Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Я.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Д.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б, Д.Н нарт холбогдох 2235000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Хос өргөө байр 116 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 765 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 765,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б ургийн овогт Ягийн Б, /РД: ОЮ99030211/.

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Илчлэг цайны газарт тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Д Н, /РД: ОИ87112806/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Тийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан,

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ц, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т нарыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан, Э.Т, Б.Ц нарын биед халдаж, Б.Ц өмсөж явсан албаны хувцасыг урсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000039 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 02-04 дүгээр тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 05-07, 18-19 дүгээр тал),

-Энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 11-12, 13 дугаар тал),

-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 14-17 дугаар тал),

-Эд мөрийн баримтаар /DVD диск/ тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 26, 28 дугаар тал),

-Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 31, 33 дугаар тал),

-Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 36, 38 дугаар тал),

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 40, 42 дугаар тал),

-Гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 48, 50 дугаар тал),

-Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 78-80 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 95-96 дугаар тал),

-Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээчин Я.Нгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээний талаархи 46 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 113 дугаар тал),

-Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 133 дугаар тал),

-Шүүгдэгч Я.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 142 дугаар тал),

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/92, Б/63,Б/04 дугаартай тушаалуудын хуулбар (хавтаст хэргийн 203-205 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Батгэрэл:

-Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (хавтаст хэргийн 36, 38 дугаар тал),

-Гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

-Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 149 дүгээр тал),

-Шүүгдэгч Д.Нгийн хүүхдүүдийн /Ц.А, Ц.А, Ц.А/ төрсний гэрчилгээний хуулбаруудыг  (хавтаст хэргийн 150-152 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 157 дугаар тал),

-Шүүх хуралдааны шатанд шинээр гаргаж өгсөн “НИК” ХХК-ийн салбарын дарга Ю.Төгсжаргалын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай албан тодорхойлолт, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.Б нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг,

 Шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Б.Лхагважав:

-Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгийг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Гэрч Г.Ягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 56 дугаар тал),

-Гэрч Ш.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 58 дугаар тал),

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шинжээчдийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 117-119 дүгээр тал),

-Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 94 дугаартай тодорхойлолтыг (хавтаст хэргийн 155 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 158 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүгдэгч Я.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Тийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан үйл баримт болсон нь:

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...2 алба хаагч дамжин ирсэн согтуу хүнийг машинд оруулж байх ба тэр үед зодуулсан эмэгтэй унасан газрын орчимд ганцаараа зогсох ба бусад хүмүүс машины дэргэд очив. Цагдаагийн нэг алба хаагч эмэгтэй дээр очиж авч явах гэхэд уг эмэгтэй дагаж яваад машины дэргэд очсон боловч машинд суусангүй. Цагдаагийн алба хаагч нар цугласан олон хүнтэй хамт машины дэргэд замын хажууд хашлага орчимд зогсох ба Их наяд баарны хашааны үүдэнд ярилцаж зогсож байсан өндөр нуруулаг эрэгтэй хүнийг машинд оруулахыг завдах үед уг хүн цагдаагийн алба хаагчийг мөргөх үйлдэл гаргах ба цагдаа нар уг хүнийг машины ар талын хэсэгт дарж унаган машинд оруулж буй бичлэг илрэх ба машин явсны дараа цагдаагийн 2 алба хаагч зодуулсан эмэгтэйгийн хамт болон хоёр эрэгтэй хүний хамт үлдсэн байх үед уг эмэгтэй нь цагдаагийн нэг алба хаагчийг алгадаж биед нь халдаж буй бичлэг илрэв. Уг үйлдлийн цаг 22:05:58 цагийг зааж байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-07 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Цагдаагийн алба хаагч Б.Ц, Б.Т нарын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-17 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08:30 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 22:30 цагийн орчимд 158, 159 дүгээр чиглэл буюу д/а Э.Т, д/а Б.Т нараас “Их наяд баарны гадна хүмүүс хоорондоо маргалдаад байна. Жижүүрийн машин хэрэгтэй байна” гэх дуудлага өгсөн. Тухайн үед хэв журмын хөдөлгөөнт эргүүлийн машин Улаангом сумын 3 дугаар багийн нутаг руу дуудлагаар явсан байсан тул би жижүүрийн жолооч, д/а Б.Мын хамт албан автомашинаар Их наяд баарны гадна очиход Э.Т, Б.Т нар Ц гэх хүнийг авч ирж машинд суулгасан. Мөн эхнэрийг нь суулгах гэтэл эхнэр нь суухгүй гэж хэлээд орилж хашгираад зугатаад байсан. Тэгж байтал тэдэнтэй хамт Б гэх залуу байхыг нь би хараад түүнтэй холбоотой Тобу төвийн караокений микрофоныг эвдсэн гэх дуудлага ирсэн байсан тул би түүнийг машинд суучих гэж хэлсэн. Тэр суух гэж байснаа “би ер нь яахаараа машинд чинь сууж явдаг юм” гэж хэлээд суухгүй байсан. Мөн биднийг хэл амаар доромжилж байснаа д/а Б.Тийг татаад нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Бид нар тэр хүнийг газарт хэвтүүлж дарж байгаад гавлаад машинд суулгаж цагдаагийн газар луу явуулаад би Э.Т хамт Нг авч цагдаа руу явах, бусад хүмүүсийг тараах зорилгоор үлдэж шаардлага тавихад Н нь биднийг хэл амаар доромжилж “зүгээр байсан хүмүүсийг та нар аваад явчихлаа, та нар дандаа ингэж дээрэлхдэг” гэж хашгираад байсан. Түмэнбаяр бид хоёр тэр хүнийг сугадаад цагдаагийн газар ойрхон тул алхаж очихоор явж байтал миний куртикнаас зууралдаад татсан. Тэр үед миний куртикны баруун, зүүн суга орчмоор урагдсан байсан. Бид тэр эмэгтэйг сугадаж авч явах гэтэл “явахгүй” гээд газарт цасан дээр сууж байснаа босож ирээд миний хоёр хөл рүү 6-7 удаа өшиглөсөн, мөн “арчаагүй пизтакууд, цагдаа гэхээрээ ийм арчаагүй байдаг юм уу, төрийн хувцас өмсчихөөрөө ийм болчихдог юм уу” гээд орилж хашгираад “биднийг зүгээр дагаад явчих, ар гэрийнхэнд чинь хүлээлгээд өгнө” гэсэн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцээд зодож цохиод байсан... Уг үйлдлийн улмаас миний албан дүрэмт хувцас болох өвлийн хүрэмний суга орчимд урагдсан. Биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Н нь миний өвлийн хүрмийг оёдолчингоор оёулж хэвийн болгож өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 26, 28 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01:00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумын 3, 7, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 22:10 цагийн орчимд төв таксины зогсоол, Их наяд баарны орчимд хяналт тавьж эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад Их наяд баарны хашаан дотор хүмүүс маргалдаж буй чимээ гарсан тул тэнд очиход 6-7 орчим хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан. Тэдний дунд байсан эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж байсан. Тиймээс тэдэнд шаардлага тавьж “баар хаах цаг болсон байна, та бүхэн нийтийн хэв журам сахиж гэр орондоо харьж амарцгаана уу” гэсэн шаардлага тавихад тэнд байсан хүмүүс нөгөө эхнэр, нөхөр хоёрыг аваад явсан. Бид тэднийг явахыг харж байтал баарны хашааны гадна гараад нөхөр нь эхнэрийнхээ зүүн нүдний орчимд гараараа цохиод унагасан. Тиймээс бид очиход эхнэр нь газарт уначихсан, нөхрийг нь хажууд нь байсан хүн салгаж байсан. Бид очоод нөхрийг нь саатуулаад жижүүрт мэдэгдэж машин дуудсан. Эхнэр нь хэсэг хэвтэж байгаад өөрөө босоод ирсэн. Дуудлагаар мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч Б.Ц, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.М нар ирсэн ба иргэн Ц /нөхөр нь гэх/-ийг машинд суулгаад эхнэрийг нь гомдолтой байж магадгүй гэж бодоод машинд сууж цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх ёстой талаар хэлэхэд эхнэр нь гэх Н гэгч нь “машинд суухгүй” гээд суугаагүй. Намайг машины арын хаалганы хажууд зогсож байтал тэр хүмүүстэй хамт явсан Б гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай над дээр хүрч ирээд “миний ахыг буулга” гэж хэлээд миний хувцаснаас татаж чангаасан. Б нь Тобу төвийн караокений микрофон эвдсэн гэх зөрчлөөр шалгагдаж байсан тул машинд суулган цагдаагийн газарт аваачихаар машинд суулгасан боловч Б машинаас бууж ирээд “та нар намайг таних уу, та нарыг маргааш ажилгүй болгоно, танай цагдаагийн газарт хурандаа байдаггүй биз дээ” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний гараас татаад миний духны баруун хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. Би бусад цагдаа нартай нийлж Быг гавлаж машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн. ...Уг үйлдлийн улмаас миний баруун нүдний дээд хэсэгт хөмсөг орчимд бага зэрэг хавдаж бондойсон, эмзэглэлтэй толгой өвдөж байна. Тухайн үед Б нь миний хувцаснаас татаж чангааж байх явцад албан үүргээ гүйцэтгэхдээ өмсөж явсан цацруулагчтай хантаазны суганы резин оёдлоороо ханзарсан байсан. ...Мөргүүлсэн тул шинжилгээ өгөхөд 36,000 төгрөгийн хохирол учирсан, надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 31, 33 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08:30 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Тэгж байтал тэдэнтэй хамт Б гэж залуу байсан бөгөөд тэрээр уг дуудлагаас өмнө 20:00 цагийн орчимд Тобу төвийн караокений микрофон эвдсэн гэх дуудлагад холбогдон шалгагдаж байсан бөгөөд эргүүлийн цагдаа нарт мэдэгдсэн байсан юм. Би түүнийг таниад эргүүлийн цагдаа нар түүнийг машинд суулгах гэхэд машины хаалга тэгнэж зогсчихоод орохгүй цагдаа нарыг хэл амаар доромжлоод дайрч давшлаад байхаар нь би машины хаалга эвдчихнэ гэж бодоод бууж очоод шаардлага тавьж “зүгээр ороод суу” гэж хэлэх зуур Б нь д/а Б.Тийг татаад нүүр лүү нь нэг удаа мөргөсөн. Тэгээд Быг татаж унагаад дарж гавлаад машинд суулган цагдаагийн газарт авчирсан. ...Н гэх согтуу эмэгтэйг эргүүлийн хоёр цагдаагийн хамт тээвэрлэж цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн үед би жолоо барьж явсан. Н арын суудалд сууж явсан тул эргэж харж цохих, зодож боломж байхгүй. Би түүнтэй юу ч яриагүй, зодож цохисон зүйл байхгүй. Уг эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ авч явж чадахгүй, их согтолттой, хүн болгон руу орилж хашгиран, хараалын үг хэлж байсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 40, 42 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Их наяд бааранд ороход Улаанаагийн төрсөн өдөр гээд найз нөхөд цуглачихсан бааранд архи ууж байсан. Би ороод архинаас ууж байгаад эхнэрийг дагуулж явахаар гарсан. Тэнд байсан хүмүүс бас гарсан бөгөөд эхнэрийг “явъя, харья, хүүхдүүд эзэнгүй байгаа” гэхэд “найз нөхөдтэйгөө жаахан сууя” гэж хэлсэн. Түүнээс болж бид хоёр маргалдаж байтал 2 цагдаа хүрч ирсэн. Тэд бидний “харьж амарцгаа” гэж хэлсэн тул бид баарны хашаанаас гарч явж байгаад эхнэртэйгээ дахин маргалдаад эхнэр маань намайг алгадахаар нь би буцаагаад хацар луу нь нэг удаа алгадсан. Тэгтэл эхнэр маань согтуу байсан тул газарт унасан. Тэгтэл цагдаа нар ирээд барьж аваад машин дуудаад машин ирэхэд машинд суулгасан. Тухайн үед би эсэргүүцэхгүй машинд суусан. Эхнэрийг машинд бас машинд суулгах гэхэд эхнэр маань машинд суухгүй гэж эсэргүүцсэн. Тэгж байтал бааранд байсан Б гэж залуу хүрч ирээд намайг салгаж явуулах гэсэн бололтой цагдаа нартай маргалдаад байсан. Би согтуу байсан тул бусдыг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн: “1.Б.Т биед гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед үзлэг хийхэд 1 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. 4.Баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. 5.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх 57 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ц, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т нарыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан, Э.Т, Б.Ц нарын биед халдаж, Б.Ц өмсөж явсан албаны хувцасыг урсан үйл баримт болсон нь:

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-04 дүгээр тал),

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-07 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Энгэрийн камерт үзлэг хийсэн: “...гудамжны гэрэлтүүлгээр хүйс, өмссөн хувцас ялгагдаж харагдах ба уг яриа цэвэр тод бичигдсэн байв. Бичлэгт цагдаагийн алба хаагчийн зүгээс “танд цагдаагийн алба хаагчийн биед хүрэх эрх байхгүй, тавьчих, замаас гар, машинаа аваад хүрээд ирээч, энэ хүн явахгүй байна, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээд байна, таныг зодсон хүн байхгүй шүү, танд зүй ёсны шаардлага тавьсан, та суу” гэх зэрэг үг хэлж байх ба бичлэгт гарч буй бараан өнгийн куртиктай, годон гуталтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой эмэгтэй хүн гуйвж дайвсан, хэл ам орооцолдсон байдалтай цагдаагийн алба хаагчтай маргаан хийх ба хажуугаас нь нэг эрэгтэй энгийн хувцастай хүн уг эмэгтэйд хандаж “Нараа” гэж дуудаж байв. Уг эмэгтэй нь “би 3 охинтой хүн, та нар яахаараа эмэгтэй хүнийг цасан дээр унагааж зоддог юм, би шүүхэд хэлнэ за, тэгээд яахаараа цасан дээр унагаадаг юм хүнийг, зүгээр тавь, та нар ингээд явж байдаг юм уу, нэг хувцас өмсчихөөрөө ингээд явж байдаг юм уу, юу хийсэн гэж бид нар ер нь яасан юм, бид хоёрыг барьчихсан, гудамжаар нэг согтуу хүмүүс хаазлаад явж байдаг юм байна лээ, пизда нар, хуц пизда минь мэдэв үү” гэж хэлж цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагчийн хөл болон энгэр лүү нь өшиглөж, гараараа цохих ба цагдаагийн гэрэл дохиотой машин ирж уг машинд эмэгтэйг суулгаж буй бичлэг байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 08-09 дүгээр тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Цагдаагийн алба хаагч Б.Ц, Б.Т нарын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-17 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Автомашин явсны дараа цагдаагийн хоёр алба хаагч Их наяд баарны харалдаа явган хүний гарцаар 2 хүнийг дагуулж явах бөгөөд таксины зогсоол хүрээд ертөнцийн зүгээр хойд зүг рүү буюу цагдаагийн газар луу чиглэж явган явах ба энгийн хувцастай эмэгтэй нь явахгүй, цагдаагийн алба хаагчийг түлхэх, газарт суух зэрэг үйлдэл үзүүлж байх ба Тобу төвийн уулзварын зүүн урд хэсэгт ирж зогсов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01:00 цаг хүртэлх хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Т хамт Улаангом сумын 3, 7, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 22:10 цагийн орчимд төв таксины зогсоол, Их наяд баарны орчимд хяналт тавьж баар хаах үед Их наяд баарны хашаан дотор эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргалдаж байсан. Бид шаардлага тавьж “гэр гэртээ харьж амар” гэхэд найз нар нь аваад явчихна гээд дагуулаад явсан. Гэтэл баарны хашаанаас гарангуутаа Ц гэх залуу нь эхнэр Нгийн толгой руу гараараа цохиж унагаасан тул бид нар очиж салгаад жижүүрийн машин дуудсан. ...Цийг машинд суулгаад эхнэрийг нь хамт авч явах гэтэл “явахгүй, машинд суухгүй, зүгээр явж байхад саатуулах гэж байна, цагдаа нар гэхээрээ хүн дээрэлхдэг юм уу” гээд орилж хашгираад байсан. ...Н нь “зүгээр байсан хүнийг аваад явчихлаа, цагдаа нар дээрэлхлээ” гэж орилж хашгираад “цагдаа руу явъя, мэдүүлэг авах ёстой” гэх шаардлага тавихад цасан дээр суучихаад босохгүй хэл амаар доромжлоод орилж хашгираад байсан. Тэгснээ босож ирээд Ц бид хоёр луу дайрч давшлаад миний нүүр лүү нэг удаа алгадсан, зүүн хөл рүү хоёр удаа өшиглөсөн. Ц руу бас дайрч давшлаад хөл рүү нь өшиглөөд байсан, нуруунд нь цохисон, хувцаснаас нь татаж чангааж байгаад урчихсан. ...Уг үйлдлийн улмаас надад ямар нэг хохирол учраагүй, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлгүүд  (хавтаст хэргийн 36, 38 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 26, 28 дугаар тал),

-Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн: “1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн өвлийн хүрэмний зүүн суганы хэсэгт 6 см, баруун суганы хэсэгт 15.5 см хэмжээтэй ханзарсан гэмтэл үүссэн байна. Мөн ногоон өнгийн хантаазны баруун, зүүн суганы доод хэсэгт нэмэлтээр оёж тогтоосон резин нь хантаазны урд хэсгээс нь оёдлоороо ханзарсан байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн өвлийн хүрэмний баруун зүүн суганы хэсэгт ханзарсан, мөн ногоон өнгийн баруун, зүүн суганы доод хэсэгт нэмэлтээр оёж тогтоосон резин нь ханзаазны урд хэсгээс нь оёдлоороо ханзарсан байна. 3.Дээрх ханзарсан гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна” гэх 07 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

 Хохирогч цагдаагийн дэд ахлагч Б.Ц нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаагаар (хавтст хэргийн 234 дүгээр тал), хохирогч цагдаагийн дэд ахлагч Э.Т нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/92 дугаартай тушаалаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаагаар (хавтст хэргийн 233 дугаар тал), хохирогч цагдаагийн дэд ахлагч Б.Т нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар (хавтст хэргийн 235 дугаар тал) тус тус томилсон байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт заасан “хууль сахиулагч” гэж үзнэ.

Хохирогч Б.Т, Б.Ц, Э.Т нар нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан үүргээ биелүүлж явсан болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлсэн /Б.Ц/ “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08:30 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэлх хугацаанд цагдаагийн газрын жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны шөнийн 22:30 цагийн орчимд 158, 159 дүгээр чиглэл буюу д/а Э.Т, д/а Б.Т нараас “Их наяд баарны гадна хүмүүс хоорондоо маргалдаад байна. Жижүүрийн машин хэрэгтэй байна” гэх дуудлага өгсөн. Тухайн үед хэв журмын хөдөлгөөнт эргүүлийн машин Улаангом сумын 3 дугаар багийн нутаг руу дуудлагаар явсан байсан тул би жижүүрийн жолооч, д/а Б.Мын хамт албан автомашинаар Их наяд баарны гадна очиход Э.Т, Б.Т нар Ц гэх хүнийг авч ирж машинд суулгасан” гэх, /Б.Т/ “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01:00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумын 3, 7, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан” гэх, /Э.Т/ “Би 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагаас 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01:00 цаг хүртэлх хугацаанд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Т хамт Улаангом сумын 3, 7, 12 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 Хууль сахиулагч нарын зүгээс хууль ёсны шаардлага тавьсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Т, Б.Ц, Э.Т, гэрч Б.М нарын мэдүүлгүүд болон энгэрийн камер дээрх ярианы бичлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Тухайн гэмт хэрэг нь хэдийгээр нэг цаг хугацаанд үйлдэгдсэн боловч хоёр өөр хүний тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэгдсэн, бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокурорын шүүгдэгч тус бүрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б, шүүгдэгч Д.Н нарын үйлдэл нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох, өшиглөх, элдвээр гутаан доромжлох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн гэмт этгээдүүдийн идэвхтэй үйлдэл байх ба өөрөөр хэлбэл, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Я.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Тийг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, Их наяд баарны гадна, тус аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ц, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Т нарыг албан үүрэг биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны хувцасыг урж, биед нь халдсан, Э.Т, Б.Ц нарын биед халдаж, Б.Ц өмсөж явсан албаны хувцасыг урсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Ц “...Уг үйлдлийн улмаас миний албан дүрэмт хувцас болох өвлийн хүрэмний суга орчимд урагдсан. Биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Н нь миний өвлийн хүрмийг оёдолчингоор оёулж хэвийн болгож өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал), хохирогч Б.Т “...Мөргүүлсэн тул шинжилгээ өгөхөд 36,000 төгрөгийн хохирол учирсан, надад учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал), хохирогч Э.Т “...Уг үйлдлийн улмаас надад ямар нэг хохирол учраагүй, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал)-үүд, хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тэмдэглэлд тусгуулсан зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.Б, шүүгдэгч Д.Н нарыг хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Б, шүүгдэгч Д.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, Б.Батгэрэл нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Я.Бын хувийн байдлын талаар гэрч Г.Ягийн “Я.Б нь миний 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 эгч, доороо 1 дүүтэй. ...Багаасаа сэргэлэн цовоо өссөн, хүмүүжил сайтай элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд зан араншин, биеэ авч явах байдал нь эрс өөрчлөгдөж архи пиво уугаад гадуур яваад байдаг болчихсон. 2019 онд цэрэгт яваад Золбаяр гэх залууд зодуулаад дэлүү нь бяцарсан, толгойдоо гэмтэл авсан. Гэмтэл авснаас хойш зан араншин нь өөрчлөгдөж, бидний үгэнд орохоо байж, өөрийн дураар сэлгүүцэж, бусдад уруу татагдаж архи пиво уух болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ бидний үгэнд сайн ордог, гэр орны ажил, хоол унд хийгээд байж байдаг юм. Уг чанар нь хүнд их тусархуу, таксинд хүртэл 3000 төгрөг гарах газарт 5000 төгрөг өгөөд л бууна, нэг эмэгтэйтэй холбогдоод тэднийдээ байсан боловч цаад хүн нь архи дарс уудаг, олон хүнээс хүүхэдтэй гэдгийг судалж мэдээд бид хоёр зөвшөөрөөгүй. Тэрэнд их гомдож явдаг юм шиг байгаа юм. Хүүдээ цаашид маш сайн анхаарал тавьж явах болно гэсэн бодолтой байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дугаар тал), гэрч Ш.Ү “Хүү маань хүнд их тусархуу, өөрт байгаа илүү хувцас хунараа хүртэл хүнд өгчихнө, сүүлийн үед зан байдал нь эрс өөрчлөгдөх болсон. Нэг эмэгтэйтэй холбогдоод бид хоёр зөвшөөрөөгүй болохоор сэтгэл санаа нь тогтворгүй, уур уцаартай болсон. Хүүдээ санаа зовоод нөхөр бид хоёр нь сэтгэл санаа тогтворгүй, шөнө нойр хүрэхээ больсон. Хүүг маань элдэв муу бодолтой хүмүүс уруу татаж баян цатгалан айлын хүүхэд гэж мөнгө төгрөг авахуулах, архи пиво авахуулах зэргээр ашигласаар хүү маань тэдний уруу таталтанд орж амьдралаараа хохирч байна. Хүү маань дөнгөж 22 настай. Одоо архинаас гаргах зорилгоор эмчилгээ, сувилгаа хийлгэж, зан араншинг нь засах авах зорилго тавиад байж байгаа” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 58 дугаар тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “1.Я.Б нь сэтгэцийн хувьд одоогоор Бие хүний нийгмийн гажуудлын эмгэг, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй байна. 2.Я.Б нь хүүхэд наснаас F91 /хүүхдийн зан төрхийн эмгэг/-ээр өвчин эхэлж одоо Бие хүний нийгмийн гажуудлын эмгэгтэй, 2017 оноос архи олон хоног дараалан ууж архиар шар тайлж эхэлсэн үеэс Архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй. 3.Я.Б нь одоогоор болсон явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.Я.Б нь одоогоор хэрэг хариуцах чадвартай” гэх шинжээчдийн 06 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 117-119 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 158 дугаар тал), Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 193-201 дүгээр тал), Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 187-189 дүгээр тал), мөн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 190-192 дугаар тал)-ууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан ба шүүгдэгч Я.Б нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт эцэг, эхийн хамт амьдардаг, урьд нь 3 удаагийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан, бие хүний нийгмийн гажуудлын эмгэг, архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгтэй гэж шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлтээр дүгнэгдсэн боловч хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.Нгийн хувийн байдлын талаар гэрч Ц.Цийн “Би Нтай 2013 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд одоо 2-8 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. ...Эхнэр маань зан байдлын хувьд элдэв муу зуршилгүй, бусадтай хэрүүл маргаан гаргаад байдаггүй, хүнтэй эвсэг харьцдаг, үг дуу цөөтэй, төлөв даруухан зантай. Энэ хэрэгт холбогдсоноос хойш сэтгэл санаа нь тавгүй, гэр орондоо уйлж унжаад хэрэгт холбогдсон гэж сэтгэл санаагаар хямраад тогтворгүй байдалтай байгаа. Эхнэр маань хүний төрсөн өдөр тэмдэглэж ганц удаа архи, пиво уухдаа миний буруутай үйлдлээс болж хэрэгт холбогдчихоод байна. Бидний ар гэрийн амьдралын байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал), Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баазын хашаанд амьдарч байгаа нь үнэн болно” гэх 48 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 149 дүгээр тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 150-152 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 157 дугаар тал), шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн “НИК” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Ц овогтой Ц нь манай байгууллагад Автогражийн сахиул-галч албан тушаалд ажилладаг ба сарын үндсэн цалин 420,000 төгрөг болно” гэх албан тодорхойлолт, иргэн Т.Б “Д Н нь манай “Илчлэг” цайны газарт тогоочоор 4 дэх жилдээ ажиллаж байна. Д.Н нь сард 600,000 төгрөгийн цалин авдаг нь үнэн болно. Манай цайны газар хуулийн этгээдийн бүртгэлгүй, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор бусдын байрыг түрээсэлж хувиараа үйл ажиллагаа явуулдаг ба ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй болно” гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Д.Н нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Я.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Д.Нд мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгч Д.Нгийн өмгөөлөгч Б.Батгэрэлээс “шүүгдэгч Д.Нгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий саналыг, шүүгдэгч Я.Бын өмгөөлөгч Б.Лхагважаваас “миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын талаар түүний ээж Ш.Ү, Г.Я нар тодорхой мэдүүлсэн. Үр хүүхэддээ анхаарал бага хандуулж байсан талаараа ч мэдүүлдэг. Түүнийг эцэг, эх нь хотод архины эмчилгээ хийлгэж спираль суулгац тавиулсан байгаа, хүүгийнхээ зан үйлийг нь засаж авах тал дээр цаашид эн тэргүүний ээлжинд анхаарч ажиллахаа илэрхийлж байсан. Энэ талаараа ч мэдүүлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсон байдаг. Тиймээс Я.Быг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр өөрийгөө дайчлан нийгэмтэйгээ байх гэж зүтгэж байхад нь цааш нь түлхэж болохгүй. Тиймээс түүнд дахин нэг боломж олгон ял хариуцлагыг нь хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан ба улсын яллагчаас өмгөөлөгч нарын гаргасан саналтай холбогдуулан нэмэлт тайлбар гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр “нийгэмшүүлэх” зорилгын хүрээнд улсын яллагчийн зүгээс санал болгосон хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Тиймээс шүүгдэгч Я.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар,

-шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар тус тус тэнссэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Я.Бад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 /зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал, олгох сургалтад хамрагдах/, 2.5 /оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох/-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсан болно.

 

Шүүгдэгч Я.Б, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүлйин 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, хохирол, хор уршиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Д Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг,

 

-Шүүгдэгч Б ургийн овогт Ягийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бад тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 /зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал, олгох сургалтад хамрагдах/, 2.5 /оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх/, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох/-т заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, хохирол, хор уршиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН