| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2018/00033/э |
| Дугаар | 2018/ДШМ/33 |
| Огноо | 2018-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2018/ДШМ/33
Г.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Алимаа /цахим сүлжээгээр/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ж
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ж-н гаргасан давж заалдах гомдлоор, Г.С-д холбогдох эрүүгийн 1827000010009 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Дүлзэн овогт Г. С
Г.С нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 5 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд насанд хүрээгүй хохирогч О.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Өсвөр насны шүүгдэгч Дүлзэн овогтой Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.С-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар түүнд ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа, өсвөр насны шүүгдэгчийн эмээ Г.Дуламжав нарт даалгахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.С-д ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр, үүрэг хүлээлгэсэн өсвөр насны шүүгдэгч Г.С-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.С нь шүүхээс хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээ, үүргийг биелүүлээгүй мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогч О.Цэрэнтогтохын хууль ёсны төлөөлөгч Р.Жавзмаа нь хохирол 2 830 000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан бодит хохиролд 203400 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Г.Саас гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох, нотлох баримт гаргаагүй 2 626 600 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хэлэлцэхгүй орхисон зардалтай холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, өсвөр насны шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт 5 хоног цагдан хоригдсон, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, өсвөр насны шүүгдэгч Г.С-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жавзмаа давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч О.Цэрэнтогтоход учирсан хохирлыг үнэлж үзсэнгүй. О.Цэрэнтогтох насанд хүрээгүй, насан туршдаа хиймэл шүдтэй байх боломжгүй тул байнга авагддаггүй хиймэл шүд хийлгэх гэхээр их үнэтэй байдаг юм байна. Энэ талаар баримтыг гаргаж өгсөөр байхад шүүх хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Иймд Г.С түүний ар гэрээс гэм хорын хохирол 2830000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдолтой холбогдуулж дараах тайлбарыг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх
гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх,
хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг
тогтооно” гэж заасны дагуу өсвөр насны хохирогч О.Цэрэнтогтох, түүний хууль
ёсны төлөөлөгч Р.Жавзмаа нараас гаргасан зардлын баримтыг үнэлэн бодит
хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нотлох баримт нь бодитоор бүрдээгүй байгаа хохирлыг /хор уршгийг/ иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаа 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хор уршгийн талаарх бодит баримтаа бүрдүүлсэний эцэст нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа тул өсвөр насны хохирогч О.Цэрэнтогтох, түүний хууль ёсны төлөөлөгч Р.Жавзмаагаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийнхээ шүдэнд 3000000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Хохирлоо гаргуулмаар байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ял шийтгэлийн хувьд гомдолгүй байгаа. Хохирлын мөнгөн дүнд гомдолтой байна. Хавтаст хэргийн 146-162 хуудаст хохирол нэхэмжилсэн нотлох баримт байгаа. Үүнээс 40000-50000 төгрөгийн хохирол гаргуулаагүй үлдсэн харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болдоос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Л.Довдон нь Г.Сын хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан тухай, Б.Болормаа нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Г.Сын хууль ёсны төлөөлөгчөөр томилуулж шүүх хуралдаанд оролцуулж өгөхийг хүссэн хүсэлтийг тус тус шүүхэд ирүүлсэн байхад хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдаанд Б.Болормааг оролцуулан шийтгэх тогтоол гаргасан, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгасугай гэсэн байгаа нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Хавтаст хэргийн 127-р хуудсанд Б.Болормааг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай гэсэн шүүгчийн захирамжийн төсөл байгаа боловч гарын үсэг, тамгагүй байгаа нь хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.
2018 оны 02 дугаар 23-ны өдөр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад ерөнхий шүүгчээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай гэсэн захирамж гаргаж байгаа нь ойлгомжгүй /хх-ийн 58х/, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилохоор заасан байхад албажуулж байгаа нь буруу болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2018/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.