Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1756

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01446 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Энх-Амгаланд холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 92 349 200 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

   Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинбат,

Хариуцагч: Э.Энх-Амгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Доржсүрэн,

Гуравдагч этгээд: Б.Мадиргуа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн, Г.Чинбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энх-Амгалан нь Капитрон банктай 2013 оны 12 сарын 24-ний өдөр 3000-2013/377 тоот орон сууцны зээлийн гэрээ болон орон сууцны зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж 79 500 000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатайгаар авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Э.Энх-Амгалангийн өмчлөлийн 000290199 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2205004704 тоот дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байрны 33 тоот 42 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлдэгч Э.Энх-Амгаланд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөхийг удаа дараа шаардсан боловч Э.Энх-Амгалан нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөхгүй байна. Тус банкны шаардлагыг биелүүлэлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байх тул зээлдэгч Э.Энх-Амгалантай байгуулсан 2013 оны 12 сарын 21-ний өдрийн 3000-2013/377 тоот орон сууцны зээлийн гэрээг Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Иймд хариуцагч Э.Энх-Амгалангаас үндсэн зээл 77 201 213 төгрөг, зээлийн хүү 15 122 040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 947 төгрөг, нийт 92 349 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд манай хамаатны хүүхэд Б.Мадиргуа нь банкнаас зээл авах гэсэн юм зээл авах шаардлага хангасан нийгмийн даатгал төлдөг, нийгмийн даатгалын дэвтэртэй хүн хэрэгтэй байна гээд намайг туслаач, ирж гэрээнд гарын үсэг зурчих гэсний дагуу би банкинд очиж гэрээнд гарын үсэг зурсан. Ямар үнийн дүнтэй ямар гэрээнд гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй бөгөөд зөвхөн Б.Мадиргуад туслах үүднээс л зур гэсэн газар нь зурсан юм. Түүнээс биш би Капитрон банкнаас зээл авсан зүйл байдаггүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн материалд миний бичсэн өргөдөл гэх зүйлийг хавсаргасан байна. Энэхүү өргөдлийг би бичээгүй, миний бичгийн хэв биш байхад намайг бичсэн мэтээр хавсарган өгсөнд гайхаж байна. Миний бие Капитрон банктай энэхүү зээлийн гэрээтэй холбоотой асуудалд огт хамааралгүй бөгөөд Б.Мадиргуа хариуцах ёстой гэж үзэж байгаа бөгөөд надад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Мадиргуа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие энэхүү зээлийг авч ашигласан нь үнэн. Эрүүл мэндийн байдалтай холбоотой гэнэт зээл авах хэрэг гарсан бөгөөд тухайн үед өөрөө ажилгүй байсан учир зээл авах шаардлага хангахгүй байсан. Би өөрийнхөө хэмжээнд зээл төлөөд явж байсан. Иймд Э.Энх-Амгаланг зээлийн гэрээнд гарын үсэг зурахыг гуйсан. Э.Энх- Амгалан нь тогтвортой ажил эрхэлдэг, нийгмийн даатгал тогтмол төлдөг хүн байсан гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие банкнаас зээл авч орон сууц худалдан авч орон сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, банкинд хүү төлөх зэрэг зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу үүнтэй холбоотой ямар ч хэлцэл хийх эрмэлзэл, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан. Үүгээрээ энэхүү зээлийн гэрээ нь гэрээнд заасан үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл зөвхөн гэрээ хийсэн мэт гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн гэж үзэж байна. Орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа юм. Одоог хүртэл Б.Мадиргуа нар тухайн худалдсан гэх орон сууцандаа амьдарч байгаа. Иргэний хуулийн 56 дугаар 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл нь мөн хүчин төгөлдөр бус байх учир орон сууцны зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд "Капитрон банк" ХХК-ийн 2013 оны 12 сарын 24-ний өдрийн 3000-2013/377 тоот орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин  төгөлдөр  бус байх хэлцэлд тооцуулах  тухай  сөрөг нэхэмжлэлийн  шаардлага гаргаж байна гэжээ.

 

             Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай банк нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон  банкны зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зээлдэгчээс орон сууцны зээлийн өргөдөл, гap өргөдөл, Засаг даргын тодорхойлолт, шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолт, "Эцио форадори" ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг материалыг гаргуулж бүрдүүлсэн байна. Түүнчлэн 2013 оны 12 сарын 26-ны өдөр зээлдэгч Э.Энх-Амгалан нь төлбөрийн даалгавар бичиж иргэн Ө.Жаргалсайханы Хаан банкны 5113054362 тоот дансанд 78 475 200 төгрөгийг шилжүүлсэн байна. Эдгээр баримт материалаас харахад зээлдэгч Э.Энх-Амгалан нь Капитрон банкинд зээлийн хүсэлт гаргасан цаг хугацаанаас эхлэн зээл гарах, гарсны дараагаар даатгалын гэрээ байгуулах, шилжүүлэг хийх үе хүртлээ өөрийн биеэр оролцож байсан, зээлийн дүн, зориулалт, үр дагавар зэргийг ухамсарласан, хүсэл зоригийн илэрхийллийг бодитой илэрхийлж байсан нь нотлогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалт нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь хүсэл зоригоо илэрхийлж байгаа этгээд хүлээн авах шаардлагатай хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авагч талтай тохирсны үндсэн дээр эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлэхийг хэлдэг. Уг тодорхойлолтоос харахад хүсэл зоригоо илэрхийлж байгаа болон хүсэл зоригийг хүлээн авагч талууд хийж буй хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохиролцсон байх ёстой байна. Гэтэл Капитрон банк болон зээлдэгч Э.Энх-Амгалан нарын хооронд энэ төрлийн тохиролцоо байхгүй бөгөөд банкны хувьд орон сууц худалдан авах зориулалт бүхий зээлийг зээлдэгч Э.Энх-Амгаланд олгох хүсэл зорилготой байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Э.Энх-Амгалангаас зээлийн гэрээний үүрэгт 92 349 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК-д олгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хариуцагч "Капитрон банк" ХХК-д холбогдох, 2013 оны 12 сарын 24-ний өдрийн 3000-2013/377 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай, Э.Энх-Амгалангийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 580 төгрөг болон 555 450 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 74 884 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан мөн хариуцагч Э.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 694 580 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч "Капитрон банк" ХХК-д буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хуульд болон хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шийдвэрт “... талууд анхнаасаа хэлцлийн хүсэл зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх тул орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулах үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд "... 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м ... " гэж тодорхой тайлбарласан байтал худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар зээлийн гэрээ байгуулах зорилгодоо хүрсэн гэж хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан хэрэглэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан зорилго өөрөө тухайн орон сууцыг худалдан авах л зорилго байхаас зээлийн гэрээ байгуулах нь худалдах, худалдан авах гэрээний зорилго биш юм. Гэтэл шүүх зээлийн гэрээ байгуулах зорилгодоо хүрсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхийн тогтоолд тайлбарласнаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг, эрмэлзэл байхгүй, зөвхөн худалдан авч байгаа мэтээр гадаад илэрхийллийг бий болгохын тулд л хийгдсэн бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нар бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Худалдах, худалдан авах гэрээ нь өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин зөвхөн худалдан авч байгаа гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийгдсэн. Ингэж хийж ирэхийг ч банкнаас зөвлөсөн байдаг. Миний бие банкнаас зээл авч орон сууц худалдан авч орон сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах, банкинд хүү төлөх зэрэг зээлийн гэрээтэй холбоотой иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу үүнтэй холбоотой ямар ч хэлцэл хийх эрмэлзлэл, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй байсан. Хэрэгт авагдсан баримтуудад энэ бүгдийг нотолдог. Нэгэнт зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гээд 45 009 131 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Мадиргуагаас банкинд нийт 32 159 931 төгрөг төлсөн байх ба 79 500 000 төгрөгөөс хасахад 47 340 069 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Энэхүү үлдэгдлийг төлөх ёстой гэж үзэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Шийдвэрт  "... Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ нь тус тусдаа гэрээний харилцаа байх ба орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй ... " гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдэхгүйгээр байгуулагдахгүй байсан нь угаасаа тодорхой юм. Банкнаас тийм шаардлага тавьж аргыг нь зааж өгч, зээлийн тодорхой хэсгийг нь авч, ямар ч шалгуургүйгээр зээл олгож, гэрээ байгуулсан байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байтал ийм дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч Э.Энх-Амгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92 349 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч,  зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Капитрон банк” ХХК нь 79 500 000  төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч Э.Энх-Амгалан нь жилийн 19.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2 дугаар байр, 33 тоотод байрлах, 42 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн  6-9 дүгээр тал/                                         

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  барьцаалсан  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч Э.Энх-Амгалангаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн гэрээний 3.1.3-т зээлийн хүүг сар бүр төлөх хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь гэрээ цуцлах хүртлэх хугацаанд биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Э.Энх-Амгалан нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Капитрон банк”  ХХК  нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар  зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 77 201 213 төгрөг, зээлийн хүү 15 122 040 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 947 төгрөг, нийт 92 349 200 төгрөгийг  төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүний тооцоолол, мэдэгдэл, зээлийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх дээрх мөнгөн  хөрөнгийг хариуцагч Э.Энх-Амгалангаас гаргуулж нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Хариуцагч Э.Энх-Амгалан нь орон сууцны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гуравдагч этгээд Б.Мадиргуатай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь бодитоор хийгдээгүй, дүр үзүүлэн байгуулсан хэлцэл ба уг хэлцлийн үндсэн дээр  банктай зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

 

            Учир нь хариуцагч Э.Энх-Амгалан болон гуравдагч этгээд Б.Мадиргуа нарын хооронд байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээ нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй, уг маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй. Түүнчлэн хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус эсэх, түүний үр дагаврыг тогтоосон үйл баримтыг агуулсан баримтат мэдээллийг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгөөгүй байна.  Иймд анхан шатны шүүх хариуцагчийн  гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

            Харин хариуцагч зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар дүр үзүүлэн хийсэн худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр  хийсэн хэлцэл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалт баримтлаагүй байна. Мөн нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвөөс буцаан гаргуулсан атлаа хуулийн зохицуулалт орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Э.Энх-Амгалангийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “ ... 60 дугаар зүйлийн 60.1 ...” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ