Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 01

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Х.Т ХК-ний “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай Тогтоолын “Х.Т” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Хар тарвагатай”, MV-00009951 дугаартай “Х.Т” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” гэсэн тусгай зөвшөөрөлүүдөд хамаарах хэсэг, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 185 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Увс Нуур-Тэсгийн голын сав газрын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “Х.Т” ХК-ний захирал Д.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: " Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 15 цаг 34 миниутанд манай компаний ажилтаны цахим хаягаар “Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.А-ын 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 185 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг 5 хуудас материалын хамт хүлээн авч танилцан үзэхэд Увс аймгийн иргэдийн Төлөөөлөгчийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай тогтоолоор “Хар тарвагатай” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Х.Т”, MV-00009951 дугаартай “Х.Т” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” зэрэг тусгай зөвшөөрөлүүдэд хамаарах 158.44 га талбайг Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа талаар дурьдаж чөлөөлж өгөхийг мэдэгдсэн байсан.

               Албан мэдэгдэлд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай Тогтоолын нүүр хэсэг нэг хуудас, Тойм зураг 4 хуудсыг хавсаргасантай 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр танилцаад дээрхи захиргааны актууд гарсныг олж мэдсэн. Тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0/1 дугаартай тогтоолын хавсралтыг Мэдээллийн ил тод байдал мэдээлэл авах эрхийн тухай Монгол улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тус хуулийн үйлчлэлд хамаарна. 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад Иргэн хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй, 11.2 дахь заалтад “Мэдээлэл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч байгаа энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын холбогдох албан тушаалтан иргэнд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад “Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй” гэсэн заалтын дагуу хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд гаргаж өгсөнгүй. Зөвхөн тогтоолын нүүр хэсгийг хуулбарлан өгснийг хавсаргалаа.

          Увс аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай тогтоолоор “Х.Т” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Хар тарвагатай”, MV-00009951 дугаартай “Хар тарвагатай” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” зэрэг тусгай зөвшөөрөлүүдэд хамаарах 158.44 га газрыг чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа дараахь эрх зүйн алдааг гаргаж манай компаний хууль ёсны  эрх, ашиг сонирхлыг зөрчлөө. Үүнд:

           1. Захиргааны нийтээр тогтоох хэм хэмжээ тогтоосон акт гаргахдаа /2019 оны 05 дугаар сарын 28-ний өдөр 9/01 дугаартай тогтоол/ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт “Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаартай хамтарсан тушаалыг үндэслэл болгожээ. Хууль тогтоомжийн дээрх заалтаас харахад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт буюу Эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, хэмжилтийг газар дээр нь баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэж тухайн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг гаргахаар нарийвчлан тогтоож өгчээ. Тодруулж хэлбэл Төрийн хяналт шалгалтын болон түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг үндэслэн тухайн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй хуулийн этгээд, иргэний төлөөллийг оролцуулан дүгнэлт гаргахаар байна. Гэтэл тухайн хэм хэмжээ тогтоосон Захиргааны актыг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаас гаргахдаа дээрхи хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан нь хууль бус байна.

             2. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нийтээр дагаж мөрдөх буюу хэм хэмжээ тогтоосон Захиргааны акт гаргахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчиж, манай компаний хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн. Тодруулж тайлбарлавал: Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтад Захиргааны байгууллага гэдэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтад “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна,” 62.2 дахь заалтад ”Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”, 62.3 дахь заалтад “Энэ хуулийн 62.2-т зааснаас гадна дараах хүрээнд хэлэлцүүлэг хийж болно”, 62.3.1 дахь заалтад “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд гэж хуульчилж өгчээ. Энэхүү хуулийн заалтаас үзвэл Хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Хар тарвагатай” ХК-ний Төлөөллийг заавал хэлэлцүүлэх, захиргааны акт батлах үйл ажиллагаанд оролцуулах байжээ. Үүнээс гадна байгууллагын цахим хуудас болох htts://uvs.khural.mn сайтад 2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдрөөс өмнө шийдвэрийн төслийг байршуулах байсан хуульд заасан үүргээ Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлэлгүйгээр албаны бүрэн эрхээ ашиглан Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргасан нь манай компани төдийгүй Увс аймгийн нийт ард иргэдийн эрх ашиг, сонирхолыг зөрчсөн үйлдэл болжээ.

               3. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх заалтад “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62, дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 67.1 дэх заалтад “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд” бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2 дахь заалтад “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ,” 67.5 дахь заалтад “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” гэж нарийвчлан зааж хуульчилж өгчээ.

          Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 0/01 дугаартай Захиргааны хэм хэмжээ тогтоосон Захиргааны акт /тогтоол/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ний байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдаж Төрийн мэдээлэл сэтгүүл болон httshtt://mojha.gov.mn/newmojha цахим сайтад байршуулагдаж мэдээлэгдээгүй байна.

           Дээрхи байдлаас үзвэл Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэлгүйгээр ноцтой зөрчиж албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж  иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж хохироож байна.

          4. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд Захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэжээ.

         Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “Х.Т” ХК-д мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр нь хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцэхгүй байна.

          Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн /Увс аймгийн иргэдийн төлөөлөгч/ 9/01 дугаартай тогтоолоор “Х.Т” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Х.Т”, MV-00009951 дугаартай “Х.Т” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” зэрэг тусгай зөвшөөрөлүүдэд хамаарах, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 185 дугаартай мэдэгдэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Н: шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд “Х.Т” ХК-ийн захирал Д.С Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай тогтоол, Увс Нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 185 дугаартай мэдэгдэлийг тус тус хүчингүй болгуулахаар хандсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9 дүгээр хуралдаанаар “Увс Нуур-Тэс голын сав газрын захиргаа”-аас Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас хамгаалалтын бүс тогтоох тухай 9/01 тогтоол гарсан болно. Уг асуудлыг хэлэлцүүлэх явцад Увс Нуур-Тэсийн голын сав захиргаанаас “Х.Т” ХК-ийн захирал Д.С-т уг асуудлыг мэдэгдсэн төдийгүй тодорхой хэмжилтүүдийг хамтран хийсэн тухай тайлбарыг өгч байсан болно. Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албанаас уг тогтоолыг хавсралтын хамт Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг Захиргааны Ерөнхий хууль болон холбогдох хуулийн дагуу хянан үзээд бүртгээгүй тухай шийдвэрээ 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр гаргаж манайд ирүүлснийг бид 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авлаа. Бид Хууль зүй, дотоод хэргийн сайдаас ирүүлсэн “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан тоотыг Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд хүргүүлж холбогдох хуулийн дагуу дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг чиглэл болгосон болно. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

           Хариуцагч Увс Нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Т” ХК-ийн захирал Д.С-ын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/21 тоот нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох” тухай 9/01 тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 заалтыг мөрдөх шаардлагатайг мэдэгсэн хариу ирүүлсэн байна. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 28 тоотоор Хууль зүй дотоод хэргийн сайдаас ирүүлсэн албан тоотын дагуу зөрчлийг арилгаж дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхийг мэдэгдсэн тул нэхэмжлэлд дурдагсан асуудлыг хялбаршуулсан Журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Х.Т” ХК-ний захирал Д.С нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох   Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан  2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай Тогтоолын “Хар тарвагатай” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Х.Т”, MV-00009951 дугаартай “Хар тарвагатай” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” гэсэн тусгай зөвшөөрөлүүдэд хамаарах хэсгийг, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны байгууллагын даргад холбогдуулан  2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаартай мэдэгдлийг  хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн хуулийн этгээдийн  нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

          Нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн Хурлаар баталсан захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар гаргасан байх ба   хэргийг хянан шийдвэрлэх  явцад хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй,   хуульд харшлаагүй байна.

             Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтад “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх”-ээр заажээ.

             МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1-1/248 тоот албан бичгээс  үзэхэд Хууль зүй , дотоод хэргийн яам “Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  “Хамгаалалтын бүс тогтоох” тухай  9/01 тоот тогтоолыг батлахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу  холбогдох төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг аваагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн   62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус заасныг мөрдөж ажиллаагүй” гэж үзэн уг тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна. Мөн зөрчлийг арилган хянуулж, бүртгүүлэхээр дахин ирүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох  Увс аймгийн ИТХ-ын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  “Хамгаалалтын бүс тогтоох” тухай  9/01 тоот тогтоол нь хуулийн    хүчин төгөлдөр болох   шаардлагыг хангаагүй байна.

         Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан   хариуцагч аймгийн ИТХ-ын даргын   зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

               Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаар  “Х.Т” ХК-д хаягласан мэдэгдэл нь аймгийн ИТХ-ын  9/01 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон  утга агуулгатай гарсан байх ба энэхүү мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн  37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон  захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна. Иймээс  шүүх Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  “Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 185 дугаар   мэдэгдэлийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.  

              Хариуцагч аймгийн ИТХ-ын дарга үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж,    нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан иргэн “Х.Т” ХК-ний  захирал Д.С-с ирүүлсэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 9/01 дугаартай тогтоолын “Хар тарвагатай” хувьцаат компаний эзэмшдэг MV-00011923 дугаартай “Намираа эх”, MV-00009950 дугаартай “Хар тарвагатай”, MV-00009951 дугаартай “Хар тарвагатай” MV-00010632 дугаартай  “Зайсан салаа” гэсэн тусгай зөвшөөрөлүүдөд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах ” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж,  “Хар тарвагатай” ХК-ний захирал Д.С-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 124/2020/0002/ индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Х.Т” ХК-ний  захирал Д.С-ын “Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 185 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанд холбогдох 124/2020/0001/ индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хар тарвагатай” ХК-ний  захирал Д.С-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.