Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 188/2022/0620/Э |
Дугаар | 2022/ШЦТ/632 |
Огноо | 2022-05-16 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Батсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Б.Батсайхан /томилолт/,
хохирогч М.С, түүний өмгөөлөгч Ш.Б,
шүүгдэгч Т.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т.Н-д холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар саын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт П-ын Н /РД:00000000/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 0 дүгээр баг Хөн-Өндөр гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Нуурын 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар хорих ял шийтгүүлж байсан,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Н зочид буудлын 000 тоот өрөөнд эхнэр Д.О-ийг өмөөрч иргэн М.С-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дотор булан, хамар, хоёр талын хацрын цус хуралт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Н зочид буудлын 000 тоот өрөөнд эхнэр Д.О-ийг өмөөрч иргэн М.С-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө цээж хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “хоёр нүдний дотор булан, хамар, хоёр талын хацрын цус хуралт, хамар ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаа хийгээд явж байсан. Р надруу үдээс хойш залгаад нэлээн уусан байна гэж хэлсэн. Цагийн дараа дахин залгаад П.Н-тэй хамт явж байна гэж хэлсэн. Тэгээд явмааргүй байна гэсэн чинь байнга залгаад байсан. Тэгээд би ажлаа тараад Нарантуулаас хүүхдээ аваад 12 болж байхад ирсэн. Намайг орж ирэхэд 1 шил архи ууж байсан. Тэгсэн намайг шахаад байсан юм. Тэндээс гараад Н зочид буудалд өрөө авсан байсан. Тэгээд намайг чи яасан баян авгай вэ гэхээр нь би миний хөгшин байх чамд ямар хамаатай юм бэ гээд маргалдаад намайг алгадаад авсан. Эргүүлээд би самардсан чинь эхнэр нь ирээд үстээд авсан. Тэгсэн гэнэт босож ирээд намайг хамар руу цохиод цээж хэсэгт дэвссэн. Нойлын өрөөнд ороод гар хөл чичрээд байж чадахгүй байсан...” гэв.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 сарын 26-ны өдөр хорооллын И мартад ажлаа хийгээд байж байх явцад Р гээд миний зүс таних найз байн байн залгаад уугаад байна, чи намайг хүргээд өгөх боломж байна уу гээд байсан юм. Тэгээд би тухайн үедээ боломжгүй талаар хэлсэн боловч тасралтгүй залгаад байсан болохоор нь 22 цагийн орчим ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Н зочид буудлын 000 тоотод очиход Р Н болон Н-н О гурав архи уугаад согтчихсон байсан. Тэгээд Р-д хандаж Би явья хүргээд өгье” гэж хэлсэн боловч “За жоохон байж бай” гээд явахгүй байсан юм. Тэгээд явахгүй удаад байсан ба орой, шөнө болчихсон байсан болохоор би “чи явахгүй бол би явлаа” гэж хэлсэн чинь Н нь “чи зайлаач гичий минь чи миний найзыг авч явж яах гээд байгаа юм, дуугай зайл” гэхээр нь би “энэ чинь одоо юу гээд байгаа юм, би ямар танайд байгаа юм уу, би угаасаа явлаа гэж хэлсэн чинь “энэ одоо ирснээсээ хойш баярхлаа” гэж хэлээд хэрүүл маргаан эхэлсэн юм. Тэгсэн чинь О нь босож ирээд миний үснээс хоёр гараараа үстээд авахаар нь би зөрүүлээд үстсэн юм. Тэгсэн чинь О-ийг нь “энэ намайг үстээд байна ш дээ энийг аваадахаач" гэж хэлсэн чинь Н босч ирээд миний үсийг гараараа ороож үстэж аваад газар унагаагаад цээжин дээр хөлөөрөө 1 удаа дэвсээд, баруун гараараа миний хамар руу 1 удаа цохиод тэгээд Н нь “Энэ гичийг алчихая л даа гэж хэлээд миний хамар руу дахиж 1 удаа баруун гараараа цохичихсон. Тэгээд Р хүрч ирээд "Та хоёр яагаад эмэгтэй хүн нийлж зодоод байгаа юм бэ" гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10-р хуудас/,
Хохирогчоор дахин өгсөн: “...О-ийг бид хоёр маргалдсаны улмаас харилцан бие биенээ үсдэлцсэнээс өөрөөр О-ийг намайг цохиж зодсон асуудал байхгүй,...Би гомдолтой байна. Н намайг зодож гэмтээсний улмаас миний хамар хугарсан. Тиймээс би хамар тэгшлэх хагалгааны зардал 3,400,000 төгрөгийг Н-гээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/,
-гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр караокеноос гараад Н зочид буудлын 000 тоот өрөөг түрээслэж хонохоор болсон юм. Тэгээд тэндээ 3 ширхэг 2.5 литрийн пиво нэмж уугаад байж байтал С гэдэг эмэгтэй нь манай нөхөр Н-тэй “би чамайг бодвол дөрвөлжин байранд амьдардаг, чи бөөрөнхий гэрт амьдардаг, чи эхнэрээсээ салаад арчаагүй явж байхдаа таарсан” гэж хэлээд хэл амаар доромжлоод байсан ба Н “чи муу хөгшин авгай юу яриад солиороод байгаа юм” гэсэн юм. Тэгээд манай нөхрийг хэл амаар доромжлоод байхаар нь би хажууд нь очоод “танд ямар гэм хийсэн юм бэ, яагаад ингээд байгаа юм” гэсэн чинь уурлаад миний үснээс хоёр гараараа зулгаагаад бариад авахаар нь би зөрүүлээд 2 гараараа үснээс нь зулгааж барьж авсан юм. Тэгээд би дийлэхгүй болохоор нөхрийгөө дуудсан чинь Н Р хоёр хүрч ирээд бид хоёрыг салгачихаад Н “Миний эхнэрийг зодлоо” гэж хэлээд уурлаад С-ын нүүрэн тус газар нь 1 удаа алгадчихсан. Тэгсэн чинь хамарнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
-гэрч Т.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н зочид буудлын хажуу талын караокед орсон юм. Би тухайн үед С гэдэг эмэгтэй найзыгаа дуудсан ба бид гурвыг караокед 0.75 литрийн Соёрхол архи ууж байхад С орж ирсэн юм. Тэгээд бид 4 нийлээд хамт архи ууж байгаад согтчихсон байсан болохоор машин барьж болохгүй гээд хажуу талын Н зочид буудлын 000 тоот өрөөнд орсон юм. Тэгээд тэндээ бид 4 2.5 литрийн том пиво хувааж ууж байхад С нь “би Р-г аваад явчих уу” гэж хэлсэн чинь Н “чи уучихсан юм байж яах гэж манай найзыг авч явдаг юм” гэж хэлсэн чинь ”би машин барьж явж байгаа юм чинь юу гэж архи уудаг юм” гэсэн чинь “юу яриад байгаа юм адилхан уучихаад” гэж хэлсэн. Тэгээд С нь “чи ямар олигтойдоо авгайгаасаа салдаг юм би та нар шиг бөөрөнхий гэрт амьдардаггүй, байшинд амьдардаг” гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Тэгсэн чинь О-ийг “яагаад байгаа юм” гээд С-ын гарнаас нь бариад авсан чинь хоорондоо үсдэлцээд эхэлсэн юм. Тэгээд би босоод Н-д хандаж “Наад хоёрыгоо салгаач" гэж хэлээд Н очоод салгах гэсэн чинь С нь самардаад гарыг нь маажчихсан чинь Н уурлаад нүүрэн тус газар нь 1 удаа алгадчихсан чинь С газар уначихсан, тэгээд босож ирсэн чинь нүүр ам нь цус болоод хамарнаас нь цус гарчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:
“... 1. М.С-ын биед хоёр нүдний дотор булан, хамар, хоёр талын хацарт цус хуралт хамар ясны хугарал, зүүн тохойн дээд хэсэг, баруун гуяны гадна дээд хэсэг дунд хэсэг, зүүн гуяны дунд хэсэг, баруун шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүдээс хоёр нүдний дотор булан, хамар, хоёр талын хацрын цус хуралт, хамар ясны хугарал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Харин бусад гэмтлүүд нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
-Шүүгдэгч Н-н яллагдагчаар өгсөн: “...М.С манай эхнэртэй маргалдаад харилцан үсдэлцээд байх үед манай эхнэр надад энийгээ салгаачээ гээд орилохоор нь би очоод салгах гэхэд салахгүй болохоор нь би С-ын нүүр рүү алгадаад салахгүй болохоор нь татсан чинь унахаар нь цээжин дээр баруун хөлөөрөө 1 удаа дэвсээд салахгүй болохоор нь хэд хэдэн удаа би хөл рүү нь өшиглөсөн юм,...би хохирогчид хохирол барагдуулсан зүйл байхгүй цаашид хохирогч М.С-д хохирол нь бүрэн төлж барагдуулах болно...” гэж /хавтаст хэргийн 79-р хуудас/ мэдүүлж байсан.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 56-р хуудас/, нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 58-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хавтаст хэргийн 60-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч М.С-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Н-н үйлдэл нь “хувийн таарамжгүй харьцаа” буюу маргалдсаны улмаас хохирогч М.С-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.С нь “эмчилгээний зардал 3,481,500 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгдэгч П.Н-г гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй.
Мөн түүнчлэн дээрх хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хохирогч М.С-д учирсан хохирол буюу эрүүл мэндэд учирсан гэмтлийн шинж чанар /хамар яс хугарсан/, нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр эмчилгээнд шаардлагатай гэсэн хохирлын баримтыг “зайлшгүй” гэж үнэлж, 3,481,500 төгрөгийг шүүгдэгч Н-гээс гаргуулан хохирогчид төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох саналтай, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч П.Н нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /эхнэр хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Н нь торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар П.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-гээс 3.481.500 /гурван сая дөрвөн зуун наян нэг таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.С-д олгосугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА