Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Бн Өод холбогдох эрүүгийн 2235000490053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 4-13 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Бн Ө, /РД: ОЮ00241511/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах Сарнай зочид буудалд иргэн Б.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000490053 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “1. Үзүүлэгч Б.Гын биед зүүн хацар ясны нум хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн талын гайморын /хацрын/ хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн доод хана дайрсан хугарал, гайморын хөндийн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралдалт, зүүн хацрын зөөлөн эдэд хий хуралдалт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн болно. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 6. Зүүн хацар ясны нум хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн талын гайморын /хацрын/ хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн доод хана дайрсан хугарал, гайморын хөндийн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралдалт, зүүн хацрын зөөлөн эдэд хий хуралдалт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн 65 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

-2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ байж байтал манай найз болох З 19 цагийн үед над руу залгаад “...Тухайн зочид буудалд манай арван жилийн сургуулийн танидаг Ө, Г нар Зын орсон өрөөний хажуу өрөөг авчихсан байсан. Зтай уулзаад буудлаас гарч тамхилчхаад буцаад буудал руу орох гэж байгаад Г гэх залуутай таарахад Г “та хоёр манай өрөөнд ороод ирээ, Ө бид хоёр энд өрөөг авчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд өрөө рүү нь ороход Ө, Г хоёр 0.5 литрийн пиво 2 ширхгийг ширээн дээр тавьчихсан ууж байсан. З, Г, Ө бид 4 юм яриад сууж байтал Ө орон дээр сууж байгаад босож миний урд ирж зогссоноо баруун гараараа миний зүүн хацар луу нэг удаа цохисон бөгөөд тэр буудалд байсан эд хогшил аваад над руу дайраад байсан болохоор Г Өыг тэврээд орон дээр дараад хэвтчихээр нь З бид хоёр тэдний өрөөнөөс гарсан. Тэгээд байж байтал цагдаа орж ирээд бид нарыг цагдаагийн газарт авч ирсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

-2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Бид хоёр тухайн зочид буудлын 206 тоот өрөөнд орсон. Манай найз Ө удалгүй бид хоёрын араас ирсэн. Бид гурав 0.5 литрийн хэмжээтэй “Флек” нэртэй архи хувааж ууж байтал гаднаас З, Г хоёр орж ирээд бид дөрөв хамт тухайн архийг хувааж уусан. Тэгээд Г, Батмагнай хоёр маргалдаад  байх шиг байсан. Тэгтэл манай найз Ө Гыг нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд байж байтал хажуу талын өрөөнд архи ууж байсан Галаа, Заяа нар салгаж би Өыг салгасан...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

-2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд найз Б.Гыг дуудсан бөгөөд бид хоёр өрөөндөө 1 том пиво уух гээд авсан бөгөөд тухайн пивоноос дөнгөж ууж байхад тухайн буудалд танил Гтай таарсан. Г “бид нар энэ өрөөнд байгаа шүү” гэж бид хоёрын байсан өрөөний эсрэг талын өрөөг заасан. Тэгээд бид хоёр авсан пивоо дуусгаагүй тэд нарын байрлаж байгаа өрөөнд ороход танил Ө, Г нар тухайн өрөөнд хоёулахнаа байсан бөгөөд Ө нэлээд согтолттой, Г бага зэргийн согтолттой байсан. Тэгээд Г бид хоёр өрөөнд нь ороод юм яриад сууж байхад Ө Г хоёр “хуучны найзууд байсан, чи намайг тоохоо больсон, харьцахаа больсон” гэх шалтгаанаар хоёулаа маргалдаад байсан. Тэр үед би өрөөний үүдэн дэх орон дээр суугаад утсаа оролдоод сууж байсан бөгөөд арай ч нэг нэгнийгээ цохичихгүй байлгүй дээ гээд бодож байтал гэнэт Ө гараараа нэг удаа Гын зүүн шанаа тус газарт цохисон. Тэгээд Г Өыг татаад би Гыг хойш нь татаад өрөө рүүгээ дагуулж орсон” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

-2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...Сарнай зочид буудалд очиход Батмагнай, Г хоёр 0.75 литрийн архи задалчихсан ууж байсан. Тэгээд бид гурав архи уугаад сууж байтал Батмагнай тасраад орон дээр унтчихсан. Г бид хоёр үлдсэн архийг уугаад сууж байтал миний таньдаг Г, З гэх хоёр залуу манай өрөөнд орж ирсэн. Тухайн үед би Г нь З Г хоёрыг дуудсан юм байх гэж бодсон. ...Тэгээд Г нь Гыг хэл амаар доромжилж жаахан маргалдаж эхлэхээр нь би босож Гыг “та нар зүгээр байцгаа” гэж хэлээд баруун гараараа нүднийх нь доод хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл тэнд байсан манай найзууд намайг барьж аваад зогсож байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Б.Өыг 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сарнай зочид буудлын өрөөнд хохирогч Б.Гыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гараараа нэг удаа зүүн хацар хэсэгт нь цохиж түүний зүүн хацар ясны нум хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн талын гайморын /хацрын/ хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн доод хана дайрсан хугарал, гайморын хөндийн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралдалт, зүүн хацрын зөөлөн эдэд хий хуралдалт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учруулсан үйл баримт болжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрч Ц.Гын мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), гэрч Б.Зын мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

“Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Гын биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн хацар ясны нум хэсгийн хөндлөн далд хугарал, зүүн талын гайморын /хацрын/ хөндийн урд хана болон зүүн нүдний ухархайн доод хана дайрсан хугарал, гайморын хөндийн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийд цус хуралдалт, зүүн хацрын зөөлөн эдэд хий хуралдалт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учирсан байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн 65 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас) гарсан, өөрөөр хэлбэл хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. 

Шүүгдэгч Б.Ө хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл, хохирогч Б.Гын биед учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Тиймээс шүүгдэгч Б.Өын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Гт хэргийн материалыг танилцуулахад “Ө нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглэлд тусгасан болох нь хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагджээ.

            2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанХүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Б.Өын хувийн байдлын талаар гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Төрсөн дүү Б.Ө нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг зөөлөн харилцаатай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тусархуу, сайхан сэтгэлтэй, ямар нэг муу бодолгүй, уурлаж уцаарлаад байдаггүй, муу зуршилгүй, урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), гэрч С.Дэнзэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Б.Ө нь миний хүү байгаа юм. ...Хүү маань сагсан бөмбөг тоглодог, сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, аливаа уралдаан тэмцээнд идэвхитэй сайн оролцдог, нийгмийн ажилд идэвхитэй, хар бор ажилдаа сайн, ар гэртээ халамжтай хүү юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн иргэн Бн Ө /ОЮ00241511/ нь Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 178 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Тус багийн иргэн Бн Ө нь ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт 14-13 тоотод амьдардаг нь үнэн болно” гэх 173 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Б.Ө нь Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Б.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ялтан Б.Өод оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхийг үүрэг болгож, хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.           

            Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т ургийн овогт Бн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Б.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН