Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00265

 

Ц.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/00007 дугаар шийдвэртэй,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаар магадлалтай,

Ц.О-гийн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд холбогдох

Тус төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан  цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах үндсэн нэхэмжлэл,

Үндэслэлгүйгээр олгосон 747.733 төгрөгийн цалин буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ховд аймгийн Алтай сумын соёлын төвийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус төвийн бүжгийн багшийн ажилд томилогдон байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Бүжгийн багшаар ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байсан. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/ 01 тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж миний үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхэнд халдаж намайг хохироосон. Иймд Ховд аймгийн Алтай сумын соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд амйгийн Алтай сумын соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд Ц.О-г түр хугацаагаар томилсон болно. Бүжгийн багш Ц.О-г анх ажилд ороход Хөдөлмөрийн хуулийн зарим холбогдох заалт, байгууллагын дотоод журам, бүжгийн багшийн ажлын байрны тодорхойлолт болон ажлын байранд хийгдэх ажилбаруудыг танилцуулж хөдөлмөрийн гэрээ байгуулж эхэлсэн билээ. Ц.О- нь ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчин шалтгаангүй ажил таслах үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Ц.О- нь ажилд ороод 6 сар болж байсан учир ээлжийн амралт эдлэх хугацаа болоогүй байсан. Гэтэл Ц.О- нь 2017.07.17-ны өдрөөс эхлэн хэний ч зөвшөөрөлгүй өөрөө өөртөө дур мэдэн чөлөө өгч, ажил тасалж явсаар 2017.08.21-нд ажилдаа ирсэн. Энэ хугацаанд Ц.О- нь Ховд аймаг, Завхан аймгуудаар болон БНХАУ-ын хот хүртэл ганзагын наймаа эрхэлж явж байсан болох нь тогтоогдсон. Энэ үед ажлын 25 хоног ажил тасалсан байна. Энэ хугацаанд цалингаа бүтэн авсан. 2017.09 дүгээр сард ажлын 1 хоног, 2017.12 дугаар сард ажлын 1 хоног тус тус ажил тасалсан учир тухайн сарын цалингаас тус бүр нэг өдрийг тооцож хасаж олгосон. 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 2017 оны 10 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт ажлын 12 хоног ажил тасалсан. Ажилчдын хурлаас Ц.О-г ажил тасалсных нь төлөө сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 10 дугаар сарын ажлын цагийн тооцоо гаргаж цалин бодох болохоор гэнэт эмнэлэгийн эмчийн акт авчирж өгсөн. Ямарч шалтгаангүй ажил тасалчихаад хуурамч эмчийн акт авч ирж листээр мөнгө авсан байна. Миний бие 2017.12.05-наас эхлэн 3 хоног Улаанбаатар хотод сургалтанд оролцох ажлаар явсан хойно ажлын 3 өдөр ажлаа тасалсан. Завхан аймагт яваад ирсэн болох нь тогтоогдсон. Ц.О- нь бүжгийн багшаар ажиллаж байсан 1 жил 2 сар 06 хоногийн хугацаанд бүжгийн багшаас зохион байгуулсан буюу бие даан санаачлага гарган хийж байсан ажил нэг ч байхгүй, бүжгийн багшийн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажилбаруудаас нэг ч ажил хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй энэ ажлыг хийх чадвар сул, өөрөө бүжиглэж чаддаггүй, мэргэжлийн ур чадвар шаардсан энэ ажлын байранд тэнцэхгүй хүн гэдэг нь ажил эрхэлж байсан хугацаанд тодорхой болсон. Ц.О- нь хуурамч бичиг баримт бүрдүүлж анх ажилд орсон нь явцын дунд илэрч байна. Тухайлбал 10 дугаар анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ нь хуурамч байх өндөр магадлалтай. Мөн Улаанбаатар хотод 2017 онд суралцсан бүжгийн багшийн 21 хоногийн сургалтын сертификат нь хуурамч, энэ хүн энэ хугацаанд явж суралцаагүй. Соёлын төвийн ажилчдын 2018.03.12-ны өдрийн хуралдаанаар үндсэн 3-н асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн болохоос биш миний бие нь Ц.О-тэй маргалдаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан ямарч асуудал байхгүй. Энэ хуралд хэн нэгнийг ажлаас халах халагдах тухай ямарч яриа болоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшаар ажиллаж байсан Ц.О- нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар ч шалтгаангүйгээр удаа дараа ажил тасалж тухайн үедээ сарын цалингаа бүтнээр авдаг байсан тул ажлаагүй байхдаа авсан цалинг төлүүлэх хүсэлт гаргаж байна. Ц.О- нь анх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагад бүжгийн багшийн ажилд орсон. Ингээд ажил хөдөлмөр эрхэлж байх 1 жил 2 сар 06 хоногийн хугацаандаа ямарч шалтгаангүйгээр удаа дараа ажлаа тасалж байсан учир соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр чөлөөлөгдсөн болно. Иймд Ц.О-гээс ажиллаагүй байх хугацаанд авсан цалинг төлүүлөх хүсэлт гаргаж байна. Үүнд: 2017оны 07 дугаар сард илүү олгосон 337.935 төгрөг, 2017 оны 08 дугаар сард илүү олгосон 299.200 төгрөг, 2018 оны 12 дугаар сард илүү олгосон 49.155 төгрөг, 2017 оны 10 дугаар сард хуурамч листээр олгосон 61.443 төгрөг, бүгд 747.733 төгрөгийг манай байгууллагын төрийн сан дахь 160135090 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О-гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Миний бие ажиллаж байх хугацаандаа нэг ч цагийн ажил таслаж байгаагүй. Бидний ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн цагийн тооцоог дарга гарган өгч ажилласан эсэхийг дарга нягтлан бодогч нар нягтлан үзэж зөвшөөрч цалин олгодог. Надад дарга нягтлан бодогчийн зөвшөөрөлгүйгээр нэг ч төгрөгний цалин илүү авах эрх байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Соёлын төвийн бүх ажилчдын ээлжийн амралтыг олгож амраасан. Энэ үед миний ээлжийн амралт авах хугацаа болоогүй байсан тул дарга Г.Дандар ажлын ачаалалтай үед амралт олгох боломжгүй, ажилчдыг нийтээр нь амрааж байгаа үед хамт амраад, 11 дүгээр сард ажилла гэсэн тул би 7 дугаар сарын 16-наас ээлжийн амралтаа авсан. 2017 оны 11 дүгээр сард амраагүй. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирж бүх ажилчид байгууллагын засвар хийсэн. 8 дугаар сард нэг ч минутын ажил таслаагүй. 2017 оны 10 дугаар сард өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдөж, эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар /13А маягтаар/ Ховд аймгийн БОЭТ-д үзүүлж эмчлүүлсэн. 2018 оны 12 дугаар сард би Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд ажиллаагүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ажил таслаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/000007 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сайн эмчийнхэн овогт Цагаанчулууны Одхүүг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар илүү олгосон цалингийн зөрүү 747733 /долоон зуун дөчин долоон мянга, долоон зуун гучин гурван/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.Дандарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Алтай сумынСоёлын төвөөс ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.892.035 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга гучин таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан олговорт олгогдох 4.892.035 /дөрвөн сая найман зуун ерэн хоёр мянга гучин тав/ төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд үүрэг болгосугай гэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 154/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг 1 гэж өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Сайн эмчийнхэн овогт Цагаанчулууны Одхүүг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 4.823.970 төгрөгийг Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн санхүүгээс гаргуулж Ц.О-д олгосугай. гэж, 5 дахь заалтыг 2 гэж өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасныг тус тус баримтлан Ц.О-д олгогдох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд үүрэг болгосугай. Гэж, 6 дахь заалтыг 3 гэж өөрчлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О-гийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн санхүүгээс 162.333 (70200+92133) төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай. Гэж, 7 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ц.О-г Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.892.035 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийпгэхийг хариуцагчид үүрэг болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар илүү олгосон цалингийн зөрүү 747.733 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо 3 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй шалтгааныг дурдаж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй мэтгэлцэж байсан. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч Ц.О-г ажлаас халах тухай хариуцагчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарласан боловч хариуцагчийн давж заалдсан гомдлын хамгийн гол үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх талаар нэг ч тайлбарыг дурдаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Одхүү нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ажлаас буруу халсан буюу буруу шилжүүлсэн талаарх гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм...” мөн энэ нь анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг буцаасан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн захирамж болон түүнийг гардуулсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг буруу тайлбарласан. Гэвч хэрэгт нэхэмжлэлийг буцаасан захирамжийг гардуулсан баримт огт байхгүй байхад хэрэгт тухайн баримт байгаа мэтээр дүгнэсэн. Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Ц.О-г ажлаас халах тухай тушаалыг гарсан өдрөөс нь хойш 3-4 хоногийн дотор гардуулж өгсөн бөгөөд нзхэмжлэгч Ц.О- нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анх иргэний хэргийг үүсгэсэн байна. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг зарласан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд тухайн захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байхад шүүхийн алдаанаас болж тус захирамж нь үндэслэлгүй болсон мэтээр дүгнэсэн нь шүүх хэтэрхий нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн тухайн хэргийг буцаасан үндэслэл болсон нэхэмжлэгч Ц.О-д 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх нь ч хэрэгт байгаа баримтаар огт тогтоогдоогүй байхад яагаад шүүх санаачилгаараа хаанаас ямар баримтыг үндэслэн хэрэг буцаасан, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ц.О-гийн нэхэмжэлтэй хэргийг буцаасан захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар нэг ч тайлбар хийж хариу өгөөгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 2 сар 25 хоногийн дараа тус тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” бөгөөд 2018 оны 05 сарын 20-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Гэвч мөн хуулийн 79.3.-т талууд эвлэрсэн, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол талууд болон шүүхээс явуулсан сүүлийн ажиллагаа дуусгавар болсноор хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоно гэж заасны дагуу 2019 оны 07 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг буцааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон байна. Иймд Иргэний хуулийн 79.7.-т “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэж зааснаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т заасан гомдол гаргах 2 сарын хугацаа шинээр тоологдох юм. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг даруй 1 сар, 25 хоног хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт болох Соёлын төвийн 8, 12 дугаар сарын цагийн тооцооны хуудас, Эмнэлэгийн эмч Э.Ганчимэгийн магадлагаа нь хуурамч болохыг шүүх хуралдаанд хариуцагч тайлбарлан хэлж, үүнийгээ нотлохоор Алтай сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотыг хэрэгт хавсаргасан бөгөөд энэхүү нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Мөн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр очиж анх хэргийн материалтай танилцахад шүүх хурал болохоос 10 минутын өмнө очсон бөгөөд шүүх хурал орохоос өмнө намайг гарын үсгээ зур гэж 4-5 баримт дээр гарын үсэг зуруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эдлэх эрх үүргийг сайн тайлбарлаж өгөлгүй гарын үсэг зуруулж хэрэг хянан шиидвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.О-, Ховд аймгийн Алтай сумын Соёлын төвд холбогдуулан тус төвийн эрхлэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах, нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч олгосон 747.733 төгрөгийн цалин буцаан гаргуулах сөрөг  нэхэмжлэл  гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийг хариуцагч, сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд цалин хөлстэй тэнцэх олговорын хэмжээг буруу тооцсныг залруулж, зарим заалтыг нэгтгэж, энэ үндэслэлээр  шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

1. Ажил олгогч 2018.04.23-ны өдөр Б/01 тоот тушаал гаргаж, бүжгийн багш Ц.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараа ажил тасалсан, байгууллагын дотоод журмыг зөрчсөн“ гэжээ.

 Тушаалд зөрчлийг нэрлэсэн боловч эдгээр зөрчлийг ажилтан хэзээ, хэрхэн гаргасныг тодорхойлоогүй, харин нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа, Ц.О- 2017.07.17-ны өдрөөс 2017.08.21-ны хооронд, 2017.04 сард 1 хоног, 2017.09.28-10.13-ны өдөр 12 хоног, 2017.12.05-наас 3 хоног  тус тус ажил тасалсан, морин  хуурын сургалт явуулж төвд байрлаж байсан багшид хөнжил, гудас аваачиж өгөх үүрэг даалгаварыг биелүүлээгүй  гэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан,  эсхүл хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн хоёр үндэслэлийн алийг Ц.О- гаргасныг Б/01 тушаалд мөн дурьдаагүй хэдий ч зохигч сахилгын давтан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх талаар маргаж, энэ хүрээнд мэтгэлцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаас үзвэл ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх, уг зөрчилд хуульд заасан хугацаанд шийтгэл ногдуулсан байхыг шаардана.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тушаалд заасан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, ажил олгогч Ц.О-г ажлаас халсан үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Харин анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулсан байна.

2. Нэхэмжлэгч Ц.О- ажил тасалсан нь тогтоогдоогүй тул олгосон цалин буцаан гаргуулах шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч Ц.О-г хуулийн хугацаанд гомдлоо гаргасан тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх  боломжгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, хуульд заасан хугацааны дотор гаргасан нэхэмжлэгчийн  анх гаргасан нэхэмжлэлийг 2018.07.16-ны өдрийн 154/ШЗ2018/00851 тоот захирамжаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр буцаажээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд энэ хугацааны тасалдал нэхэмжлэлийг буцаасан 2018.07.16-ны өдрийн захирамж гарах хүртэл үргэлжлэхийг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасан байна. Дээрх захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, дахин шинээр тоологдох боловч энэ журмаар хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж шууд дүгнэх нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэлийг буцаасныг нэхэмжлэгч мэдсэнээ үгүйсгээгүй боловч уг цаг хугацааг тодорхой хэлээгүй, нөгөө талаар шүүхээс нэхэмжлэлийг буцаасан захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэлээ дахин гаргах үйлдлийг хийх ёстой үеийг тодорхойлох  боломжгүйгээс гадна анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан гаргаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээгүй тул нэхэмжлэгч 2018.10.03-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэх нь зөв байна. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэлийг буцаасан баримт хэрэгт байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болсныг тэмдэглэх нь зүйтэй.

4. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн төлөөлөгч Г.Д 2018.10.29-ний өдөр авсан, мөн өдөр түүнд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан, тэрээр хариу тайлбар, нотлох баримт, хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдаанд биечлэн оролцсон нь эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, шүүх эрхийг нь хангасан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад хариуцагч байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б-г томилсон /хх-11, 14-р тал/ төлөөлөгч хэргийн баримттай танилцсан, мөн хойшлуулсан болон хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн шүүх хуралдаанд оролцоход түүнд шүүхээс эрх, үүргийг тайлбарлан өгснөөс гадна тэрээр өөрөө өмгөөлөгч ажилтай тул түүний эрх зөрчигдсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ