Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар  2021/ШЦТ/562

 

  2021        10          18                                   2021/ШЦТ/562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч Г.Ц , түүний өмгөөлөгч С.Мөнхтулга

хохирогч Г.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх эмээлт овгийн Г.Ц ад холбогдох эрүүгийн 2111000000794 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Хөх эмээлт овгийн Г.Ц , 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Увс[bn1]  аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Од хүнс” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 7, эх, эмээ, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Согоотын 59-71А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

 Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ц  нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нарлаг дэнж худалдааны төвийн орчим хохирогч Г.Г тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Г.Г  бол манай эгчийн салсан найз залуу юм. Тухайн өдөр тааралдаад маргалдан биед нь халдсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэв.

Хохирогч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.Ц  эгчийг нь авч хоносон гэдэг шалтгаанаар 3 хүнтэй нийлж намайг бүлэглэн зодсон. Хутгална гэж намайг заналхийлсэн. Би сар гаран хугацаанд дотуур цус алдалттай эмчилгээ хийлгэсэн. Миний эмчилгээний зардал өндөр гарч байгаа. Би ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээлдэг. Надтай уулзаж уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөгч гарын үсэг зуруулсан. Би Г.Ц тай хамт явж байсан 2 хүнийг мөн шалгуулах хүсэлтэй байна. Би эмчилгээний зардалд 1.500.00-2.000.000 төгрөгийн зардал гаргасан баримт байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч Г.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:   “...Би тэр өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Хүчит шонхор захын ойролцоо байх хамаатны ах Дэлбийн гэр лүү очихоор ганцаараа алхаж явтал Нарлаг дэнж худалдааны төвийн орчимд найз охин болох Золбооцогийн төрсөн дүү Цогбадрахтай тааралдсан. Тэгээд би түүнтэй уулзаж сайн уу? юу байна гэж асуугаад гар барьтал Цогбадрах зүүн талын нүд рүү  1 удаа цохиод намайг хавирч унгаагаад намайг газарт унаад хэвтэж байхад дээрээс толгой хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн уруул руу өшиглөсөн. Тэгээд би Цогбадрахыг явсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний биед Цогбадрах гэмтэл учруулсан. Би эмчилгээний зардал мөнгөө өөрөө гаргаж үзүүлсэн. Цогбадрах миний биед гэмтэл учруулахдаа хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 8/,

Гэрч Г.З  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би “Этүгэн” сургууль дээр очоод байж байгаад найз залуу Ганбаяртай утсаар ярьсан чинь гадуур хүнтэй уулзах гээд явж байна гэсэн. Тэгээд удалгүй найз залуу Ганбаяр надруу залгаад би Дэнжийн 1000-д танай дүүд зодуулчихсан байна гэсэн. Ганбаярын байгаа газар нь очиход Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэр байх Хүчит шонхор захын орчимд цагдаа нар хамт байж байсан. Манай дүү Цогбадрах зодсон гэж надад Ганбаяр хэлсэн. Би Ганбаяртай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үерхэж байгаа юм. 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр найз залуу Ганбаярын гэрт хоносон юм. Тэгсэн манай дүү Цогбадрах намайг гадуур дагуулж явж хонолоо гэж уурлаад Ганбаярыг тааралдах юм бол ална гээд занаад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх 13/,  

Гэрч Б.Д  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад дүү Б.У , Г.Ц  нарын хамтаар Нарантуул 2 худалдааны төвийн ойролцоо байх үсчинд манай дүү үсээ засуулаад дуусаад тэр үсчнээс гараад Нарлаг дэнж худалдааны орчим бид 3 алхаж байтал Г.Ц  таньдаг хүнтэйгээ таарчихлаа очоод уулзаад ирье гэж хэлээд түрүүлээд урагшаа алхсан. Тэгээд дүү бид 2 ардаас нь алхаж байсан тэр уулзаж байсан залуу нь Цогбадрахыг багалзуурдсан тэгээд Г.Ц  гарыг нь болиулж түлхээд баруун хөлөөрөө зүүн шилбэ рүү нь өшиглөж унгаагаад дээрээс нь толгой хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд дүү бид 2 тэр хоёрыг болиулж салгасан...” гэх мэдүүлэг /хх 17/,  

Гэрч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн орчим Б.Д  болон Г.Ц  нарын хамтаар Нарантуул 2 худалдааны төвийн ойролцоо байх үсчин ороод би үсээ засуулж дуусаад тэр үсчнээс гараад Нарлаг дэнж худалдааны төвийн зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чигтээ алхаж байтал Г.Ц  таньдаг хүн байна гэж хэлээд бид хоёроос түрүүлээд урагшаа алхаад тэр хүнтэй уулзаж байсан. Тэр хүн ганцаараа явж байсан. Тэгээд тэр хоёр муудалцаад нөгөө хүн нь Г.Ц ын хүзүүнээс нь багалзуурдаж байхаар нь  Г.Ц  гарыг нь түлхэж болиулаад шилбэ рүү нь өшиглөх үед тэр залуу унаад Г.Ц  тэр хүний толгой руу дээрээс нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8106 дугаар дүгнэлтэд: “...Г.Г ын биед зулайн хуйх, дух , зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус харвалт, уруулын дотор салстын язарсан шарх, нуруу, баруун тохой , цээж, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 26-27/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 41/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 135 дугаар тогтоол /хх 64/, шүүгдэгч Г.Ц ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч Г.Г ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 57/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 Шүүгдэгч Г.Ц  нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нарлаг дэнж  худалдааны төвийн орчим хохирогч Г.Г тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Г.Г ын “...Би тэр өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах Хүчит шонхор захын ойролцоо байх хамаатны ах Дэлбийн гэр лүү очихоор ганцаараа алхаж явтал Нарлаг дэнж худалдааны төвийн орчимд найз охин болох Золбооцогийн төрсөн дүү Цогбадрахтай тааралдсан. Тэгээд би түүнтэй уулзаж сайн уу? юу байна гэж асуугаад гар барьтал Цогбадрах зүүн талын нүд рүү  1 удаа цохиод намайг хавирч унгаагаад намайг газарт унаад хэвтэж байхад дээрээс толгой хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн уруул руу өшиглөсөн. Тэгээд би Цогбадрахыг явсны дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний биед Цогбадрах гэмтэл учруулсан. Би эмчилгээний зардал мөнгөө өөрөө гаргаж үзүүлсэн. Цогбадрах миний биед гэмтэл учруулахдаа хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 8/, гэрч Г.З ийн “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би “Этүгэн” сургууль дээр очоод байж байгаад найз залуу Ганбаяртай утсаар ярьсан чинь гадуур хүнтэй уулзах гээд явж байна гэсэн. Тэгээд удалгүй найз залуу Ганбаяр над руу залгаад би Дэнжийн 1000-д танай дүүд зодуулчихсан байна гэсэн. Ганбаярын байгаа газар нь очиход Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нутаг дэвсгэр байх Хүчит шонхор захын орчимд цагдаа нар хамт байж байсан. Манай дүү Цогбадрах зодсон гэж надад Ганбаяр хэлсэн. Би Ганбаяртай 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үерхэж байгаа юм. 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн үеэр найз залуу Ганбаярын гэрт хоносон юм. Тэгсэн манай дүү Цогбадрах намайг гадуур дагуулж явж хонолоо гэж уурлаад Ганбаярыг тааралдах юм бол ална гээд занаад байдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч Б.Д гийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад дүү Б.У , Г.Ц  нарын хамтаар Нарантуул 2 худалдааны төвийн ойролцоо байх үсчинд манай дүү үсээ засуулаад дуусаад тэр үсчнээс гараад Нарлаг дэнж худалдааны орчим бид 3 алхаж байтал Г.Ц  таньдаг хүнтэйгээ таарчихлаа очоод уулзаад ирье гэж хэлээд түрүүлээд урагшаа алхсан. Тэгээд дүү бид 2 ардаас нь алхаж байсан тэр уулзаж байсан залуу нь Цогбадрахыг багалзуурдсан тэгээд Г.Ц  гарыг нь болиулж түлхээд баруун хөлөөрөө зүүн шилбэ рүү нь өшиглөж унгаагаад дээрээс нь толгой хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд дүү бид 2 тэр хоёрыг болиулж салгасан...” гэх мэдүүлэг /хх 17/, гэрч Б.У ын “...Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн орчим Б.Д  болон Г.Ц  нарын хамтаар Нарантуул 2 худалдааны төвийн ойролцоо байх үсчин ороод би үсээ засуулж дуусаад тэр үсчнээс гараад Нарлаг дэнж худалдааны төвийн зүүн талын явган хүний замаар хойноос урагшаа чигтээ алхаж байтал Г.Ц  таньдаг хүн байна гэж хэлээд бид хоёроос түрүүлээд урагшаа алхаад тэр хүнтэй уулзаж байсан. Тэр хүн ганцаараа явж байсан. Тэгээд тэр хоёр муудалцаад нөгөө хүн нь Г.Ц ын хүзүүнээс нь багалзуурдаж байхаар нь  Г.Ц  гарыг нь түлхэж болиулаад шилбэ рүү нь өшиглөх үед тэр залуу унаад Г.Ц  тэр хүний толгой руу дээрээс нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 8106 дугаар “...Г.Г ын биед зулайн хуйх, дух , зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус харвалт, уруулын дотор салстын язарсан шарх, нуруу, баруун тохой , цээж, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 26-27/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Ц  нь хэрэгт хохирогч Г.Г т 600.000 төгрөгийг хохирол төлбөр төлсөн байх тул шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Г.Г  нь “...эмчилгээ хийлгэсэн баримт байгаа мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх боловч хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн гэмт буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г  нь “...гомдолтой, цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилж...” байна гэх боловч шүүгдэгч Г.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Г.Ц ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Ц ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх эмээлт овгийн Г.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Ц ад бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Г  нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН


 [bn1]