Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1110

 

Д.С-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

хохирогч Ж.Цэрэнболорын өмгөөлөгч Н.Батзолбоо,

шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.С-д холбогдох эрүүгийн 1705016420771 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Халиугчин овгийн Д.С-, 1966 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            Д.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ангара” зочид буудалд маргааны улмаас Ж.Цэрэнболорыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.С-ээс 796.600 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Цэрэнболорт олгож, хохирогч Ж.Цэрэнболорын нэхэмжлэлээс бусад зардлын 278.623 төгрөгийн, өмгөөллийн хөлсний 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Яллах дүгнэлтэд гэрч Цэцэгмаа, Ариунаа нарын тус тусдаа өөр цаг хугацаанд болсон асуудлыг мэдүүлсэн мэдүүлгийг нэг цаг хугацаанд болсон мэт ойлголт төрүүлэхээр тусгасан. Түүнчлэн гэрч Мөнхбаатар, Цэцэгмаа, Эрдэнэбат нар нь С-ийн түлхэх үйлдлийн улмаас Цэрэнболорт ил харагдах гэмтэл учраагүй болохыг тодорхой мэдүүлсэн байдаг.

2. Тухайн үед Мөнхбаатар, Ариунаа, Батцэцэг нар хамт байсан. Гэтэл Цэрэнболор олон удаа өшиглөсөн мэтээр худал мэдүүлж байна. С-, Цэрэнболор хоёр харилцан үсдэлцсэний улмаас тухайн гэмтлүүд учрах боломжгүй. Харин Цэрэнболор нь шөнө 2 удаа гарч явахдаа хэн нэгэнд зодуулж, эсхүл бусад хүчин зүйлийн үйлчлэлээр биедээ гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14419 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Цэрэнболорын биед учирсан олон тооны гэмтлүүд хэзээ, хаана, хэрхэн үүссэн болох нь тодорхойгүй.

4. Тухайн хэргийг шалгах явцад “Ангара” зочид буудлын камерийн бичлэгийг хураан авсан боловч энэ нь хэрэгт авагдаагүй.

5. Цэрэнболорын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох асуудлаар дахин шинжилгээ хийлгэх, тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө тухайн зочид буудлаас гарсан эсэх, маргааш өдөр нь хаагуур явсан болохыг тогтоолгох үүднээс камерийн бичлэгийг шалгуулах зэрэг хэргийн бодит үнэнийг тогтооход зайлшгүй шаардлагатай ажиллагаануудыг нэмж хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлтийг гаргасан боловч нэг мөр шалгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудад шүүх үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, С-ийн үйлдэлд эргэлзээтэй зүйл их байгааг харгалзан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Ж.Цэрэнболорын өмгөөлөгч Н.Батзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Хохирогч нь Шүүх эмнэлэгт үзүүлсний дараа хувийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Улмаар тухайн эмнэлгийн эмчийн дүгнэлтэд зүсэгдсэн шарх авсан талаар тусгагдсан асуудал нь хэргийн бодит байдлыг тогтооход төдийлөн ач холбогдолгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбарлахдаа, тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна, харин бусад гэмтлүүд нь нийлж байж гэмтлийн зэрэгт хамаарна гэж тодорхой тайлбарласан. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, “Ангара” зочид буудлын доод давхарт хохирогчийг согтуу байхад нь тэнцвэрийг нь алдагдуулж газарт унагаасан үйлдэл учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой. Өөрөөр хэлбэл, хохирогч газарт унаснаар гэмтэл авсан нөхцөл байдал харагддаг. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтас хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.С-ийн гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.С-ийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ангара” зочид буудал дахь өөрийн түрээслэн ажиллуулдаг караокед, Ж.Цэрэнболортой “караокены төхөөрөмж татаж унагаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түлхэж унагаах, үсдэх зэрэг байдлаар хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, тохой, шуу, цээж, баруун, зүүн ташаа, баруун гуя, баруун зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Харин энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь Ж.Цэрэнболор өөр бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Ж.Цэрэнболор нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Д.С-тэй маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 25/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед хамт байсан гэрч Н.Батцэцэг /хх-ийн 34/, Н.Мөнхбаатар /хх-ийн 38/, Д.Цэцэгмаа /хх-ийн 45/, Э.Ариунаа /хх-ийн 50/, Б.Эрдэнэбат /хх-ийн 56/, Ш.Олонбат /хх-ийн 63/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 14419 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдсан гомдолдоо: “...Д.С-ийн үйлдлийн улмаас Ж.Цэрэнболорын биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзэхгүй байна. Тухайн газар, цаг хугацаанд болж буй үйл явдлыг харуулах “Ангара” зочид буудлын хяналтын камерын дүрс бичлэгийг хэрэгт хавсаргаж, үзлэг хийх шаардлагатай. ...” гэжээ.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд, Д.С- нь Ж.Цэрэнболортой “караокены төхөөрөмж татаж унагаалаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг согтуурсан байхад нь түлхэж унагаан, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг санаатай үйлдэл хийсэн ба улмаар тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч, харилцан үсдэлцсэн, зууралдах явцдаа түлхэж унагаасан нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эдгээр мэдүүлэг нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан тул “Ангара” зочид буудлын хяналтын камерын дүрс бичлэгийг хураан авч, үзлэг хийх шаардлагагүй юм.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 14419 дугаартай дүгнэлтээр, хохирогч Ж.Цэрэнболорын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Чимэд-Очироос уг дүгнэлттэй холбогдуулан “...караокены машин буюу тэгш гадаргуутай эд зүйл дээрээс унахад хүний биеийн энд тэнд гэмтэл үүсэхгүй. Ж.Цэрэнболорт учирсан гэмтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Үсдэлцэхэд тархины доргилт гэмтэл учирч болно. Тархины доргилт нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба тус тусдаа бие даасан гэмтэл болохгүй. ...” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгчээ.

Иймээс хохирогч Ж.Цэрэнболорын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.С-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж заасан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.С-д холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Д.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан маргасан шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Халиугчин овгийн Дамдины С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                      Б.ЗОРИГ

                                                                                                   Н.БАТСАЙХАН