| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0114/э |
| Дугаар | 2022/ШЦТ/57 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, тус шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, иргэдийн төлөөлөгч Р.Х, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа нар /цахимаар/, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ций Мд холбогдох эрүүгийн 2135001040125 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, Рашаант 7-703 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Ций М, Регистрийн дугаар: ОЭ69120976.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг 042 тоот хашаанд байрлалтай байшинд иргэн Р.Дтай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний хүзүүний урд хэсгийг цахилгааны утсаар боож онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001040125 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 07-23 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 25-41 дүгээр тал),
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 42-54 дүгээр тал),
-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 75-78 дугаар тал),
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 93, 95, 97-98 дугаар тал),
Гэрч Ш.Рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 108 дугаар тал),
Гэрч О.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 110 дугаар тал),
-Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 116 дугаар тал),
-Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 125-126, 128 дугаар тал),
-Гэрч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),
-Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 133 дугаар тал),
-Гэрч Ц.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар тал),
-Гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал),
-Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр тал),
-Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/27 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 211-215 дугаар тал),
-Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/26 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 221-224 дүгээр тал),
-Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/25 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 229-232 дугаар тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 239-243 дугаар тал),
-Шүүх химийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 246-247 дугаар тал),
-Шүүх биологийн шинжилгээний 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 01 дүгээр тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 21/33 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 14-17 дугаар тал),
-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас Ц.Мд холбогдох зөрчлийн хэргийн материалыг хуулбарлан хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн материалыг (2 дахь хавтаст хэргийн 132-161 дүгээр тал),
-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн /нэмэлт/ шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (3 дахь хавтаст хэргийн 141-146 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 755 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 152-155 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа:
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 07-13 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 25-41 дүгээр тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 93, 95, 97-98 дугаар тал),
-Гэрч О.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 110 дугаар тал),
-Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 116 дугаар тал),
-Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-Гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 125-126, 128 дугаар тал),
-Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр тал),
-Гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
-Гэрч Р.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дугаар тал),
-Гэрч С.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 140-141 дүгээр тал),
-Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 21-22, 3 дахь хавтаст хэргийн 185 дугаар тал),
-Шүүгдэгч Ц.Мын мөрдөн шалгах ажилллагааны шатанд сэжигтнээр өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 200-203 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл:
-Гэрч Р.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дугаар тал),
-Гэрч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),
-Гэрч Ц.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар тал),
-Гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 210 дугаар тал),
-2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/27 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 211-215 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар тал),
-Шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21/26 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 221-224 дүгээр тал),
-2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 228 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 236 дугаар тал),
-2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 04 дүгээр тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн /нэмэлт/ шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (3 дахь хавтаст хэргийн 141-146 дугаар тал),
-Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 185 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д “Шүүгдэгч Ц.Мд маш их гомдолтой байна. Миний нөхрийн амь насыг Ц.М бүрэлгэсэн. Энэ байдал нь тогтоогдчихсон байхад нөхрийг маань алаагүй гээд байгаад нь гайхаж байна. Оршуулгын зардалд нийт 9,422,300 төгрөг зарцуулсан. Хохирол одоог болтол нөхөн төлөөгүй байгаа. Манай гэр бүлээс уучлалт гуйгаагүй. Хуулийн дагуу хариуцлага тооцож, хохирлыг маань барагдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг шүүгдэгч Ц.М нь “Би Р.Д амь насыг хохироогоогүй, Р.Д 2 утастай байсан. Намайг тэдний гэрээс гарахад утсаар яриад үлдсэн. Би хүний амь насыг бүрэлгээгүй тул хохирол төлөхгүй. Надад хохирол төлөх боломж ч байхгүй” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Х “Хэргийн материал болон шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр Ц.М нь согтуугаар энэ хэргийг үйлдсэн, Ц.М нь гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 28-ны орой Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг 042 тоот хашаанд байрлалтай байшинд иргэн Р.Дтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж, улмаар хүзүүний урд хэсгийг цахилгааны утсаар боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэгээр хэрэг учрал болсон гэх газар нь Улаангом сумын 5 дугаар багийн нутаг, Улаан уулын хойд талд байрлах гэр хороолол байх ба хашааны номер 042 дугаартай, ...уг хашаа руу ороход хашааны баруун талд эсгий гэр байх ба хаалга нь онгорхой байв. Уг гэрийн зүүн талд цагаан өнгийн нэг давхар шавар байшинтай, ...уг байшингийн хаалгаар дотогш ороход 2 өрөөтэй байх ба баруун хананд нэг вакум цонхтой, уг цонхны доор хана дагуу түшлэгтэй ор байрлуулсан байна. Гал тогооны өрөөний шал нь цагаан өнгийн плитагаар шалласан байх ба баруун талын хана дагуу байрлуулсан түшлэгтэй орноос 60 см зайд зүүн талын хана дагуу 120х55 см хэмжээтэй талбайг хамарсан газарт шалан дээр 2.1х1.2 см хэмжээтэй дугуй хэлбэрийн 8 ширхэг хүрэн өнгийн зүйл дусаж хатсан байдалтай байсныг 13-20 цэгээр тэмдэглэж бинтэнд 0.9 натрийн уусмалыг шингээж арчиж бэхжүүлэн авч хатааж цаасан уутанд хийж 13-20 гэж тус тусад нь дугаарлаж бэхжүүлэв. Гал тогооны өрөөний зүүн урд буланд модон хаалга онгорхой байх ба уг хаалгаар дотогш ороход өрөөний голд эрэгтэй хүний цогцос байх ба цогцосны толгой нь баруун талын мөр лүү унжсан, хоёр гар дэлгэсэн байдалтай, гарын хуруунуудыг атгасан, хамар амнаас гарсан зүйлгүй, хоёр хөлөө жийсэн байдалтай байх ба цээж хэсэгтээ саарал өнгийн богино ханцуйтай пудволктой, уг пудволкны баруун мөрний хэсэгт урагдаж гэмтсэн байдалтай, цэнхэр өнгийн ноосон өмдтэй, хар өнгийн ноосон оймстой байв. Цогцосны хүзүүний хоолойн урд хэсэгт 1.3х1.7 см өргөн хэмжээтэй боолтын оромтой, уг ором хэсгээр хар хүрэн өнгийн боолтын оромтой, уг боолтын ором хүзүүний арын хэсэгт байхгүй байх ба боолтын оромны хэсгээр олон тооны жижиг зулгаралттай байв. Уг цогцос байсан газрыг “Б” цэгээр тэмдэглэв. ...Цогцосны зүүн мөрнөөс 18 см зайд цахилгааны хар өнгийн утас байсныг “1” цэгээр тэмдэглэв. Уг хар өнгийн цахилгааны утасны үзүүр хэсэгт цахилгааны уртасгагч залгуурыг холбосон, нөгөө үзүүр нь уг өрөөний зүүн талын хананаас гадагш гарч шонгийн модны шугамтай холбогдсон цахилгааны тогтой утас байв. Цогцосны зүүн мөрнөөс зүүн талын хана тийш 45 см зайд цэнхэр өнгийн халуун сав байх ба уг халуун савны таглаа байхгүй, доторх халуун баригч нь дотроо хагарсан байв. Уг халуун савыг “3” цэгээр тэмдэглэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 07-23 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байж байхад Д над руу гар утсаар залгаж “манайд хүрээд ир” гэхээр нь би гэрээсээ гарч Дын гэрт очсон гэж хэлээд өөрийн гэр болон явсан зам, Дын гэрийг заав. Гэрт нь ороход гэрийн том өрөөний хойд талын хана дагуу байрлах диван орны дэрэн доороос 1 шил дундын задлаагүй архи гаргаж ирээд бид хоёр хувааж ууж дуусахад Д надад мөнгө өгөөд дахин архи аваад ир гээд би Рашаан зам гэх дэлгүүр лүү явсан ...гээд дэлгүүрт ирсэн замаа заав. Архи аваад буцаж очиход Д дүү Цын гэрт байсан бөгөөд намайг хараад гэр лүү орж бай гэж толгойгоороо зангахаар нь би шууд Дын гэрт орсон. Ингээд бид хоёр архи уугаад сууж байхад ...дүү Ц нь эхнэр Ягийн хамтаар орж ирээд “Та манай гэрийн цахилгаан тог тавьж өгөхгүй, миний өгсөн мөнгөөр архи авч ууж байна, хөргөгчөө авлаа гээд хөргөгчинд байсан махыг гаргаж шалан дээр тавьчихаад хөргөгчөө аваад гарсан гээд хөргөгч байсан газрыг заав. Тэгээд тэр хоёр /Ц, Я нар/ ээжийнхээ гэр лүү явсан. Тэр хоёрыг явсны дараа Р ганцаараа ирээд ...Рийн машинд сууж “Баялаг од” зочид буудлын баруун талд байх хүнсний дэлгүүрээс Р, Д нар архи авсан. ...Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архиа аваад Улаан уулын хажууд архи уусан гээд архи уусан газраа заахад уг газар нь талийгаач Дын гэрээс холгүй урд зүгт байрлах Улаан уулын зүүн хойд талд уусан байх ба архи уусан гэх газарт Ерөөл гэх архины шил байсныг ...эд мөрийн баримтаар хураан авав. Р архинаас амсаад явсан ба Д бид хоёр уг архийг ууж дуусгаад явах гэхэд “хоёулаа манайд очъё” гээд хамт гэрт очиход гэрийн том өрөөний орны дэрэн доороос дахин нэг шил архи гаргаж ирэхээр нь бид хоёр сууж хувааж уусан гээд архи авсан газар болон сууж архи уусан газрыг заав. Архи уугаад сууж байхад Д намайг “Чи одоо харьж амар” гэхээр нь би түүнд “би танайд ирж архи уугаад хоноод явдаг байсан биз дээ” гэхэд Д намайг “зайл” гэж байсан. Тэгээд би Дыг орон дээрээс татаж унагаж дээр нь өвдөглөж байгаад Дын гэрээс гараад Улаан уул чиглэлд явсан гээд явсан чиглэлээ заав. Дын гэрээс гарч явж байхад Дорж хөгшин хашааныхаа хаалганы гадна тамхи татаж байхаар нь очиж уулзсан гээд Дорж гэгчийн хашааг заав. Би Дорж хөгшинтэй уулзаад цааш явж Улаан уулын урд явж байхад замд нэг цагдаатай тааралдсан гэж хэлээд цагдаатай уулзсан газрыг заав. Би цагдаатай уулзчихаад цааш явж байгаад замдаа чулууны хажууд унтаж байсан. Шөнө даараад байхаар нь сэрэхэд Улаан уулын урд талд эзгүй газар унтаж байсан гээд унтсан газрыг заав. Тэгээд би босоод шууд гэртээ очсон гэж хэлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 25-41 дүгээр тал),
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 42-54 дүгээр тал),
-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 75-78 дугаар тал),
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 29-ний өглөө Улаанбаатар хотод байдаг манай хүргэн гэрт ирж нөхрийг маань нас барсан талаар хэлсэн. Увс аймгаас О эгч залгаж хэлсэн байсан. Миний нөхөр юунаас болж нас барсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямарч байсан ах дүү нар нь талийгаачийг хүний гарт хорлогдсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ш.Рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Д бид хоёр багын найзууд юм. ...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед Д над руу утсаар ярьж “гэрт хүрээд ир” гэхээр нь би машинтайгаа Дын хашаанд очсон чинь гэрт нь ногоон цамцтай нэг залуу байсан. Уг залуу бас согтуу бололтой байсан. ...Тэгээд бид 3 цуг гэрээс гараад машинд сууж төв Хаан банк орсон. Би машиндаа үлдэж, тэр 2 цуг буугаад банк орсон. Удалгүй буцаж ирээд машинд суугаад Д “мөнгө бүтсэнгүй, шилжиж орж ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Д Хаан банкны урд замаар явуулаад замын хажуугаар баруун эргэж ороод буланд байх дэлгүүрийн гадна зогсоод 1 шил архи авч гарч ирсэн. Тэр хоёр надаар Улаан уулын хажууд ширэг дээр хүргүүлээд буугаад үлдсэн. Тэр хоёр авсан архиа тэнд уухаар үлдсэн. Би шууд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108 дугаар тал),
-2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрч О.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед гэрээсээ гарч аптек ороод эм авч байхад миний 95453759 дугаарын гар утас руу Дгийн эхнэр Отгонжаргал гэх хүн над руу мобикомын гар утснаас залгаж “Дын бие муу байна гэнэ М орж ирж хэллээ. Чи Дын эгч Ст Дын бие муу байгаа талаар хэл” гэж хэлэхээр нь би түүнд “эм авчихаад яваад очиж хэлье” гэж хэлээд утсаа таслаад эмийн сангаас шууд ирээд Сийн гэрт очиж “Дын бие муу байна гэж хажуу айлын эхнэр нь над руу залгаж хэллээ, хурдан оч” гэж хэлсэн. Намайг Сийн гэрт очиход С болон Дын хашаанд байдаг Ц, Я нар байсан. Би тэднийд орж хэлчихээд гэртээ орж амарч унтаж байтал шөнийн 01 цагийн үед байх манай гэрт С, Ц, Я, Төмөрхүү нар хамт орж ирээд Дын гэрт очиж хаалгаар нь шагайчхаад ирлээ. Д гэртээ ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байна. Чи биднийг Цийн гэрт машинаараа хүргээд өгөөч гэж гуйхаар нь тэр дөрвийг машиндаа суулгаж Цийн гэрт очиход тэд нар Цийн гэр рүү ороод Цийг авгайтай нь авчирж машинд суусан. Тэгээд би тэднийг Дын гэрийн гадна авчирж буулгачихаад Цийн гэрт орчхоод гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 110 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Миний бие заагдсан постод үүрэг гүйцэтгэж байтал 22 цаг өнгөрч байхад согтуу бололтой эрээн цоохор цамцтай, 50 орчим насны эрэгтэй хүн Улаан уулын хойд талаас зам дагаж над руу чиглэж ирээд миний хажуугаар зөрөөд явах гэхээр нь дуудаж уулзан өөрийгөө танилцуулаад “ямар ажилтай явж байгаа хүн бэ” гэдгийг асуухад “нэг ах өнгөрчихлөө, мэдээ дуулгахаар явж байна, тэр айлаа хайж явна” гэхээр нь “за за яв” гээд уг хүний анх явж байсан зүгт нь явуулсан. Тэр хүн миний хажуугаар зөрөөд Улаан уулын урд талын айлууд руу чиглээд явсан. Тухайн хүн “хүн нас барсан, мэдээ дуулгана” гэхээр нь ажил явдалтай явж байгаа хүн юм байна гэж бодоод хүндэтгээд асуух зүйлээ асуугаад л явуулсан. Уг хүн согтоод нэлээн муудсан, хэл ам нь ээдэрч орооцолдсон, нүүрэнд айж сандарсан зүйлгүй, хувхай цайсан гэмээр байдалтай, дээгүүрээ Солонгос цэргийн ногоон цоохор хувцастай явж байсан. Уг хүн доогуураа ямар хувцастай явсныг нь харанхуй бүрий байсан болохоор тод харагдаагүй тул мэдээгүй. Уг хүн нэлээн согтож муудсан гүйх чадваргүй, арай гэж алхаж явж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 116 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр Дгийн хамт Улаангом сумын 5-р баг Улаан уулын хажуу доод талд байх нүүрний эгнээд байрлах төв эмийн сангийн жимсний талбайн манаач хийдэг. Энэ хашаанд 5 жил амьдарч байна. Харин манайхаас нэг хашааны дээд талд Д гэх айл байдаг ба Д дүү Ц, бэр Я /Я/ нарын хамт амьдардаг. Урьд орой нөхөр бид 2 унтаж амрах гээд байж байтал 22 цагийн үед нөхөр тамхи татаад гэрээс гарсан. Тэгтэл нөхөр маань хашааны гадна байгаа бололтой хүнтэй ярилцах чимээ гарсан. Удалгүй нөхөр гаднаас гэрт орж ирэхээр нь би “хэнтэй ярилцаад байв” гэсэн чинь нөхөр “М Ягийн дугаарыг өгчих гэж байна” гэхээр нь “дугаараар нь яах гэж байгаа юм” гэсэн чинь нөхөр “Д сэрэхгүй байна гэнэ, М дүү нар луу нь ярина гэж байна” гэсэн ойлгомжгүй зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Ягийн дугаарыг цаасан дээр бичээд нөхөртөө өгсөн чинь нөхөр гэрээс гараад явсан. Нөхөр буцаад орж ирэхээр нь би “яасан бэ” гэсэн чинь нөхөр “тэрний утас нь нэгжгүй юм байна, чи утаснаасаа залгаадах” гэхээр нь би өөрийн 95558604 дугаарын утаснаас Ягийн 95581556 дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байсан. Нөхөр бас өөрийн утаснаас тэр хүн рүү залгасан боловч утсаа авахгүй байсан. Тухайн үед Ц, Я 2 гэртээ байгаагүй юм шиг байсан. Тэгээд нөхөр буцаад гарчхаад ороод ирсэн ба “М гадна байхгүй, явчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Я утсаа аваагүй тул Дын эгчтэй хамт нэг хашаанд байдаг Х гэх хүний утас руу залгаж яриад “Дын бие муудсан гэж М хэллээ, та эгчид нь дамжуулаад хэлээд өгөөч” гэсэн чинь Х “би айлд ажилтай явна, гэртээ очихоороо дамжуулаад хэлье” гээд утсаа тасалсан. Тэгээд нөхөр бид 2 унтаж амарсан. Унтаж байтал өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад гэнэт миний утсанд дуудлага ирэхээр нь авсан чинь урьд орой ярьсан Х байсан ба “та орой над руу залгасан Дын ойролцоо байдаг айлын хүн үү” гэхээр нь би хажуугийнх нь айл байна” гэж хэлтэл Х “дахиад ярья” гээд тодорхой зүйл ярилгүй утсаа тасалчихсан. Би Дын гэрт юу болсныг сайн мэдээгүй. Нөхрийн ярианаас “М манай гадна ирж Дыг муудлаа, ар гэрт нь хэлмээр байна” гэсэн зүйл хэлсэн гэдгийг л ойлгож мэдсэн. Дыг хөрш, ойролцоо байдаг нэг хорооллын хүн гэдгээр нь мэднэ. Дыг архи уучихсан байна гэж хүмүүс л яриад байдаг, би согтуу байхыг нь нүдээр хараагүй ба Д угийн айлуудаар орж гараад яваад байдаггүй хүн байдаг. М гэдгийг нь танихгүй. Энэ 2 хоорондоо ямар холбоотойг нь мэдэхгүй байна. Нөхөр тамхи татаад гарч яваад буцаж орж ирээд надаар утасны дугаар бичүүлж авч гарсны дараа дахин буцаж орж ирээд намайг Я руу залгуулсан. Тэгэхэд би утасны цагаар 11:05 РМ буюу манай орон нутгийн цагаар 22:05 минутад залгасан байсан. Тэгэхээр нь нөхөр 22 цагийн үед гэрээс гарсан болж таарч байна. Нөхөр бид 2 өчигдөр өдөр Рашаант дэлгүүрийн ойролцоо машинтай явж байтал Д 94240125 дугаарын утаснаас ярьж “хаана явж байна” гэхээр нь би “Рашаант дэлгүүрийн ойролцоо ирж байна” гэсэн чинь “наана чинь ногоон хувцастай хүн нэг юм авах гээд дэлгүүр орж яваа, наадахаа аваад дэлгүүр ороод гэр лүү аваад ирээч” гэхээр нь би “чадахгүй, би ажилтай явна” гэж хэлээд шууд гэр лүүгээ явсан. Тэр үед гадаа нэлээн хүчтэй салхитай байсан. Дтай яриад дууссаны дараа цаашаа явж байтал замд ногоон төгөл гэх төмөр торон хашааны хажууханд байх ногоондуу өнгийн цамцтай хүн явж харагдсан. Энэ хүний хажуугаар зөрөөд явчихсан. Ямар хүн байсныг нь хараагүй. Дын хашаанд байшин байдаг. Уг байшинд Д дүү Ц, бэр Я нарын хамт амьдардаг. Энэ өвөл байшиндаа өвөлжсөн. Я нь нөхөр Цгийн хамт Дтай цуг амьдардаг тул мэднэ, урьд нь хааяа тэдний гэрээр орж байсан тул дугаарыг нь мэднэ. Харин Х нь үзэж хардаг мэргэн хүн байдаг тул урьд нь уг хүнд үзүүлж харуулж байсан тул таньж мэддэг, дугаарыг нь хадгалсан байсан. Харин Дын дүүг Хтой нэг хашаанд байгаа гэдгийг нөхрөөсөө мэдсэн тул орой нь залгасан нь тэр юм. М ямар учраас нөхрөөс дугаар асууж ирснийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Эхнэр бид 2 унтаж амрах гээд 22 цаг болж байхад ор дэрээ засаад эхнэр орондоо орсон. Би ороодог тамхи асааж аваад татахаар гэрээс гарсан. Гэрээс гараад хашааны гадна хаалганы хажууд тамхи татаж байтал дээрээс нэг хүн над руу чиглээд ирсэн. Уг хүнийг хэн юм бол гээд хартал М гэх залуу байсан ба “Д ах, та Я эд нарт хэл дуулгамаар байна, Д унтаж байгаа юм уу, яаж байгаа нь мэдэгдэхгүй байна, дүү нартай нь холбогдож хэлмээр байна, Я, Ц 2-ын дугаарыг мэдэх үү, та машинаа асаачих Я, Ц 2-ыг байгаа газарт нь очиж мэдэгдмээр байна” гэж хэлэхээр нь би “машинаар явж чадахгүй, дугаарыг нь хайж ярья” гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү буцаж ороод эхнэрээс Ягийн дугаарыг асуухад надад цаасан дээр бичиж өгсөн. Буцаж гараад Мд цаасан дээр бичсэн дугаарыг өгсөн чинь М утсаа гаргаж ирээд тэр дугаараар залгасан чинь “нэгж байхгүй, холбогдож байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би гэр лүү ороод утаснаасаа Ягийн дугаар луу залгасан чинь холбогдож байсан ба утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь буцаж гэрээс гарсан чинь М хаашаа явсан нь мэдэхгүй алга болсон байсан. Эргэн тойронд хүн байхгүй байх шиг болохоор нь буцаж гэр лүү ороод унтаж амарсан. Шөнө унтаж байтал миний утас дуугараад байхаар нь аваад ярьсан чинь Я байсан ба “яасан бэ” гэхээр нь би “чи утсаа авахгүй хаана байгаад байна, Д муудлаа гэж М хэллээ” гэсэн чинь Я “би ээжийнд байна, Д ямар байгаа болоо, намайг хөөгөөд байсан юм” гэж хэлэхээр нь би “унтаж байдаг юм болов уу” гэж хэлээд утсаа тасалж яриагаа дуусгаад үргэлжлүүлээд унтсан. Тухайн үед би унтаж байгаад сэрсэн тул нойрмогдуу байдалтай ярьсан. Дын хашаа манай дээд талд байдаг, хөрш зэргэлдээх айлууд тул нэг нэгээ мэддэг. Хааяа нэг нэгнийхээ гэрээр орж гардаг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор эхлээд над руу ирж байсан хүнийг таниагүй ба дөхөж дуугарахад М гэдгийг таньсан. М Дын гэрт урьд нь ирж орж гардаг байсан тул танина. Тухайн үед М мэнэрсэн, согтуу юм шиг байх шиг байсан. Хэл яриа нь дуугарч, хэлж ядсан тольтрой байдалтай байсан. Харанхуй байсан болохоор нүүр царай, хувцас гадна байдлыг сайн харж чадаагүй. М над руу хурдан хурдан алхаад ирэх шиг болсон. Айж сандарсан эсэхийг нь мэдээгүй. Харанхуй болохоор М надад сайн харагдахгүй байсан. Би дууных нь өнгөөр л Мг таньж харьцсан. Архи үнэртэж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хэл тольтрой байхаар нь согтуу байна л гэж бодсон. М миний хажууд ирэнгүүтээ газарт суугаад ярилцсан. Би гэр лүү орж утасны дугаар бичүүлээд буцаад гарч ирэхэд М газарт суусан хэвээр байсан. М, Д 2 ямар харилцаа холбоотойг нь мэдэхгүй. Хааяа М Дынд ирчихсэн байж харагддаг. Ах дүү юм уу, найз нөхөд юм уу, архи уудаг юм уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Харанхуй байсан болохоор Мгийн утасны загварыг мэдээгүй. М надаас дугаар бичсэн цаас аваад утсан дээрээ дугаарыг хийж залгах шиг болсноо “миний утас нэгжгүй шдээ” гэх шиг болсон. Хүнтэй бол яриагүй. Өчигдөр эхнэр бид 2 машинтай өөрсдийн хашаанд 07 цагийн үед очиж цэвэрлэгээ хийсэн. Манай өөрийн хашаа Улаангом сумын 10-р багт байдаг. Одоогоор байгууллагын хашаанд байгаа юм. Өөрийн хашаанд байж байгаад 11-12 цагийн үед хүчтэй салхитай байх үеэр гэр лүүгээ буцаад явсан. Гэр лүү явах замд эхнэртэй хүн яриад эхнэр уурлаад байсан. Тэгэхээр нь би “хэн бэ” гэсэн чинь эхнэр “Д залгаж байна, замд ногоон хувцастай хүн явж байгаа гэнэ, тэр хүнийг аваад дэлгүүр ороод ирээч” гэж байна гэхээр нь би “юу яриад байгаа юм, чадахгүй” гэж хэлээд явсан. Д эхнэр лүү 2-3 удаа лав залгах шиг болсон. Эхнэр утсаа аваад уурлаад таслаад байсан. Ингэж яриад удалгүй эхнэр бид 2 ногоон төгөл гэх торон хашааны өнцөгт явж байтал замд ажлын гэмээр ногоон цоохор хувцастай хүн явж харагдсан. Тэгэхээр нь уг ногоон хувцастай хүний хажууд хальт зогссон чинь М байсан ба “яав” гэсэн чинь “би доошоо явж байна” гэхээр нь би хөдлөөд гэр лүү явсан. М доошоо эргээд явах шиг болсон. Үүнээс хойш Д, М 2-ын аль алиныг нь хараагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-126 дугаар тал),
-2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 21-22 цагийн хооронд байх би Мтэй уулзсан. Ер нь бол бүрэнхий харанхуй болж байсан. М Дын гэрийн хашааны зүгээс буюу хойд зүгээс ирж байсан. Би хашааныхаа гадна гараад тамхи татах гэж байхад Дын гэрийн зүгээс нэг хүн ирж байсан. Дөхөөд ирэхээр нь харахад М байсан. Дын гэрээс М гарч байхыг хараагүй. М ирээд “Д ахаа, та Я эд нарт хэл дуулгамаар байна. Д унтаж байгаа юм уу, яаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Дүү нартай нь холбогдож хэлмээр байна. Я, Ц хоёрын дугаарыг мэдэх үү, та машинаа асаачих, Я, Ц хоёрын байгаа газарт очиж мэдэгдмээр байна гэж хэлэхээр нь би Я, Ц хоёрын гар утасны дугаарыг хэлж өгөхөд тэр өөрийн гар утсаар залгаад нэгжгүй байна гээд ярьж чадаагүй. ...Би Мтай уулзаад гэртээ ороод Сийн гэр лүү ярих гээд ороод гараад ирэхэд М байхгүй байсан ба хаашаа явсныг нь мэдээгүй. Би Мыг эртнээс танина. Мод татуулдаг байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Р.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал 17-18 цагийн үед манай хүү Ц эхнэр Ягийн хамт ирсэн юм. Тухайн үед би юу хийж яваа юм бэ гэж асуухад манай төрсөн дүү болох Д нь ээжийнхээ гэр лүү яв очиж тусалцгаа гэж хэлээд явуулсан гэж надад хэлсэн юм. Учир нь манай дүү Д манай хүү Ц нар нэг хашаанд байдаг юм. Улмаар манай хүү Ц, бэр Я нар манай гэрийн хөшиг татаж янзлаад оройны 22-23 цаг хүрсэн юм. Удалгүй 23 цагийн үед манай хашаанд байх айлын эхнэр Х гэх хүн манай гэрт орж ирээд таны дүү Дын бие муудаж байна гэнэ хажуу айлаас хүн ярьж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би өөрийн хүү Ц, бэр Я нарын хамтаар машин байхгүй орой болсон байсан тул алхаад төрсөн дүү Дын гэрт шөнийн 12 цаг өнгөрч байх үед ирсэн. Манай дүү Дын гэр хашаан дотор байшинд байдаг. Харин хүү Ц нь түүний хашаанд гэрт байдаг юм. Улмаар байшингийн цонхоор Ц, Я нарын хамт харахад дээш харсан байдалтай хэвтэж байсан юм. Тэгээд хүү өөрийн гэр лүүгээ гэрэл асаахаар орсон. Харин би бэр Яг дагуулаад дүү Дын гэрт ороход газар дээр дээш харсан байдалтай хүзүү хэсэг нь улайсан байсан, чухам би холоос хаалган дээрээс хараад ухаангүй байдалтай хэвтэж байна гэж хараад буцаад явсан юм. Тэгээд хүү Ц, бэр Я нарын хамтаар өөрийн хашаанд байх Хыг очиж авахаар яваад Хыг аваад мөн өөрийн дүү болох Оийг нөхөр Цийн хамт Улаангом сумын 9 дүгээр багт байрлах Буянт хорооллоос Хын машинтай очиж аваад талийгаач Дын гэрт ирсэн юм. Дахин би талийгаач Дын гэрт ороогүй миний даралт ихсээд бие муудаад өөрийн хүү Цын гэрт байсан, удалгүй манай хүүхдүүд эмч ирж байна, цагдаа ирж байна гэж ярилцаж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Мөн манай хажуу айлын Хт хэн гэх хүн, хэрхэн юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Талийгаач Д нь архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг байсан. Баяр ёслолын үеэр өөрөөр ямар нэгэн байдлаар хэрэглэдэггүй юм. Талийгаач Д нь зан байдлын хувьд зөөлөн ямар нэгэн ааш авир гэх зүйл байхгүй өөрийнхөөрөө байж байдаг, илүү дутуу зангүй хүн байгаа юм. Харин хань харилцааны талаар ямар хүнтэй уулзаж найзлаж нөхөрлөж явдаг талаар би ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Эрүүл мэндийн хувьд зүрх их өвддөг өөрөөр ямар нэгэн өвдөх зовуурилах зүйлгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Гурван тамир дэлгүүрт худалдагчаар ажиллаж байтал Д нь ганцаараа дэлгүүрт орж ирээд 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад гарсан. Гарчихаад буцаж орж ирээд “би түрийвчтэй явсан, түрийвчээ орхисон байна” гэж буцаж орж ирэхдээ Ртай хамт орж ирээд дэлгүүрийн камер шүүлгээд гарсан. Би түүнд чи түрийвч гаргаж ирээгүй, 20,000 төгрөгийн дэвсгэрт дангаар нь гаргаж өгөхөд чинь би хариулт болгож 2 ш 5,000 төгрөгийн дэвсгэрт өгсөн, машиндаа хай” гэж хэлэхэд хамт ирсэн Р гэх жолоочийн хамт машиндаа хайж байгаад буцаж орж ирээд “түрийвч суудлын хажуугаар уначихсан байж, олчихлоо” гэж хэлж байсан. Тухайн үед Д согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу байсан тул би түүнд санаа зовоод “одоо хаана очиж архи уух гэж байгаа юм бэ? шууд харина гэвэл өгнө, гадуур явж үргэлжлүүлж ууна гэвэл өгөхгүй” гэж асуухад “одоо гэртээ хариад унтлаа” гэж хэлж байсан. Мөн Р гэдэг тохитой томоотой хүнтэй явсан тул би талийгаачид архи өгч явуулсан. 16 цаг 25 минутын үед тэр хүмүүс машинтайгаа яваад өгсөн юм. Машинд хоёулахнаа байсан бөгөөд Д эхлээд ганцаараа орж ирсэн. Сүүлд дахин орж ирж түрийвчээ асуухад нь би ямар машинтай яваа юм бол гэж бодоод гарч харахад Р машинтайгаа байсан. Тэгэхэд Р дэлгүүрт орж ирээд гарсан. Тэр хоёр хоёулаа машиндаа түрийвч хайгаад олж авсан. Р нь архи уудаггүй тамхи татдаггүй хүн байгаа юм. Тэр үед эрүүл байсан. Цэрэг цоохор цамцтай, саравчтай малгайтай хүн машинаас хол, замын дэргэд зогсоод байсан. Тэр хүнийг тусдаа яваа юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ц.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Одоо манай байгаа хашаа бол талийгаач Р.Д хашаа юм. Д миний хамтран амьдрагч Ц /Ц/-гийн нагац ах нь юм. Бид 2 энэ хавар Д ахын байшинд цуг амьдарч байгаад хэдэн хоногийн өмнө гэрээ барьж тусдаа Дын байшингийн хажууд амьдрах болсон. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ц бид 2 гэртээ байж байтал 10 цагийн үед Д ахын гэрт М гэх залуу ирсэн. Үүний дараа Ц хажуугийн ахын байшин руу орчхоод буцаж гэрт орж ирсэн ба “тэр 2 архи ууж байна” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М, Д 2 манайд орж ирэхээр нь би цай, хоол хийж өгсөн. Тэгэхэд М, Д 2 хоёулаа согтсон байдалтай байсан. Хоол, цай идэж ууж дууссаны дараа Д ах Ц бид 2-ыг “ээжийнхээ гэр лүү явцгаа” гэж хөөсөн. Д ингэж Ц бид 2-ыг хөөж байх үеэр гаднаас Р гэх таксинд явдаг хүн орж ирж харагдсан. Ц бид 2 ахаар хөөлгөөд ээж Сийн гэр лүү шууд явсан. Цгийн ээжийн гэрт 15 цагийн үед очсон байх. Тэндээ өнжсөн. Орой болж унтаж амарч байтал шөнө 01-02 цагийн үед хажуугийн хөрш Х гэх эмэгтэй ээжийнд орж ирээд “Ц та 2 гэр лүүгээ явалдаа, Д муудсан байна гэж хажуугийн хөрш ярилаа” гэж хэлчхээд гараад явсан. Ц, ээж бид 3 босож аваад хувцсаа өмсөөд гэрээс гараад Д ахын хашаанд очсон. Байшингийн гадна очоод ээж бид 2 түрүүлээд орсон. Ороход голын өрөөнд Д ахын нүүр дээшээ, толгой нь ор луу чиглэсэн байдалтай, сонин болчихсон хэвтэж байсан. Энэ байдлыг харангуутаа ээж бид 2 байшингаас буцаад гарсан. Ц, ээж бид 3 буцаж гараад ээжийн гэрт очсон. Ээж Хын гэр лүү уулзахаар орсон. Ээж Х 2 гэрээс гарч ирээд Хын машинаар Ц ахын гэр лүү очиж болсон зүйлийг хэлж дагуулж Д ахын гэрт очсон. Ц ахын гэрээс эхнэр нь бас хамт бид нартай Д ахын гэр лүү явж байгаад “эмнэлэг дуудна” гээд замд буугаад үлдсэн. Бид нар Д ахын байшинд очоод байж байтал араас эмнэлгийн машинтай эмч ирж Дыг үзээд “нас барсан байна” гэж хэлсэн. Тэгж байтал цагдаагаас машинтай хүмүүс ирсэн. Ц, Д бид 3-ын хооронд маргаан болоогүй. М, Д 2 манайд орж ирж хоол цай идэж уусан. Ингэж байхдаа Д Ц бид 2-ыг “ээжийнх рүүгээ яв” гэж хөөхөөр нь Ц бид 2 гараад явсан. Ингэж хөөсөн ч гэсэн бид хоорондоо маргалдаагүй. Харин М, Д 2 манайд орж ирж хоол идэх үеэр тэр 2 хоорондоо маргалдаагүй, манайд орж ирэх үед тэр маргалдсан муудалцсан шинжгүй байсан. Урьд шөнө нь Д байшиндаа ганцаараа хоносон эрүүл саруул байсан. Ц бид 2 гэртээ хоносон. Шөнө тэдний гэрт очоод түрүүлээд ээж бид 2 байшин руу ороход Д дээшээ хараад сарвайгаад хэвтэж байсан. Тухайн үед очиход Д байсан өрөө гэрэлтэй байсан ба бид 2 үүдний өрөөнөөс харангуутаа л буцаагаад гараад явсан. Зайнаас харахад Дын хүзүү улаан хүрэн болчихсон юм шиг харагдаж байсан. Үүнийг хараад айгаад буцаад гараад явсан. Ээж бид 2 Д ахын биед ойртоогүй, гарын үзүүр ч хүргээгүй. Үүдний өрөөнөөс харангуутаа буцаад гараад явсан. Ц байшин руу огт ороогүй. Хашаанд очингуутаа шууд гэр лүү орчихсон тул ээж бид 2 байшин руу арга буюу орсон юм. М бол Д ахынд үе үе орж гарч явж байсан. М өчигдөрөөс өмнө 5-6 хоногийн өмнө л Дын гэрт ирж байхыг нь харсан. Тэгээд өчигдөр 10 цагийн үед ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх Дын хашаанд 2 жил амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн өвөл манайх Дын байшинд өвөлжсөн. Д 2021 оны 4-р сард Улаанбаатар хотоос ирээд манайхыг гэрээ барьж амьдар гэж хэлсэн. Манайх гэрээ хураачихсан байж байгаад саяхан гэрээ барьж тэдний хашаанд амьдарч байгаа юм. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Я бид хоёр гэртээ байтал М гэдэг хүн ирсэн. Үд өнгөрч байхад М, Д хоёр халамцуу манайд орж ирээд хоол идсэн. Тэгээд гараад явсан. Д бид хоёрыг ээж рүүгээ яв, даралт нь ихсээд байдаг хүн уначихна гэж хэлээд байсан. Манайд хоол идчихээд байж байгаад намайг дэлгүүр яваад архи аваад ир гэж хэлэхэд нь би архи өгдөггүй юм байна лээ гэж хэлээд дэлгүүр лүү яваагүй. Тэгээд М нь архинд явж байгаа бололтой гараад явсан. Би байж байгаад тэдний байшинд ороход М ирчихсэн Дтай архи уугаад сууж байсан. Би ороод тэднийхээс тог авна гэтэл манай гэрлийн утас мааслаад байна. Ах нь сүүлд тог холбуулж өгнө, чи тэсэж бай, чи ээж рүүгээ яв гээд хөөгөөд байсан. Би тог өгөхгүй, хөөгөөд байсан тул уурлаад тэднийд байсан өөрийнхөө хөлдөөгчийг аваад гэр лүүгээ оруулсан. Би нүүнэ гэж хэлчихээд хөлдөөгчөө аваад гэртээ оруулаад гэрээ түгжээд эхнэр Яг дагуулаад ээжийндээ очсон. Тэгээд ээжийндээ хонохоор унтаж байтал Х эгч шөнө ирээд “танай Дын бие муудлаа гэнэ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр Я, ээж С бид нар Дынд очоод би гэр лүүгээ орсон. Я, ээж хоёр тэднийд орсон. Ээж гарч ирээд хүзүү нь улайчихсан байна гэж хэлсэн. Тэгээд ээж яваад Ц ахыг авч ирсэн. М, Д нар зодолдоогүй. Намайг эхнэрийн хамт явж байхад тэр хоёр хашааны өнцөгт бид хоёрыг хараад зогсож байсан. Би сүүлд Д /Ц/ ахыг ирсний дараа Д ахыг орж харсан. Тэгэхэд хүзүү нь улайчихсан дээшээ хараад хэвтэж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал),
-2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Я.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өчигдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өглөө эрт 07:30 цагийн орчимд 60 айлын дэргэд очиж мод зарахаар явсан. Намайг явахад нөхөр маань гэртээ үлдсэн. Би өдөр үд орчимд гэртээ ирэхэд нөхөр гэртээ байсан бөгөөд намайг орж ирээд удаагүй байтал “вакцины 2-р тунгаа хийлгэнэ” гэж хэлээд гараад явсан. Нөхөр маань тэр чигээрээ орой хүртэл ирээгүй тул орой нь нөхөр лүүгээ утасдахад утасаа авахгүй байсан. М архи уухаараа заримдаа хэд хоногоор архидаад явчихдаг тул би нэг их тоолгүй архиа уугаад явчихсан юм байна гэж бодоод унтаж амарсан. Өнөөдөр өглөө буюу 2021 оны 5 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 04:00 цагийн орчимд нөхөр маань архи уучихсан архи нь гараагүй согтуу гэрт ирсэн. Тухайн үед архи нилээд их уусан бололтой архи үнэртсэн мөн хөл дээрээ тогтож чадахгүй дайвалж байсан. М гэрт ирчихээд “өлсөж байна” гэхэд нь урьд оройны хоол, цайг халааж өгөхөд идчихээд “Дынд архи уучихаад ирлээ, нойр хүрч байна” гэж хэлээд унтаад өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дугаар тал),
-2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын 28-ны өглөөний 08 цагаас 2021 оны 5 дугаар сарын 29-ний 08 цаг хүртэл Улаангом сумын 5 дугаар багийн нутаг Улаан уулын урд талын постонд Цагдаагийн газрын ажилтан Аийн хамтаар 24 цагаар миний өөрийн 36-36 УВХ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд харанхуй бүрэнхий болчихсон оройн 22 цагийн үед А бид хоёр машин дотроо сууж байхад машины гэрлийн үзүүрт нэг эрэгтэй хүн ороод ирсэн. А машин дотроо сууж байгаад тэр хүнийг дуудахад тэр хүн хүрээд ирсэн ба А тэр хүнээс “хаашаа ямар ажлаар явж байгаа” талаар асуухад тэр “нэг хүн нас барчихлаа, би ар гэрийн хүмүүст нь очиж хэл хүргэх гэж явж байна” гэж хэлсэн. Тэр хүн архи уучихсан, үнэртэж байсан. Тухайн үед А бид хоёр тэр хүний ойр дотны хүн нь өвчний улмаас нас барсан юм байх гэж бодоод өөр зүйл асуулгүй явуулсан. А бид хоёр машинаа Улаан уул тал руу харуулаад гэрлээ асаагаад зогсож байхад тэр хүн Улаангом талаас Улаан уулын зүүн талаас ирээд баруун тийшээ явсан. Улаан уулын урд талын айлууд руу явсан. Тэр хүнийг би урд өмнө харж байгаагүй танихгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164 дүгээр тал),
-Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “1.Талийгаач Р.Д-н биед гэмтэл тогтоогдлоо. Хүзүүний урд хэсэгт боолтын оромны тод илрэл, төвөнхийн мөгөөрсний урд хэсгийн хальсанд цус харвалт, ховч ясны зүүн эврийн хугарал, баруун, зүүн нүдний алимны, зовхины салстад цус харвалт илэрсэн байна. Мөн дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд учирсан байна. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хүзүүнд байрласан боолтын ором нь нэг жигд гадаргуутай зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед нь буюу нас барах үед үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 орчим хувийн талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Хүзүүний урд хэсэгт боолтын оромны тод илрэл, төвөнхийн мөгөөрсний урд хэсгийн хальсанд цус харвалт, ховч ясны зүүн эврийн хугарал, баруун, зүүн нүдний алимны, зовхины салстад цус харвалт гэмтлүүд нь боолтын улмаас үүссэн байна. Ховч ясны хугарал /хэлэн доорх яс/ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 5.Талийгаач Р.Д-н хүзүүнд байрласан боолтын ором нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Харин биеийн гадаргууд байрласан бусад гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. 6.Талийгаач Р.Д нь 2 талын уушгины жижиг голомтууд бүхий сүрьеэ өвчтэй байсан байна. Дээрх өвчин нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 7.Талийгаач Р.Д-н 2 талын уушгины жижиг голомтууд бүхий сүрьеэ өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. 8.Талийгаач Р.Д-н цусанд 2,8%, ходоодны шингэнд 2,9% промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна. 9.Талийгаач Р.Д хүзүүнд байрласан боолтын улмаас хүзүүний эрхтнүүд дарагдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна” гэх 29 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 239-243 дугаар тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “1.Ц.М нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. 2.Ц.М нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Энэхүү эмгэг нь төрөлхийн эсвэл 3 хүртэлх насанд тархинд гэмтээх хүчин зүйл нөлөөлсний улмаас үүсдэг. 3.Ц.М нь болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Ц.М нь хэрэг хариуцах чадвартай” гэх 14 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 07-08 дугаар тал),
-Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “1.Талийгаач Р.Д хүзүүнд үүссэн шархны мөр нь уг хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хар өнгийн цахилгааны утаснаас үүссэн байх боломжтой. 2.Талийгаач Р.Д хүзүүнд үүссэн шархны мөрний өргөн нь 1.3-1.7 см хэмжээтэй, мөн цахилгааны утаснаас дардас авч өргөнийг нь хэмжихэд 1.4-1.6 см буюу ойролцоо хэмжээтэй байх тул талийгаач Р.Д хүзүүн дээр үүссэн шархны мөр нь хэргийн газраас хураан авсан цахилгааны утаснаас үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 14-17 дугаар тал),
-Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн /нэмэлт/ шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “1.Талийгаач Р.Д нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 40 минутад үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад ойролцоогоор 12-14 цаг орчим болсон байх боломжтой. 2.Талийгаач Р.Д дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд нь цөм нэг цаг хугацаанд буюу талийгаачийг амьд үед үүссэн байх боломжтой. Өөрөөр хэлбэл нас барахын өмнөхөн буюу нас барах агшинд үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь бүгд ойролцоо цаг хугацаанд үүссэн байгаа тул гэмтэл тус бүр дээр цаг тогтоох боломжгүй байна. Дээрхээс гадна багана нуруу дагуу байрласан 11х1.3 см зулгаралт нь тав үүсч эхэлж буй зулгаралт байсан ба 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. 3.Талийгаач Р.Д цогцост нас барсны дараа учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. 4.Талийгаач Р.Д дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд нь арьсны өнгөц давхарга буюу өнгөн хөрсийг хамарсан байсан. Учир нь жинхэнэ арьс болон өөхөн давхаргыг хамарсан бол гэмтлийн шарх элемент рүү шилжих байсан. 5.Талийгаач Р.Д дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Учир нь дээрх зулгаралт гэмтлүүд нь тав үүсээгүй байх ба гадаргууд нь хаталт үүссэн, өнгөний хувьд нэгэн ижил байсан. 6.Талийгаач Р.Д дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралтуудын гадаргууд тав үүсээгүй, хаталт үүссэн байгаа нь шинэ гэмтлийг харуулж байна. Харин багана нурууны дагуу байрласан 11x1.3 см хэмжээтэй тавшиж эхэлсэн зулгаралт байсан ба бусад зулгаралтуудаас өмнө цаг хугацаанд үүссэнийг харуулж байгаа юм. Зулгаралтын гадаргуу 1-2 хоногийн хугацаанд тавшиж эхэлдэг. Зулгаралтын гадаргууд үүссэн хаталт нь орчины температураас хамаарч харилцан адилгүй хугацаанд үүсдэг” гэх 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 141-146 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх 13-20 хүртэл дугаартай арчдасууд нь шинжилгээнд тэнцэхгүй байна. 2.Асуулт №2-3-т хариулах боломжгүй байна. 4.Амь хохирогч Р.Д цус нь шинжилгээнд тэнцэж байна. ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. 5.Амь хохирогч Р.Д баруун гараас авсан гэх арчдаст цус илэрч байна. 6.Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. 7.Яллагдагч Ц.Мын гэх цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. 8.Асуулт №8-9-д хариулах боломжгүй байна. 10.Асуулт №10-11. Амь хохирогч Р.Д цогцосны баруун гараас авсан гэх арчдаст илэрсэн цус ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Р.Д, яллагдагч Ц.Мын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх 755 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 152-155 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба “энэ гэмт хэргийг үйлдээгүй, намайг Р.Д гэрээс гарахад өөрийнхөө гар утсаараа яриад үлдсэн, Р.Д 2 утастай байсан. С.Ц нь Г гэгчид “би Дыг алсан” гэж хэлээд явж байсан гэдэг. Тэр хүнийг асуумаар байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ж.Ц, Ц.Я, Р.С, С.Ц нар нь хоорондоо хамаарал бүхий хамаатан садны хүмүүс байдаг ба тэдгээрийн тухайн өдрийн маршрут тодорхойгүй, гэртээ байсан гэх мэдүүлэг л байдаг. Гэтэл гэрч С.Ц нь Г гэх хүнд “би Р.Дыг өмднийхөө тэлээгээр боогоод алчихсан” гэж хэлээд явж байсан гэдэг, тэр хүнийг гэрчээр асуулгах шаардлагатай. Хохирогчийн баруун гарын сарвууны дотор талаас уусмалаар цус бэхжүүлж авсан бөгөөд энэ нь шүүгдэгч Ц.Мын цусны ДНХ-тэй тохирч байна” гэх дүгнэлт гарсан. Амь хохирогч Р.Д болон шүүгдэгч Ц.М нарын цусны тогтоцын тоонууд нь ойролцоо байна. Үүнээс харахад зөвхөн энэ хоёр хүн гэлтгүй бусад өөр хэний ч цусны тогтоц байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр эргэлзээтэй, энэ хэргийг бүх талаас нь бүрэн нягталж шалгаагүй, хэтэрхий яллах талыг барьсан. Мөн шүүгдэгчийг амь хохирогчид олон тооны шарх үүсгэсэн, цахилгааны утсаар боомилсон зэрэг үйлдлийн алиныг нь онц харгис хэрцгий гээд байгаа нь тодорхойгүй. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай нотлох баримт тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Гэвч гэрч Ж.Цийн “2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Я бид хоёр гэртээ байтал М гэдэг хүн ирсэн. ...Би ороод тэднийхээс тог авна гэтэл манай гэрлийн утас мааслаад байна. Ах нь сүүлд тог холбуулж өгнө, чи тэсэж бай, чи ээж рүүгээ яв гээд хөөгөөд байсан. Би тог өгөхгүй, хөөгөөд байсан тул уурлаад тэднийд байсан өөрийнхөө хөлдөөгчийг аваад гэр лүүгээ оруулсан. Би нүүнэ гэж хэлчхээд хөлдөөгчөө аваад гэртээ оруулаад гэрээ түгжээд эхнэр Яг дагуулаад ээжийндээ очсон. Тэгээд ээжийндээ хонохоор унтаж байтал Х эгч шөнө ирээд “танай Дын бие муудлаа гэнэ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 138 дугаар тал), гэрч Ц.Ягийн “...Хэсэг хугацааны дараа М, Д 2 манайд орж ирэхээр нь би цай, хоол хийж өгсөн. Тэгэхэд М, Д 2 хоёулаа согтсон байдалтай байсан. Хоол, цай идэж ууж дууссаны дараа Д ах Ц бид 2-ыг “ээжийнхээ гэр лүү явцгаа” гэж хөөсөн. Д ингэж Ц бид 2-ыг хөөж байх үеэр гаднаас Р гэх таксинд явдаг хүн орж ирж харагдсан. Ц бид 2 ахаар хөөлгөөд ээж Сийн гэр лүү шууд явсан. Цгийн ээжийн гэрт 15 цагийн үед очсон байх. Тэндээ өнжсөн. Орой болж унтаж амарч байтал шөнө 01-02 цагийн үед хажуугийн хөрш Х гэх эмэгтэй ээжийнд орж ирээд “Ц та 2 гэр лүүгээ яв л даа, Д муудсан байна гэж хажуугийн хөрш ярилаа” гэж хэлчхээд гараад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дугаар тал), гэрч Р.Сийн “2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ ганцаараа байж байтал 17-18 цагийн үед манай хүү Ц эхнэр Ягийн хамт ирсэн юм. Тухайн үед би юу хийж яваа юм бэ гэж асуухад манай төрсөн дүү болох Д нь ээжийнхээ гэр лүү яв очиж тусалцгаа гэж хэлээд явуулсан гэж надад хэлсэн юм. Улмаар манай хүү Ц, бэр Я нар манай гэрийн хөшиг татаж янзлаад оройны 22-23 цаг хүрсэн юм. Удалгүй 23 цагийн үед манай хашаанд байх айлын эхнэр Х гэх хүн манай гэрт орж ирээд таны дүү Дын бие муудаж байна гэнэ хажуу айлаас хүн ярьж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би өөрийн хүү Ц, бэр Я нарын хамтаар машин байхгүй орой болсон байсан тул алхаад төрсөн дүү Дын гэрт шөнийн 12 цаг өнгөрч байх үед ирсэн. Улмаар байшингийн цонхоор Ц, Я нарын хамт харахад дээш харсан байдалтай хэвтэж байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал), гэрч С.Цийн “Өнгөрсөн шөнө 02 цагийн орчимд би эхнэрийн хамт гэртээ унтаж амарч байтал манай гадна хүн ирээд хаалга тогшоод намайг дуудаад байсан. Би сэрээд хаалга тайлж өгөхөд эхнэрийн эгч С нь Хоо гэх лам эмэгтэйгийн хамт ирсэн байсан. С нь “Дын бие хөшчихсөн байна. Үхсэн амьдыг нь мэдэхгүй байна” гэж хэлээд эхнэр бид хоёрыг дагуулаад Дын гэр лүү явсан. ...Би талийгаачтай хамгийн сүүлд нэр дэвшигч Энхбат Увс аймагт зочлох үеэр буюу 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралд нь суухаар талийгаачийн гэрт очиж ботинкийг нь авч өмсөөд хамт очиж суусан. Хурал тараад хоёр тийш салаад явсан түүгээрээ уулзаагүй. Би 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралд тараад талийгаачийн гутлыг гэрт нь хүргэж өгсөн. Хурал тараад талийгаач эмнэлэг явна гээд явчихсан. Би ганцаараа яваад гэрт нь очиж гутлыг нь орхиод гэртээ харьсан. Түүнээс хойш буюу 2021 оны 5 дугаар сарын 27-ны орой, 28-ны өдөр гэрээс гараагүй. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэртээ хэвтээд өнжсөн бөгөөд үд орчимд шуурга шуураад үдээс хойш хашаа уначихсан тул хүү Уыг дуудаж хашаагаа босгож бариад дуусахад 17:00 цагийн орчим болж байсан бөгөөд зурагтаар Монгол коммент гарч байсан. Орой нь зурагт үзэж байгаад 22:00 цаг болж байхад хүү О нь эхнэр хүүхдийн хамт ирээд гэрээ хураачихлаа шалаа будах гэтэл салхилаад будаж амжсангүй гэж хэлээд ирэхэд нь хоол хийж өгөөд унтацгаасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-141 дүгээр тал), гэрч Р.Оийн “2021 оны 5 дугаар сарын 28-ны шөнө би гэртээ нөхөр Ц, хүү О, Энхжаргал нарын хамт унтаж байтал 02 цагийн орчим манай хаалгыг хүн нүдээд миний төрсөн эгч Сийн бага хүү Төмөрхуяг гэрт орж ирээд “Д ахын бие муу, ухаан алдаад уначихсан байна, бид нар танд хэлэх гээд ирлээ, ээж гадаа байгаа” гэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээс хамт гарахад манай хашааны гадаа төрсөн эгч С, хүү Ц, бэр Я, хажуу айлынхаа Х нартай хамт Хын машинтай ирчихсэн байсан тул би нөхөр Цийн хамт тэд нартай Хын машинд суугаад явж байх замдаа “эмнэлэг дуудсан уу” гэхэд тэд нар “дуудаагүй” гэхээр нь эмнэлэг дуудахаар болоод 02 цаг өнгөрч байхад би эмнэлгийн үүдэнд ганцаараа машинаас нь бууж үлдээд Ц тэд нартай хамт Дын гэр лүү явсан юм. ...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шуурга салхилаад манай өөрийн хашаа унаад би нөхөр Ц, хүү У нарыг дуудаж салхи намдсаны дараа би хүү У, бэр Б, нөхөр Ц нарын хамт гэрийнхээ хашааг барьсан. Цагийн баримжааг мэдэхгүй, ямарч гэсэн үдээс хойш 15 цагаас хойш санагдаж байна, Ц тэр өдөр миний дүү Дтай уулзаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дугаар тал) хэрэгт авагджээ.
Тухайн хэрэг учрал болсон гэх 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч Ж., Ц.Я, Р.С, С.Ц нар хаана, юу хийж байсан болохоо ямар нэг зөрөөгүйгээр мэдүүлсэн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлэг байх тул эдгээр гэрчүүдийн явсан маршрут тодорхойгүй, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгч Ц.Мын мэдүүлэг нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад гэрчүүд болох О.А, Б.О, Ц.Д, Ш.Р, О.Х, Ц.Б нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний Газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 755 дугаартай дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 152-155 дугаар тал) нь шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд уг шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Ц.Мын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг санаатай алсан гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн /нэмэлт/ шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 141-146 дугаар тал), гэрч Б.Хын “Талийгаач Р.Д биед 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гадна үзлэг болон задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тогтоож 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр задлан шинжилгээний дүгнэлтийг гаргасан. Задлан шинжилгээ болон гадна үзлэг хийх явцад Р.Д нь боолтын улмаас амьсгалын дээд зам бөглөрч амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болохыг тогтоосон. Р.Д гадна биед үхэлд хүргэх шалтгаан болсон боолтын дарагдлын ором нь төвөнхийн мөгөөрснөөс доогуур 20x1.6 см хэмжээтэй арьсны түвшнээс доош 0.2 см гүнтэй зах хэсгээрээ зулгаралт цус хуралтуудтай задгай төгсгөлтэй, мөн дарагдлын ором нь нэгэн жигд гадаргуутай байсан. Р.Д биед үүссэн зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Р.Д нь өөрөө өөрийгөө боомилсон байх боломжгүй. Учир нь 2 гараар өөрийгөө боомилсон тохиолдолд боомилолтын дарагдлын оромны зэргэлдээ ижил цаг хугацаанд үүссэн зулгаралт болон цус хуралт өөртөө учруулах боломжгүй. Дээрх утсаар /цахилгааны хар утас/ Р.Дыг боомилсон байхыг үгүйсгэхгүй. Учир нь дарагдлын оромны гадаргуу нь гөлгөр, ижил түвшинд дарагдлын ором үүсгэсэн байсан. Энэ нь боомилсон материалын гадаргуу нь нэгэн жигд болохыг илтгэж байна. Цахилгааны утасны бүрсэн материал нь нэгэн жигд гадаргуу гөлгөр байна. Р.Д хүзүүнд үүссэн дарагдлын ором нь өмсөж явсан гэх резинэн захтай саарал өнгийн пудволкоор бооход үүсэх боломжгүй. Учир нь пудволкны захны хэсгийн материалын гадаргуу нь барзгар хээтэй байна. Ийм төрлийн зүйлээр хүзүүг бооход дарагдлын оромны гадаргуу тэгш бус тухайн материалын хэв шинжийг хадгалж дарагдлын ором үүсгэнэ. Ховч ясны хугарал гэмтэл нь дүүжлэлт, боомилолт багалзуурдалтын үед ихэвчлэн хугарч гэмтдэг. Энэ тохиолдолд хүзүүнд үүссэн боомилолтын үед ховч яс хугарч гэмтсэн байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 21-22 дугаар тал), гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “Шүүх эмнэлэгийн практикт шулуун гэдэсний дулаан болон хүүрийн хөшилт, хүүрийн толбоны шинжээр талийгаачийн нас барсан цаг хугацааг ойролцоогоор тогтоодог. Манай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хувьд шулуун гэдэсний дулаан хэмжигч байхгүй тул хүүрийн толбо болон хүүрийн хөшилтийн шинжээр нас барсан хугацааг ойролцоогоор тогтоож байгаа. Амь хохирогч Р.Д хувьд хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр өгсөн ба дарахад өнгөний хувирал өгч арван наймаас хорин таван секунтын дараа урьдын өнгөндөө эргэж орж байсан, мөн булчингийн хөшилт нь эрүү, хүзүү, дээд, доод мөчдөд тод илэрч байсан тул шинжээч эмчийн хувьд талийгаачийг нас бараад 12-14 цагийн хугацаа өнгөрсөн байна гэж нэмэлт шинжилгээнд тусгаж өгсөн. Хүн нас барсан цаг хугацааг тогтоохдоо нарийвчлан тогтоох боломжгүй тул шүүх эмнэлгийн практикт 2 цагийн хэлбэлзэлтэй хугацааг тавьдаг. Амь хохирогч Р.Д биед учирсан дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Учир нь хүзүүний урд хэсэгт үүссэн боолтын ором, мөн биеийн бусад хэсэг буюу дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд нь талийгаачийн үхлийн шалтгаан болох боолтын оромтой ижил хугацаанд хаталт өгч арьсны өнгөц давхаргыг хамарсан байна. Иймд дээрх гэмтэл тус бүр дээр цаг хугацааг тогтоох боломжгүй бөгөөд дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаа буюу нас барахын өмнө үүссэн гэмтэл байсан. Амь хохирогч Р.Д цогцост нас барсны дараа учирсан гэх ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь арьсны өнгөц давхарга буюу эпидермсийг гэмтээсэн зулгаралт гэмтлүүд байсан. Иймд тухайн зулгаралт гэмтэл нь хурдан хаталт өгч хатуурсан байсан ба арьсны жинхэнэ болон өөхөн эдийн давхаргыг гэмтээгээгүй байсан юм. Хэрэв жинхэнэ болон өөхөн эдийн давхаргыг гэмтээсэн бол судас хагарч тухайн хэсэг газарт цус хуралт болон шарх гэмтлүүд учрах байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 185 дугаар тал) хавтаст хэрэгт авагджээ.
Дээрхээс үзэхэд амь хохирогчийн биед үүссэн зулгаралт гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн, боомилолтын дарагдлын оромны зэргэлдээ ижил цаг хугацаанд үүссэн зулгаралт /дух, зүүн шанаа, хүзүүний урд хэсэг, баруун, зүүн дал, багана нуруу, баруун, зүүн суга, зүүн ташаа, баруун гар, баруун шилбэний зулгаралт/ гэмтлүүд учирсан байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай” 14 дугаартай тогтоолын 5.13-т “Онц харгис хэрцгий арга”-д хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотнын хүмүүсийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлийг хамааруулна гэж ойлгохоор тайлбарлажээ.
Мөн “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. [1]
Шүүгдэгч Ц.М нь амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний хоолойг боомилсон, уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан боловч хохирогчийг зориуд зовж зүдрэх, тарчлахаар нөхцөл байдалд хүргэн амь насыг нь хохироох хүсэл зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад зөвхөн хохирогчид учруулсан гэмтлийн тоог үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр” хүнийг алсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд “онц харгис хэрцгийгээр” хүнийг алсан гэх шинж тогтоогдохгүй байна гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ц.М нь Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн, тухайн хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэдийн төлөөлөгч Р.Х нь “Хэргийн материал болон шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр Ц.М нь согтуугаар энэ хэргийг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д оршуулгын зардалд нийт 9,422,300 /есөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлэн, хохиролтой холбоотой баримтыг шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Харин мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Г “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг мөн шүүхийн шатанд гаргаж өгсөн гэх 2 дахь хавтаст хэргийн 224-236 дугаар талд авагдсан хохирлын баримтуудад тулгалт хийж нэг бүрчлэн тооцоход баримттай зардалд нийт 7,278,603 /долоон сая хоёр зуун далан найман мянга зургаан зуун гурав/ төгрөг, баримтгүй зардалд 2,143,697 /хоёр сая нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун ерэн долоо/ төгрөг” гэх тооцоог (3 дахь хавтаст хэргийн 191-193 дугаар тал) гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Тиймээс Иргэний хуулийн дээрх заалтуудын дагуу шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтад тулгуурлан гаргасан хохирлын тооцоог үндэслэн нийт 7,278,603 төгрөгийг шүүгдэгч Ц.Маас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Мын хувийн байдлын талаар гэрч Я.О “...Бид хоёр 1994 онд гэр бүл болж түүнээс хойш хамт амьдарч байгаа. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хүүхдүүд маань тусдаа гараагүй. Том хүү 25 настай, өнгөрсөн жил гэр бүрж өгсөн тусдаа гараагүй, дунд хүү 22 настай Улаанбаатар хотод барилгын ажил хийж амьдардаг, бага охин 7 настай Таван тэс хувийн сургуульд 2-р ангид сурдаг юм. Ар гэрийн амьдралын хувьд нөхөр маань барилгын туслах ажилтан хийдэг улирлын чанартай ажилтай, ямар нэгэн компанид харьяалагдахгүй энд тэнд очиж хувиараа ажилладаг юм. Өвлийн улиралд дэлгүүр байгууллагуудад галчийн ажил хааяа хийдэг, Улаангом сумын хот тохижилтын газарт цас арилгахаар өдрөөр ажилладаг юм. Миний хувьд орон сууцнуудын дунд мод зардаг завсар зайгаар нь хот тохижилтын газарт ажил гарахад нь өдрөөр цалинжиж ажилладаг юм. Нөхөрт маань хувьд ногдох хөрөнгө гэж 5 ханатай гэртэй, өөрсдийн эзэмшлийн хашаатай, машин техник байхгүй. 2004, 2005 оны орчимд цахилгааны масснаас болж гэр маань шатсан, түүнээс хойш нэг гэр авсан сайн тохижуулж чадаагүй өдийг хүрсэн. Нөхөр маань зан араншингийн хувьд эрүүл саруулдаа үг дуу цөөтэй, төлөв зантай, ажилсаг, хөдөлмөрч, ямарч ажлыг хойш нь тавиад байдаггүй, хар бор ажил голоод байдаггүй ажил олдож л байвал хийж явдаг хүн бөгөөд огцом түргэн зантай огцом уурладаг, уур нь хурдан гардаг уурласан үедээ хүнд гар хүрчихдэг талтай, урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж удаа дараа дуудлага өгч байсан. Архи уусан үедээ зан ааш нь эрс хувирдаг танихын аргагүй болдог, агсам согтуу тавьдаг, хүн амраахгүй орилж хашгираад ...хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог, харддаг, зодож нүдээд байдаг юм. Архи уусан үедээ 2-3 хоногоор тасралтгүй уугаад явчихдаг, уухгүй үедээ сар хүртэл хугацаагаар ч уухгүй байдаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дугаар тал), гэрч Ч.Гантөмөрийн “Манай багийн иргэн Ц.М нь эхнэр, 3 хүүхдийн хамтаар ам бүл тавуулаа амьдардаг, амьжиргааны түвшингээс доогуур гэр бүл юм. Ц.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний эхнэр нь орон сууцнуудын хороололд шуудайгаар мод зарж амьдардаг. Ц.М нь зан аашийн хувьд даруу, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн харагддаггүй, ухаан санааны хувьд хэвийн бөгөөд амьдрал нь тааруу, муу учраас янз янзын ажил хийж мөнгө олдог хүн юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “1.Ц.М нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. 2.Ц.М нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Энэхүү эмгэг нь төрөлхийн эсвэл 3 хүртэлх насанд тархинд гэмтээх хүчин зүйл нөлөөлсний улмаас үүсдэг. 3.Ц.М нь болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Ц.М нь хэрэг хариуцах чадвартай” гэх 14 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 07-08 дугаар тал), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Ций М нь Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас ДООГУУРТ багтсан байна” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 90 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 93 дугаар тал), Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 95-96 дугаар тал), Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 93 дугаар тал), Увс аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас Ц.Мд холбогдох зөрчлийн хэргийн материалыг хуулбарлан хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн материал (2 дахь хавтаст хэргийн 132-161 дүгээр тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Ц.М нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Увс аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 14 дугаартай дүгнэлтээр “Ц.М нь Оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. ...Ц.М нь болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.М нь хэрэг хариуцах чадвартай” гэж дүгнэгджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 231 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах” саналыг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ямар ч хохирол төлөөгүй, хохирогчоос хүн ёсныхоо хувьд ч тэр уучлалт гуйсангүй. Тиймээс зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Ц.М нь өөрөө цагдан хоригдож байгаа, эхнэр Я.Орших нь шуудайгаар мод зардаг, мод нь зарагдаж байж энэ айлын өрхийн орлого бүрддэг, өвчтэй хүүхэдтэй, хохирлын хувьд нэг Төрийн бус байгууллагын зүгээс аймаг бүрт очиж гэмт хэрэгт холбогдсон нэг хүнийг сонгож тухайн хүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх зорилготой гэдгээ илэрхийлж, Увс аймгаас Ц.Мыг сонгож амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзах гээд холбогдсон гэдэг. Өмгөөлөгчийн хувьд дахин тухайн Төрийн бус байгууллагатай холбогдон хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 8 жилээс 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Тиймээс шүүгдэгч Ц.Мд ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Иймд шүүгдэгч Ц.М гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаагүй байдал, үйлдсэн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны өдрийг хүртэл нийт 231 /хоёр зуун гучин нэг/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 метр 80 см-ийн урттай, 1 см диаметртэй хар өнгийн хаймар бүрээстэй, цахилгааны утас 1 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, цэнхэр өнгийн халуун баригч нь хагарсан халуун сав 1 ширхэг, архины шилний бөглөө 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, татсан тамхины иш 15 ширхэг, зэс аяга 1 ширхэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, халуун савны бөглөө 1 ширхэг, шилэн хундага 1 ширхэг, цус мэт хүрэн зүйлийг бэхжүүлж авсан дээж 8 ширхэг, мэдүүлэг авах ажиллагаагаар хураан авсан “Ерөөл нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, цогцосны үзлэгээр хураан авсан талийгаач Р.Д баруун, зүүн гарын хумс, цогцосны баруун гарын сарвууны дотор талаас авсан дээж 1 ширхэг, С.Цийн баруун болон зүүн гарын хумс, талийгаач Р.Д өмсөж байсан саарал өнгийн пудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалан, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Мд Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Ций Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 13 /арван гурван/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 7.278.603 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Дд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 метр 80 см-ийн урттай, 1 см диаметртэй хар өнгийн хаймар бүрээстэй, цахилгааны утас 1 ширхэг, “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, “Хараа” нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхэг, цэнхэр өнгийн халуун баригч нь хагарсан халуун сав 1 ширхэг, архины шилний бөглөө 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг, татсан тамхины иш 15 ширхэг, зэс аяга 1 ширхэг, гар утасны цагаан өнгийн цэнэглэгч 1 ширхэг, халуун савны бөглөө 1 ширхэг, шилэн хундага 1 ширхэг, цус мэт хүрэн зүйлийг бэхжүүлж авсан дээж 8 ширхэг, мэдүүлэг авах ажиллагаагаар хураан авсан “Ерөөл нэртэй 0.5 литрийн архины шил 1 ширхэг, цогцосны үзлэгээр хураан авсан талийгаач Р.Д баруун, зүүн гарын хумс, цогцосны баруун гарын сарвууны дотор талаас авсан дээж 1 ширхэг, С.Цийн баруун болон зүүн гарын хумс, талийгаач Р.Д өмсөж байсан саарал өнгийн пудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 хос зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
10. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
Б.МӨНХЗАЯА
Ө.БАХЫТБЕК
[1] Ц.Н, Б.Б, Л.Э, Ц.Н, Ө.М нарт холбогдох эрүүгийн хэрэг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол. 2018.12.18., №564