.Э-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ..... нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй, Ө.Э-н нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 онд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/9 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөөд Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 14 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилогдсон. Гэтэл 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалаа 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр надад өгч хэл амаар доромжилсон. Энэхүү Б/26 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 11 дүгээр зүйлийн 11.5, аймгийн Засаг даргын 2015 оны Б/25 тоот захирамжийг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Орхон сумын Засаг дарга О.О, Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц нар намайг 3 удаа ажлаас халж, чирэгдэл хүндрэл учруулж, миний ажиллаж амьдрах эрхийг хаан боогдуулж гадуурхаж байгаа нь хүний оюуны болоод сэтгэл санаа, хүний эрхэнд ноцтой халдаж, эдийн засаг, санхүүгийн хохиролд маш ихээр оруулж байгаад би гомдолтой байна. Монгол улсын Засгийн газрын Сумдад мал эмнэлэг, үржлийн нэгж байгуулах тухай 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн а/230 тоот тушаалаар Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ажил, үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий 3 хүний орон тоотой мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулагдсан. Мал эмнэлэг үржлийн тасаг орон даяар ажиллаж байхад яахаараа ганцхан Орхон сумынх байхгүй болчихдог юм бэ. Иймд Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.900.135 төгрөгийг нөхөн гаргуулахыг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц нь тушаалаа гаргахдаа шалтгаан нөхцөлийг буруу тогтоосон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-ийг барилгүй 40.1.2-ийг баримталсан нь буруу юм. Хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Засаг даргын Тамгын газрын дарга нь энэ албан тушаалыг хаших бүрэн эрхгүй гэж үзэж байна. Учир нь жинхлээгүй, түр хугацаагаар ажиллаж байгаа тухай нотлох баримт шинжлэн судлахад яригдлаа. Нэхэмжлэгчийн ажлаас халах эсэх асуудлыг сумын Засаг дарга шийдэх ёстой атал Тамгын газрын дарга нь халаад байгаа нь буруу юм. Орон тоо нь хэвээрээ, төсөв нь хэвийн ирж байгаа гэдэг нь нотлогдсон. Бид тушаалын хууль зүйн үндэслэл, баримталсан хуулийг харах ёстой. Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал нь хууль бус байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Э-г ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2015 оны эхнээс сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооноос Мал эмнэлэг, үржлийн тасгийн Хөгжлийн бодлогын мэргэжилтний орон тоо хасагдсан тухай албан бичиг аймгаас ирсэн. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал сумын 2015 оны төсвийн зарлагын хуваарьт бүтцийн өөрчлөлтийн тэтгэмж гэсэн мөнгийг 4 дүгээр сард зарцуулахаар баталж өгсөн. Манай дансанд орж ирээгүй байгаа. Орж ирэнгүүт Ө.Э-д олгоно. Аймгийн Засаг даргын 2015 оны Б/25 тоот захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Мал эмнэлэг, үржлийн тасаг хоёр орон тоотой байхыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Мөн сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог батлагдсан төсөвт багтааж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгасан байна. Иймд дээрх захирамж, үүрэг чиглэлүүдийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасгийн орон тоо, бүтцийн талаар сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Ө.Э-г ажлаас чөлөөлсөн болно. Орхон сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтний хийж гүйцэтгэж байсан ажлыг бусад хүмүүст хуваарилж, хариуцуулахаар бүтэц орон тоогоо шинэчилсэн байгаа. Нэхэмжлэгч Ө.Э-г ажилд авъя гэхээр цалингийн сан байхгүй байгаа. Оны эцэст манайх өртэй гарахаар байгаа юм. Мөн бид нэг хүнийг цомхотгох асуудлыг шийдвэрлэхдээ Мал эмнэлэг, үржлийн тасгийн 3 хүний 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг харгалзаж үзсэний дээр, малын эмч, мал зүйч улсын байцаагчийн орон тоо зайлшгүй суманд байх шаардлагатай гэж үзсэн. Нэхэмжлэгчийн мэргэжил бол эдийн засагч мэргэжилтэй, түүний хийж гүйцэтгэж байсан ажлыг бусад албан тушаалтнууд хийж гүйцэтгэх боломжтой зэргийг харгалзан үзсэн. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Цалингийн сан нь байхгүй, орон тоо хасагдсан байхад энэ хүнийг ажилд аваад хаанаасаа цалинжуулах вэ” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ө.Э-г ажлаас чөлөөлөөд байгаа гол шалтгаан нь орон тоо хасагдаж, цалингийн сан дутуу орж ирсэнтэй холбоотой. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн сумын төсвийн шууд захирагч байдаг. Энэ утгаараа төсвийн шууд захирагч нь батлагдсан орон тоо, цалингийн сандаа багтаан сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог баталж, ажилчдыг томилох чөлөөлөх эрхтэй хүн юм. Орон тоо хасагдсан асуудлыг Засгийн газраас цахим хурлаар асууж тодруулсан байдаг. Энэхүү цахим хурлын үеэр сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэг хүнийг цомхотго гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн байдаг. 2015 онд хэмнэлтийн жил болгож, орон тоог цөөрүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу ажлын байрны чиг үүргийг өөр албан тушаалтанд хариуцуулах, нягтруулах үндсэн чиглэл өгсний дагуу нэхэмжлэгчийн ажлын байрыг цомхотгосон нь зөв юм. Тухайн тамгын газар хэнийг ажиллуулах, хэнийг цомхотгох вэ гэдэг нь Тамгын газрын даргын эрхийн асуудал байхаас гадна, хэний орон тоог хасах вэ гэдэг асуудлаар сумын удирдлагууд хурал хийж ярилцсан байдаг. Ингээд нэхэмжлэгч Ө.Э-н ажлын байрыг цомхотгож, түүний хариуцаж байсан ажлуудыг бусад хүмүүст хариуцуулсан байдаг. Засгийн газрын 223 дугаар тогтоолд суманд Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулах тухай заасан болохоос тухайн тасагт хэдэн хүн ажиллах талаар орон тоог заасан тогтоол байхгүй. Суманд Санхүүгийн алба байгуулах тухай тогтоолоор нэхэмжлэгчийн хийж байсан худалдан авах ажиллагааны ажлыг санхүүгийн албаны даргад шилжүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм” гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг тус тус баримтлан иргэн Ө.Эаас Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “.... Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй Орхон сумын Засаг даргын Тамгын газрын буруутай үйл ажиллагааны нөлөөнд автаж нэг талыг баримтлан нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Орхон сумын Засаг дарга О.О, Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц нар намайг энэ төрлийн ажлаас минь урьд өмнгө нь үндэслэлгүй халж улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолоор ажилдаа эргэн орох болсныг өсөрхөж, улмаар намчирхсан байдал гаргаж, удаа дараа миний эрх ашгийг зөрчиж, сэтгэл санааг хохироож амьдрал ахуйг минь алдагдуулж, дахин орон тоо, төсөв байхгүй гэсэн нэрээр халхавч хийж ажлаас халж байгаад Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх зохих ёсны дүгнэлт хийж чадаагүйгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

... Ө.Э намайг уг ажлаас халагдсан үед МЭҮТасагтай холбоотой орон тоо, төсөв байсан, мөн Засаг даргын Тамгын газарт 22 хүн биш 19 хүн ажиллаж байгаа гэдгийг шүүх хуралд гэрчээр оролцсон Орхон сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн төсөв хариуцсан нягтлан бодогч Д.Ө гэрчилж байгаа бөгөөд дээрх орон тоо улс, аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоол, 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоолуудад заасан сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан байгуулахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ тогтоол нь одоо болтол хүчинтэй байгаа. Сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийг эвдэх эрх аймгийн Засаг дарга, сумын Засаг даргад байхгүй, ийм эрх хуулиар олгогдоогүй.

... Аймгийн Засаг дарга Д.Э Мал эмнэлэг үржлийн тасагтай холбоотой Орхон суманд байвал зохих 3 орон тоог 2015 оны 03 дугаар сарын 12-нд хүчингүй болгож 2 орон тоо болгож өөрчлөлт оруулсан байдаг юм. Энэ нь эргээд шүүхийн болон аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/328 тоот захирамж гаргаж МЭҮТасгийн 2 орон тоог 3 болгон дахин өөрчлөлт оруулан зөвтгөсөн байдаг юм. Бодит байдал ийм байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль бус гаргасан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 тоот захирамжийг хүчинтэй, хүчингүй болгох талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхийн оронд шүүгч Б.М нь бусдын нөлөөнд автагдаж хэрэгт цугларсан нотлох баримтыг сайтар хянан үзээгүйгээс асуудлыг хөнгөн маягаар шийдвэрлэж иргэн Ө.Э намайг хохироож, хууль зөрчиж дураараа авирласан Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц-г хаацайлсан явдалд би гомдолтой байна.

Шүүгч Б.М 2 удаа асуудалд шударга биш, хуулийн дагуу хандаагүй ач холбогдолтой биш асуудлаар тойрч жинхэнэ шийдвэр гаргах байтал хууль бусаар гаргасан албан тушаалтан П.Ц-г зөвтгөсөн нь хууль зүйн ач холбогдолгүй буруу шийдвэр гаргасан албан тушаалтанг зөвтгөж төрийн жинхэнэ албан хаагч намайг хохироосон хэвээр байгаа явдалд би гомдолтой байна.

Шүүгч Б.М нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/25 тоот захирамжаар гарсан Сэлэнгэ сумын МЭҮТ-ын улсын байцаагч нэхэмжлэгч Л.Х-г ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлгүй гэж үзэж ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан байтал намайг ялгаварлан үзэж Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин, шүүгчийн тангаргаа няцааж, албан тушаалаа урвуулан ашиглаж, өмгөөлөгч М.Д нь урьд нь шүүхийн байгууллагад ажиллаж байснаар далимдуулан эрх мэдлээ ашиглаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ц нь 2014 оны үр дүнгийн гэрээг дүгнэхдээ МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээг дүгнэсний дараа бүх ажилчдын хурал хийж үр дүнгийн гэрээг дүгнэсэнг мэдэгдсэн. 2014 оны үр дүнгийн гэрээний дүнгээр МЭҮТасгийн дарга гэх Д.Э “В” үнэлгээтэй, Мал их эмч Ч.Ц “С+” үнэлгээтэй байсан. Гэтэл П.Ц нь шүүхийн байгууллагад үр дүнгийн гэрээнүүдийг авчрахдаа Ч.Ц-н үр дүнгийн гэрээг “В” үнэлгээтэй болгоод үр дүнгийн гэрээг шинээр хэвлэн доторх бичиг, тоог үзгээр бичсэн байгаа нь нөгөө 2 хүний үр дүнгийн гэрээнээс өөр болсон байгаа нь илт байхад шүүгч энэ талаар ямар ч асуудлыг хөндөөгүйд харамсалтай байна. П.Ц нь хуулийг удаа дараа хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч Төрийн албаны тухай хуулийг зөрчиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Ө.Э миний бие МЭҮТасагт би ажиллаж байх хугацаандаа ажлын бүтээмж өндөр байсан. Миний хийсэн ажлын бүтээмж нь удаа дараа 1 байр, тасгаараа 1 байрт орж байсныг мэргэжлийн байгууллага гэрчилнэ. Миний ажлын бүтээмж нь орон нутгийн ЗДТГазрын ажил үүрэгт ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ажлын дүгнэлтээрээ 1 байранд орсон урамшууллыг Засаг дарга аваад намайг ажлаас үндэслэлгүй халдаг нь миний оюун ухаан, мэдлэг чадварыг үгүйсгэж, буруутгаж байгаад би гомдолтой байна.

Ө.Э намайг ажлаас халах үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас буруугаар халагдсан нөхцөлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байдаг. Гэтэл Ө.Э намайг тэмдэгтийн хураамж төлүүлж байгаад гомдолтой байна.

Иймд, Ө.Э намайг ажилд эгүүлэн тогтоож, алдагдсан цалинг буруутай албан тушаалтнаас нөхөн гаргуулж хохиролгүй болгож Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь заалтыг баримтлан хэргийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Ө.Э-с Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б/26 дугаар тушаалдаа “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-ын 3 дахь болон 11 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 2 дахь заалт, аймгийн Засаг даргын 2015 оны Б/25 дугаар захирамжийг тус тус үндэслэн” гэж зааж, Мал эмнэлэг үржлийн тасгийн орон тоо цөөрч, цалингийн сан хасагдсантай холбогдуулан, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтэн Ө.Э-г 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг үржлийн нэгжийг байгуулахаар шийдвэрлэж, хариуцах ажлын чиг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон аймгийн Засаг дарга нарт даалгажээ.

Уг тогтоолын дагуу Булган аймгийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 360 дугаар захирамжаар сум бүрийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 орон тоотойгоор байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс нэгжийн бүтэц, орон тоог цомхотгох албан ёсны шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж маргаж байгаа нь дараах байдлаар үндэстэй байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт заасан “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж тус тус заасны дагуу Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь батлагдсан төсөв, цалингийн сандаа багтаан Тамгын газрын бүтэц, орон тоог тогтоох эрхтэй бөгөөд харин хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2015 оны Тамгын газрын бүтэц орон тоог цөөрүүлж, шинэчлэн баталсан шийдвэр гаргалгүйгээр аймгийн Засаг даргын 2015 оны Б/25 дугаар захирамжаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль бус болжээ.

Түүнчлэн Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолоор сумдын мал эмнэлгийн орон тооны бүтцийг батлаагүй, мөн сумын 2015 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээ баталсныг хариуцагч анхаараагүйн зэрэгцээ төсвийг багасгаж баталсныг орон тоо цомхотгосон гэж үзсэн нь учир дутагдалтай байна. 

            Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Ө.Э-г ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актын үндэслэл болсон Булган аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар шийдвэрээрээ илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, уг шүүхийн шийдвэр нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад шүүх маргаан бүхий акт гаргах үед илт хууль бус болох нь тогтоогдсон захирамж хүчинтэй байсан гэх дүгнэлт хийж, хууль бус тогтоогдсон захирамжийг үндэслэл болгосон тушаалыг хууль ёсны гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй, өөрөөр хэлбэл бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй байхад дээрх хуулийн заалтыг баримтлан /тушаалдаа хуулийн заалтыг буруу бичсэн/ үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа мөн хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл баталгаагаар хангаагүй, мөн  нэхэмжлэгч Ө.Э-г үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх нэг үндэслэл болгосон боловч тушаалд хамаарал бүхий хуулийн заалтыг баримтлаагүй, Төрийн албаны тухай хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуулийн хамааралгүй заалтыг буруу бичиж гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.

            Иймд Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Ө.Э-г Мал эмнэлэг үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.          

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Э-г Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ..... хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон хариуцагч Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.                                                                                                           

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ