Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1754

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Цолмонбаатар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01581 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

   Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Гэрэлцэцэг,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 00014 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01192 дугаар тогтоолоор 170 080 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 008 350 төгрөгийг тус тус  биднээс гаргуулж нэхэмжлэгч “Ананд инвестмент партнер ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяа нь бидний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон/17041/, Туул гол гудамж 59 дүгээр байр, 12 тоот, Улсын бүртгэлийн Ү- 2206028165 дугаарт бүртгэгдсэн, 123.53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 тоот шинжээч томилох тухай тогтоол гарган “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 150 тоот хөрөнгө үнэлсэн тухай албан тоотыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. Тухайн үнэлгээнд бидний өмчлөлийн орон сууцыг 222 354 000 төгрөг буюу 1 м.кв-ийг 1 800 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэхүү үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/8132 тоот мэдэгдлээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг 155 647 800 төгрөгт тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдсэн болно. Бид “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Оранж” хотхоны орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв нь 2 300 000-аас 2 500 000 төгрөгийн хооронд байгаа нь аль ч хөрөнгийн үнэлгээний аж ахуйн нэгжүүд болон үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компаниудын судалгаагаар нотлогдож байгаа болно. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж уг үнэлгээний дагуу дуудлага худалдаанд оруулах гэж байгаа нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.  Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 81 тоот шинжээч томилох тухай тогтоол болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 150 тоот хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцон дахин үнэлгээ хийлгэж эрх ашгаа хамгаалах нөхцөл боломжоор хангаж өгнө үү. Бид үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн үнэлгээний дүн тодорхойгүй байхад бидний өмчлөлийн орон сууцыг 2017 оны 4 сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт дуудлага худалдаа болох мэдэгдэл нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14 цаг 46 минутад хүргэгдэж ирсэн юм. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албадан дуудлага худалдааг мөн хүчингүйд болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлалаар О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас 171 088 350 төгрөгийг гаргуулж “Ананд инвестмент партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 12 тоот орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч нар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 12 тоот орон сууцыг 395 200 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлсэн. Үүрэг гүйцэтгэгчийн үнийн саналыг төлбөр авагч “Ананд инвестмент партнерс ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход уг орон сууц 222 354 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч  нарт 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/8132 тоот албан бичгээр мэдэгдсэн. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 12 тоот, 123.53 м.кв талбайтай орон сууцны 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр тоооцон үнэлгээг тогтоосон байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнэлгээний 50 хувиар тооцон тогтоож 111 177 000 төгрөгөөр худалдан борлуулахаар нийтэд зарлаад байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ананд инвестмент партнерс ББСБ” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нар нь мөнгөн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгч нарын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд үүний улмаас “Ананд инвестмент партнер ББСБ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын төлбөр төлөхөөс зайлсхийсэн, үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117,1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул голын гудамж, 59-12 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028165 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дүн тодорхойгүй байхад бидний өмчлөлийн орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хэт нэг талыг баримтлан 2017 оны 4 сарын 21-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулсан юм. Уг дуудлага худалдааны мэдэгдэл нь 2017 оны 4 сарын 21-ний өдрийн 14 цаг 46 минутад хүргэгдэж ирсэн юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 21-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцох тухай 2017 оны 05 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн билээ. Мөн 2017 оны 05 сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж эрх ашгаа хамгаалах нөхцөл боломжоор хангаж өгөх тухай хүсэлт гаргасан. 2017 оны 05 сарын 05-ны өдрийн 5/04 тоот үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2017 оны 05 сарын 09-ний өдөр 2017 оны 05 сарын 19-нд хоёр дахь дуудлага худалдаа болох тухай 3/13602 тоот мэдэгдэл гарсан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү. Шинжээч томилох тухай тогтоол болон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй тооцон дахин үнэлгээ хийлгэж, эрх ашгаа хамгаалах нөхцөл боломжийг хангаж өгөхийг хүсч байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 сарын 21-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2016/00014 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7  дугаар сарын 25-ны өдрийн 1380 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2016/01192 дугаар тогтоолоор О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нараас 170 080 000 төгрөг гаргуулж “Ананд инвестмент партнер ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26-33 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул голын гудамж, 59-12 тоотод байрлах 123,53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураажээ. /хх-ийн 45-47 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, төлбөр төлөгч нар уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд талууд тохиролцоогүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 64-70, 120 дугаар тал/

 

Хөндлөнгийн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул голын гудамж, 59-12 тоотод байрлах 123,53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 222 354 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 51-53 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар нь хөндлөнгийн шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг буруу, үндэслэлгүй гаргасан гэж дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байх боловч уг шинжээчийн дүгнэлтийг яагаад зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хүсэлтдээ заагаагүй байна. Иймд анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн тул  дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 222 354 000 төгрөгийн 70 хувь буюу 155 647 800 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Төлбөр төлөгч нар нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

            Нэхэмжлэгч нар анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой буюу уг хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, уг үнэлгээгээр санал болгох доод үнийг тогтоох гэж буй нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. 

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/01581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 дэх заалт болгож “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт тус тус зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул голын гудамж, 59-12 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028165 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээ болон уг орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Цолмонбаатар, Н.Гэрэлцэцэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “2”, 4 дэх заалтыг “3”,  5 дахь заалтыг “4” гэж дугаарлаж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ