Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/560

 

 

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/560

Улаанбаатар хот

 

 

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 605 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай болох Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөндий гэх газрын 263 га талбайд Х201504061020 дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16:30-16:45 цагт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хөндий гэх газрын 440 га талбайд Х201504061050 дугаараар 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16:30-16:45 цагт хайгуулын тусгай зөвшөөрөл хүлээж авах тогтоосон хугацаанд өргөдөл тус бүрийг гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хуулийн үндэслэлгүйгээр өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг зөрчиж, манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна... Иймд, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан Х201504061050, Х201504061050 дугаарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл тус бүрийг бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүлээн авч бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр уртрагаас зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа... 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж, 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 605 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10,1.1, 10.1.3, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16-д заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х201504061020, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Х201504061050 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах тухай” “Ү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тодруулбал, “хуулийг буруу тайлбарласан”, “хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн”, “талуудын гаргасан тайлбар, баримтаас хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн” болох нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдээс харагдаж байна.

1.   Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авч бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан өргөдлийг бүртгэлийн дэвтэрт бүртгэх, тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх, анхан шатны шүүлт хийх, ...талбайтай давхцалтай эсэхийг тогтоох зэрэг ажиллагааг хийгээгүйгээс мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчсөн хэмээн маргаж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай компани зөвхөн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Х201504061020, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Х201504061050 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг хүлээн авч бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал огт хамаагүй.

2.   Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт олгох тухайд Уул уурхайн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, бэлтгэл ажил”-ын талаар танилцуулга хийж, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан тусгай зөвшөөрлийг төлөвлөгөөтэй эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хэсэг буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талаар санал оруулж, Засгийн газрын тухайн өдрийн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох системийг олон нийтэд танилцуулах, сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг Уул уурхайн сайдад даалгасан”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан” зэрэг тайлбар, нотлох баримтыг шүүх буруу дүгнэсэн. Мөн Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 104 дүгээр өргөрөгөөс баруун, зүүн хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ав гэсэн чиглэлийг Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газарт өгөөгүй байдаг.

3.   Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг бүсчилж олгох тухай зохицуулалт байхгүй бөгөөд Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох” талбайн солбицлыг бүхэлд нь тогтоож өгсөн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаал гарч талбайн солбилцлыг бүхэлд нь бүртгэж, тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарласан.

4.   Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Засгийн газраас тогтоосон солбицлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааг ийнхүү 2 хэсэгт хуваан хугацаа тогтоон зохион байгуулсан нь Уул уурхайн яамны бүрэн эрхийн талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.10, Ашигт малтмалын газрын чиг үүргийн талаарх мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16, 11.1.19 дэх заалтуудыг зөрчөөгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх этгээдүүдэд тэгш боломж олгосон зохицуулалт болсныг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн нь хоёрдмол утгатай, таамагласан шинжтэй болсноороо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасан шаардлагад нийцэхгүй байна.

5.   Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” үүргийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хуулиар бий болгожээ. Гэтэл энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй, биелүүлэхээс үндэслэлгүй татгалзсан. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

“Ү” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөндий нэртэй 263 га талбайд, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хөндий нэртэй 440 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч тус тус өргөдөл гаргасан байна.

Хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан дээрх өргөдлийн талбай нь нутаг дэвсгэрийн зүүн хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас зүүн тийш байх тул өргөдлийг хүлээн авахгүй буцаасан тухай” хариуг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар, 04 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Ү” ХХК-д хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 9.1.2-д “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх” гэж Засгийн газрын бүрэн эрхийг тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд”-д үүрэг болгосон байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 67/28 дугаар тэмдэглэл, Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 2 дугаар тэмдэглэлээс үзэхэд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гэсэн баримтаар, мөн Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга” зэргээр эхний ээлжинд нутаг дэвсгэрийн уртрагийн 104 дүгээр градусын баруун талд байгаа өргөдлийн талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах”, 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 10.1.10-д “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэж заажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэнэ” гэсэн мэдээллийн баримтаар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс “Тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө, оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлого баримтална. Энэ үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж” олон нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч “Ү” ХХК-ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөндий нэртэй 263 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хөндий нэртэй 440 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөдөл гаргах үед нутаг дэвсгэрийн уртрагийн 104 дүгээр градусаас зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхлээгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан /ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг уртрагийн 104 дүгээр градусаас баруун талд олгосон ажлын үр дүн болох зүүнд талд олгох бэлтгэл ажлын талаар Уул уурхайн сайд, Засгийн газрын гишүүдэд танилцуулж, үүнтэй холбогдуулан уртрагийн 104 дүгээр градусаас зүүн талд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгон, нутгийн удирдлагатай нь зөвшилцсөний үндсэн дээр хайгуулын зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад даалгав./ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр тэмдэглэлээр нотлогдож байна.

Тодруулбал, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс нутаг дэвсгэрийн баруун

хагас буюу уртрагийн 104 дүгээр градусаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төрийн захиргааны байгууллага шийдвэрлэсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд мэдээлсэн байхад 2015 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдөр “Үе Импекс” ХХК нь нутаг дэвсгэрийн зүүн хагаст буюу уртрагийн 104 дүгээр градусаас зүүн хэсэгт хамрагдах Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөндий нэртэй 263 га талбайд, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хөндий нэртэй 440 га талбайд гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагч манай өргөдлийг хүлээн авч, хуульд заасан ажиллагааг хийх ёстой байсан. Харин тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал нь дараагийн асуудал...” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх” гэж заасан нь хамгийн түрүүнд болон сүүлд өгсөн өргөдөлд тусгай тэмдэглэл хийх, түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай давхцаж байгаа эсэхэд шүүлт хийх зэрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага явуулахаар заасан байна.

“Ү” ХХК нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Иргэд өргөдөл, гомдлоо төрийн тухайн байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хууль тогтоомжоор тогтоож, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргана...” гэж заасныг зөрчиж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарлагдаагүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх тул уг өргөдлийг нь өргөдөл бүртгэлийн дэвтэрт бүртгэх үндэслэлгүй юм.

Тиймээс “Ү” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х201504061020, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Х201504061050 дугаараар гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн үйлдэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 605 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах  шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

                                    ШҮҮГЧ                                                 О.НОМУУЛИН

                                    ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР