Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/455

 

2022        03        29                                  2022/ШЦТ/455

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0234 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “Ти ти жи ви си еү” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтай ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Элизабет хотхоны 214 дүгээр байрны 168 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-29 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 1 дүгээр давхарт цахилгаан дотор, дуудлагын дагуу очиж үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн, цагдаагийн албаны самсунг галакси таб-4 маркийн гар утас болон энгэрийн камерийг эвдэж, нийт 877.091 төгрөгийн хохирол учруулсан буюу “хууль сахиулагчийг эсэргүүцэх”  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******ын “Тухайн орой найзын хамт уулзаж архи уусан бөгөөд тэрнээс хойш санаж байгаа зүйл байхгүй шөнө эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Болсон бүх зүйлийг би сайн санахгүй байна. Тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна болсон зүйлд гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/,

Хохирогч Т.Мөнхбаярын “2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Ш.Жарданбекийн хамт Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо Улиастай-114 дүгээр чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчимд Улиастай-10 буюу жижүүрээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооо элизабет хотхоны 214 дүгээр байрны 168 тоотод нөхөр согтуу ирээд хаалга нүдээд байна, согтуу орж ирэхээрээ агсан тавиад алчих гээд байдаг гэсэн дуудлага мэдээлэл 99259666 дугаарын утсаар Гэрэлмаа гэдэг хүн дуудлага мэдээлэл өгсөн байсан.

Ингээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Элизабет хотхоны 214 дүгээр байрны 168 тоотод очиход дуудлага өгсөн Гэрэлмаа, Гэрэлмээгийн хүү гэх нэрийг нь мэдэхгүй залуу хоёр байсан. Гэрэлмаа нь манай нөхөр ******* нь согтуу хаалга нүдэж байгаад хаалганы бариул эвдчихээд байрны тээврийн хэрэгслийн В1 давхарын зогсоол руу буусан гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн ахлагч Жарданбек, Гэрэлмаагийн хүү нартай В1 давхарыг шалгахад ******* гэх залуу нь тээврийн хэрэгслийнхээ хажууд зогсож байсан. Ингээд ******* гэх залуутай уулзаад юу болсон талаар тодруулж асуухад би гэртээ ормоор байна, би та нартай хамт явахгүй гэсэн. Дуудлага мэдээлэл өгсөн Гэрэлмаа нь манай нөхөр ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр агсан согтуу тавиад догшин ширүүн аашилдаг гэж хэлсэн. Ингээд *******ыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст авч ирэхээр лифтэнд суусан. Лифт 1 давхарт зогсоход ******* нь би гарахгүй, гэртээ орно гээд лифтний бариулаас зуураад зогссон.Тухайн хүнд та гараад өөрөө гараад ир гэхэд гарч ирэхгүй, хууль ёсны шаардлага биелүүлэхгүй, та нар муусайн лалрууд гээд салаавч гаргасан. Тэгэхээр нь *******ыг лифтны бариулаас барьсан гарыг нь тавиулах гэтэл ******* нь миний өөдөөс дайраад хоёр гараараа цагдаа хүрэмний энгэрээс бариад хоолой боосон. Хоолой боогоод намайг түлхээд буцаагаад лифт рүү татаж оруулсан. ******* нь лифтэнд оруулаад баруун гараараа миний зүүн талын нүдний чамархай хэсэг рүү цохиод хоолой боосон хэвээрээ лифтэнд унагасан. Энэ үед цагдаагийн ахлагч Ш.Жарданбек *******ын гарыг миний хоолойноос тавиулаад бид хоёр салсан. Ингээд *******ын гарыг өчөөд ард нь хөдөлгөөнийг нь хязгаарлаж бариад албаны тээврийн хэрэгсэлд суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. ******* нь миний хоолойг боогоод унагахдаа самсунг загварын таблетын дэлгэц хагалсан. Мөн энгэрийн камерийн тогтоогчийг хугалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар тал/,

 “Дамно” ХХК-ий 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн БЗ1-22-50 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 877.091 төгрөгөөр үнэлэв” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-29 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 1 дүгээр давхарт цахилгаан дотор, дуудлагын дагуу очиж үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэн, цагдаагийн албаны самсунг галакси таб-4 маркийн гар утас болон энгэрийн камерийг эвдэж, нийт 877.091 төгрөгийн хохирол учруулсан буюу “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, хохирогч Б.Болорчулууны мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/, хохирогч Т.Мөнхбаяр /хх-ийн 18-20 дугаар тал/, “Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б31-22-50 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******ын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******ыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Мөнхбаярын нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 54 дүгээр тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 2 /хоёр/ жил хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасанХууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******ад  5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ