Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2018/ДШМ/32

 

Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

 

                                 Прокурор Ц.Батзориг

                                 Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батсайхан, Ч.Алдар, Э.Ганбат

                                  Хохирогч Д.А

                                 Хохирогчийн өмгөөлөгч  П.Адъяасүрэн

                                 Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаа

                                 Яллагдагч Б.Г

                                          Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/332 дугаар шүүгчийн захирамжинд прокурорын гаргасан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр, Б.Г-д холбогдох эрүүгийн 1726001350051 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сант овгийн Б.Г

Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 нас 11 cap 5 хоногтой эрэгтэй өвчтөн Э.М-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний өвчин нь хүндэрч нас барсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг харъяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Сант овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1726001350051 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Э.М-н толгойн рентген зураг 1 ширхэг, толгойн томографикийн зураг 4 ширхэг нийт 5 ширхэг зургийг хэргийн хамт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзориг эсэргүүцэлдээ: “Эмнэлгийн мэргэжилтэн болох их эмч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11 нас 11 cap 5 хоногтой эрэгтэй өвчтөн Э.М-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Э.М-н өвчин нь хүндэрч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан” гэх гэмт хэрэгт холбогдсон.

Тус аймгийн прокурорын газраас Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 94 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, хэргийг хянан хэлэлцээд...

  • Яллагдагч Б.Г нь “...Оношилгоо, эмчилгээний үйлдлийн ямар стандартын ямар заалтыг хэрхэн зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол уг зөрчил нь хохирогч гэртээ буцсанаас хойш эмнэлэгт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд эмнэлэгт ирэх хүртлэх хугацаанд хэрхэн яаж нөлөөлсөн...”, “...2018 оны 10 дугаар сарын 23-нд эмнэлэгт ирэх үед хагалгаанд орохын өмнө амь нас аврагдах боломж алдагдсан байсан уу...”
  • “...2018 оны 10 дугаар сарын 23-нд хийгдсэн анхны хагалгаа нь гавал тархины мэс заслын техник стандартын дагуу хийгдсэн эсэх...”, “...Яагаад хагалгааны дараа ахин цусан хураа үүссэн эсэх, түүний шалтгаан нь юу байсан эсэх...”, “...Эхний мэс заслын үед хэдэн грамм цусан хураа авсан эсэх...”, “...Энэ талаар анхны мэс заслын тэмдэглэлд /хх-н 112х/ тэмдэглэсэн эсэх...”, “...Анхны мэс заслын өмнө болон дараа авсан компьютер томографикийн зурагны аль зурган дээр цусан хураа их байгааг түүний шалтгаан юу болох зэргийг тус тус Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны нарийн мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарыг оруулсан өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тодруулах шаардлагатай,

Яллагдагчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтэнд дурьдагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 504 дугаартай дүгнэлтийн 7 дахь хэсэгт “амбулаторийн картанд үзлэг тэмдэглэгдээгүй, эмчилгээний заалт бичсэн боловч үүнийг хэн бичсэнийг шинжээч эмч тогтоохгүй” гэсэн. Энэ нь уг амбулаторийн картанд “эмчилгээний заалт” хэвтрийн дэглэм, хүйтэн жин, ктг хийлгэх, өвчин намдаах эм, тарианы хаван буулгах гэж хэн бичсэнийг тогтоох боломжтой эсэхийг шалгах, “Мөн тухайн үед өвчтөн амбулаторийн картгүй орж ирэхэд даатгуулагчийн хуудасны ард үзлэг бичсэн бичвэрийг шүүгдэгч Б.Г-н бичгийн хэвтэй харьцуулж шинжилгээ хийлгэх, - Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруугүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн эсэх гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж хуульчилан заасан байх тул Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг иргэний хариуцагчаар татах ажиллагаа явуулах,

Иймд дээрх ажиллагааг хийлгэхээр “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Г-д холбогдох хэргийг прокурорт буцаах тухай 4 заалт бүхий шүүгчийн захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Шүүгчийн захирамжийн 1 дүгээр асуудлын хүрээнд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “...Э.М-н Амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн картын эмчийн тэмдэглэл хэсэгт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмчийн үзлэг тэмдэглэгдээгүй, толгойн R0 зураг cito гэсэн заалт гаргаж диакарб 1 ширхэгээр 1 уух, диклоденк 50 мг уух, хэвтрийн дэглэм, хүйтэн жин гэсэн заалт бичсэн нь бүрэн үзлэг хийгээгүй, онош тавилгүйгээр эмчилгээний заалт бичсэн.” 2 дахь хэсэгт “Амбулаторийн эмч өвчтөнд бүрэн үзлэг хийгээгүй, эмнэлгийн анхан шатны маягтыг бүрэн гүйцэд хөтлөөгүй нь гэмтлийн клиникийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын “Үйлчлүүлэгчийг тасаг кабинетэд хүлээн авах, асуумж авах, нарийн мэргэжлийн үзлэг хийх, үйлчлүүлэгчийн эмнэлгийн карт, эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүх, холбогдох баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлөх” гэсэн заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.2.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 дахь заалтыг тус тус зөрчсөн талаар дүгнэсэн.

Мөн шинжээч Б.Шүрэнцэцэгийн “...өвчтөний картын бичвэрээс харахад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэмтлийн амбулаториор өвчтөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөөгүй, урьдчилсан оношилгоо хийгээгүй атлаа толгойн рентген зураг яаралтайгаар авах заалт бичиж, эмийн эмчилгээ болон дэглэм эмчилгээ зөвлөсөн байна. Эмч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 дахь заалтын дагуу үйл ажиллагаандаа стандарт удирдамжийг хэрэгжүүлж ажиллана гэдэг нь өвчтөнийг хүлээн авах, үзлэг оношилгоог хийхдээ өвчтөнөөс асуумж авч, биеийн байдал, гэмтэл өөрчлөлтийн байдал зэргийг үзэж, үзлэгийн тэмдэглэлд нэг бүрчлэн тусгаж, урьдчилсан оношилгоог хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох ёстой байгаа. ...Тухайн үзүүлэгчийн биеийн байдалд өгч байгаа эмчийн үнэлэмж оношилгооны байдал зэргээс шалтгаалан тухайн эмч шийдвэрээ гаргах ёстой. Шаардлагатай гэж эмч өөрөө үнэлсэн тохиолдолд рентген эмчийг дуудаж рентген зургийг уншуулах арга хэмжээ авна гэх, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Амь нас аврагдах боломжтой байсан. Учир нь талийгаач нь 3 хоногийн дараа эмнэлэгт хандахдаа биеийн байдал хүндэрсэн байсан бөгөөд яаралтай хагалгаанд орсон байдаг. Анх эмнэлэгт үзүүлсэн өдрөө өөрөө алхаж явж байсан бөгөөд тухайн өдөр дотор муухай оргих, огих, бөөлжих гэсэн өгүүлэмжтэй байсан гэдэг. Дээрх байдлаас харахад үзүүлэгчийн гэмтэл нь 3 хоногийн дараа гүнзгийрсэн хүндэрсэн байх боломжтой байна. Иймд амь насыг аврах боломж байсан гэж үзэж байна гэх мэдүүлгүүд болон дээрх шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 504 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр шинжээч Б.Шүрэнцэцэг, Э.Хүрэлсүх нарын гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг бататгаж, үндэслэлтэй талаар дүгнэсэн байна.

  • Шүүгчийн захирамжийн 2 дугаар асуудлын хүрээнд хохирогч Э.М-д 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн хагалгаа эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчсөн эсэх, 2 дахь хагалгаа хийх болсон шалтгаан юу байсан зэрэг нөхцөл байдлуудыг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар дурдсан бөгөөд хохирогч Э.Мягмаржав нь 2017 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 удаа тархины хагалгаанд орсон бөгөөд уг хагалгаа нь эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчөөгүй талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гавал тархины тодосгогчгүй КТГ-ын шинжилгээ хийж, өвчтөний онош тодормогц яаралтай хэвтүүлэн мэс засал эмчилгээг яаралтайгаар хийсэн нь стандартад нийцсэн ба эмчилгээний явцад өвчтөний амьсгал, зүрх зогссон тохиолдлуудад амилуулах болон сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эмнэлзүйн удирдамжийн дагуу зөв үзүүлж, эмийн болон цус цусан бүтээгдэхүүн сэлбэх, бусад шаардлагатай эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу цаг хугацаанд нь тухай бүр үзүүлсэн байна” гэж дүгнэсэн. Мөн уг дүгнэлт үндэслэлтэй талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 504 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн 1 дэх хэсэгт тодорхой дурдсан байна.

Нөгөөтэйгүүр шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа болно.

  • Шүүгчийн захирамжийн 3 дугаар асуудлын хүрээнд Прокуророос 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагч Б.Г-н өмгөөлөгч Ч.Алдарын хүсэлтээр дахин шинжээч томилсон бөгөөд уг шинжээч томилсон тогтоолын 2.7-д 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр асуудлын хүрээнд “...Э.М-н амбулатори поликлиникээр эмчлүүлэгчдийн картын тэмдэглэл хэсэгт ...эмчийн үзлэг тэмдэглэгдээгүй, ...өвчтөнд бүрэн үзлэг хийгээгүй, “...онош тавилгүйгээр эмчилгээний заалт бичсэн” гэж дурдагдсан бөгөөд уг бичилтүүдийг хэн гэдэг эмч бичсэн болох гэдэг асуултыг зориуд асуусан бөгөөд уг бичилтийг их эмч Б.Г гэдэг хүн бичсэн гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд нэгэнт тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлыг бататгах үүднээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шинжээч хариулах боломжтой байсан боловч 504 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-д “...уг бичилтүүдийг хэн гэдэг эмч бичсэн болохыг шүүх эмнэлгийн шинжээч эмч тогтоох боломжгүй, /тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн/ гэж дүгнэлт хийсэн байдаг.” Уг агуулга нь Б.Г эмчээс өөр эмч тухайн цаг хугацаанд хохирогчийн биеийг үзэж амбулаторийн картанд тэмдэглэл хийгээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон учраас тухайн бичилтийг Б.Г эмч бичсэн гэдгийг дүгнэлтээр баталгаажуулах санаа байсан. Түүнээс биш бичгийн хэвийг шинжлэх агуулга байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн хэрэв шүүх өмгөөлөгчдийн гаргасан уг хүсэлтийг үндэслэн криминалистикийн шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байгаа бол эрх хэмжээнийхээ хүрээнд дахин шинжээч томилж, энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.

-Шүүгчийн захирамжийн 4  дүгээр  асуудлын   хүрээнд их эмч Б.Г-н буруутай үйл ажиллагааны улмаас хүлээх хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар түүнийг ажиллуулж байгаа байгууллага буюу Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийг /БОЭТ/ иргэний хариуцагчаар татах асуудал нь мөн шүүх өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж хуульчлагдсаны дагуу энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болох байтал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, прокурор, өмгөөлөгч нарыг тэгш эрхтэй мэтгэлцэх боломжийг алдагдуулж, прокурорыг 2 удаа, өмгөөлөгч Э.Ганбатыг 3 удаа үг хэлэх боломж олгож, өмгөөлөх талд давуу байдал олгосон. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.20 дахь хэсэгт “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.”, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус хуулчилсан байхад дээрх хуулийн заалтуудыг дагаж мөрдөөгүй, хуулиа дээдлээгүй нь шүүгчийн захирамж хэт нэг талыг баримталсан шийдвэр гарах үндэслэл болсон.

Эцэст нь дүгнэхэд өмгөөлөгч нарын хүсэлтэнд, шүүгчийн захирамжид шалгаж тогтоолгохоор заасан нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон, шат шатны шинжээчийн дүгнэлтүүд хохирогч Э.М-н үхэлд яллагдагч Б.Г-н буруутай үйлдэл байна гэдгийг нотолсон, бататгасан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр их эмч Б.Г хохирогч Э.М-д үзүүлэх ёстой эмчилгээ, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, ажил байдалдаа хариуцлагатай хандаж зөв шийдвэр гаргасан бол өнөөдөр хохирогч амьд байх боломж бүрэн байсан гэдэг шалтгаант холбоог анхан шатны шүүх үнэлээгүй, мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон нөхцөл байдлуудыг дахин шалгуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа шүүгчийн захирамж бүхэлдээ үндэслэлгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байхгүй.

Иймд Б.Г-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын зрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/332 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай захирамж нь үндэслэлгүй гаргасан тул хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв. 

Хохирогч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г эмчид гомдолтой байна. Дахиж задлан шинжилгээ хийлгэмээргүй байна. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 102 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 504 дугаартай дүгнэлтүүд нотловол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, мэргэжлийн бус, стандартын ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг үнэн тодорхой, ойлгогдох хэмжээнд тайлбарлаагүй. Нотлох баримтаа хавсаргаагүй байна. Энэ нь дараагийн шатны шинжээчийн дүгнэлт гаргах үндэслэл болно. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий нотловол зохих асуудал буюу дахин шинжээч томилох нь үндэслэлтэй гэсэн байр суурийг дэмжиж оролцож байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: Шинжээчийн дүгнэлт гаргахын тулд мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Яллагдагч Б.Г-с: Эмч шууд үзээд оношийг тавих боломжтой гэж прокурор тайлбарлаж байна. Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Хандмаагаас: Яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Шүүхээр дахин шинжилгээ хийлгэх эрх хэмжээ анхан шатны шүүхэд байгаа. Мөн иргэний хариуцагчийг татан шүүх хуралдаанд оролцуулах эрх хэмжээ анхан шатны шүүхэд байгаа учраас шүүгчийн захирамж үндэслэлгүй захирамжинд заасан ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Шүүх шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах, иргэний хариуцагчийг мөн хуульд заасны дагуу захирамж гарган шүүх хуралдаанд оролцуулах боломжтой эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байгаа боловч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх өөр нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумны 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар хохирогч Э.Мягмаржавыг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан гэсэн нь /1-р хх-ийн 137, 138 хуудас/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон яллах дүгнэлттэй зөрүүтэй, хохирогч хэзээ нас барсан нь хавтаст хэргээс тодорхойгүй байна.

Мөн хохирогчийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сургууль дээрээ буюу биеийн тамирын хичээл дээрээ заалны шал мөргөж унасан гэсэн... гэж хохирогч Д.А, хохирогчийн гараас нь ...Б татаж унагасан... гэсэн талаар гэрч Д.Э, .... хавираад унагачих шиг болсон... гэж гэрч Н.Г, ...хөлөөрөө хавирчих шиг болсон гэж... гэрч Э.С, ... хөлнөөс нь барьж аваад унагачих шиг харагдсан талаар гэрч Б.У нар мэдүүлсэн байхад энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Д.Б-д холбогдуулан явуулаагүй, дээрх ажиллагааг хийлгүй иргэний хариуцагчаар Ц.Б, Н.Г, Т.Б нарыг татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/332 дугаартай захирамжинд заасан ажиллагааг хэргийг прокурорт буцааж хийлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЗ/332 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.