Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0052/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ж.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-ад холбогдох эрүүгийн 2218000000057 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.О  1984 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар брак байрны 7 тоотод Я.О-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Ж.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Согтуу явж байгаад гэртээ хариад, эхнэр байхгүй хүүхдүүдээ агсан тавиад ийм зүйл болсон байна лээ.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

-Аюулын зэрэг дунд гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7/,

-Л.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд  хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед ажлаа тараад Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар брак байранд гэртээ ирсэн. Байрны орцоор ороход манай хүүхдүүд 7 тоот хаягт байдаг манай найз Отгончимэгийн гэрт орилж хашхираад, уйлж байсан. Тэгэхээр нь хаалгыг нь нээгээд харахад манай нөхөр Отгонбат согтуу агсам тавиад байж байсан. Тэгээд намайг хараад үснээс зулгааж, газар унагаж, хоолой боож, хөлөөрөө өшиглөж, цээж хэсэгт болон нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа газар унагаж байгаад цохисон. Энэ үед манай найз Отгончимэг Отгонбатыг түлхээд гэрээсээ гаргахад нүүр рүү нь цохиод Отгончимэг ухаан алдаад газар унасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

-Хохирогч Я.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд гэртээ байж байхад манай хаалгыг хүн цохихоор нь би очоод онгойлгосон чинь манай байрны 5 тоот хаягт байрлах Оогий гэх залуугийн том охин Ану “та цагдаа дуудаад өгөөч, аав согтуу агсам тавиад байна. Эсвэл ээж рүү залгаад өгөөч” гэхээр нь би ээж Жавзандулам руу нь залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд Отгонбат том охин Анугийн нуруу хэсэг рүү нь өшиглөхөөр нь би өмөөрч очсон чинь Отгонбат миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь цагдаа ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

-Насанд хүрээгүй гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав ээжтэй муудалцсан цагаасаа хойш архи ууж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнө 23-00 цагийн орчим гэж санагдаж байна.Манай аав Отгонбат архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсэн.Биеэ авч явах чадваргүй болтлоо нэлээн согтсон байсан.Би аавыг гэрт согтуу ирээд ээжийг асуугаад байдаг унтуулдаггүй болохоор хажуу айлын эгч Отгончимэгийн гэрт очоод “аав агсам тавиад байна, цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь араас манай аав орж ирээд миний ахар сүүл, нуруу хэсэг рүү гутлаараа өшиглөсөн юм. Тэгээд дараа нь Отгончимэг эгчтэй хэрүүл хийгээд гэрийнх нь үүдэнд нүүр лүү нь гараараа цохиод ухаан алдуулаад унагаасан юм аа. Тэгээд удалгүй манай ээж цагдаатай зэрэгцэж орж ирээд манай аавыг эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

-“...О.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний 130 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31/,

 -“...Л.Ж-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний 131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37/,

 

-“...Я.О-ийн биед “баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Я.О-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44/,

 

-Ж.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77/,

-Хохирогч Я.О-ийн гаргасан “... Ж.О-ад гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 78, 83/,

-Шүүгдэгч Ж.О-ын гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 82/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 2022 оны 01 дүгээр сарын 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар брак байрны 7 тоотод Я.О-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, доод эрүүнд цус хуралт” бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 43-44/ нотлогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг санал болгосон прокурорын саналыг шүүгдэгч Ж.О нь хүлээн зөвшөөрчээ.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.О-ад үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

-Хохирогч Я.О-ийн “... Ж.О-ад гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 78/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ж.О-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.О-ад үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ