Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/588 |
Огноо | 2015-12-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/588
2015 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2015/588 | Улаанбаатар хот |
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ө” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг сонгон шалгаруулалтын журмаар олгож эхэлсний дагуу 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлаж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн сонгон шалгаруулалтад өмнө нь эзэмшиж байсан талбайгаа дахин эзэмшихээр бид ихээхэн ач холбогдол өгч оролцсон. Гэтэл 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмалын газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигтэй танилцаад “банкны баталгаа дутуу байсан тул ...сонгон шалгаруулалтын комисс үнэлэхээс татгалзсан болохыг мэдэгдье” гэж шийдвэрлэснийг мэдсэн... Манай өгсөн материалд өөрийн компанийн дансанд мөнгийг байршуулсан банкны тамга тэмдэгтэй албан ёсны дансны хуулга хавсаргагдсан нь тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотолсон баримт болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сонгон шалгаруулалтаар ирүүлсэн материалуудын иж бүрдэлийг шалгахад Завхан, Увс аймгийн Ургамал, Цагаан хайрхан сумдын нутагт байрлах “Э” гэсэн талбайд санал ирүүлсэн “Ө” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК-ууд банкны баталгаа ирүүлэлгүй, өөрийн эзэмшиж буй харилцах дансны хуулга ирүүлсэнийг “тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгаа” гэж үзэх эсэх талаар санал хуваагдсан. Үнэлэхийг дэмжиж байгаа эсэхэд санал хураахад олонхийн саналаар дэмжээгүй тул банкны харилцах дансны хуулга ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг үнэлэхээс татгалзсан... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “А” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Журамд босго үнийн 30-аас дээш хувийг тусгай дансанд заавал байршуулах шаардлага тавьсны дагуу манай компани “Элст” талбайд өөрийн санал болгосон 78,000,000 төгрөгийг 100 хувь байршуулан тендерт оролцсон. Яагаад гэвэл тусгай дансанд байршуулсан бэлэн мөнгөнөөс тухайн талбайд урд нь хийсэн хайгуулын ажлын төлбөрийг барагдуулж хохиролгүй болгох, сонгон шалгаруулалт явуулж байгаа зардал, төсвийг нөхөх зорилготой гэж ойлгогдож байсан. “Ө” ХХК нь огт байршуулалгүй, банкны дансандаа мөнгө байгаа гэсэн тодорхойлолт хавсаргасан байсан байна... Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан “Ө” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзсан сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгож, “Ө” ХХК-ийн сонгон шалгаруулалтын бичиг баримтад үнэлгээ өгөхийг Ашигт малтмалын газарт даалгаж, 3ахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан “Ө” ХХК-аас Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан “Ө” ХХК-ийн авсан үнэлгээ бусад компаниас илүү гарсан нь батлагдвал “Ө” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: ...Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан. Энэхүү журам нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эээмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоосон.
Ийнхүү гарсан зардлыг баталгаажуулж, босго үнэ тогтоосон талбайнуудын нэг болох Увс аймгийн Цагаанхайрхан, Завхан аймгийн Ургамал сумдын нутагт орших Элст нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлаж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн. 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сонгон шалгаруулалтын комисс оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллийг байлцуулан сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээсэн бөгөөд Элст нэртэй талбайд 5 санал ирүүлсэнийг комиссын дарга бөгөөд Ашигт малтмалын газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А-д мэдэгдэж, сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалуудын иж бүрдэл дутуу байвал “Үнэлгээний баримт бичиг”-т заасны дагуу үнэлэхээс татгалзана гэдгийг анхааруулж хэлээд сонгон шалгаруулалтын нээлтийн ажиллагааг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09 цаг 30 минутад эхэлж 10 цаг 10 минутад дуусгасан байна.
Сонгон шалгаруулалтын комиссын гишүүд 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр задалж, сонгон шалгаруулалтаар ирүүлсэн материалуудын иж бүрдэлийг шалгахад Завхан, Увс аймгийн Ургамал, Цагаан хайрхан сумдын нутагт байрлах “Элст” гэсэн талбайд санал ирүүлсэн “Ө” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК-ууд банкны баталгаа ирүүлэлгүй өөрийн эзэмшиж буй харилцах дансны хуулга ирүүлсэнийг “тухайн талбайд санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгаа” гэж үзэх эсэх талаар санал хуваагдсан тул асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Үнэлэхийг дэмжиж байгаа эсэхэд санал хураахад олонхийн саналаар дэмжээгүй тул банкны харилцах дансны хуулга ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг үнэлэхээс татгалзаж, Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А\101 дүгээр тушаалаар батлагдсан “...үнэлгээний баримт бичиг”-ийн 3.2-т “Оролцогчийн санал дараах шаардлагыг хангаагүй бол саналыг үнэлэхээс татгалзаж, тэмдэглэнэ” гэж заасны дагуу комиссын дарга, гишүүд дээрх аж ахуйн нэгжүүдийн саналыг үнэлэхээс татгалзаж шийдвэрлэж, тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүхийн шийдвэрт дурдсан Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор “...сонгон шалгаруулалтын босго үнийг төлөх санхүүгийн чадвартай этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулах...” -аар заасныг АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаар баталсан Үнэлгээний баримт бичгийн 3.3.1-д “сонгон шалгаруулалтын оролцогч нь тухайн талбайд тавигдсан босго үнэ, санал болгосон үнийг төлөх чадвартайг нотлох банкны баталгааг хавсаргах”-ыг шаардсан Засгийн газрын тогтоолтой зөрчилдөөгүй, харин ч тодорхой зохицуулсан зохицуулалт бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2-т “агентлагийг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол нийтээр дагаж мөрдүүлэх заавар, дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Засгийн газрын баталсан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх” эрх хэмжээнийхээ хүрээнд баталсан. Иймд, нэхэмжлэлд дурдсан шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал Ч.Б давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчиж, Ашигт малтмалын хууль тогтоомжийг буруу хэрэглэж шийдвэрлэсний улмаас гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаад гомдолтой байна. Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөашөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Сонгон шалгаруулалтад оролцож байгаа хуулийн этгээд нь тухайн талбайн сонгон шалгаруулалтын босго үнийн 30 болон түүнээс дээш хувийг тусгай дансанд байршуулсан байна” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч “Ө” ХХК нь илтэд зөрчсөн байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон.
Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үнэлгээний баримт бичгийн 4.4.1-д “сонгон шалгаруулалтын талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж гарсан зардлаа баталгаажуулж тооцоо нийлсэн аж ахуйн нэгжүүд сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүй оролцоно” гэж заасан. Үнэлгээний комиссын баримт бичиг хүлээн авах маягтын “Босго үнийн 30 хувь ба түүнээс дээш хувийг төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн тухай баримт” гэсэн хэсэгт “Ө” ХХК-ийг “эзэн” гэж тэмдэглэсэн, хариуцагч нь “Ө” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийг үнэлэхээс татгалзахдаа энэ үндэслэлийг дурдаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 4.4.1-д зааснаар босго үнийн 30 ба түүнээс дээш хувийг төлөхгүйгээр сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй этгээд байжээ” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай зөрчилдсөн, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
“Ө” ХХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан “Өөрийн компанийн сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзах тухай сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгох, сонгон шалгаруулалтын бичиг баримтад үнэлгээ өгөхийг даалгах, авсан үнэлгээ нь бусад компанийхаас илүү гарсан нь батлагдвал манай компанид тусгайзөвшөөрөл олгохыг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зарлаж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн Увс аймгийн Цагаанхайрхан, Завхан аймгийн Ургамал сумдын нутагт орших Элст нэртэй талбайд сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг үнэлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх нь Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-25 дугаар тушаалаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комисст олгогджээ.
Тухайн комиссын дүгнэлтээр “сонгон шалгаруулалтанд Завхан, Увс аймгийн Ургамал, Цагаанхайрхан сумдын нутагт байрлах Элст нэртэй талбайд санал ирүүлсэн “Ө” ХХК, “Б” ХХК... нь харилцах дансны хуулга ирүүлж, банкны баталгаа ирүүлээгүй тул “үнэлгээний баримт бичиг”-ийн 3.2-т заасны дагуу саналыг үнэлэхээс татгалзаж” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэл, түүнд холбогдох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагчаа зөв тодорхойлоогүй, тухайлбал, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзсаншийдвэрийг гаргасан эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй атлаа тухайн асуудалд хамааралгүй Ашигт малтмалын газрыг хариуцагчаар тодорхойлсон нь буруу юм.
Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан этгээд болох Сонгон шалгаруулах комисс байна.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан, хариуцагчийг зөвтгөн ирүүлэх боломжийг олголгүйгээр нэхэмжлэлд дурдсанаар Ашигт малтмалын газарт холбогдуулж захиргааны хэрэг үүсгэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, мөн хэрэгт авагдсан баримтуудаар Ашигт малтмалын газар нь уг хэргийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлогдож байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар жинхэнэ хариуцагчаар солих ажиллагааг явуулаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүй, шаардлагатай нотлох баримтуудыг дутуу цуглуулсан байна.
Тухайлбал, Увс аймгийн Цагаанхайрхан, Завхан аймгийн Ургамал сумдын нутагт орших Элст нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын материал, сонгон шалгаруулалтанд оролцогчдоос ирүүлсэн саналыг хэрхэн үнэлсэн талаарх баримт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын дагуу босго үнэ баталгаажуулсан 13 тусгай зөвшөөрлийн талбайд зарласан сонгон шалгаруулалтыг зохион байгуулан, ирүүлсэн саналыг үнэлэх ажлыг гүйцэтгэх Сонгон шалгаруулах комисс, түүний бүрэлдэхүүнийг томилсон Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-25 дугаар тушаал зэргийг гаргуулан авч, Сонгон шалгаруулах комиссын сонгон шалгаруулалтын бичиг баримтыг үнэлэхээс татгалзсан шийдвэрт дүгнэлт өгөх нь зүйтэй юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 651 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахинхэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг тус тус баримтланхариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР