Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ургийн овогт Бгийн Гид холбогдох эрүүгийн 2135000830123 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6,  эгч, 4 зээгийн хамт Увс аймгийн Зүүнхагай сумын 1 дүгээр багт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Э ургийн овогт Бгийн Г /РД:ОК82052315/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Зүүнхагай сумын 4 дүгээр багийн нутаг Их гол гэх газарт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын тээврийн жолоодож яваад голоор гарч явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.в, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Бгийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр 2135000830123 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 05-15 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 19-31 дүгээр хуудас),

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-Гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

-Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-Гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-Гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Б.Гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /0.38%/ баталгуулсан баримтыг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас),

-Шүүх биологийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

-Шүүх химийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мөнгөнхүү, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагважав, зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Амарбат нарын гаргасан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас),

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

-Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа:

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

-2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 130 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа:

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас),

-2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

-Шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 131 дүгээр хуудас),

-2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2-452 дугаартай Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын “Тус багийн иргэн Б.Г нь ам бүл 5, мал хөрөнгө 2020 оны жилийн эцсийн байдлаар адуу-28, үхэр-19, хонь-156, ямаа-173 бүгд 376 тоолуулсан бөгөөд төлөв даруу муу зуршилгүй залуу малчдын нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их гол гэх газарт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, Мустанг-5 загварын мотоциклийг жолоодож, бэргэн эгч П.Бг ар талдаа сундлан Зүүнхангай сумын төв орох зорилгоор явсан, Б.Г, П.Б нар замд гарахын өмнө болон замдаа 0.5 литрийн архийг хувааж уусан, тухайн үед уулын цас хайлсны улмаас сумын төвийн наана байх Их голын ус ихэсч үерлэн голоор гарах боломжгүй байсан энэ үед Б.Г нь мотоцикл жолоодон, амь хохирогч П.Бг тээвэрлэн үерлэсэн гол руу орж, голын усан дотор мотоциклоосоо унаж, улмаар П.Б голын усанд урсаж, живж нас барсан үйл баримт болсон нь:

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-15 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 19-31 дүгээр хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р багийн нутагт эхнэр Б болон 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд манай хажууд миний төрсөн дүү Г нь жижиг гэрээрээ хамт байдаг юм. Манайх 2021 оны 3 дугаар сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Зүүнхангай сумын 1-р багийн нутаг Тариат гэх газарт ирж буусан юм. Өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө би эхнэр болон дүүтэйгээ ярилцаад 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сумын төвийн ар тал руу нүүхээр болж дүү Г, эхнэр Б нар нь сумын төв орж бензин тос авах, эхнэр маань эмчид үзүүлэхээр болсон. Тэгээд би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 10:00 цагийн орчимд малдаа явсан намайг малдаа явж байхад Г, Б нар Гийн мотоциклоор сумын төв явна гэж хэлээд гэртээ үлдсэн юм. Тэгээд би өчигдөр өдөржингөө малдаа явж байгаад гэртээ ирэхэд Г, Б нар Гийн мотоциклтой явчихсан байсан юм. Тэгээд би гэртээ орж ирээд цай уугаад байж байтал 21:00 цагийн орчимд манай сумын хэсгийн төлөөлөгч Уртнасан над руу залгаж манай эхнэр, дүү Г нар сумын төвийн урд талын их голд мотоциклтойгоо урсаж эхнэрийг маань нас барсан талаар надад мэдэгдсэн. Тэгээд би гэрээсээ гараад Зүүнхангай сумын төвд 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 00:00 цагийн орчимд орж ирсэн юм. Би сумын төвд ирээд Гтой уулзахад манай дүү уйлаад сууж байсан ба “яагаад усанд урсчихсан юм бэ” гэхэд “гол үерлэсэн байсан, гол гаталж яваад усанд унаад ийм зүйл болчихлоо” гэж надад хэлсэн, дүү маань надад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Намайг өчигдөр өглөө малдаа явахад эхнэр болон дүү маань аль аль нь эрүүл байсан ба ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан юм. Харин намайг малд явсны дараа болон сумын төв рүү явж байх замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Тухайн өдөр манай эхнэр Б нь банкнаас мөнгө авч нүүдэл суудал хийх бензиний мөнгө авахаар манай дүү Гтой хамт сумын төв рүү явсан юм. Манай эхнэр Бгийн зүрх нь өвддөг, хааяа зүрх нь хатгадаг, бөөр нуруу нь өвддөг байсан юм. Манай эхнэр Б нь найз нөхөдтэйгөө уулзаж таарах үедээ хааяа нэг архи уучихдаг бусдаар бол байнга уугаад байдаггүй, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм. Манай дүү Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай эхнэр П.Бтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Талийгаач нь биеийн жин ихтэй, мах мариа ихтэй бөгөөд дунджаар 85-90 килограмм орчим жинтэй юм. Талийгаач П.Б нь гол усанд нэг их ороод байдаггүй бөгөөд бараг сэлж чадахгүй байх. Бид хоёр гэр бүл болоод 18 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд эхнэр маань гол ус, нууранд орж байсан, сэлж байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол тэмцэл байхгүй, манай эхнэр золгүй байдлаар усанд эрсдэж амь насаа алдсан учир гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Ц.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үдээс хойш цагийг нь сайн мэдэхгүй байна. Би өөрийнхөө улсын дугааргүй улбар шар өнгийн мотоциклтойгоо өөрийн 38 тооны адууг тууж Зүүнхангай сумын төвийн урд талд байдаг Их гол руу оруулж усалсан. Тухайн үед сумын төвийн урд талын их гол уулын цас хайлсан учир үерлэсэн, ус дэлгэсэн байдалтай байсан бөгөөд голын ус улаан бор болж үерлэсэн байсан юм. Би тухайн үед адуунуудаа сумын ус руу оруулж байхад тухайн голын гарам хэсэгт голын цаад талд буюу сумын төв рүү орох хэсэгт цэнхэр өнгийн мотоцикл дээр хүрэн дээлтэй нэг эрэгтэй, ар талдаа эмэгтэй хүн сундалчихсан урдаасаа хойш сумын төв рүү гол гатлах гээд зогсож байсан юм. Тухайн үед би адуугаа ус руу оруулчхаад мотоциклдоо бензин авахаар тухайн голоос цааш 300-400 орчим метр зайд сумын урд талд байх клонк дээр ирж мотоциклдоо бензин авсан. Тэгээд буцаад мотоциклтойгоо адуунууд дээрээ ирэхэд гол гатлах гээд зогсож байсан мотоциклтой 2 хүн байгаагүй юм. Тухайн үед адуу усалж байсан газраас доошоо нэлээд зайтай гол дотор нэг хар юм харагдаж байсан юм. Тухайн үед би тэр зүйлийг юу болохыг нь мэдээгүй бөгөөд нэлээд доор байсан. Тэгээд би адуугаа усалчхаад адуугаа хамсан бөгөөд гол дагаад адуу явсан эсэхийг харах гээд тухайн голын ар талд байх шороон замаар доошоо явж байтал нөгөө хүрэн дээлтэй залуу гараараа даллаж дуудсан. Тэгээд би мотоциклтойгоо яваад очиход тэр залуу нь манай багийн Г байсан ба хүрэн дээлтэй, дээл хувцас нь норчихсон байсан ба өөрөө яарч сандарсан байдалтай надад “намайг тэр доошоо хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед Г яарч сандраад байсан учир юу болсныг ч түүнээс асууж амжихгүй мотоциклдоо суулгаад голын ар талын шороон замаар доош 100 орчим метр явж байтал Г “зогсоорой, энд бууя” гэж хэлсэн. Тэгээд би зогсоход Г мотоциклоос буугаад гол руу урагшаа гүйгээд явсан. Тэр үед Г надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Тэгээд би Гийг буулгачихаад гол дагуу манай адуу байхгүй болохоор нь буцаж дээшээ адуу руугаа явсан. Би адуун дээрээ ирээд адуугаа туугаад сумын төвөөс 20 гаруй километр зайтай байх өөрийн гэртээ очсон юм. Тухайн үед Г нь голд мотоциклтойгоо урссан талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд намайг дуудахаар очиход дээл нь норчихсон байдалтай, ямар нэгэн зүйлд яарсан байдалтай намайг доош хүргээд өг гэхээр нь би мотоциклдоо суулгаад 100 метр зайтай явж байтал зогсоорой гэж хэлээд мотоциклоос буугаад урагшаа гол руу гүйгээд явсан юм. Тухайн үед Г нь надад гол дотор хүн урсаж байгаа эсэх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд тухайн үед би голын ар талын шороон замаар голоос нэлээд зайтай явсан учир голд хүн урссан эсэхийг хараагүй юм. Тухайн өдөр Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би анзаараагүй, архи үнэртэж мэдэгдээгүй юм. Тухайн үед би юу болсон талаар Гоос асуух ямар нэгэн боломж олдоогүй. Г яараад байсан учир би асууж амжаагүй юм. Тэр үед Г ч гэсэн надад ямар нэгэн зүйл хэлэлгүй яараад мотоциклоос буугаад яваад өгсөн юм. Тухайн үед би өөрөө яарч явсан учир Гийг буулгачихаад адуу руугаа явсан юм. Тухайн үед би голд хүн урсаж байсныг мэдсэн бол туслах байсан юм. Тухайн өдөр их гол нэлээд үерлэсэн машин унаа бараг гарах боломжгүй уулын цас хайлаад голыг үерлүүлсэн, гол гольдорлоосоо гараад гадагшаа зах ирмэг нь тэлчихсэн байсан юм. Тухайн гол нь хаварт уулын цас хайлсан үед усны түвшин нэмэгдэж, ус үерлэдэг юм. Тухайн гол нь цас хайлсан үедээ их үерлэдэг бусад үедээ усны түвшин хэвийн байдаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Зүүнхангай сумын урд талын постонд ганцаараа үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тухайн өдөр Зүүнхангай сумын төвийн урд талд байдаг Их гол ус ихтэй үерлэсэн байсан ба уулын цасны ус хайлж гол үерлэж голын ус 2 талынхаа эргээр тэлж үерлэж урсаж байсан юм. Сумын төвийн урд талд байх пост нь сумын төвийн их голоос 300-400 орчим метр зайтай байсан юм. Тухайн өдөр 18:00 цаг өнгөрч байхад би постонд ус уучхаад гарч ирэхэд адуу туусан мотоциклтой залуу урагшаа гол руу орж байсан тэгээд би тэр залууг дуудаж уулзаж гол ус ихтэй байна, голоор гарч болохгүй гэхэд тэр залуу би адуугаа усалчихаад буцаад хойшоо гэр лүүгээ авч явна гэж хэлсэн. Тэгээд адуунууд голд очиж байхад голын урд талын эрэг дээр мотоциклтой 2 хүн ирээд гатлаганы орчимд зогссон. Тэгээд би гараараа зангаад “гол гаталж болохгүй” гээд гараараа дээшээ заахад тэр хүмүүс харсан хараагүйг нь мэдэхгүй тэндээ зогсож байсан. Тэгж байтал сумын төвийн гэр хорооллын гудамнаас манай сумын Б өөрийнхөө суудлын жижиг машинтай, дотор нь эхнэр нь болон С нар гурвуулаа хүрч ирсэн. Тэр хүмүүс постон дээр ирээд “гол гарах болов уу, харимаар байна” гэж асуухаар нь би тэр хүмүүст яаж гардаг юм, ус үерлэчихсэн байхад гэж хэлэхэд тэр хүмүүс доошоо уруудаад гэрийнхээ ар талын харалдаа явган гаталвал гарах болов уу гэж надаас асуусан тэр үед нь би тэр хүмүүст хамаагүй тэгж гарч болох юм уу яваад үзээд болохгүй бол буцаарай гэж хэлээд тэд нар хөдөлсөн ба би хойш эргээд алхтал машин дотор байсан хүмүүсээс “уначихлаа” гэж хэлэхээр нь би эргээд харахад голын урд талын эрэг дээр зогсож байсан мотоциклтой 2 хүн гол руу ороод мотоциклийн төмөр харагдаж, хүний хөл гар гэмээр зүйл харагдаад доошоо ус руу орж доош урссан. Тэгээд би пост руугаа ороод сумын цагдаа Буянцогт руу залгаж ярьж хэлсэн бөгөөд Б машинтайгаа явчихсан. Тэгээд би постноос мотоциклоо асаагаад араас нь явахад голын гатлагаас нэлээд доошоо голын эргээс хүрэн дээлтэй залуу нөгөө мал усалж байсан залуугийн мотоциклийн ар талд суугаад доошоо гол дагаад явсан ба араас нь Бын машин явсан, Бын машины араас би мотоциклтой явсан. Тэгээд голын эргэлттэй хэсэг дээр очиж явахад сумын төвийн уул талаас хэсгийн цагдаа Буянцогт мотоциклтой гарч ирсэн. Тэгээд бид нар зэрэг шахуу голын эрэг дээр очиход дээлтэй залуу мотоциклоос буугаад гол руу орох гээд гүйсэн тэр үед гол ус ихтэй байсан учир Буянцогт цагдаа тэр залууг бариад авсан. Тэр үед голын цаад талын ирмэг дээр нэг эмэгтэй хүн чулуунд тээглээд зогссон байсан ба тэр эмэгтэй хөдлөхгүй, нас барчихсан байх шиг харагдсан. Тэр үед нөгөө дээлтэй залуу гол руу орно гээд уйлаад зүтгээд байсан. Тэгээд Буянцогт намайг дуудаад “энэ залууг ус руу оруулж болохгүй, барьж бай” гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг барьсан ба Буянцогт цагдаа эмнэлэг дуудсан. Тэгж байтал нэг нь дахиад урсчихлаа гэж хэлсэн. Тэгтэл нөгөө дээлтэй залуу дахиад гүйгээд явчихсан бөгөөд Буянцогт цагдаа “тэр залууг бариад аваарай, гол руу оруулж болохгүй, аюултай шүү” гэж хэлсэн. Тэгээд би мотоциклтойгоо тэр залуугийн араас нь яваад голын нэлээд доод талд очиж зогссон бөгөөд тэр залуу гол руу орох гэж байхад нь би барьж аваад эргээд хартал дээд талд Бын машин ирж зогсоод хаалга онгойлгоод С машинаас шууд гүйгээд гол руу орсон. Тэгээд сумын цагдаа Буянцогт хүрч ирсэн бөгөөд С нь тэр эмэгтэйг голынхоо урд талын ирмэг рүү гаргасан бөгөөд тэр үед тухайн эмэгтэй аль эрт нас барсан байсан. Тэгээд би тэндээсээ буцаж постон дээрээ ирсэн юм. Тухайн үед Их гол нэлээд хүчтэй бор шороотой ус голынхоо хоёр талын ирмэгээр халиад гарчихсан нэлээд их үерлэсэн байсан юм. Тухайн гол нь жил бүр хаврын цагаар уулын цас хайлсны улмаас, гадна дулаарсны улмаас цас хайлж өдрийн цагаар усны түвшин нэмэгдэж нэлээд хүчтэй үерлэдэг юм. Тухайн гол үерлэсэн үед уг голоор машин унаа гарах боломжгүй болчихдог ба сэрүүн нөхцөлд өглөө, оройн цагаар үерлэсэн ус татарч багасдаг юм. Тухайн үед усны түвшин их байсан бөгөөд талийгаачтай хамт явсан Г нь түүнийг аврах боломж муутай, усны урсгал ширүүн, үер ихтэй байсан юм. Тухайн нөхцөлд талийгаачийг аврах боломж байхгүй байх гэж бодож байна. Талийгаач нь өөрөө жин ихтэй хүн байсан. Тухайн үед тэр эмэгтэй амьд байгаагүй бөгөөд хөл гараа хөдөлгөөгүй, ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан бөгөөд нас барчихсан байсан юм. Б.Гийн унаж явсан мотоцикл тухайн үед хаана байгаа нь мэдэгдээгүй бөгөөд орой нь голын ар талын эрэгт урсаад газарт дугуй болон зүүн талын хэсгээрээ шигдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай гэр Зүүнхангай сумын төвийн урд талд Чулуу толгой гэх газарт байдаг бөгөөд би өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр сумын төв рүү орж ирчхээд өдөр 18:00 цагийн орчимд гэр лүүгээ Б болон түүний эхнэр Оюунчулуун нараар гэртээ хүргүүлэхээр болоод сумын төвийн урд талын постон дээр очиход ээлжинд гарч байсан Б бид нарт “энэ голоор гарахгүй, үер ус ихтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би “тэгвэл доошоо гэрийнхээ харалдаа голын ар талд буугаад голоор алхаад гарчихна” гэж хэлээд тэндээс хөдлөхөд голын цаад талаас мотоциклтой 2 хүн гол гаталж байгаад усанд урсаж байж харагдсан. Тэгээд бид гурав машинтайгаа дөхөж очсон бөгөөд машин явах хэсэгт ус дэлгэсэн байхаар нь би тэр хоёрыг араас хүрээд ирээрэй гэж хэлчхээд би машинаас буугаад голын эрэг рүү гүйхэд голын эрэг дээр голд урссан залуу нэг харахад голоос гараад ирчихсэн нэг мотоциклийн ар суугаад доошоо явсан. Тэр үед би айж сандарсан байсан бөгөөд намайг гүйж байтал сумын цагдаа Буянцогт голын доод талын эрэгийн хажууд хүрээд ирчихсэн зогсож байсан. Тэр үед би ухаан орж гараад голд урсаж байсан эмэгтэйг аварчих болов уу гэж бодоод голын яг эрэг дээр очиход усанд тэр эмэгтэй хөвж байсан. Тэгээд би өөрөө шууд гол руу гүйж ороод тэр эмэгтэйн дээлийн захнаас нь татаж голоор урагшаа гаргахад хүч хүрэхгүй байсан бөгөөд голын эрэгт байсан хуурай газар луу чирч гаргахад тэр эмэгтэй ямар нэгэн амьсгал, ухаан санаа байхгүй байсан. Тэгээд би эргүүлээд цээж рүү нь дарахад тэр эмэгтэйн царай хөхрөөд аль эрт нас барчихсан байсан. Тэгээд би голоор буцаж гарах гэхэд голын эрэг дээр байсан цагдаа болон тэнд байсан хүмүүс цаашаа байж бай гэж хэлсэн юм. Тэр үед миний даралт өгсөж тархиар хатгаад байсан бөгөөд би голын эрэг дээр усаар толгойгоо норгоод байж байсан ба тухайн үед би айж сандарснаасаа болж ухаан балартаад бие муудсан. Тэгээд удалгүй Буянцогт цагдаа сумын эмчтэй хамт голын урд талын эргээр хүрч ирсэн юм. Тухайн үед намайг голын эргийн орчимд гүйж байхад гол дотор урсаж байсан эмэгтэй орилж чарлах, гараараа даллах мэтээр ямар нэгэн байдлаар тусламж хүсч байгаагүй, тэр эмэгтэй нас барчихсан байдалтай гол дотор урсаад явж байсан байна лээ. Өчигдөр гол нэлээд үерлэсэн байсан бөгөөд урсгал нь их ширүүн байсан юм. Манай сумын төвийн урд талын гол гадна дулаарсан үед уулын цас мөс гэмээр зүйл хайлаад усны түвшин нэмэгддэг, хаврын улиралдаа болон зун бороо ус орсон үед уг гол байнга шахуу үерлэдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 18:00 цагийн орчимд нөхөр бид хоёр гэртээ ямаа самнаад байж байтал манай авга эгч С надтай утсаар яриад гол гаргаад гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд С нөхөр бид хоёр сумын төвд байх гэрээс өөрсдийн автомашинаар очиж аваад урагшаа сумын төвийн гол гарах гүүрэн дээр очиход гүүр нурсан байсан, тэгээд доошоо уруудаж сумын төвийн урд талын постон дээр очсон. Бид нарыг постон дээр ирэхэд жижүүр Б нь “ус үерлэсэн, ус ихтэй байна, та нар гарч болохгүй” гэж хэлсэн. Тэгээд тэнд зогсоод байж байтал голын цаад талын эргээс сумын төв рүү мотоциклтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн гол руу орж ирээд мотоциклтой гол дотор унаад урсаад доошоо явсан. Тэгээд бид гурав машинтайгаа доошоо гол дагаж уруудаж явсан бөгөөд тухайн ус дэлгээд машин явах боломжгүй байсан ба тэр үед голын наад талын захад эрэгтэй нь голоос гарчихсан гол дагаад гүйж байсан. Тэгээд бид гурав дэлгэсэн усыг тойроод доошоо голын эргийн хошуунд очиход сумын цагдаа ирчихсэн байсан ба бид нар машинтай ирээд тухайн газарт зогсоход С эгч машинаас шууд буугаад гүйгээд гол руу орсон бөгөөд гол дотор явж байсан эмэгтэй хүнийг голынхоо урагшаа чирч гаргасан юм. Тухайн үед гол дотор байсан эмэгтэй нас барсан байна гэж тухайн газарт байсан цагдаа болон С эгч хэлж байсан юм. Тэгээд эхнэр бид хоёрыг С эгч харьж бай гэж хэлэхээр нь бид хоёр гэр лүүгээ буцаж харьсан юм. Эхнэр бид хоёр тухайн хүн дээр очоогүй бөгөөд ойртоогүй юм. Тухайн үед голд урссан 2 хүний эрэгтэй нь голоос эсэн мэнд өөрөө гарч ирсэн байсан ба нөгөө эмэгтэй нь нэлээд доошоо урсаад нас барсан байдалтай олдсон юм. Тухайн үед гол нэлээд их үерлэсэн байдаг бөгөөд уг голын дээд талдаа уулын хэсэгт байдаг мөс цас хайлсан үедээ ус нэлээд үерлэдэг бөгөөд өчигдөрийн хувьд нэлээд их үерлэсэн байсан ба бор шаргал өнгөтэй усны урсгал нэлээд хүчтэй байсан юм. Тухайн өдөр гол руу орж байхад мотоциклийг эрэгтэй нь жолоодож явж байсан ба гол руу орохдоо тэр эрэгтэй мотоциклоо жолоодож гол руу орсон юм. Тухайн голоор машин унаа гарах боломжгүй, усны түвшин их байсан бөгөөд тэр нөхцөл байдалд талийгаачийг түүнтэй хамт явсан гэх эрэгтэй аврах боломжгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

-2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нарын постон дээр ирэхэд жижүүр Б нь ус үерлэсэн ус ихтэй байна та нар гарч болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэнд зогсоод байж байтал голын цаад талын эргээс сумын төв рүү мотоциклтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн гол руу орж ирээд мотоциклтой гол дотор унаад урсаад доошоо явсан. Тэгээд бид гурав машинтайгаа доошоо гол дагаж уруудаж явсан бөгөөд тухайн ус дэлгээд машин явах боломжгүй байсан ба тэр үед голын наад талын захад эрэгтэй нь голоос гарчихсан гол дагаад гүйж байсан тэгээд бид гурав дэлгэсэн усыг тойроод доошоо голын эргийн хошуунд очиход сумын цагдаа ирчихсэн байсан ба бид нар машинтай ирээд тухайн газарт зогсоход С эгч машинаас шууд буугаад гүйгээд гол руу орсон бөгөөд гол дотор урсаж байсан эмэгтэй хүнийг голынхоо урагшаа чирч гаргасан юм. Тухайн үед гол дотор байсан эмэгтэй нас барсан байна гэж тухайн газарт байсан цагдаа болон С эгч хэлж байсан юм. ...Миний нүдээр үзэж харснаар бол тухайн үед голын ус маш их байсан ба машин унаа гарах боломжгүй, усны түвшин их байсан бөгөөд тэр нөхцөл байдалд талийгаачийг түүнтэй хамт явсан гэх эрэгтэй аврах боломжгүй байсан. Тэр эрэгтэй өөрөө голоос арай гэж амьд гарч ирсэн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Б.Гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /0.38%/ баталгуулсан баримт (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...1.Талийгаач П.Бгийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.Дух, зүүн хацар, хэвлий, бүсэлхийн баруун ар хэсэгт, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. 4.Талийгаач П.Бгийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5.Талийгаач П.Б нь үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим болсон байх боломжтой. 6.Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш хэдэн ч хоног амьдрах чадвартай. 7.Талийгаач П.Б нь живэлтийн улмаас амьсгалын замд ус орж амьсгал бүтэлт үүсгэн амьсгалын хурц дутагдлаар нас барсан байна. 8.Талийгаач П.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2,0%, ходоодны агууламжид 1,0% промилли спиртийн агууламж илэрч байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний №34 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. 9.П.Б нь моноклон урвалжаар АВ(I\/) бүлгийн цустай байна. Шүүх биологийн шинжилгээний №22 тоот шинжээчийн дүгнэлтийг хавсаргав” гэх 20 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 74-78 дугаар хуудас),

-Шүүх биологийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “1.Талийгаач П.Б нь Моноклон урвалжаар АВ(IV) бүлгийн цустай байна” гэх 22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

-Шүүх химийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “1.Талийгаач П.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2.0%, ходоодны агууламжид 1.0% промилли спиртийн агууламж илэрч байна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх шинжээчийн 34 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мөнгөнхүү, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагважав, зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Амарбат нарын гаргасан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “1.Шинжээч Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваанямын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Тухайн осол нь зам тээврийн осол мөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүсдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д зааснаар “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө, гэх заалтуудыг үндэслэн тогтоогдож байна. 3.Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан жолооч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 4.Жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараахь заалтуудыг зөрчсөн. Үүнд: -3.7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, -3.7 в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй,... -3.4 /в мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн, -12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 5.Б.Г нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна. 6.Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно гэх хэсгийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.7 в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчснөөс болсон байна” гэх 12 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас),

-2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Талийгаач эхнэр маань багаасаа өнчин өрөөсөн тул нагац эгч дээрээ өссөн Завхан аймгийн Сонгино сумын харьяат хүн байсан юм. Ойрын төрсөн ах дүү байхгүй. Авга талын хэдэн хүн Сонгино суманд байдаг юм. Тэдэнтэй байнга уулзаад байдаггүй цагаан сараар л очиж золгодог юм. Талийгаач сумын төв явахад ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Манайх Портер загварын машинтай бөгөөд маргааш нь нүүх байсан тул Г, Б нар сумын төв орж банкнаас мөнгө аваад ойр зуурын зүйл, бензин шатахуун авч ирж нүүх бэлтгэл хангахаар явсан юм. Уг үйлдлийн улмаас эхнэр Б амь насаараа хохирсон. Тухайн үед оршуулга буяны ажил болоход Г нь 800,000 төгрөг өгсөн. Тухайн осол нь байгалийн гамшиг ослоос болсон тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

-2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би өөрийн төрсөн ах Бтой хамт айл саахалт амьдардаг бөгөөд тэдний гэрийн хажууд жижиг гэр бариад тэднийхтэй малаа нийлүүлж цуг маллаж амьдардаг юм. 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манайх Тариатын бургуу гэх газарт нутаглаж байсан. Маргааш нь бид ар луу давж нүүх гэж байсан тул тэр өдөр Бын эхнэр Бгийн хамт сумын төв рүү явж банкнаас мөнгө аваад бензин, шатахуун, ойр зуурын зүйл авахаар болж Б ах үлдэж мал хариулахаар ярилцсан. Тэгээд Б ах хонинд явсан хойно үд болсон байхад явах гэж байгаад манай гэрт 0.5 литрийн 1 шил архи байсан тул би “үүнийг уучих уу” гэж асуухад Б зөвшөөрсөн тул тэр архинаас ууж байгаад үлдэгдлийг нь аваад миний мотоциклтой сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байгаад замдаа зогсоод үлдэгдэл архиа ууж дуусгаад цааш яваад сумын төвийн урд талаас очиход Их гол үерлэсэн ус нь ихэдсэн байсан. Бид хоёр машин мотоцикл явдаг гарам орчмоор очиж зогсоод чулуу шидэж үзэхэд гүн нь гайгүй юм шиг байсан тул би мотоциклийг жолоодож Бг ардаа сундалдсан хэвээр гол руу орсон. Голын дунд хэсэгт явж байтал усанд цохиулаад мотоциклтойгоо усанд унаж урссан. Би мотоциклоос салж урсаж босож чадахгүй явж байгаад самарч байгаад эрэг тааралдаж зуураад голын эсрэг талд буюу сумын төв талд гарч ирсэн. Тэгээд эргээд харахад талийгаач голын усанд урсаад доош урсгал уруудаад явж байсан тул араас нь гүйж байгаад мотоциклтой хүн явж байхад нь дуудаж зогсоогоод гол дагуу уруудаж давхиад талийгаачтай ойртож ирэхэд нь би буугаад гол руу орж татаж авах гэтэл хажуугаас хүн намайг татаад ус руу оруулаагүй. Тэгж байтал машинтай хүмүүс хүрч ирээд нэг эмэгтэй бууж гүйгээд талийгаачийг татаж голын нөгөө эрэг дээр гаргаж ирсэн юм. Тэр үед Б нас барчихсан байна гэж хэлээд эмч цагдаа нар ирсэн байсан. Гол руу 16:00 цаг өнгөрч байхад орсон байх тэгээд шууд урссан. Мотоциклийг би жолоодож явсан. Миний өөрийн ахаас адуугаар сольж авсан мотоцикл байгаа юм. Бид хоёр гэрээс гарахдаа 1 шил 0.5 литрийн архи ууж байгаад үлдэгдлийг авч яваад замдаа уусан байсан. Тэр өдөр бороо ороогүй, бага зэрэг салхитай байсан. 2 хоногийн өмнө ууландаа цас орсон байсан. Тэр цас нь хайлаад үерлэж орж ирсэн байх. Үзэгдэх орчин чөлөөтэй өдрийн цаг байсан. Гол үерлэсэн байсан бөгөөд чулуу шидэж үзэхэд гүехэн гайгүй юм шиг байсан тул мотоциклтой гол руу орсон. Голын дунд орж байтал ус ихдээд усанд цохиулж унаж урссан. Талийгаач мотоциклоос унаад урсаж эхлэх үед орилж хашгирч байсан. Би эргээс зуурч гарч байхдаа харахад талийгаач надаас хол зайтай урсаж байсан. Орилж хашгирсан зүйл сонсогдоогүй. Сүүлд мотоциклтой уруудаж явж байгаад ойртож очиж буугаад гол руу гүйж байхдаа харахад ямар нэгэн хөдөлгөөнгүй хөвөөд усны дагуу урсаж байсан. Гараараа далласан савчсан, тусламж эрсэн байдал байгаагүй. Миний биед гар хөл шалбарсан төдий гэмтэл учирсан одоо эдгэрсэн. Өөр гэмтэл байхгүй. Ус руу чулуу шидэхэд гайгүй байсан тул би зориглоод гол руу орсон. Хүлээвэл голын ус бүр ихсэх шинжтэй байсан тул эртхэн гайгүй дээр нь ороод гаталчихна гэж бодсон юм. Талийгаачийн ажил явдалд зориулж 800,000 төгрөг өгсөн. Өөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Нэмж нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд тодорхойлсон зам тээврийн осол мөн бөгөөд энэ талаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мөнгөнхүү, зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Лхагважав, зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Амарбат нарын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай “...тухайн осол нь зам тээврийн осол мөн ...зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан нь Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно гэх хэсгийн а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.7 в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй ...тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно, 12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас) нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Их гол гэх гол нь жил бүр уулын цас хайлж урсан голын ус эргээсээ хальж ихэсч, үерлэдэг болох нь мөн хэрэг учрал болсон өдөр буюу 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр голоор гаталж болохооргүй үерлэсэн байсан гэдгийг гэрч Ц.С, Ж.Б, Ц.С, Б.О, шүүгдэгч Б.Г нар нотлон мэдүүлсэн бөгөөд нэгэнт голын ус ихэсч, үерлэсэн байгааг, улмаар явганаар, тээврийн хэрэгслээр гаталж болохгүйг бодитоор мэдсээр байж голыг гаталж чадна гэж хөнгөмсгөөр найдан гол уруу орж голын хүчтэй урсгалд цохигдон унаж, зам тээврийн осол гаргасан байна.

Гэвч шүүгдэгч Ц.Гийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүн тээвэрлэж үерлэсэн гол уруу орж байгаа нь тэрээр согтуурсны улмаас бодит байдалд оюун дүгнэлт хийж чадаагүй, голоор гарч чадна гэж хөнгөмсгөөр найдсан үйлдэл байх бөгөөд энэ нь түүнийг тээвэрлэж явсан зорчигч нас барсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гийг нь улсын дугааргүй Мустанг-5 загварын тээврийн хэрэгсэл жолоодож /мотоцикл/ яваад зам тээврийн осол гаргасны улмаас амь хохирогч П.Бгийн амь насанд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв тохирч байна.

Шүүгдэгч Б.Г нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй хүний биед хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс шүүгдэгч Б.Гийн үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь шүүгдэгчийн төрсөн ах бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт гомдол тэмцэл байхгүй, манай эхнэр золгүй байдлаар усанд эрсдэж амь насаа алдсан учир гомдол байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), мөн хохирогчоор дахин өгсөн “...Уг үйлдлийн улмаас эхнэр Б амь насаараа хохирсон. Тухайн үед оршуулга буяны ажил болоход Г нь 800,000 төгрөг өгсөн. Тухайн осол нь байгалийн гамшиг ослоос болсон тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 113 дугаар хуудас), мөн шүүхэд өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан “надад ямар нэг гомдол санал байхгүй, хавар болж ид мал төллөж малчин бидний амьдралд хүн хүчнээс өөр хэрэгтэй зүйл алга, дүү маань надад энэ талаар туслалцаж байгаа. Тиймээс ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Б.Г нь “би ахдаа оршуулгын зардалд 800,000 төгрөг өгсөн. Цаашид ч байнга тусалж дэмжиж байх болно” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Тиймээс шүүгдэгч Б.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлын талаар Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2-452 дугаартай “Тус багийн иргэн Б.Г нь ам бүл-5 мал хөрөнгө 2020 оны жилийн эцсийн байдлаар адаа-28, үхэр-19, хонь-156, ямаа-173 бүгд 376 тоолуулсан бөгөөд төлөв даруу муу зуршилгүй залуу малчдын нэг юм” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 144 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г нь ам бүл-5, эгч, зээ дүү нарын хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Даланбулаг багт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг өршөөн хасаж, үлдсэн 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх” саналыг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Б.Г нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын төрсөн дүү бөгөөд Б.Б нь ямар нэг гомдолгүй гэж байгаа, мөн шүүхэд түүний хүсэлтийг уламжилсан байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг доод хэмжээгээр оногдуулж, 2021 оны “Өршөөлийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөлд хамруулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Иймд шүүгдэгч Б.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл эрхийг  6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Гийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нь хамрагдаж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн.

Мөн шүүгдэгч Б.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан заалтад хамаарч байна.

 Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллахаар шийдвэрлэв.

 

Хэдийгээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн боловч түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчлаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар  оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ургийн овогт Бгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Гид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар  оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс  эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.Гоос гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН