Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0032/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2218000000011 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 01  дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Г  1980 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группд байдаг, ам бүл 5, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхант 4-55 тоот хашаан дотор иргэн Э.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр жаахан архи уучхаад харьж явтал гудамжны үзүүрт Э.Б-тай тааралдаж, охиноос болж маргалдсан. Барьцалдаж аваад хувцас, малгай унасан байсныг би мэдэлгүй Батбаярыг аваад явчихлаа гэж бодоод араас нь гэрт нь гүйж ороод Батбаярыг байхаар нь барьцалдаж аваад ийм хэрэг болсон.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

-Хохирогч Э.Б-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3/,

 

-Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ний орой 21 цагийн орчим би Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 4-55  тоот гэртээ байхад гаднаас манай эгчийн хүү болох Энхтүвшин, ахын хүү Батбаатар нар орж ирсэн. Ингээд би юу болсон талаар асуухад “нэг ах чулуу бариад зодох гээд хөөгөөд байна” гэж хэлээд ороод ирсэн. Удалгүй үл таних залуу араас нь манай гэрт орж ирсэн. Манайд орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манайд орж ирээд шууд над руу дайраад миний хоолойг боож аваад намайг “ална” гэж сүрдүүлээд байсан. Удалгүй манай нагац ах Баттөмөр бид хоёрыг салгаад гадаа гаргасан. Гадаа гараад би юу болсон талаар асуухад юу ч хэлэлгүй намайг цохиод авсан. Би унаад босоход дахиад над руу дайрахаар нь би түүнтэй ноцолдож байгаад дээрээс нь дарж унагаад цагдаа иртэл дээр нь дарж хэвтсэн. Ингээд удалгүй цагдаа ирээд аваад явсан.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 8/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай найз охин Мишээлийн гар утсыг түүний хойд аав болох Гантөгс уурандаа газар савсан гэж Мишээлийн ээж Болороо эгч над руу утсаар ярьж хэлсэн. Тэгээд “Болороо гараад явчихлаа, чи хайгаад олоод өгөөч” гэж хэлсэн. Ингээд би Амартүвшинтэй цуг Мишээлийг гадуур хайж олоод ээж Болороог дуудаж хүлээлгэж өгөөд ээжтэй нь Майхантын 4 дүгээр гудамжинд юм яриад зогсож байтал Гантөгс ах ирсэн. Ингээд Амартүвшин Гантөгс ахаас “та яагаад Мишээлийн гар утсыг эвдэж байгаа юм бэ?” гэж асуухад Гантөгс ах “Миний амьдрал та нарт ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд бид хоёр руу дайраад байсан. Тэгээд Амартүвшин урдаас нь түлхээд би ардаас нь татаж унагаад зугтаасан. Бид хоёрын араас нүдний шил, малгай, гар утас зэргийг нэхээд хөөгөөд байсан. Бид 2 зугтаад Батбаяр ахын гэр болох майхантын 4-55 тоот хашаа руу яваад орсон боловч удалгүй араас орж ирээд тэдний гэрт агсам тавиад байсан. Энэ үед Батбаяр ах бид хоёрыг өмөөрөөд Гантөгс ахыг гэрээс гаргах гэтэл Гантөгс ах гарахгүй хэрүүл хийгээд Батбаяр ахыг заамдаж аваад тэр 2 гэрээс гарсан. Гадаа гараад Батбаяр ахыг нэг удаа Гантөгс ах цохисон. Тэгээд шууд Батбаяр ах Гантөгс ахыг дарж хэвтээд цагдаа иртэл хүлээсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

 

-Насанд хүрээгүй гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би орой 22 цагийн орчим найз Энхтүвшинтэй хамт түүний найз охин болох Мишээлийн гэрийн ойролцоо Мишээлтэй уулзахаар ирэхэд Мишээл ээжтэйгээ цуг байсан. Удалгүй араас нь Мишээлийн аав гэх хүн ирсэн. Энэ үед би Мишээлийг өмөөрөөд аав Гантөгсөд хандаж “Та яагаад охиныхоо утсыг эвдэлж байгаа юм бэ?” гэхэд “Манай амьдрал та нар хамаагүй” гэж хэлээд уурлаад над руу дайраад байсан. Манай найз Энхтүвшин рүү чулуу авч шидээд байсан. Би түүнийг түлхсэн боловч Гантөгс гэх хүн унаагүй. Ингээд удалгүй Энхтүвшин “зугтаарай” гээд бид 2 зугтаагаад майхант 4 дүгээр гудамжинд ороод Энхтүвшингийн хамаатны ах болох Батбаярын гэр рүү орсон. Удалгүй араас Гантөгс гэх хүн орж ирээд Батбаяр ах Энхтүвшин бид хоёрыг өмөөрч тэр хүнтэй муудалцсан. Эхлээд Батбаяр ах гэрээсээ гаргах гэсэн боловч Гантөгс ах гарахгүй байсан болохоор Батбаяр ах хүчээр түлхээд гаргасан. Гадаа гараад Батбаяр ахыг Гантөгс ах нэг удаа цохисон. Ингээд Батбаяр ах Гантөгс ахыг цагдаа иртэл дараад хэвтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

-Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өчигдөр орой буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Дархан сум 07 дугаар баг майхант 4-55 тоот гэртээ байхад манай хашааны хажуу айл болох Батбаярын гэрээс маргалдаад байгаа чимээ гарсан. Ингээд би гараад харахад гэр дотор зодоон болоод байсан. Би дотор ороход манай дүү Батбаярыг нэг танихгүй залуу хоолойг нь боосон байсан. Ингээд би тэр хоёрыг салгах гэтэл тэр танихгүй залуу гараа тавихгүй байсан. Бас манай дүү Батбаярын амнаас цус гарсан байсан. Ингээд би тэр хоёрыг гэрээс гаргаад салгасан. Тэгээд манай дүү Батбаяр тэр залууг доошоо дарж хэвтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

-Э.Б-т эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 21-22/,

 

-“...Э.Б-ын биед “дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл” тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Б-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24/,

 

-Г.Г-т ердийн өвчний жагсаалтын 1-10-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож шийдвэрлэсэн тухай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, сунгалт /хавтаст хэргийн 36-39/,

-Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52/,

 

-Шүүгдэгч Г.Г-өөс Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан “...миний бие гэм буруугаа ойлгож байна. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 81/,

 

-Хохирогч Э.Б-аас Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан “...Надад гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 82/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 4-55 тоот хашаан дотор иргэн Э.Б-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, нэг шүдний эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 23-24/ нотлогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Майхантын 3-37 тоот хаягаас 1 сарын хугацаагаар гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулахыг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч Г.Г нь хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 1 /нэг сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхант 3-37 тоотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй мөн мөрдөн байцаалтын шатанд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Г-өөс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 1 /нэг сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газараас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ