Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Ардчилсан намын Увс аймгийн  Тэс сумын хорооны нэхэмжлэлтэй

           Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

                    Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30-ны өдрийн А/44 дугаартай  тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Тэс сумын Ардчилсан намын хорооны дарга  С.Д, нэхэмжлэгч талын өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:               

                Нэхэмжлэгч Ардчилсан намын Увс аймгийн Тэс сумын хороог төлөөлөн хорооны дарга С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын үндсэн хуульд зааснаар МУ-ын иргэн хүн нь өөрийн сонгосон төлөөлөгчөөр дамжуулан төрийн эрх барих үйл ажиллагаанд оролццог. Мөн Монгол улсын иргэн нь ялгаварлан гадуурхалаас ангид, тэгш эрхтэй байх эрхтэй. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1-д зааснаар мандатын тоо сонгуулийн тойргийг 2020 оны 04 сарын 29-ны өдрийн А/44 тоот тогтоолоор шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоол нь Тэс сумын иргэдийн үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг хөндсөн хууль бус шийдвэр болсон байна. Учир нь аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 12.1-д Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо байршил зэргийг харгалзан тойрог байгуулж мандатын тоог тогтооно гэж заасан мөн хуулийн 12.2-д сумын хүн амын тоо 5000-аас дээш бол нэмж тойрог байгуулж болно гэж заасан байтал 2019 онд 5126 хүн ам тоологдсон Тэс суманд 2 тойрог байгуулахын оронд мандатын тоог 3 байсныг 2 болгож бууруулсан байна. Тэс сум 3107 сонгогчидтой бөгөөд 2 төлөөлөгч сонгоно гэвэл нэг төлөөлөгчид 1554 хүн ноогдох байхад хөрш Зүүнговь суманд 1 төлөөлөгчид 801 хүнд ноогдож байна. Мандатын тоо нэмэгдсэн Улаангом сумын 6-р багт 926 хүнд 1 төлөөлөгч ноогдохоор байгаа. Увс аймгийн Тэс сумын хувьд Увс аймгийн Зүүнговь, Малчин, Наранбулаг сумуудаар дамжин амьдарч нутгалдаг. Увс аймгийн Улаамгом сумын 3 дугаар багт 3 мандаттай болгосон ба 1 мандатад 1627 иргэн ноогдож байна. 2 мандаттай байсан бол 2440 хүн ноогдож байна. Гэтэл манай сумын хүн амын тоо 5000 гаруй иргэнтэй. Увс аймгийн Тэс сумын иргэд сонгогчдыг илт ялгаварлан гадуурхаж тэгш эрхийн зарчим алдагдуулж шийдсэн хууль бус шийдвэр байх тул Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30-ны өдрийн А/44 дугаар тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

             Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлөн дарга Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно гэж заасан.

            2019 оны жил эцсийн статистик судалгаагаар Улаангом сум нь 12 багтай, нутаг дэвсгэрийн хүн амын тоо 31687, Тэс сум нь 10 багтай, 5126 хүн амтай бөгөөд Улаангом сум нь Тэс сумаас хүн амын тоогоороо 6.1 дахин их байна.

             Үүнээс Улаангом сумын 3-р багийн хүн амын тоо 4880, 6-р баг нь 3012 хүн амтай бөгөөд Тэс сумын нийт хүн амын тооноос харьцангуй их хүн амтай юм.

               Сонгуулийн тойрог болоод мандатын тоог хуваарилахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын тоог харгалзан иргэдийн эрх ашгийг төлөөлөх байдлаар нь иргэдэд үр ашигтай, оролцоог хангах, хот суурин газрын цаашдын хөгжил зэрэгт тулгуурлан Улаангом сумын 3, 6-р багт мандатын тоог нэмсэн.

          Цаашид Улаангом сумын 3-р баг нь орон сууцны хороолол тул жилээс жилд орон сууц, барилга байгууламж нэмж баригдах, харин 6-р баг нь гэр хорооллын сууршлийн бүс, жишиг хороолол болж хөгжих нөхцөл бүрдсэн тул үүнийг дагаад хүн ам нь тогтмол өсөж суурьших урьдчилсан тооцоололтой байна 2016-2019 оын хүн амын судалгаанд тулгуурлан аймгийн сумдын хүн амын тархалтыг шинжилбэл, 19 суманд 1612-31687 хүн амьдарч байгаагаас хүн амын тоо буурсан 5 сум байгаагаас түүний нэг нь Тэс сум байна. Энэ нь Тэс сумын хүн амын өсөлт агуулгаараа бууралттай, шилжилт хөдөлгөөн ихтэй байгааг харуулж байна. Дээрх байдлаас харахад нийгэм, эдийн засгийн хүчин чадал, хүн амын өсөлт түүнийг төлөөлөх байдал, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хэмжээний хүн амын тогтвортой өсөлт, дэд бүтэц хөгжлийн хандлагад тулгуурлан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид эрх хэмжээнийхээ хүрээнд мандатын тоог хуваарилсан. Иймд Тэс сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар “Орон нутгийн удирдлага нь нутгийн өөрөө урдирдах ёсны байгууллага ба төрийн удирдлагатай хослож хэрэгждэг” гэтэл нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд Увс аймгийн Тэс сум 3 мандаттай буюу 3 төлөөлөгчтэй байсан. Гэтэл Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/44 тоот тогтоолоор 2 мандаттай болж өөрчлөгдсөн. Өмнө нь мандатын тоо 3 байх үед сум орон нутгийг төлөөлж бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилд нөлөөлөх байсан боломж нь хомс болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, газар нутгийн байршилыг харгалзахаар хуульд заасан. Увс аймгийн Тэс сум нь Увс аймгийн төвөөс 160 км зайтай суурьшдаг. Гэтэл Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 4880 хүн амтай бөгөөд 3051 сонгогчтой байхад 3 мандатад ногдуулсан. Ойролцоогоор 1 төлөөлөгч 1014 орчим хүнийг төлөөлж байна. Гэтэл Увс аймгийн Тэс сум 5106 хүн амтай бөгөөд 3126 сонгогчтой байтал 2 мандат болгож бууруулж 1 хүн ойролцоогоор 1600 орчим хүн төлөөлж байгаа нь тэгш эрхийн зарчим алдагдаж байна. Мөн газар нутгийн хэмжээ, байршил, хүн амын тоог зөв харгалзан үзээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгогчдийн тоонд оруулсан. 2 мандаттай байж 3 болгосон. Суурь мандат нь 2 болсон. Мөн хүн амын өсөлттэй холбоотой гаргасан. Сонгогчдийн тоотой харьцуулан. 2016 онд 2019 оны хооронд сонгогчдын тоо буурсан. 3, 6 дугаар баг хүн амын өсөлт жигд байсан. Бүтээн байгуулалт өсөлт Хүн амын тоо Увс аймгийн Тэс сум нь хүн амын тоогоор 6.1 багууд байна. Сонгуулийн тойрогт 3,6 дугаар багт хүн амын тойргийн шинээр нэмж өгсөн. 2016-2019 оны судалгаанд тулгуурлан 19 суманд авч үзвэл хүн амын тоо буурсан 5 сум байна. Зүүнговь хажуугийн сум 2 мандаттай байна гэж үзэх боломжгүй. Иймд мандатын тоо бүрэн эрхийн хэмжээнд шийдэж тогтоодог учир ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”гэв.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ардчилсан намын Увс аймгийн Тэс сумын хороо нь шүүхэд “Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020.04.30- ны өдрийн А/44 дугаар тогтоол, хавсралтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30- ны өдрийн А/44 дугаар тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах”тухай гэж өөрчилсөн болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, байршил зэргийг харгалзан тойрог байгуулж мандатын тоог тогтоохоор заасан байхад 2019 онд 5126 хүн ам тоологдсон Тэс суманд 2 тойрог байгуулахын оронд мандатын тоог 3 байсныг 2 болгож бууруулсан нь Тэс сумын иргэдийн үндсэн хуульд заасан эрх,эрх чөлөөг хөндсөн хууль бус шийдвэр болсон.2 төлөөлөгч сонгоно гэвэл нэг төлөөлөгчид 1554 хүн ногдох байхад хөрш Зүүнговь суманд 1 төлөөлөгчид 801 хүн ногдож байна.Мандатын тоог нэмсэн 3-р баг нь орон сууцны хороололтой,иргэд нь боловсролтой хүмүүс байхад Тэс сумын хүмүүс өргөн уудам нутагт тархан суурьшсан,малчин иргэд байхад мандатын тоог багасгасан нь үндэслэлгүй “ гэж  тодорхойлж байна.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба “2019 оны байдлаар Улаангом сум 12 багтай,хүн амын тоо 31687, ба үүнээс 3-р багийн хүн амын тоо 4880, 6-р баг 3012 хүн амтай бөгөөд Тэс сумын нийт хүн амын тооноос харьцангуй их хүн амтай юм. Мандатын тоог хуваарилахдаа засаг захиргаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын тоог харгалзан иргэдийн эрх ашгийг төлөөлөх байдлаар нь иргэдэд ашигтай,оролцоог хангах,хот суурин газрын цаашдын хөгжил зэрэгт тулгуурлан Улаангом сумын 3,6-р багт мандатын тоог нэмсэн” гэж тайлбарлаж байна.

           Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30-ны өдрийн А/44 дугаартай тогтоолоор аймгийн 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 30 тойрог, 41 төлөөлөгчтэй байхаар тогтоож, сонгуулийн тойрог, тойрогт ногдох мандатын тоог 1-р хавсралтаар баталжээ.Хавсралтын 15-рт Тэс сум 1 тойрогтой 2 мандаттай байхаар тогтоожээ.

          Үүнээс урьд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016.05.02-ны өдрийн А/45 дугаартай тогтоолоор тойрог мандатын тоог тогтоож байсан байх ба Тэс сум 3 мандаттай байсан байна.

             Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30-ны өдрийн А/44 дугаартай тогтоолын хавсралтаар Тэс сум, Улаангом сумын 4-р багаас тус тус 1 мандатыг хасч Улаангом сумын 3-р багийг 3 мандаттай, 6-р багийг 2 мандаттай байхаар мандатын тоог нэмж тогтоожээ.

          Сонгогчдын тооны хувьд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.06.11-ний өдрийн 597 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар  Тэс сум 2016 онд 3101, 2020 онд 3126 сонгогчтой, Улаангом сумын 3-р баг 2016 онд 2466,2020 онд 3051 сонгогчтой, 4-р багийн хувьд 2016 онд 1800, 2020 онд 1799 сонгогчтой, 6-р багийн хувьд  2016 онд 1808,2020 онд 1851 сонгогч бүртгэлтэй байна.

          Увс аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр 2016 онд Тэс сумын хүн амын тоо  5203, Улаангом сумын 3-р багийн хүн ам 4049, 4-р багийн хүн ам 2675, 6-р багийн хүн ам 3011 байсан бол 2019 онд Тэс сумын хүн амын тоо  5126, Улаангом сумын 3-р багийн хүн ам 4880, 4-р багийн хүн ам 2647, 6-р багийн хүн ам 3012 хүнтэй байна.

         Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 5 сарын 1-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо,засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ,байршил зэргийг харгалзан тойргийг байглуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоохоор” заажээ.

        Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн болохыг тодорхойлжээ.

       Тэс сум нь орон нутгийн сонгуулийн 15 дугаар тойрог болж 2 төлөөлөгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сумыг төлөөлж, төлөөлөгч нь хуульд заасан эрх үүргийг хүлээж оролцох нь Тэс сумын иргэдийн эрх,ашиг сонирхол болон Ардчилсан намын Тэс сумын хорооны ашиг сонирхлыг ноцтой хөндөх нөхцөл байдлыг үүсгэхээргүй байна.

        Хүн амын тооны хувьд Улаангом сумын 3-р багийн хүн ам өсөх хандлагатай, Тэс сум болон Улаангом сумын 4, 6-р багийн хүн амын тоонд эрс өөрчлөлтгүй байх бөгөөд хуульд зааснаар хүн амын тооноос гадна засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ,байршил зэргийг харгалзан тойрог,тойрогт ногдох мандатын тоог тогтоох эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр байна.

              Иймд Тэс сумын 1 төлөөлөгчид ногдох сонгогчдын тоог бусад сум, багийн 1 төлөөлөгчид ногдох сонгогчийн тоонд харьцуулан маргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

       Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын Увс аймгийн Тэс сумын намын хорооны “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020.04.30-ны өдрийн А/44 дугаартай тогтоолын хавсралтын 15 дахь жагсаалтыг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2  дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.