Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/583

 

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/583

Улаанбаатар хот

 

Г.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Т-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Алтанбулагийн сангийн аж ахуйд ерөнхий инженерээр томилогдон ирэхэд 1982 онд 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 12 тоотын 2 өрөө байрыг өгсөн. Одоог хүртэл 30 гаруй жил гэр бүл, үр хүүхдүүдийн хамт амьдарч байна... Өмгөөлөгч Д.Д нь маргаан бүхий байрыг “11 тоот биш, 12 тоот” гэж яриад байгаагаа шүүхээр шийдвэрлүүлээгүй, шүүх шинэ илэрсэн нотлох баримт гэж үзэхээс ч өмнө 64 айлын орон сууцны 12 тоот байрыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн авсан нь хууль зөрчсөн, бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон... Д.Д-д 2013 оны 04 дүгээр сард Ү-1301000748 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас буюу эд хөрөнгийн улсын бүртгэл буруу хийгдсэн тул бүртгэлийг хууль бусад тооцож, бүртгэл болон түүний үндсэн дээр Д.Д-д олгогдсон дээрх гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...С.О нь дээрх хууль бус өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий Д.Дгээс миний 30 гаруй жил амьдран суугаа орон сууцыг мөн хууль бусаар бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. Иймд, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн С.О-т олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Д нь тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын 4 дүгээр байрны 2-12 тоот 25 м.кв орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг эрхийн улсын бүртгэлд хүлээн авч, хянан Ү-1301000748 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Дээрх бүртгэлийн мэдүүлэг, нотлох баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийн шаардлагыг хангасан тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: С.О нь тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын 4 дүгээр байр, 2-12 тоот 25 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримтыг эрхийн улсын бүртгэлд хүлээн авч, бүртгэл хяналтын улсын байцаагчаар хянуулан 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон... Нотариатч 166 дугаартай А.Мөнхтуяагийн гэрчилсэн Д.Д, С.О нарын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэн С.О-ын өмчлөлд эрх шилжүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд С.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ-Алтанбулаг” ХХК-ийн өмч болох 64 айлын орон сууцнуудыг 2001 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэрээр “оршин суугчдад нь үнэлэн, худалдах шийдвэр гарч, худалдан авахыг зөвшөөрөөгүй байруудыг төлбөр төлсөн иргэдэд худалдах” шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байдаг. Байруудыг худалдахад Т авахгүй гээд төлбөрөө төлөөгүй тул байрыг хувьдаа авах ямар ч үндэслэлгүйгээр барахгүй, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлага хангах нотлох баримт ч байхгүй этгээдийн нэхэмжлэл дээр хэрэг үүсгэсэн байна… Шүүхийн шийдвэрээр хариуцагч бэлэн мөнгө төлөх боломжгүй тул байраа өгч, байр эзэмших эрхийг Д.Д шунахайн сэдлээр аваагүй, шүүхийн шийдвэрээр олгосноос гадна Гантөмөр нь 2013 он хүртэл энэ асуудлыг “байраа өгснөөс” өөрөөр шийдвэрлээгүй нь “өөрийн болон бусад этгээдийн нэрээр” худалдаж авснаас огт өөр асуудал юм. Хуулийг завхруулагч, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн Г-ийн биш Т-ын гомдлоор миний орон сууц эзэмших эрх хөндөгдөх ёсгүй гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд 2004 онд анхан шатны иргэний шүүхээр өмчлөх эрхээ сэргээлгэж авсан. Уг байр нь цэвэр бохир усны шугам болон халаалтын шугам нь таслагдсан, хүн амьдрах нөхцөлгүй, гэхдээ шугамын холболт хийвэл хүн амьдрах нөхцөлтэй болох юм. Улсын бүртгэлийн хэлтэс нь шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээ авах гэтэл хаалганы номер зөрсөн гэсэн үндэслэл гаргаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж ирсэн. Энэ мэт шаталсан ажиллагааг хуулийн байгууллага, улсын бүртгэлийн газар, хэлтсийн бүртгэлийн тасагт хандаж ирснээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 12 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн… Миний бие өвчний учир Улаанбаатар хотод нарийн шинжилгээнд хамрагдаж хэвтэн эмчлүүлэх болсон тул тус шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж буйг хүлээн авна уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 24.8-д тус тус заасныг баримтлан Г.Т-ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт Д.Д, С.О нарыг бүртгэгдсэн бүртгэл, Д.Д-д олгосон 000213521 дугаартай, С.О-т олгосон 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Т давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул гомдолтой байна. Миний бие 1980 онд дээд сургууль төгсөөд Алтанбулагийн сангийн аж ахуйд зөвлөх инженерээр томилогдон 1982 онд надад өгсөн 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 12 тоот 2 өрөө байранд одоог хүртэл 30 гаруй жил гэр бүл үр хүүхдүүдээрээ амьдарч байгаа юм. Өмгөөлөгч Д.Д нь 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1048 дугаар шүүгчийн захирамжаар “С” ХХК-ийн захирал байсан М.Г-т холбогдуулан 2002 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн тус компанид эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж, тус компанийн өмчийн маргаануудыг шийдвэрлүүлж, өмгөөллийн хөлсийг мөнгөөр төлөх боломжгүйгээс 64 айлын орон сууцнаас 4 дүгээр байрны 11 тоот орон сууцыг авсан гэж нэхэмжлэл гарган хялбаршуулсан журмаар буюу хариуцагчийн зөвшөөрлийг батлан шийдвэрлүүлсэн байдаг. Үүнээс хойш 9 жилийн дараа 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн албанд өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар баримт бүрдүүлэн тэр өдөртөө буюу 2013 оны 04 дүгээр сарын 25-нд 000213521 дугаартай гэрчилгээ авсан байсан.

Бүрдүүлсэн материалыг үзвэл 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 1048 дугаар захирамж болон бусад “11” тоот байртай холбоотой баримтууд байгаа бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр Алтанбулаг сумын Засаг даргын “12 тоот байр нь 2 өрөө болох” тодорхойлолт л энэ байрыг “12” гэж бүртгэх гол баримт болсон гэж үзэхээр байна. Гэтэл энэ баримт нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноос 1 хоногийн дараа огноолсон баримт байгаагаас гадна уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт биш юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд улсын бүртгэгчийн эрх үүргийг тодорхойлохдоо 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 11.5.11-д “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, 11.5.12-т “өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах”, 18 дугаар зүйлийн 18.1.3-д “хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон..., нотлох баримтыг хууль бусаар нэмэх…-ийг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглоно” гэж заажээ.

Мөн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа 13.5-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзана” гэжээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн улсын бүртгэгч иргэн Д.Д-д хуулийн заалтыг зөрчин улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь тодорхой байна. Энэ нь магадгүй авилгатай холбоотой байж болох юм. Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “баримт бичгийн шаардлагыг хангасан, мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй” гэж дүгнэсэн нь хууль болон шударга, үнэн зөв, нотлох баримтад үндэслэх, бусдын хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх, бүртгэлийн хуулийн зарчимд нийцэхгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх журмыг зааж, 15.1-д “эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд бүртгэлийн хувийн хэрэг, хавсаргасан нотлох баримтуудыг ирүүлсэн огнооны дэс дарааллаар дугаарлан хувийн хэргийн тусгай хуудсанд бичилт хийн бүртгэсэн баримт хэрэгт ирүүлээгүй.

Шүүх улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хуулиар тогтоосон журмын дагуу ажилласан эсэх, холбогдох хуулийг зөрчсөн эсэх, ийнхүү зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийх байтал маргаан бүхий байр Д.Д-гийн өмч болохыг тогтоон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн үндэслэлийг буруу тайлбарлан, захиргааны шүүхийн эрх хэмжээг хэтрүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч Д.Д нь шүүгчийн 1048 дугаар захирамжид өөрчлөлт оруулан 64 айлын 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 өрөө, 12 тоот байр болохыг тогтоож өгөх гомдлыг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргаад Сэлэнгэ аймгийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шүүгчийн захирамжаар гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэсэн. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75\754 дугаар Сэлэнгэ аймгийн 20 дугаар шүүхийн шийдвэрээр “орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх, уг орон сууцны хаалганы дугаарыг 11 биш, 12 болохыг тогтоолгох, байраа чөлөөлүүлэх”-ийг хүссэн Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд байна. Гэтэл захиргааны шүүх маргаан бүхий байрыг эзэмших, өмчлөх эрхтэй этгээд хэн болохыг тогтоон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Шүүх улсын бүртгэлийн байгууллага Д.Д-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч байгууллага өөрөө хүчингүй болгосон тул дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг зөв, ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэгт шүүгчийн дүгнэсэн шиг Д.Д-ийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон баримт байхгүй, нэхэмжлэгч 2013 оны 04 дүгээр сарын 25-нд Д.Д-ийн нэр дээр 12 тоот байрыг бүртгэсэн талаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гарган түдгэлзүүлсэн байдаг бөгөөд энэ талаар захиргааны хэргийн шүүхийн шүүгчид удаа дараа очиж, хэргийн баримтад үзлэг хийсэн боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан гэж үзэхээр байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Шүүх, арбитрын шийдвэрт уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг тусгаагүй байвал ерөнхий бүртгэгч тухайн байдлыг тодруулж өгөх тухай хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заажээ. Энэ хэргийн хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75\754 дугаар шүүхийн шийдвэрээр Д.Д-ийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болгогдон, орон сууцны хаалганы дугаар 11 биш 12 болохыг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч Г.Т-ын хүсэлтээр түдгэлзүүлсэн эрхийн бүртгэлийг сэргээж, маргаан бүхий 12 тоот орон сууцны өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай С.О-ын мэдүүлгийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байгаа бөгөөд шүүх буруу дүгнэлт хийсэн тул гомдолтой байна.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүд оролцохгүй гэсэн боловч хуралдааны явцад тэдний тайлбарыг уншин сонсгоогүй, хэргийн материалтай хангалттай бүрэн танилцах боломж олгоогүй, энэ нь шүүх хуралдаан эхлэхээс 5 минутын өмнө явагдсан, улсын бүртгэгчийн бүртгэл хууль ёсны байх баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй мөртлөө иргэний шүүхийн хэргийн нотлох баримтуудыг хэргээс тэр чигт нь хуулбарлан, шүүгч нар Сэлэнгэ аймагт очиж хэргийн оролцогч бүртэй нэг нэгээр уулзан ярилцаж байсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байсныг болон нэхэмжлэлд дурдсан өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус үйлдлийн талаар огт яриулахгүй байсныг хуулийнхан нэгнийхээ бурууг хаацайлж, хамгаалж байдаг юм байна гэж ойлгосноо бичих нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, 12 тоот байрны маргаанд өдий хүртэл оролцсоор ирсэн шүүхийн шийдвэр, захирамжууд, орон нутгийн Засаг даргын тодорхойлолт, “С” ХХК-ийн нябог гэрчээр асуусан тэмдэглэл, мөнгө хүлээн авсан баримт, хүснэгт зэргийг шүүх өөрөө бүрдүүлээд, дүгнээгүйгээс гадна гуравдагч этгээд С.О гэгч нь шүүхэд байрнаас албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч надад холбогдуулан нэхэмжлэл гаргачихаад тайлбартаа нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн зэргийг зөв шударга дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Дээрх шалтгаануудыг харгалзалгүй, шүүх шударга бус шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульч хүн жирийн иргэн хүнийг хэрхэн мэхэлж, хуулийн байгууллагын ажлыг өөрийн хэрэгцээнд хэрхэн ашиглаж чаддагийг харуулсан удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдийг болон хуулийн заалт барин 30 гаруй жил амьдарч ирсэн орон гэрийг луйвардаж, намайг хохироож байгааг дээд шатны шүүх шударга хянан шийдвэрлэнэ гэж, шүүх луйварчдыг дэмждэггүй гэж итгэж байна. Улсын бүртгэлийн үйл ажиллагаа хуулийг хэрхэн зөрчсөнийг шударга дүгнэж чадахгүй байгаа шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Т нь “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээг Д.Д-д, 000310496 дугаартай гэрчилгээг С.От олгосныг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.     

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “С” ХХК-ийн ерөнхий захирал М.Г-ийн 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалаар тус компанийн өмч болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байр, 2 дугаар орцны 2 давхарт 2 өрөө орон сууцыг өмгөөлөгч Д.Д-д өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд олгохоор болжээ.

Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Д нь “...64 айлын орон сууцнаас 4 дүгээр байрны 11 тоот орон сууцыг чөлөөлж, өмчлөх эрх сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Сэлэнгэ-Алтанбулаг” ХХК-ийн ерөнхий захирал М.Гантөмөр хүлээн зөвшөөрснийг баталсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1048 дугаар захирамж гарчээ.

Д.Д нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээ гаргуулсан. Харин энэхүү орон сууцыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах үндэслэл болгосон Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1048 дугаар захирамжийг хянуулахаар тус шүүхэд 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан гомдлыг хангахаас татгалзсан Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1048 дугаар захирамжийг тус шүүхийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамж хянуулах тухай” 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Д.Д-ээс “С” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Г-т холбогдуулан гаргасан “Орон сууц өмчлөх эрхээ сэргээлгэх, уг орон сууцны хаалганы дугаарыг 11 биш, 12 болохыг тогтоолгох, байраа чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Сум дундын 20 дугаар шүүхийн Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 75/754 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна. /Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Сум дундын 20 дугаар шүүхийн Тамгын газрын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр албан бичиг/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэжээ.

2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Д.Д нь “С” ХХК-ийн ерөнхий захирал М.Г-ийн 2003 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаал, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1048 дугаар шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр албан бичиг зэргийг хавсарган, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 2 дугаар орцны 2 давхарт 2 өрөө, 25 м.кв орон сууцыг өөрийн өмчлөлд авах тухай хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаартай бүртгэж, Д.Д-д өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээ олгосон, улмаар С.От 000310496 дугаартай гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцээгүй байна.

Тодруулбал, “... 64 айлын орон сууцнаас 4 дүгээр байрны 11 тоот орон сууцыг чөлөөлж, өмчлөх эрх сэргээх тухай” Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн захирамжийг үндэслэл болгосон атлаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг бүртгэж, өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээг Д.Д-д олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.7-д “...өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”,14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн нарын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч Г.Т-ын хүчингүй болсон “Д.Д-ийн “...64 айлын орон сууцнаас 4 дүгээр байрны 11 тоот орон сууцыг чөлөөлж, өмчлөх эрх сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг бүртгэнэ, өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээг Д.Д-д олгосон нь хууль бус” хэмээн маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000212521 дугаартай гэрчилгээг Д.Д-д олгосон эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг буруу гэж шүүх дүгнэлээ.

Нэгэнт маргаан бүхий орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, Д.Д-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон анхны үйлдэл нь хуульд нийцээгүй байх тул гуравдагч этгээд С.О-ын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцны өмчлөх эрхийн 000310496 дугаартай гэрчилгээг С.От олгосон Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэл хуульд нийцээгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг өмчлөхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд шүүхийн энэхүү шийдвэр нь нөлөөлөхгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг баримтлан Г.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 64 айлын орон сууцны 4 дүгээр байрны 25 м.кв талбайтай 12 тоот орон сууцыг Д.Д, С.О нарын нэр дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1301000748 дугаарт бүртгэсэн бүртгэл болон иргэн Д.Д-д олгосон 000212521 дугаартай, иргэн С.О-т олгосон 000310496 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                  ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                                                   Э.ХАЛИУНБАЯР