Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1755

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Тамирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

   Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлаар 2016 оны 4 дүгээр сарын 25-нд томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж байсан, ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Намайг ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, сүүлийн 3 улирал дараалан сүүлийн 5 байранд орсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй гэж ажлаас чөлөөлснийг би хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Би байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаасан ноцтой зөрчил гаргаагүй. Гэтэл намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд би шүүхэд хандан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн үзүүлэлтийг сүүлийн 3 улиралд дараалан бууруулсан гэсэн, үүнийг яаж бууруулж байсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байна, яаж үнэлээд байгаа нь тодорхойгүй байна. Санхүүгийн тийм үзүүлэлтийг ийм байдлаар бууруулбал ноцтой зөрчилд тооцно гээд гэрээнд заах ёстой, тэгж заасан зүйл байхгүй. Үүргээ биелүүлээгүй гэдгийг ямар баримтаар хэлээд байна вэ, ямар үүрэг даалгаврыг өгөөд түүнээс алийг нь биелүүлээгүй гэж үзээд байна вэ, энэ нь бас нотлогдоогүй байна. Ажлын үзүүлэлт гээд байгаа хүснэгтийг яаж дүгнэсэн нь ойлгомжгүй, баримтгүй байна. Намайг мэргэжлийн шаардлага хангахгүй гэж үзсэн бол өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөх байсан байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлаагүй, ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрэг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэсэн нь чухам аль, ямар үүргийг хэлж байгаа нь мэдэгдэхгүй байна. Миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Батгэрэл, Л.Нарантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/596 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.-т заасан үндэслэл буюу ажилтан хөдөлмөрийн гэрээний 7.4.18 дахь заалтад заасан ноцтой зөрчил гаргасан /ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй/, ажлын байрны тодорхойлолтоор тавьсан шаардлагыг хангаагүй, хариуцсан нэгжийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурч, 2016 оны 2, 3, 4 дүгээр улиралд Улаанбаатарын 70 нэгжээс сүүлийн 5 байрт орсон тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан Д.Тамир нь 2016 оны 4 дүгээр сарын 25-нд 402 дугаартай гэрээ байгуулан ШУТИС тооцооны тѳвийн захирлын ажлын байранд 5 сарын туршилтын хугацаагаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажилд орсон өдөр нь ажилтанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг танилцуулж, ажлын байранд тавигдах мэргэжил ур чадварын шаардлагыг танилцуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн зорилго буюу тухайн ажилтны хийж гүйцэтгэх үндсэн ажил нь банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх ажил юм. Гэтэл Д.Тамир нь дээрх үндсэн ажил үүргийг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлтийг сүүлийн 3-4 улирал дарааллан тогтмол бууруулсаар 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 70 нэгжээс 70 дугаарт үнэлэгдсэн байдаг. Д.Тамирын хариуцан ажиллаж байсан ШУТИС тооцооны тѳвийн санхүүгийн үзүүлэлтүүд дараах байдлаар тогтмол буурсан. Тодруулбал: 2016 оны 2 дугаар улиралд 2016 оны 4 дүгээр сарын 25-нд тооцооны төвийн захирлын ажлыг хүлээн авах үед эх үүсвэрийн үлдэгдэл 10,6 тэрбум тѳгрѳг байсан бол 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 5,8 тэрбум хүртэл буурсан, олгосон зээл нь 7,3 тэрбум байсан бол 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 4,8 тэрбум төгрөг хүртэл буурсан үзүүлэлттэй байсан. Улмаар 2016 оны 2 дугаар улиралд 70 нэгжээс 67 дугаарт, 2016 оны 3 дугаар улиралд 70 нэгжээс 66 дугаарт, 2016 оны 4 дүгээр улиралд 70 нэгжээс 68 дугаарт 2017 оны 1 дүгээр улиралд 70 нэгжээс 70 дугаарт тус тус байр эзэлсэн. Дээрх байдлаар улирал бүр нэгжийн ажлын үзүүлэлт муудсаар байсан тул шууд удирдлага буюу Сүхбаатар дүүрэг салбарын захирлаас салбарын шуурхай хуралдаан дээр удаа дараа анхааруулж, үүрэг даалгавар өгсөн боловч ШУТИС тооцооны төвийн ажлын үзүүлэлт сайжрах бус муудсаар оны эцэс гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдээс хамгийн сүүлийн байранд дүгнэгдсэн. Түүнчлэн ажилтанд тавигдах мэргэжил, туршлагын шаардлагын хэсэгт үндсэн мэргэжлийн шаардлага нь банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх шаардлага тавигдсан. Энэ шаардлага нь уг ажлын байрны үндсэн зорилготой уялдан тодорхойлогдсон байдаг. Мөн ажлын байрны тодорхойлолтод зааснаар cap, улирал, жилийн санхүүгийн үзүүлэлтэд хяналт тавих, удирдлагын өмнө үнэн зөв бодит байдлыг харуулах, салбар тооцооны төвийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих гэх мэт чиг үүрэгтэй. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.-т аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэсний дагуу тавигдах шаардлага юм. Нэхэмжлэгч Д.Тамир нь энэ шаардлагыг хангаагүй, герман хэлний орчуулагч мэргэжилтэй тул ажлын байрны шаардлагад нийцэхгүйгээс нэгжийн ажлыг удирдан зохион байгуулахад мэргэжлийн чиглэлийн мэдлэг, ур чадвар дутаж байсан. Арилжааны банк нь Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд банк санхүүгийн зах зээлд бусад банкуудтай өрсөлдөн, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага билээ. Нөгөөтэйгүүр олон мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хадгалах, хамгаалах, хяналт тавих өндөр хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэж буй онцгой байгууллага юм. Иймээс ажилтан бүрт ѳндѳр шаардлага тавих, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг 100 хувь биелүүлж ажиллахыг шаарддаг төдийгүй ажилтан бүр банкинд мөрдөгдөж буй дүрэм, журмыг  ягштал мөрдөх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр бүрэн биелүүлж, гүйцэтгэлээ дүгнүүлдэг. Дээрх байдлаар нэхэмжлэгч Д.Тамирын хариуцсан нэгжийн ажил тогтмол муудаж, улмаар банкны ашигт ажиллагаа, бизнесийн зорилгод сөрөг нөлөө үзүүлж байсан учир уг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульболон хөдөлмөрийн дотооджурам, гэрээг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тамирыг Төрийн банк ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын ШУТИС тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 4 977 273 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Д.Тамирын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 586 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Л.Нарантуяа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбаруудын агуулгыг дахин давтахгүйгээр зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх хэсэг"-т дурдагдсан үндэслэлүүдэд холбогдуулан гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасны дагуу энэхүү гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэрэгт өмнө авагдсан тайлбар, нотлох баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзнэ үү. Нэг. Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх хэсэг" хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийн дээрх зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах байдлаар тодорхой дурдагдсан байна. Үүнд; "Төрийн банк” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.28.17, талуудын хооронд байгуулсан 564 тоот хөдөлмөрийн гэрээний 7.4.18-д тус тус "Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй" гэж заан дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна." гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа ажил олгогч байгууллагаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Д.Тамир нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр №402 дугаар гэрээ байгуулан ШУТИС тооцооны төвийн захирлын ажлын байранд 5 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажилд орсон өдөр нь ажилтанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг танилцуулж, ажлын байранд тавигдах мэргэжил ур чадварын шаардлагыг танилцуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн зорилго буюу тухайн ажилтны хийж гүйцэтгэх үндсэн ажил нь "банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх" юм. Гэтэл Д.Тамир нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн ажил үүргийг удаа дараа биелүүлээгүй, хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлтийг сүүлийн 3-4 улирал дарааллан тогтмол бууруулсаар 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй 70 нэгжээс 70 дугаарт үнэлэгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагддаг. Түүнчлэн Д.Тамирын хариуцан ажиллаж байсан ШУТИС тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлтүүд тогтмол буурсан байдаг. Тодруулбал, 2016 оны 2 дугаар улиралд ШУТИС тооцооны төвийн захирлын ажлыг хүлээн авах үед эх үүсвэрийн үлдэгдэл 10,6 тэрбум төгрөг байсан бол 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 5,8 тэрбум хүртэл буурсан. Зээлийн үлдэгдэл 2016.04.25-ны өдрөөр 7,3 тэрбум байсан бол 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 4,8 тэрбум төгрөг хүртэл буурсан үзүүлэлттэй байсан. Улмаар 2016 оны 2 дугаар улиралд 70 нэгжээс 67 дугаарт, 2016 оны 3 дугаар улиралд 70 нэгжээс 66 дугаарт, 2016 оны 4 дүгээр улиралд 70 нэгжээс 68 дугаарт 2017 оны 1 дүгээр улиралд 70 нэгжээс 70 дугаарт тус тус байр эзэлсэн. Дээрх байдлаар улирал бүр нэгжийн ажлын үзүүлэлт муудсаар байсан тул шууд удирдлага буюу Сүхбаатар дүүрэг салбарын захирлаас удаа дараа анхааруулж, үүрэг даалгавар өгсөн боловч ШУТИС тооцооны төвийн ажлын үзүүлэлт сайжирах бус муудсаар оны эцэс гэхэд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдээс хамгийн сүүлийн байранд дүгнэгдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдсан байгаа. Хоёр. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт үнэлээгүй талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх заалтад "Хариуцагч тал нь Төрийн банкны нэгжийн ажил гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн санг хуваарилах журам", 2017 оны 02 дугаар саргын 08-ны өдрийн 18/24 тоот Улаанбаатарын банкны газрын албан бичиг, Хүний нөөцийн хорооны 2017 оны 12/01 тоот хурлын шийдвэр, Сүхбаатар дүүрэг салбарын хурлын протоколууд, Сүхбаатар дүүрэг нэгжүүдийн 2016 оны 2, 3, 4 дүгээр улирлын үзүүлэлтүүд бүхий хүснэгт, Улаанбаатар нэгжүүдийн 2016 оны 2, 3, 4 дүгээр улирлын байр эзлэлт гэсэн хүснэгт зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцсэн" гэж дүгнэлт хийсэн боловч үндэслэх хэсгийн 5 дахь заалтад "тооцооны төвийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхдээ түүний дотор захирал Д.Тамирын ажлыг үнэлж дүгнэхдээ ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, тэдгээр баримтууд хэрэгт авагдаагүй байна" гэж нотлох баримтууд авагдсан байтал баримтгүй мэтээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Түүнчлэн дээрх заалтад "Төрийн банкны нэгжийн ажлын гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн сан хуваарилах журам"-ын 2.4-т "Салбар тус бүрт улирал тутам тэргүүлэх болон бусад чиглэлийн зорилтуудыг өгч дараа улирлын эхний сард багтаан зорилтын биелэлтийг дүгнэж байр эзлүүлнэ" гэж заасан ба ШУТИС тооцооны төв нь 2016 оны 2 дугаар улиралд 74,65 оноогоор 67 дугаар байрт, 3 дугаар улиралд 75,98 оноогоор 66 дугаар байрт, 4 дүгээр улиралд 73,56 оноогоор 68 дугаар байрт дүгнэгдсэн буюу 3 улирал дараалан сүүлийн 5 байранд орсон нь нэхэмжлэгч Д.Тамирыг ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй юм", "хариуцагчийн тайлбарт дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг нэхэмжлэгч Д.Тамир ямар үйлдэл, эс үйлдлээр хэрхэн, яаж зөрчсөн нь баримтаар нотлогдоогүй"  "Төрийн  банкны  нэгжийн  ажлын   гүйцэтгэлийг  дүгнэж,  нэмэгдэл цалингийн сан хуваарилах журмын 2.4 дэх заалтад заасан 3 улирал дараалан сүүлийн 5 байранд орж үнэлэгдсэнийг нэхэмжлэгч Д.Тамирын хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор талууд нарийвчлан тохиролцож тодорхойлоогүй гэж үзнэ" гэсэн хоорондоо утга авцалдаагүй, өөрийн гаргасан дүгнэлтээ   үгүйсгэсэн байдлаар дүгнэжээ. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Тамирын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Тамир нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч “Төрийн банк” ХХК-ийн  гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 09-ний Б/196 тоот тушаалаар Д.Тамирыг “ШУТИС” тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.17, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.18-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 66 дугаар тал/

 

                Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... Д.Тамирын хариуцсан нэгжийн үзүүлэлт 3 улирал дараалан буурч, 2016 оны 2, 3, 4-р улиралд Улаанбаатарын 70 нэгжээс сүүлийн 5 байрт  орсон. Тус тооцооны төвийн санхүүгийн үзүүлэлтүүд  тогтмол буурсан. Энэ нь ажилтан Д.Тамир нь  ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан” гэжээ.

 

                Ажил олгогчоос ажилтаныг тухайн ажлын байранд анх томилохдоо уг ажлын байранд тавигдаж байгаа шаардлагуудыг хангасан эсэхийг шалгаж томилдог тул ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

                Харин талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.2-т “… Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдлийг  дотоодын хяналт шалгалтаар  тогтоосон” бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохирсон байна. /хх-ийн 6 дугаар ар тал/

 

                Төрийн банкны нэгжийн ажлын  гүйцэтгэлийг дүгнэж, нэмэгдэл цалингийн сан хуваарилах  журмын 2.4-т “Улаанбаатар орон нутгийн нэгжүүдийг улирлын ажлын үзүүлэлтээр  байр эзлүүлэхэд сүүлийн 5 байранд  гурван улирал дараалан орсон бол Улаанбаатарын хувьд Улаанбаатарын салбарын удирдлагын газар ... тухайн нэгжийн захиралд холбогдох арга хэмжээний санал боловсруулан Хүний нөөцийн хорооны хурлаар  хэлэлцүүлж  шийдвэрлүүлнэ” гэж заажээ. /хх-ийн 102 дугаар тал/

 

                Дээрх журамд заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр Д.Тамирын хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болох нь тогтоогдож, түүнийг  ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. /хх-ийн 105 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Тамирын хариуцсан нэгжийн санхүүгийн үзүүлэлт сүүлийн 3 улирал дараалан буурсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үйлдэл нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн шийдвэр гаргажээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Тамирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Төрийн банк” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Тамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 586 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                              

                                                                                                  Г.ДАВААДОРЖ