Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 03

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Оюунгэрэл би иргэн О.Г-аас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ирүүлсэн “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429 дугаарт бүртгэгдсэн, 000377685 тоот гэрчилгээ бүхий 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түтгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Иргэн О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Г Миний бие нь 2018 оны 10 сарын 05-ны өдөр С.М-тай худалдах худалдан аван гэрээ байгуулан Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших 22 айлын орон сууцны 1 давхрын 6 тоотод байрлах 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан юм. Улмаар 2018 оны 10 сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, би дээрх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл 2019 оны 5 сарын 6-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэсээс над руу залгаад дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад ирээрэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирсэн гэрчилгээг чинь хүчингүй болгох юм байна гэж ярьсан. Үүний дагуу миний бие Улсын бүртгэлийн хэлтэс дээр Г.Б-тай очиж уулзаад ямар учраас гэрчилгээ хүчингүй болгох гэж байгааг асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 05 сарын 05-ны өдөр ирүүлсэн "гэрчилгээ хүчингүй болгож өгнө үү" гэсэн агуулга бүхий албан бичиг надад үзүүлсэн. Миний бие тухайн үөд УБХ-т хандаж "миний үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй, энэ асуудлыг шалгаж хүчингүй болгох асуудлыг түдгэлзүүлж шийдвэрлэж өгнө үү" гэсэн агуулга бүхий өргөдөл өгсөн. Миний өргөдлийн хариу надад ирэхгүй байсан учир 2019 оны 8 сарын 28-ны өдөр УБХ-ийн улсын бүртгэгч Г.Б-тай очиж уулзаад миний өргөдлийг яаж шийдвэрлэсэн юм бол гэж асуухад "чи үл хөдлөх хөрөнгийнхөө лавлагааг ТҮЦ машинаас авчих чиний гэрчилгээнд ямар нэгэн асуудал байхгүй" гэж хэлсэн. Би ТҮЦ машинаас үл хөдлөх хөрөнгийн лавлагааг авахад түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн байсан учир буцаж ирээд яагаад түдгэлзүүлсэн юм бэ, энэ талаар яагаад надад мэдэгдээгүй юм гэхэд надад ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй. Улмаар миний бие улсын бүртгэгчийн хууль бус ажиллагаатай холбоотой "түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцалж өгнө үү" гэсэн агуулга бүхий гомдлыг УБХ-т гаргасан. Улсын бүртгэлийн хэлтэс 2019 оны 09 сарын 07-ны өдрийн 1/758 дугаар албан бичгээр миний гомдлын хариуг өгсөн. Улсын бүртгэлийн хэлтсийн байгууллага миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д заасан "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн" гэх үндэслэлээр миний өмчлөх эрхийг түдгэлзүүлж тусгай тэмдэглэл хийсэн тухайгаа надад ирүүлсэн албан бичигтээ дурдсан байсан. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний өмчлөлийн тухайн үл хөдлөх хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ямар нэгэн барьцаанд тавигдаагүй ба барьцааны зүйл биш байхад ийм үндэслэлээр миний эрхийг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан бичиг ирсэн учир өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн гэж амаар тайлбарлаж байсан. Гэтэл миний бие хэн нэгэнд төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гараагүй, надад бусдад төлөх хугацаа хэтэрсэн өр, зээл байхгүй, надтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй байхад миний өмчлөх эрхэд халдаж байгаад гомдолтой байна. Албан бичиг үндэслэж хүний хууль ёсны эрхэнд хууль бусаар халдаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний өмчлөх эрхийг хязгаарласан тухай ямар ч шийдвэр гараагүй байхад түүнийг нягталж шалгахгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус байна. Иймд Ү-1520005429 дугаар бүртгэгдсэн, 000377685 дугаар гэрчилгээ бүхий 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: О.Г нь тус шүүхэд Ү-150005429 дугаар бүртгэгдсэн, 000377685 дугаар гэрчилгээ бүхий 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч байгууллага болох Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөө илэрхийлэн хариу тайлбараа ирүүлсэн байна. Мөн хариуцагч нь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн тухайгаа тайлбартаа дурдсан байна. Тухайн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус гэдгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаартай Увс аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоод тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэлэх үндэслэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэлэснээр бусад этгээдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй байна гэв.

           Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Р.О 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.М, О.Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримтыг гаргаж Улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаартай хувийн хэргээс 26.4 мкв хэмжээтэй Улаангом сум 3 дугаар баг 22 дугаар  байрны 6 тоотод байрлах орон сууцыг 378 дугаартай Н.Т нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө хэсэгчлэн худалдах худалдан авах гэрээ байгуулж, Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны 1/979 дугаар албан бичигт Төлбөр төлөгч С.М-ын өмчлөлийн дээрх байр ямар нэгэн маргаангүй бөгөөд иргэн О.Г-ын нэр дээр шилжүүлж өгнө үү. Гэсэн хүсэлт ирүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ү-1520005429 улсын бүртгэлийн дугаарт салгаж 000377685 дугаартай үнэт цаас бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

       2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/604 Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний 10 дугаартай шүүгчийн захирамжаар Улаангом сумын 3 дугаар багийн Иргэн С.М-аас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулж О.Г-д олгохоор шийдвэрлэжээ. “Төлбөр төлөгч С.М-аас Улаангом сумын 3 дугаар багийн Бадрахын 22 дугаар байрны 6 тоотод байрлах 26.4 мкв байрыг төлбөр авагч О.Ганбатад шилжүүлсэн. Иймд дээрх байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж өгнө үү”. “Мөн 2019 оны 06 дугаар сарын 05-ны 1/655 дугаар Шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт Төлбөр төлөгч С.М-ын өмчлөлийн 3 дугаар баг Ө.Бадрахын 22 дугаар байрны 1 давхарын 6 тоотод байрлах байрыг О.Г-д шилжүүлж, гэрчилгээ гаргуулжээ. Иймд О.Г-ын нэр дээрх байрны гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.

         Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх, 30.1.4-д шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол тусгай тэмдэглэлийг бүртгэж, хувийн хэрэгт тэмдэглэл хийдэг ба Улсын бүртгэгч нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргадаггүй. “Иймээс О.Г-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

              Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б 2020 оны 03 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн О.Г-ын нэхэмжлэлтэй 3 дугаар багийн 22 дугаар байрны 06 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйл 30.1.4 дэх заалтыг үндэслэл болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 1/604 дугаартай албан бичгийн дагуу тухайн эд хөрөнгөнд хөдөлгөөн түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийгдсэн болно.

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 522 дугаартай шүүхийн шийдвэрт өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн тогтоол хүчингүйд тооцохоор шийдвэрлэсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь заалтыг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох боломжтой юм. “Иймд 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 14:00 цагийн шүүх хурлыг манай байгуулагыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Г тус шүүхэд “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ирүүлсэн “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429 дугаарт бүртгэгдсэн, 000377685 тоот гэрчилгээ бүхий 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түтгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

              Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс иргэн О.Г-ын  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүний холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгийг үндэслэн түүний С. М-тай 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө хэсэгчлэн худалдах, худалдан авах  гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Бадрахын 22 дугаар байрны 6 тоот 26.4 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлж, эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429 дугаартай, 000377685 тоот  гэрчилгээ олгосон байна.

            Дараа нь  аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/604 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч О.Г-ын өмчлөлийн уг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн тусгай тэмдэглэл хийсэн нь нэхэмжлэгч,  хариуцагч нарын тайлбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429 дугаартай хувийн хэргийн тусгай хуудас  болон эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн систем дэх тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

             Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр буюу эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг  2019 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр гаргасан байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэрээр  “шийдвэр гүйцэтгэгч О.Б-ын нэхэмжлэгч О.Г-ын өмчлөлийн 26.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг  тогтоолыг хүчингүй болгон” шийдвэрлэжээ. Энэхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын ахлах бүртгэгч Г.Б  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.О нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  “захиргааны байгууллагыг төлөөлөх” тухай 1/1081 тоот итгэмжлэлээр Улсын ахлах бүртгэгч Г.Б-д Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасан “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” бүрэн эрхийг олгожээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.4, 30.5 дахь хэсэгт заасантай нийцсэн ба бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, бусад хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг  баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэсний үр дагаврыг мөн шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийэ 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Г-ын Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ирүүлсэн “ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1520005429 дугаарт бүртгэгдсэн, 000377685 тоот гэрчилгээ бүхий 26.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг түтгэлзүүлсэн улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, О.Ганбатын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 124/2019/0024/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.