Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Нийн Цт холбогдох эрүүгийн 2235000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал маллан амьдардаг, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Нийн Ц, /РД: ОИ96100214/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н.Ц нь Увс аймгийн Өлгий сумын хоёрдугаар багийн нутаг Сүндүүл гол гэх газарт саахалтаар нутаглаж байсан иргэн Б.Бын малаас 2021 оны 11 дүгээр сарын 27-ны үед 4 тооны ямаа бэлчээрээр алдагдаж өөрийнх нь малд нийлсэн байсныг алдуул мал бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 2021 оны 12 дугаар сарын эхээр 3 тооны ямааг хүнсэндээ хэрэглэж, 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэг тооны ямааг бусдад зарж завшиж Б.Бд 400,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2235000000042 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -Эд зүйл /мал/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас),

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 5 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

-Хохирогч Б.Бын мэдүүлгийг (хавтаст хэргийн 18-19, 22, 24-25 дугаар хуудас),

-Гэрч Э.Бы мэдүүлгийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

-Гэрч Ц.Б мэдүүлгийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

-Гэрч П.Дын мэдүүлгийг (хавтаст хэргийн 32-33, 35-36 дугаар хуудас),

-Гэрч Б.Дын мэдүүлгийг (хавтаст хэргийн 38-39, 41-42 дугаар хуудас),

-Гэрч Н.Хгийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 44-45, 47-48 дугаар хуудас),

-Гэрч Г.Б мэдүүлгийг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

-Гэрч П.Цийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 48 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 70 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

-Шүүгдэгч Н.Цын мэдүүлгийг (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),

-Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Хүрэлсайханы хохирлын тооцоог гаргасан баримт (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: -Хохирогч Б.Бын мэдүүлгийг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

-Гэрч Ц.Б мэдүүлгийг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

-Гэрч З.Нийн мэдүүлгийг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Н.Цын мэдүүлгийг (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 115 дугаар хуудас),

-Шүүгдэгч Н.Цын нэр дээр байх 2021 оны малын тооллогын “А” дансны хуулгыг (хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас),

-Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Хүрэлсайханы хохирлын тооцоог гаргасан баримт (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Бын өмчлөлийн малаас 4 тооны ямаа хэн нэгний идэвхтэй үйлдлийн улмаас бус өөрийн хөлөөрөө шүүгдэгч Н.Цын малд нийлж, түүний малын хотонд ирсэн алдуул мал болох нь:

 

1. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой үхэр тууж ирж байгаад Цын мал дотор манай нөгөө алга болдог 4 ямаанаас өөр нэг ямаа байсныг харчихаад Ц болон ах Х нар нь малынхаа хажууд байхаар нь “манай 1 ямаа танай мал дотор байна, би маргааш ирж авна” гэж хэлчихээд маргааш өглөө нь яваад очиход мал нь гараад уул өөд явсан байсан. Түүнээс хойш 1 ямааг бид хоёр очиж авсан зүйл байхгүй. ...Өнөө өглөө над руу манай сумын төлөөлөгч утсаар залгаж “Өмнөговь суманд ямаа шөнөөр авч яваад баригдсан хүн байна гэнэ, очоод өөрийн чинь ямаа мөн байна уу, биш байна уу харах шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би Бд “хоёулаа машинтай яваад ирье, нөгөө Цын гэрт очоод манай ямаа байна уу, үгүй юу харчихаад явъя” гэж хэлээд бид хоёр очиж харахад миний үхэр тууж явахдаа харсан ямаа байсан тул бид хоёр уг ямаагаа аваад гэрт хүргэчихээд Өмнөговь сумын төв орж ирээд цагдаагийн хэсэг дээр очиж тухайн ямааг харахад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хайж эхэлсэн 4 ямааны 1 ямаа нь мөн байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

2. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрч Э.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр ямаа тоолоход 4 ямаа дутсан. ...Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой Б үхэр тууж ирж яваад “Цын мал дотор манай нөгөө алга болдог 4 ямаанаас өөр нэг ямаа байна, яаж орсон байх уу, маргааш ирж авна гэж хэлчихээд ирлээ, хоёулаа маргааш очиж авъя” гэж хэлсэн. Маргааш нь очиход мал нь гараад уул өөд явсан байсан. ...Б нь “манай сумын хэсгийн төлөөлөгч ярьж байна, Өмнөговь суманд ямаа шөнөөр авч яваад баригдсан хүн байна гэж хэллээ, хоёулаа машинтай яваад ирье, бас Цын гэрт очоод манай ямаа байна уу, үгүй юу харчихаад явъя” гээд Цын гэрт очиж тухайн ямааг харахад Б үхэр тууж явахдаа харсан ямаа байсан тул бид хоёр тухайн ямааг аваад гэрт хүргэчихээд Өмнөговь сумын төв орж ирээд цагдаагийн хэсэг дээр очиж харахад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хайгаад байсан 4 ямааны 1 ямаа нь мөн байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

 

3. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 20-ны орчимд манай гэрт Б ирж “манай 4 тооны ямаа алга боллоо, харсан уу” гэж асууж байсан. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой Б ирж “манай нэг ямаа танай малд байна, би ирж авна” гэж хэлээд маргааш нь Бы хамт ирэхэд нь манай мал гараад явчихсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой манай дүү Н.Ц “манай малд Б цагаан чихтэй 3 настай эр ямаа, цагаан чихтэй улаан ямаа байна” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 44-45, 47-48 дугаар хуудас),

 

4. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрч П.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цоос “яагаад Б малыг авсан юм бэ, хулгайлсан юм уу” гэж асуухад “манай малд нийлчихсэн байсныг би авсан, 2 тооны ямаа байсан, түүний нэгийг нь зүсээр хараад таниагүй болохоор нь би ченжид зарах гээд авч яваад Д ахыг гуйгаад өөрийн мал гэж хэлээд итгүүлээд сольсон” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

 

5. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Малаа тоолж байтал манай малд 5 тооны айлын ямаа байсан. Голдуу улаан зүсмийн ямаанууд байсан. ...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, намайг Х ахын хамтаар гэртээ байхад Б нь манайд ирээд “танай малд манай 1 тооны ямаа байна, маргааш ирж авна” гэж хэлчихээд явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Харин нэгэнт бусдын өмчлөлийн мал, өөрийнх нь малд ирж нийлсэн, алдуул мал гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Н.Ц уг малыг өөрийн хүнсэндээ хэрэглэж, бусдад зарж борлуулан ашиг орлого олохоор завшсан гэсэн үйл баримт дараахь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

 

-2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эд зүйл /мал/-д үзлэг хийсэн “Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Ц, П.Б нар 2022 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагт улсын дугааргүй Мустанг-150 маркийн мотоциклоор 1 тооны ямаа тээвэрлэж явсан ба уг 1 тооны ямаанд үзлэг хийв. Уг 1 тооны ямаа хүрэн зүсмийн цагаан төөлтэй баруун чих урдаасаа хэрчимхий, зүүн чих араасаа цөгрөг имтэй, 3 настай эм, эвэртэй ямаа байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хавтаст хэргийн 07-10 дугаар хуудас),

 

-Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүгдэгч Н.Цын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж хэрэглэсэн LXYPCKL01H0244019 арлын дугаартай Мустанг-5 загварын цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэлээр (хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас),

 

-Хохирогч Б.Бын “...Өнөө өглөө над руу манай сумын төлөөлөгч утсаар залгаж “Өмнөговь суманд ямаа шөнөөр авч яваад баригдсан хүн байна гэнэ, очоод өөрийн чинь ямаа мөн байна уу, биш байна уу харах шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би Бд “хоёулаа машинтай яваад ирье, нөгөө Цын гэрт очоод манай ямаа байна уу, үгүй юу харчихаад явъя” гэж хэлээд бид хоёр очиж харахад миний үхэр тууж явахдаа харсан ямаа байсан тул бид хоёр уг ямаагаа аваад гэрт хүргэчихээд Өмнөговь сумын төв орж ирээд цагдаагийн хэсэг дээр очиж тухайн ямааг харахад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хайж эхэлсэн 4 ямааны 1 ямаа нь мөн байсан. ...Миний хайж асууж явсан 4 тооны ямааны 1 тооны ямааг Н.Ц нь бусадтай сольж зарж борлуулах гэж байгаад баригдсан байна. Миний үлдсэн 3 тооны ямаа байхгүй байгаад гомдолтой байна” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

 

-Хохирогч Б.Бын “...Манай мал ижил сүргээсээ тасарч үлддэг удаа байхгүй, манай ойр байдаг айлуудаас танай мал тасарч үлдсэн байна гээд авч ирж өгч байсан удаа байхгүй, манай мал бэлчдэг газар нь Жилэвчийн салаа гэх хад уул ихтэй газар бэлчдэг тухайн газар манай болон Цын мал бэлчдэг өөр ямар нэг айлын мал бэлчдэггүй. Би нийт 4 тооны ямаа алдсан байсан тухайн алдсан 4 тооны ямаанаас 1 тооны ямаагаа зүс имээр нь хүлээн авсан, бусад 3 тооны ямааг Ц нь өөрийн малаас ямаа хэлбэрээр төлж барагдуулсан. Иймд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

-Гэрч Э.Бы “...Бид хоёр ямаа тоолоход 4 ямаа дутсан. ...Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой Б үхэр тууж ирж яваад “...Б нь “манай сумын хэсгийн төлөөлөгч ярьж байна, Өмнөговь суманд ямаа шөнөөр авч яваад баригдсан хүн байна гэж хэллээ, хоёулаа машинтай яваад ирье, бас Цын гэрт очоод манай ямаа байна уу, үгүй юу харчихаад явъя” гээд Цын гэрт очиж тухайн ямааг харахад Б үхэр тууж явахдаа харсан ямаа байсан тул бид хоёр тухайн ямааг аваад гэрт хүргэчихээд Өмнөговь сумын төв орж ирээд цагдаагийн хэсэг дээр очиж харахад 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хайгаад байсан 4 ямааны 1 ямаа нь мөн байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

 

-Гэрч Ц.Б “...21 цагийн үед Ц ахын гэрийн гаднаас хөдөлж 23 цагийн үед Өмнөговь сумын төвд орж манай сумын харьяат Өмнөговь суманд байх хүргэн ах Д /Ж/ ахын гэрт очиж Ц ах ямаагаа бүдүүн ямаагаар сольж аваад “Өмнөговь сумын төвд энэ ямааг зарна” гэж хэлээд Ц ах бид хоёр уг ямааг дундаа хийж тавиад Д буюу Ж ах, түүний эхнэр хоёр ямаа авах айлыг зааж өгнө гээд эхнэртэйгээ бид хоёрын араас явсан. Бид нар Өмнөговь сумын Намир гүүр дээгүүр гарах гэж байгаад сумын цагдаатай таарч цагдаагийн хэсэг дээр ирсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

-Гэрч П.Дын “...Тэгээд гэрт орж Цт “чиний авч ирсэн ямаа танай имтэй ямаа биш байна, хулгайн ямаа биш биз дээ” гэхэд Ц “биш биш, би Өлгий сумын И гэх залуугаас тэхээр сольж авсан юм, та бүдүүн эх ямаа өгчих, миний авч ирсэн ямаа бага ямаа байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за, хулгайн мал биш бол солиод авдаг байлгүй, сүүлд нь ямар нэгэн асуудал гарахгүй биз дээ” гэж асуухад Ц “тийм зүйл байхгүй, та хоёрт зарж борлуулдаг хүн байна уу” гэж асуусан. ...Тэгээд эхнэр бид хоёр Бийн гэрийг зааж өгөхөөр болоод Цт өөрийн малаас 2 ямаа үзүүлэхэд “бага ямаа байна” гээд өөр нэг хар ямааг барьж өгөхөд “наадах ямаагаа өгчих” гэж хэлээд надаас авсан ямаагаа Ц мотоцикл дээр авч суусан. Би эхнэрийн хамт өөрийн мотоциклтой явж бид 4 сумын төв рүү явж байтал урдаас цагдаагийн машин гарч ирсэн. Ц замын хойд талд гарч гэрлээ унтрааж зогссон юм. Тэгээд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

 

-Гэрч Б.Дын “...тэгээд манай нөхөр “чиний авч ирсэн ямаа чинь танай имтэй ямаа биш байна, хулгайн ямаа биш биз дээ” гэхэд Ц “биш биш, би Өлгий сумын И гэх залуугаас тэхээр сольж авсан юм, та бүдүүн эх ямаа өгчих, миний авч ирсэн ямаа бага ямаа байна” гэж хэлсэн. ...Тэгэхэд манай нөхөр “за за, хулгайн мал биш бол солиод авдаг байлгүй, сүүлд нь ямар нэгэн асуудал гарахгүй биз дээ” гэхэд Ц “тийм зүйл байхгүй, та хоёрт ямаа зарж борлуулдаг хүн байна уу” гэхэд манай нөхөр “тийм хүн танихгүй” гэхээр нь би “Ц ах ямаа аваад байдаг биз дээ” гэхэд “Ц ахад ямаа зармааргүй байна, та хоёр өөр хүн олоод өг” гэж хэлсэн. ...Цын солихоор авч ирсэн ямааг гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг нь манай нөхөр бид хоёр мэдээгүй. Яагаад гэвэл Ц нь манай нөхөрт худал хэлсэн байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 38-39, 41-42 дугаар хуудас),

 

-Гэрч Н.Хгийн “2021 оны 12 дугаар сарын 20-ны орчимд манай гэрт Б ирж “манай 4 тооны ямаа алга боллоо, харсан уу” гэж асууж байсан. Сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны орой Б ирж “манай нэг ямаа танай малд байна, би ирж авна” гэж хэлээд маргааш нь Бы хамт ирэхэд нь манай мал гараад явчихсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны орой манай дүү Н.Ц “манай малд Б цагаан чихтэй 3 настай эр ямаа, цагаан чихтэй улаан ямаа байна” гэж хэлсэн. Тэгээд дүү маань 2022 оны 01 дүгээр сарын 15-ны орой “би Өмнөговь сум явна” гэж хэлэхээр нь “яах гэж байгаа юм” гэж асуухад “Б 2 ямаа байна, нэгийг нь зармаар байна, надад мөнгөний хэрэг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүний ямаа яах гэж зарах гээд байгаа юм, мөнгөний хэрэг гарсан юм бол өөрийнхөө ямааг зар, хүний юм болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд “за за, би өөрийнхөө ямаанаас авч явна” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 44-45, 47-48 дугаар хуудас),

 

-2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрч П.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цоос “яагаад Б малыг авсан юм бэ, хулгайлсан юм уу” гэж асуухад “манай малд нийлчихсэн байсныг би авсан, 2 тооны ямаа байсан, түүний нэгийг нь зүсээр хараад таниагүй болохоор нь би ченжид зарах гээд авч яваад Д ахыг гуйгаад өөрийн мал гэж хэлээд итгүүлээд сольсон” гэж хэлсэн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

 

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өлгий суманд ухна 170,000 төгрөг, эр ямаа 140,000 төгрөг, эх ямаа 90,000 төгрөг, 4 настай эр/эм ямаа 100,000 төгрөг, 3 настай эр/эм ямаа 70,000 төгрөг, борлон 60,000 төгрөг, ишиг 35,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн 48 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

 

-Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “2022 оны 01 дүгээр сарын байдлаар Өлгий суманд “Мустанг-5” загварын мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 675,225 төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн 70 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

 

-2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 11 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Малаа тоолж байтал манай малд 5 тооны айлын ямаа байсан. Голдуу улаан зүсмийн ямаанууд байсан. ...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үед байх хүнсний мал нядалсан бөгөөд манай ах Х байхгүй сумын төв рүү явчихсан хойгуур нь би манай малд нийлсэн 5 тооны ямаанаас 3 тооны ямааг нядалж уг ямааны махыг нь хүнсэндээ хэрэглэсэн. ...Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, намайг Х ахын хамтаар гэртээ байхад Б нь манайд ирээд “танай малд манай 1 тооны ямаа байна, маргааш ирж авна” гэж хэлчихээд явсан. Тэгээд нь би улаан ямааг нь зарахаар болсон. Х ах Б ахыг ирээд явсны дараагаар малаа зүслээд айлын хоёр тооны ямаа байгааг хараад мэдсэн...” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас),

 

-Хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Хүрэлсайханы “Бүртгэлийн №37 дугаартай хэрэгт хохирогч Б.Бд гэмт хэргийн улмаас 400,000 төгрөгийн бодит хохирол учирсан ба хохирлыг Н.Ц нь бүрэн төлж барагдуулсан” гэх хохирлын тооцоог гаргасан баримт (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Тиймээс дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Цын идэвхтэй үйлдлийн улмаас бус тухайн мал ижлээсээ тасарч өөрийн хөлөөрөө Н.Цын малд нийлж, хотонд нь ирснийг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 3 ямааг хүнсэндээ хэрэглэж, 1 ямааг борлуулж ашиг олох зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсан үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн алдуул мал бэлчээрээр нийлж өөрийнх нь эзэмшилд шилжсэний дараа завших сэдэлт төрж, захиран зарцуулж байгаа үйлдэл нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ц өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Н.Ц болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч Б.Б өөрт учирсан хохирлоо буцаан төлүүлж авсан болох нь хохирогчийн “...Би нийт 4 тооны ямаа алдсан байсан тухайн алдсан 4 тооны ямаанаас 1 тооны ямаагаа зүс имээр нь хүлээн авсан, бусад 3 тооны ямааг Ц нь төлж барагдуулсан. Иймд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас) гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаналдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 330,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Мустанг-5 маркийн мотоциклийг түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул хурааж улсын орлого болгох саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяагаас “Миний үйлчлүүлэгч Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Н.Цын хувийн байдлын талаар гэрч Ц.Б “...Н.Ц нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, үг дуу цөөтэй, бүрэг ичимхий, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, мал маллахдаа сайн, малч ухаантай, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас), гэрч З.Нийн “...Миний хүү Н.Ц нь үг дуу цөөтэй, эцэг, эхийн үгнээс гардаггүй, муу зуршилгүй, монгол бөхийн спортоор хичээллэдэг байсан, малынхаа ашиг шимийг хүртэж амьдардаг, яагаад ийм үйлдэл хийх болсныг нь үнэхээр мэдэхгүй юм. Энэ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл санаагаар унасан байдалтай байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

            Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ялтан Н.Цт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөхийг үүрэг болгож, хэрэв Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

            Тиймээс дээрх хуулийн зүйл, заалтуудад заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл болон хүнсэндээ хэрэглэж завшсан гэх 3 ямааны үнэлгээ 330,000 /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/ төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож, нэгэнт Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлого болгосон тул прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 05 дугаартай тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.

            Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч З ургийн овогт Нийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Н.Ц торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг, хүнсэндээ хэрэглэж ашигласан гэх 3 ямааны үнэлгээ 330,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

6. Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлого болгосон тул прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 05 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН