Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/349

 

2022        03        09                                  2022/ШЦТ/349

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Баасан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00379 0106 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Тэлмэн” констракшн ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг 7 дугаар хороо Шинэ налайх 10 дугаар байрны 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

        Яллагдагч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны урд замд "toyota Ractis” маркийн 64-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Эрдэнэмандалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Хавтаст хэргээс

Яллагдагч Б.Бын “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед би 64-18 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баруун гар тийш эргэх үйлдэл хийж байхдаа зам дээр зогсож байсан согтуу хүнийг мөргөж биед нь гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 115 дугаар тал/,

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 4-12 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Хохирогч Д.Эрдэнэмандалын “2021 оны 11 дүгээр сарын 16-ний орой Баянзүрх дүүргийн Халдвартын автобусны буудлын урд талд дэлгүүрээс тамхи аваад зам хөндөн гарч байтал миний зүүн гар талаас нэг жижиг машин ирээд мөргөсөн. Би тухайн үедээ сөхрөөд суусан. Тэгтэл машины жолооч бууж ирээд намайг өргөж босгоод таныг яаралтай эмнэлэг хүргэж өгөхгүй бол болохгүй юм байна гээд машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг бүгдийг төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Уранчимэгийн “toyota Ractis” маркийн 64-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийг би эзэмшиж ашиглаж байгаад 2020 оны 02 дугаар сард Бямбацогт гэх залууд 10.000.000 төгрөгөөр зарж байсан юм. Тэгээд тэрнээс хойш нэрээ шилжүүлж амжихгүй явсаар байгаад өдийг хүргэсэн. Миний нэр дээр байдаг боловч Бямбацогт гэх залуугийн эзэмшлийн машин байгаа юм. Өөрөө бүх зүйлийг хариуцах хүн учраас надад энэ асуудал хамаагүй ...Надад ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 29 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11545 дугаартай “Д.Эрдэнэмандалын биед зүүн шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаана” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/

Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн 01/13 дугаартай: “toyota Ractis” маркийн 64-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны урд замд "toyota Ractis” маркийн 64-18 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Эрдэнэмандалыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 115 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-12 дугаар тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, /хх-ийн 15 дугаар тал/, хохирогч Д.Эрдэнэмандалын мэдүүлэг /хх-ийн 21-22, 32 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Уранчимэгийн мэдүүлэг  /хх-ийн 26, 29 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11545 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн 01/13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 100-101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Б.Бын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Тээврийн прокурорын газраас Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул Б.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.836.791 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдсон, хохирогч Б.Боос эмчилгээний зардлаа авсан, гомдол саналгүй талаар гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаар баримтаар тогтоогдсон хохирлыг төлөгдсөн гэж үзлээ.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол тогтоогдвол Б.Боос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Бод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ эхлээд ял оногдуулах ба оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ авахаар зохицуулсан тул шүүх прокурорын тэнсэх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэв.

 

         Шүүхээс Б.Бын болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

 

Хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Бын №257168 дугаартай жолоочийн үнэмлэхийг нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Б.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан Б.Бод хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт хавсарган ирүүлсэн Б.Бын №257168 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

          8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

            9. Хохирогч Д.Эрдэнэмандал нь энэ гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Б.Боос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ