Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0046/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б-, Я.Ц нарын өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Хохирогч Г.Г-, Б.Б-,

Шүүгдэгч Г.Г, Б.Б, Я.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд Я.Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г- нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118002690007 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Я.Ц, 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, “Хаан бууз” цайны газарт тогооч ажилтай, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй.

 

2. Монгол Улсын иргэн, Б.Б, 1976 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хаан бууз” цайны газрыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй.

 

3. Монгол Улсын иргэн, Г.Г-, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул зймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Я.Ц нь Б.Б-тай бүлэглэн, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжих шөнө Дархан- Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 5-86 тоотод Г.Г-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, зүүн чихний дэлбэн, зүүн бугалгад шарх, хүзүү, зүүн мөр, дал, цээжинд олон тооны зулгаралт, баруун нүдний алим, зовхи бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-мөн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрч С.Дуламсүрэн, Я.Цэцэгсайхан нарыг “зодоон болж байхад байгаагүй, хүүхдүүдээ аваад урд гэр рүү орсон байсан гэж хэлээрэй” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгасан,

Шүүгдэгч Б.Б нь Я.Ц-тай бүлэглэн, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжих шөнө Дархан- Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Партизаны 5-86 тоотод Г.Г-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, зүүн чихний дэлбэн, зүүн бугалгад шарх, хүзүү, зүүн мөр, дал, цээжинд олон тооны зулгаралт, баруун нүдний алим, зовхи бугалгад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 5-86 тоотод Б.Б-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “баруун мөр, эгэм, өвдгөнд цус хуралт, шилэн хүзүүнд зулгарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Я.Ц-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өрхийн орлогыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч болон хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч болон хохирогч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-Г.Г-, Я.Ц-, Б.Б нараас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6-8/,

 

-Хохирогч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг очиход Цэцэгсайхан нь өөрийн төрсөн эгч Цэнгэлсайхан, түүний нөхөр Бадрал, бэр дүү Дука нартай пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг ирсэн чинь нэг шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи гаргаж ирээд бид нар бүгдээрээ ууцгаасан.

...буцаж ирэхдээ нэг шил 0.75 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн хүрэн савтай пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд архи, пивоо задлаад дөнгөж ганц нэг тойруулаад ууж сууцгааж байсан бөгөөд би эхнэртээ “чи архи дарс уулаа” гэж уурласан. Тэгсэн чинь манай эхнэр мөн надад уурлаж, бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгсэн хажуунаас Цэнгэлсайхан гээд эхнэрийн эгч нь дүүгээ өмөөрч надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би Цэнгэлсайханыг “чи дуугүй бай” гээд хэлчихсэн чинь түүний нөхөр Бадрал нь эхнэрээ өмөөрч намайг гараараа хоёр гурван удаа цохих гээд дайрсан бөгөөд намайг онож цохиж чадахгүй газар руу 2-3 удаа унасан.

...Цэнгэлсайхан нөхрийгөө өмөөрч миний зүүн гараас барьж авснаа зүүн мөрний орчим хазаж, цээж, гэдэс, хүзүү зэргийг маань маажсан.

...ингэж байх үед Бадрал хүрч ирээд миний баруун талын хөмсөг рүү гараараа нэг удаа цохиод сэтэлчихсэн. Ингээд би цохиулаад газар унахад Цэнгэлсайхан нь миний зүүн чихнээс хазсан. Ингээд би босоод ирэхэд миний хөмсөг болон чихнээс их хэмжээний цус гарсан бөгөөд би гэрээс нь гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-23 /,

 

-Г.Г-ыг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэн шалгахад 1.96%  гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 24/,

 

-Хохирогч Б.Б-ын мөрдөн байцалтын шатанд өгсөн: “...Цэцэгсайханы дээгүүрх хувцаснаас нь Ганбаяр барьчихсан зууралдсан байдалтай байсан. Харин хажуугаас нь Цэнгэлсайхан, Дуламсүрэн нар салгах гээд байгаа бололтой зогсож байсан. Тэгэхээр нь би явж очоод чи чинь одоо яахаараа эхнэрийгээ зодоод байдаг юм бэ, арчаагүй юм бэ гэхэд чи муу юу гэнээ, миний амьдрал та нартхамаагуй шуү гэж уурлаад миний зүүн шанаа руу гараараа нэгудаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгэхэд Ганбаяр надтай ноцолдоод газар унагаад хоолойг минь подвалкны захаар бооход нь би ухаан алдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36/,

 

-Гэрч Г.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би 2021 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед гэртээ харих гээд Дархан сумын 1 дүгээр багийн 6-ийн буудлын орчим ганцаараа алхаж явахад урдаас дотоожноос өөр хувцасгүй нүцгэн согтуу залуу хүрч ирсэн. Тухайн залуугийн нүүр нь болон зүүн талын чихнээс нь цус гарчихсан байдалтай байсан. Надтай тухайн хүн тааралдаад “утсаа өгч байгаач, би хүнд зодуулчхаад явж байна” гэхээр нь би өөрийнхөө утсыг өгөхөд 88222308 гэсэн дугаар руу залгаад “намайг ирээд аваадах” гээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд тухайн хүнийг би машинд суулгаж өгчихье гэж бодоод түүнтэй 20 орчим минут хамт 6-ийн буудлын харалдаа зам дээр зогсож байхад түүнийг утсаар ярьсан хүн нь ирээд түүнийг машиндаа суулгаад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50/,

 

-Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг урьд мэдүүлэг өгөхийн өмнө Я.Ц “харсан зүйлээ хараагүй, өөр газар байсан талаар хэлээд яриад өгөөч, тэгэхгүй бол би бүлэглэж хүн зодсон гээд буруудах гээд байна” гээд байсан тул би өмнө нь гэр рүү хүүхдүүдээ дагуулаад орсон гэж худлаа мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш энэ талаар надтай таарах болгондоо хэлж ярьж байсан. Би тэгээд энэ асуудлыг ер нь засаж залруулж хэлэх нь зөв гэж бодоод одоо тухайн үед өөрийн харсан зүйлээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгч байгаа юм. Тухайн үед Цэнгэлсайхан эгчийг Ганбаяр хүчиндэх гэж оролдсон гэдэг нь худлаа. Тухайн өдөр би гэртээ байхад Я.Ц-, Б.Б-, Я.Ц нар миний түрээсэлж амьдарч байсан Дархан сумын 1 дүгээр Партизаны 5-8 тоот гэрт маань ирсэн.

...Тэгээд гадна тамхи татаж байсан чинь манай гэрт Цэцэгсайхан, Ганбаяр хоёр маргалдаад байгаа чимээ гарахаар нь яваад ороход Цэнгэлсайхан, Цэцэгсайхан, Ганбаяр нар хоорондоо маргалдаад зогсоод байсан. Тэгсэн тэр хэрүүл маргаан болоод байгааг Бадрал ах гэртээ сонсчхоод буцаад манай гэрт ороод ирсэн. Тэгээд Ганбаяртай маргалдаад “чи дандаа эхнэрээ дээрэлхэж хэрүүл хийдэг” гээд барьцалдаж аваад Ганбаяр ахын нүүр рүү цохисон. Тэгсэн Ганбаяр түүнтэй барьцалдаж аваад түлхэлцэх үед газар тавьчихсан байсан пиво нь газраар асгарсан. Тэгээд шалан дээр асарсан пивон дээр барьцалдаж түлхэлцэх үедээ хальтирч Ганбаяр ах Бадрал ахын дээр нь унасан. Ийм байдлаар 2-3 удаа унасан. Ингэж байх үед Бадрал ах Ганбаяр ахын хувцаснаас зуурч татахад гадуур хувцас нь урагдчихсан. Тэгснээ тэр хоёр буцаж босож ирээд нэг нэгэнтэйгээ зодолдох гээд байхаар нь Цэцэгсайхан эгч бид хоёр “боль боль” гээд дундуур нь ороод салгах гэсэн чинь тэр хоёр ерөөсөө дийлдэхгүй байсан. Тэгж байхад Цэнгэлсайхан эгч “чи манай нөхрийг зодоод байна” гээд Ганбаярын араас тэвэрч татаад энэ үед Бадрал ах Ганбаяр ахын нүүр рүү гараараа цохиход Цэнгэлсайхан эгч Ганбаярын доор нь ороод хоёулаа газар унасан. Тэгэхэд Цэнгэлсайхан эгч түүний чихийг хазчихсан. Тэгсэн чинь Ганбаярын чихнээс их цус гарч шалдан гэрээс гараад гүйчихсэн. Өөр юм болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57/,

 

-Гэрч Я.Ц-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд өгсөн: “...Би урьд мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг худал мэдүүлсэн. Учир нь мэдүүлэг өгөхөөс өмнө Цэнгэлсайхан надад хандаж “чи намайг танай нөхөр оролдсон гэж мэдүүлэхгүй бол би шүүхээр ороод шоронд орох гээд байна. Чи мэдүүлэг өгөхдөө намайг танай нөхөр оролдсон, тийм болохоор би аргагүйн эрхэнд чихийг нь хазсан гэж хэлээрэй” гэж байсан. Тэгэхэд би “за арай ч би нөхрийгөө яаж хүн оролдсон гэж хэлэх юм бэ? , би харж байсан шүү дээ” гэтэл Цэнгэлсайхан надад “тэгвэл чи, би гараад явчихсан байсан, маргаан болоход би байгаагүй гэж мэдүүлээрэй” гэсэн. Үүнээс хойш мэдүүлэг өгөх өдөр хүртэл удаа дараа Цэнгэлсайхан надад “миний хэлснээр мэдүүлгээ өгөөрэй, мэдүүлгээ өөрчилчхөв” гээд анхааруулдаг байсан. Тэгэхээр нь би тэр үедээ эгчийгээ бодоод 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анх мэдүүлэг өгөхдөө “би гараад явсан, байгаагүй” гэж мэдүүлсэн юм. Анх надад худал мэдүүлэг өгөхийг ятгаснаас хойш Дуламсүрэнтэй намайг Цэнгэлсайханы гэрт хамт байж байхад Цэнгэлсайхан надаас мэдүүлэг өгөхийг шаардсан шиг Дуламсүрэнгээс бас худал мэдүүлэг өгөхийг шаардаж байсан.

...Бадрал орж ирээд Ганбаярт хандаж “чи яахаараа дандаа эмэгтэй хүн дээрэлхдэг юм бэ?” гэтэл Ганбаяр нь Бадрал ахтай маргалдаад барьцалдаж аваад нөхөр бид хоёрын сууж байсан буйдан дээр Бадрал ах доор нь ороод Ганбаяр дээр нь дарж унасан. Ингээд зууралдаж байхад Ганбаяр Бадрал ахын цамцнаас зуураад нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би эгч Цэнгэлсайханы хамтаар Ганбаяр, Бадрал нарыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Энэ үед Ганбаяр нь Бадралыг цохисны улмаас Бадралын хамраас цус гарсан байсан. Ингээд байж байхад Цэнгэлсайхан “чи яахаараа миний нөхрийг зоддог юм” гээд манай нөхрийн араас бариад чихнээс нь хазаад нөхрийн чихнээс цус гарчихсан юм. Ингээд Цэнгэлсайхантай маргалдаад дууссаны дараа манай нөхрийн чих хөмсөгнөөс нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-67,

 

-Гэрч О.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг танихгүй 95764414 дугаараас Г.Г залгаж ярьсан бөгөөд надад хэлэхдээ “дрейвенгийн цэнгэлдэхийн энэ хавьд хүрээд ирээч, би хүнд зодуулчхаад явж байна. Намайг ирээд аваач” гэхээр нь би удалгүй тухайн газарт нь яваад очиход Г.Г дрейвенгийн “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны харалдаа замын хажууд сууж байсан. Тухайн үед Г.Г-ын нүүр нь нил цус болчихсон, цээж нь битүү маажуулсан бололтой, эрээн мяраан болчихсон, зүүн талын чихнийх нь ар хэсэгт нь сэтэрч цус гоожсон, баруун талын хөмсөг нь задарч цус гоожсон байдалтай байсан.

...Тухайн үед Г.Г нь надад ярихдаа манай эхнэр Цэцэгсайханы эгч Цэнгэлсайхан, түүний нөхөр Б.Б нар нь намайг зодсон гэж байсан .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79/,

 

- “...Б.Б-ын биед баруун мөр, эгэм, өвдгөнд цус хуралт, шилэн хүзүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 90-91/,

 

-“...Г.Г-ын биед баруун хөмсөг, зүүн чихний дэлбэн, зүүн бугалгад шарх, хүзүү, зүүн мөр, дал, цээжинд олон тооны зулгаралт, баруун нүдний алим, зовхи бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 104-105/,

 

-Г.Г-т эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 106-107/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 165-167/,

 

-Шүүгдэгч Г.Г-ын гаргасан “...хохирлын мөнгө болох 345000 төгрөгийг хүлээн авлаа. Бадралыг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 204/,

 

-Шүүгдэгч Я.Ц-ы гаргасан “...би Г.Г-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г.Г-тай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 205/,

-Шүүгдэгч Б.Б-ын гаргасан “...би Г.Г-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г.Г-тай эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 206/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Ц-, Б.Б нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Я.Ц нь гэрч Я.Цэцэгсайхан, С.Дуламсүрэн нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шүүгдэгч Г.Г нь Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй байна.

 

Шүүгдэгч Я.Ц-, Б.Б нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Я.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С.Дуламсүрэн, Я.Цэцэгсайхан нарыг “зодоон болж байхад байгаагүй, хүүхдүүдээ аваад урд гэр рүү орсон байсан гэж хэлээрэй” гэж зориуд худал мэдүүлэг өгүүлэх, зорилгоор ятгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Г.Г нь Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б-, Г.Г-, Я.Ц нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 173, 178, 181/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 165-167/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-, Г.Г-, Я.Ц нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч нарын бусдад төлөх хохирол төлбөргүй, урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлийн өрхийн орлогын хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Я.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч болон хохирогч нар нь хохирол төлбөрийн тал дээр маргаагүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-, Г.Г-, Я.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Г.Г-, Я.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Ц-ыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тус тус тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Я.Ц-, Б.Б-, Г.Г нарт үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ц-, Б.Б-, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ