| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 142/2017/01235/И |
| Дугаар | 001/ХТ2020/00276 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2020/00276
ЦФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаар магадлалтай,
ЦФ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
ХМЗ ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 72.923.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г /онлайнаар/, нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч ЦФ ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...ХМЗ ХХК-ны гүйцэтгэх захирал Н.М- нь 2015 онд манай ББСБ-аас 30.000.000 төгрөгийг мөн эргэлтийн хөрөнгөндөө зориулан зээлж, зээлийг гэрээний хугацаанд нь төлж барагдуулсан байсан тул бид ХМЗ ХХК-ны гүйцэтгэх захирал Н.М-д зээл олгохыг зөвшөөрсөн бөгөөд Н.М- /үндсэн зээлдэгч/, хамтран зээлдэгч У.М- нарт 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4.0 хувийн хүүтэй зээлийг Орхон аймгийн Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох павильоныг газрын хамт, мөн 00-42 ОРО улсын дугаартай бенз спринтер 211 сидия маркийн микробус суудлын зориулалттай автомашиныг тус тус барьцаалан, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр №032/16 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн хугацаа 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг зохих хууль журамд нийцүүлэн, талуудын тэгш эрхийн үндсэн дээр, харилцан тохиролцож байгуулан, нотариатаар батлуулан, барьцааны гэрээг хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгчид нь нийт 9.450.020 төгрөгийн хүү төлсөн, үндсэн зээл төлөөгүй. Зээлийн хугацаа дуусахаас өмнө, мөн зээлийн хугацаа дууссаны дараа ч зээлдэгч нар руу манай байгууллагын зүгээс удаа дараа ярьж, биечлэн уулзаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж, мэдэгдэл өгөх зэргээр шүүхийн бус замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрэлгүй өдий хүрч байгаа тул гэрээнд заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №032/16 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар ХМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М-, хамтран зээлдэгч У.М- нарын барьцааны үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Уртцагааны Оюу төвд байршилтай үл хөдлөх хөрөнгө болох 2638665 регистрийн дугаартай, Ү-2101009500 үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай павильон, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Галерей дотор байршилтай нэгж талбарын 18430433544318 дугаартай газар, 00-42 улсын дугаартай бенз спринтер 211 СИДИАЯ маркийн микробус суудлын автомашины буюу барьцааны эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс зээлийн гэрээний үндсэн зээл 40.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13.803.313 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 944.000 төгрөг нийт 54.747.313 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэл гаргаснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр 284 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацааны үндсэн хүү 15.146.667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.029.333 төгрөг болж байгаа тул, нийт 18.176.000 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээрээ нэмж, бүгд 72.923.313 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.М-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2016 оны 8 сарын 01-ний өдөр Н.М- миний бие У.М-той хамтарч ЦФ ББСБ-тай 40 сая төгрөгийг сарын 4,0 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд миний ХМЗ ХХК-ийн хүнсний дэлгүүр У.М- нь герман улсад үйлдвэрлэсэн шинэ 8-н хүний суудалтай микро автобусыг тус тус тавьсан болно. Уг зээлийн гэрээнд хэдийгээр би хамтран зээлдэгчээр оролцсон боловч У.М-, н.Отгонхүү нар цуг ирж зээлсэн мөнгө бүгдийг нь буюу 40.000.000 төгрөгийг ЦФ ББСБ-н байранд тухайн өдөр нь эдийн засагч М.Мөнхцэцэгийн дэргэд тоолж торонд хийгээд аваад гарсан. Тухайн зээлийг намайг барьцаа хөрөнгөтэй болохоор У.М-, н.Отгонхүү нар удаа дараа гуйгаад байхаар нь зөвшөөрч зээлдэгчээр орж өгсөн болно. Өмнө нь 2015-2016 онуудад У.М-, Н.Отгонхүү нар нь миний барьцааг мөн тавиулж 30.000.000 төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, ЦФ ББСБ-аас зээлж аваад ямар ч маргаангүй төлж дуусгасан учир би итгэж дахин зээл авахад нь тусалсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр М.Мөнхцэцэг нь У.М-, н.Отгонхүү 2 зээлээ төлөхгүй байна би ийм мессэж бичиж явууллаа гээд над руу тэр мессэжээ илгээсэн байсан, тэр өдрөөс хойш У.М-, н.Отгонхүү хоёрыг хайж байгаад 09 сард н.Отгонхүүтэй холбогдоход үндсэн зээл болон хүүгээ төлж бараг дуусаж байгаа жаахан хүүний үлдэгдэл тооцоотой удахгүй түүнийгээ цэгцлээд чиний барьцааг чөлөөлж авч өгнө гэж хэлсэн. Тийм учраас 54.747.313 төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. У.М-, н.Отгонхүү нарт зээлийн төлбөрийн баримтууд нь байгаа гэж ойлгож байгаа учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь У.М-ын өмчлөлийн шинэ герман микро автобус зах зээлийн үнэ нь 50.000.000 төгрөг болох учир У.М-ын автомашинаар зээлийн төлбөрийг бүрэн хаах боломжтой юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д заасныг баримтлан ЦФ ББСБ-ийн гаргасан 72.923.313 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 680.517 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 522.567 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Н.М-, өмгөөлөгч Ж.С нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг хууль тогтоогч тодорхой дурдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1-д заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгохгүй. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 61 дүгээр магадлалаар ...шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн, У.М-ын эрх зүйн байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл ...шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахад гомдолд дурдсан үндэслэлээс гадна гомдолд дурдаагүй үндэслэлээр хүчингүй болгох тохиолдол байдаг. Гол нь энэ тохиолдолд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь ноцтой байхыг шаардана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол уг зөрчлийг ноцтой гэж үзэж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн олгох зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар заалтаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тусгайлан хуульчилсан. Гэтэл хариуцагч ХМЗ ХХК-ийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биөлүүлээгүй. Тодруулбал Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосон гэж тооцохгүй юм. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч зээл олгогдоогүй дээрх нөхцөлд давж заалдах шатны шүүхийн үндэслэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзсэн зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна. Иймд Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00245 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
ЦФ ББСБ ХХК 2017.10.19-ний өдөр шүүхэд хандаж, ХМЗ ХХК болон У.М-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54.747.313 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үүрэгт нийт 72.923.313 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагч У.М- гадаадад байгаа нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнийг хариуцагчаар татахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хариуцагч ХМЗ ХХК-с гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч ХМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.М- нэхэмжлэгч ЦФ ББСБ ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээнд гарын үсэг зурснаа маргаагүй боловч мөнгийг У.М- авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тухай магадлалд заасан нь үндэслэлтэй боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байна.
Хамтран зээлдэгч болох У.М- Япон улс руу 2017 оны 6 сард явсан болох нь тогтоогдсон ...тул У.М-ыг хамтран хариуцагчаар татсанаа ...хэзээ ирэх нь тодорхойгүй үндэслэлээр татгалзаж байна” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00097 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо “...У.М-ын үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэгч, хариуцагчийг солих тухай хуулийн зохицуулалттай болохоос нэхэмжлэгч хариуцагчаас татгалзах тухай тусгайлсан зохицуулалт байхгүй“ гэх үндэслэл заасан нь учир дутагдалтай байна.
Хэнд холбогдуулан ямар нэхэмжлэл гаргахаа нэхэмжлэгч шийдвэрлэх бөгөөд хамтран хариуцагч гадаадад байгаагаас шүүхэд ирэх боломжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзах эрх нэхэмжлэгчид бий бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан процессын эрх зүйгээр зохицуулагдана.
Харин материаллаг эрх зүйн хувьд У.М- зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч байж болох боловч уг үндэслэл “хамтран хариуцагчаас татгалзах буюу холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзах” хүсэлтийг хангахгүй орхих үндэслэл биш болно.
Иймд дээрх захирамж үндэслэл муутай болжээ.
Харин 2019.02.18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн “...Япон улсын элчин сайдын яамаар дамжуулж нэхэмжлэлийг У.М-од гардуулах...” хүсэлтийг хэлэлцэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М-од холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэсэн агуулгатай тайлбар хэлжээ. Шүүх мөн өдрийн 142/ШЗ2019/00794 тоот захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь У.М-ыг хариуцагчаар татсанаа татгалзсаныг дурдаж шийдвэрлэсэн байх тул дээрх 2017.12.28-ны өдрийн 142/ШЗ2018/00097 тоот захирамжийн алдаа засагдсан гэж үзэхээр байна.
Хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн 2019.02.27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч “У.М-ын эд хөрөнгө эзэмших эрх ашиг хөндөгдөж байгаа учир түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж байна” гэжээ.
Шүүгч захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй атал давж заалдах шатны шүүх У.М-ын эрх зүйн байдал тодорхой бус гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон нь буруу байна.
2. Анхан шатны шүүх ХМЗ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.”, 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж тус тус заасан байна.
Анхан шатны шүүх “...зээлдэгчийн хувьд чухам хэнийх нь өмчлөлд зээлийг шилжүүлж, үүрэг хүлээснийг тогтоох шаардлагатай, маргаантай байгаа энэ нөхцөлд хуульд зааснаар зээлийн дансанд гүйлгээ хийгдснээр зээлийг олгосонд тооцно, ...хариуцагчийн дансанд гүйлгээ хийгдээгүй байх тул зээлийг олгосонд тооцох боломжгүй” гэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна.
Нотлох баримтыг үнэлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, хэргийн 30-р талд авагдсан зээлийн 40.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай ХМЗ ХХК-ийн тамга, гүйцэтгэх захирал Н.М-гийн гарын үсэг бүхий баримт, зээлийг эргэн төлж байсан тухай баримтуудыг хэрхэн үгүйсгэснээ анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой заагаагүй байна.
Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 61 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 522.600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ