Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/540

 

2022        04        08                                  2022/ШЦТ/540

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолт/,

шүүгдэгч А.А, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.А, Э.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0937 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын баривчлах төвд харуул хамгаалалтын ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин 1 дүгээр баг вангийн-овоо сансарын 6 дугаар гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шархадны 38 дугаар гудамжны 568 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.А

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо холбоо толгойн 43 дугаар гудамжны 978 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Эод эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр, 3 жил 5 сар хорих ял шийтгэгдсэн, Э.Э

Холбогдсон хэргийн талаар:

Э.Э нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр Шархадны 38 дугаар гудамжинд иргэн А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, А.Аийн толгой болон нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шанаа, хүзүү,  баруун даланд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

А.А нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шархадны 38 дугаар гудамжны иргэн Э.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Э.Эыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар  харилцан зодолдож Э.Эын толгой, эрүү, нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт нь шарх, зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж нуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч А.Аийн “...Тэгэхээр нь би гэр лүүгээ явахаар гудамж руугаа алхаж байхад надтай муудалцсан залуу миний араас ирээд ахиж намайг заамдаж аван миний толгой руу цохиод авсан ба би хариуд нь уг залууг нь 1 удаа цохьчихоод гэр лүүгээ гүйж орсон. Гэтэл уг залуу миний араас манай гэр лүүгээ ороод ирэхээр нь би хаалгаар гадагш нь түлхэж унагасан бөгөөд босч ирэхдээ түүний хөмсөгнөөс цус гарсан байсан. Би удалгүй гэрээс гарч ирэхэд Т.Бодьхүү гадаа байсан машины шилийг чамтай муудалцсан согтуу залуу хагалчихлаа гээд зогсож байсан ба бид хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,

Яллагдагч Э.Эын “...Уг машины хойд хаалганаас намхан нуруутай, жижиг бор залуу гарч ирээд чи муу зайлаач, чамайг ална шүү гэсэн утгатай юм хэлэхээр нь чи яасан сүртэй юм гэж бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би уг залуутай барьцалдаж байхад манай ах Э.Төрболд болон тэр залуугийн машин жолоодож явсан найз нар бид хоёрыг салгасан. Би уг залуутай гудамжны үзүүр дээр ахиж барьцалдан авч бид хоёр харилцан бие биенийхээ толгой руу тус бүр хоёр удаа гараараа цохьсон. Тэгээд ахиж салчихаад газар сууж байхад надтай маргалдсан А.А гэх залуу миний зүүн хөмсөг рүү 1 удаа өшиглөж хөмсөгнөөс цус гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/,

 

 

 

Хохирогч А.Аийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Билэгт төвийн гадна автомашины зогсоол дээр өөрийн найз Т.Бодьхүү, түүний эхнэр Тэмүүлэн нарын хамт тамхи авахаар Т.Бодьхүүгийн машинаас буухад нэг согтуу залуу машины хаалга налаад уначихсан ба би аятайхан яваач гэхэд  хүнээс илүү юм уначихсан юм шиг новшнууд чинь юу гээд байна гэсэн. Тэгээд би уг согтуу залуутай хэрэлдэхэд намайг зуураад авсан бөгөөд тэр залуутай хамт явж байсан 2 залуу хүрч ирээд намайг зуураад авсан. Би тонгойгоод нүүрээ хамгаалж байх хооронд хэн нь гэдэг нь мэдэхгүй, миний дээрээс 2-3 удаа нуруу цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

Хохирогч Э.Эын “Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг Билэгт кароакед ах Э.Төрболд ажлын эгч Баярмаа нарын хамт үйлчлүүлж байгаад би нэг их ууж чаддаггүй болохоор согтоод тасарчихсан. Тэгээд миний санаж байгаагаар миний ах Э.Төрболд бид хоёрыг, нэг танихгүй айлын хашаанд суулгачихаад чи машины шил хагалсан, та хоёрыг явуулахгүй гээд урдаас 2 залуу, 2 эмэгтэй хараад зогсож байсан. Энэ үед согтуу залуу нь миний нүүр лүү гутлаараа 1 удаа өшиглөж, миний хөмсгийг сэтэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Гэрч Д.Баярмаагийн “...Бид нар Шар хадны эцсийн буудлаас такси барихаар алхаж байхад нэг машины хаалга онгойгоод ойрхон явж байсан Энхболдыг хаалгаараа цохичихсон ба уг машинаас бууж ирсэн согтуу залуу Энхболд, Төрболд, найз нар нь муудалдаж эхэлсэн. Улмаар уг машинаас бууж ирсэн согтуу залуу Энхболдын нүүрэнд 1 удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3352 дугаартай “А.Аийн биед тархи, доргилт, зүүн шанаа, хүзүү, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3334 дугаартай “Э.Эын биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи цус хуралт, зүүн хөмсөгт шарх, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж, нуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт шарх, зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж нуруунд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

 Шүүгдэгч Э.Э нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр Шар хадны 38 дугаар гудамжинд иргэн А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, А.Аийн толгой болон нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шанаа, хүзүү,  баруун даланд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  А.А нь согтуурсан үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 38 дугаар гудамжны иргэн Э.Этой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Э.Эыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар  харилцан зодолдож Э.Эын толгой, эрүү, нуруун тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт нь шарх, зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цээж нуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун гуя, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч А.А, Э.Э нарын мэдүүлэг /хх-ийн 50, 55 дугаар тал/, гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 3353 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 3334 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Шүүгдэгч А.А, Э.Э нарын хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул шүүгдэгч А.А, Э.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.А, Э.Э  нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 74-75 дугаар тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, А.А, Э.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.А, Э.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч А.А, Э.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч А.А, Э.Э нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

А.А, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд А.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

А.А, Э.Э нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.А, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А.А, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А, Э.Э нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс А.А, Э.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ