Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

 

Иргэдийн төлөөлөгч Д.Бодрой,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Б.Гантулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Ж.Гунгаа, түүний өмгөөлөгч О.Батжаргал,   

Иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүжин,

Шүүгдэгч Д.Бат-Оргил,  

Шүүгдэгч Д.Эрдэнэзаяа, тэдний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дангаагийн Бат-Оргил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дангаагийн Эрдэнэзаяа нарт холбогдох эрүүгийн 201526012570 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-нд хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрсөн. 31 настай, халх, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Эрхүүгийн 10-51 тоотод оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягандаа оршин суудаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  Дууч овогт Дангаагийн Бат-Оргил /РД:ФА85081219/

 

2. Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 34-р байр 68 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар  хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Дууч овогт Дангаагийн Эрдэнэзаяа /РД: ФА92120753/

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь Д.Эрдэнэзаяатай  бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22-р байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарын байранд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424.000.000 /дөрвөн зуун хорин дөрвөн сая/ төгрөгийг дээрэмдэж, онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь “Энт финанс” ХХК-д өөрийн эзэмшлийн “Соната- 6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай авто машин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 105” маркийн авто машины тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шилжүүлэн тус тус барьцаалж, 22.000.000 төгрөг зээлж, авсан гэдгээ мэдсээр байж давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай авто машины “Гэрчилгээг гээгдүүлсэн” гэж гэрчилгээ гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт Капитал” ХХК-д 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 405” маркийн авто машиныг 16.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нэт Капитал Финанс Корпораци банк бус санхүүгийн байгууллага”-ын Баянгол салбарт барьцаалж, залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Эрдэнэзаяа нь Д.Бат-Оргилтой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвестийн 22-р байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарын байранд орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424.000.000 /дөрвөн зуун хорин дөрвөн сая/ төгрөгийг дээрэмдэж, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бат-Оргил мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэзаяа мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Худалдаа хөгжлийн банкны 5 шар тооцооны төвд шүүгдэгч нар буутай зэвсэглэж, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч нар нь үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас өөр зүйл хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан 424 сая төгрөгийн хохирол учирсан. Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагын ажилтнуудын шуурхай ажилласнаар 424 сая төгрөгийг нэг хоногийн дотор бүрэн бүтэн байдлаар хураан авч Худалдаа хөгжлийн банкинд хүлээлгэн өгсөн. Худалдаа хөгжлийн банкны зүгээс өөр нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Тэмүүжин мэдүүлэхдээ: “…2015 оны 10 дугаар сарын 07-ны Д.Бат-Оргил нь өөрийн эзэмшлийн 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 105” маркийн автомашиныг, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 63-97 УБҮ улсын дугаартай “соната-6” маркийн автомашиныг 6 сая төгрөгөөр барьцаалж зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн хүү төлөгдөөгүй.  “Тоёота ланд круйзер 105” маркийн автомашиныг 16 сая төгрөгөөр барьцаанд тавьсан. Шүүгдэгч Бат-Оргилын 16 сая төгрөгийн зээлийн хүүг төлөхгүй байсан учраас хоёр машины үндсэн үнээс зээлийн хүү, алданги нь давсан байгаа. Энэ хоёр машин нь битүүмжлэгдээд манай “Энт финанс” банк бус санхүүгийн байгууллага дээр байна. Энэ хоёр машиныг зарж Бат-Оргилын зээлсэн мөнгийг нь нөхөн төлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай байна. “Тоёота ланд круйзер 105” маркийн автомашиныг 16 сая төгрөгийн үндсэн зээлтэй, 1.120.000 төгрөг нь сарын хүү, 8.560.000 төгрөг нь алданги, нийт “Тоёота ланд круйзер 105” маркийн автомашины төлөх төлбөр 25.680.000 төгрөг болж байгаа. Харин “соната-6” маркийн автомашины хүү, алданги нь ороод 9.640.000 төгрөг болж байна. Тийм учраас энэ мөнгөө нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Гунгаа мэдүүлэхдээ: “…Д.Бат-Оргил нь манай байгууллагаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 63-97 УБҮ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашиныг барьцаалж 6 сая төгрөгийн зээл авсан. Сүүлд 2015 оны 12 дугаар сард 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 105” маркийн автомашиныг барьцаалж 10 төгрөгийн зээл авсан. Д.Бат-Оргил нь манай байгууллагаас 4-5 удаа зээл авч байсан. Сүүлд авсан зээлийг авах үедээ хоёр автомашиныг “Энт финанс” банк санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ алга болгосон гэж шинээр гэрчилгээ авч ирээд өмнө үйлчлүүлж байсан эдийн засагч дээр ирж хуурч мэхлэх замаар залилан зээл авсан. Шүүгдэгч Д.Бат-Оргилоос хүү, алданга тооцохгүйгээр бодит хохирол болох 16 сая төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.

 

Хохирогч Т.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд буюу СХД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 шар тооцооны төвд теллер Хажидсүрэн, борлуулалт мэдээллийн ажилтан Мягмарцэрэн, Уранбаяр, дадлагажигч ажилтай Тулгаа, хамгаалагч Ням-Очир нарын хамт ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 09 цаг өнгөрч байхад гаднаас гэнэт биеийн тамирын хувцастай нүүрэндээ баг зүүсэн хоёр эрэгтэй хүн арын хаалгаар орж ирээд тухайн үеийн миний харснаар хоёулаа гартаа буу барьчихсан дээрэмчин байна гээд нэг нь гараа өргө гэж хэлээд хамгаалагчийг босгоод нөгөөдөх нь цаанаас ирээд теллерийн кабин руу орж ирээд мөнгөтэй сейф рүү очоод дотор нь байсан мөнгийг цүнхлээд хоёулаа зэрэг гараад явсан. Танихгүй болохоор хэн нь юм бүү мэд түрүүлж орж ирсэн нь нэг удаа манай байрны тааз руу буудсан өөр зүйл болоогүй тэнд хүн цохиж гар хүрсэн зүйл байгаагүй. …Би шүүх хуралд суухгүй оролцохгүй, миний хувьд гомдол санал гэхээр зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хэлмээр байна өөр хэлэх зүйлгүй...” гэжээ. /3хх-27-28 тал/ 

 

Хохирогч Б.Хажидсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Худалдаа хөгжлийн банкинд буюу СХД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 шар тооцооны төвд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09.10 минутын үед ажил дээрээ ирээд бэлтгэл ажлаа хийгээд хамт ажилладаг теллер Т.Дөлгөөн, борлуулалт мэдээллийн ажилтан Мягмарцэрэн, Уранбаяр, дадлагажигч ажилтай Ш.Тулгаа, хамгаалагч Ням-Очир нарын хамт харилцагч нарыг авч эхлээгүй манай тооцооны төв онгойгоогүй байх үед цагийг нь одоо сайн санахгүй байна гэнэт гартаа буу барьсан нүүрэндээ хар өнгийн баг зүүсэн нэг эрэгтэй хүн орж ирээд хамгаалагч Ням-Очир руу буугаа чиглүүлчихсэн зогсож байсан. Тэгээд удаагүй нөгөө залуу шууд дээшээ тааз руу нэг удаа буудсан. Тэр үед манай дохиолол дуугарсан чинь цаанаас дахин нэг гар буутай эрэгтэй хүн гэнэт хүрч ирээд теллерийн кабин дээгүүр гар буугаа чиглүүлэн теллер Дөлгөөн бид хоёрыг булан руу шахсан. Тэр үед би бүр шоконд орчихсон их сандарсан байсан ба нөгөө хоёр хүн мөнгө аваад гараад явсны дараа гэнэт ухаан ороод юу болсон талаар балмагдаад мэдээгүй. Одоо мөн яг юу болсон талаар сайн санахгүй байна. Манай дохиолол дуугарч байгаад больсон гараад явсны дараа нь би юу болоод өнгөрөв өө Дөлгөөнөө ахаа гэж асууж байсан. Энэ хэрэг хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед өмсөж байсан хувцсыг нь гэвэл буу тулгаад зогсож байсан хүн нь саарал малгайтай цамцтай байсан байх өөр зүйл санахгүй байна. ...Манай ажлын хүмүүсийн хэн нэгнийг цохиж, зодож бэртэж гэмтээсэн зүйл байхгүй болохоор гэмтэж бэртсэн хүн байгаагүй. Би шүүх хуралд оролцохгүй, миний хувьд гомдол, санал хүсэлт гэхээр зүйл байхгүй, гэхдээ энэ хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч шалгаж өгнө үү” гэжээ. /3хх-29-30-р тал/

 

Хохирогч Д.Ням-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би Худалдаа хөгжлийн банкинд буюу СХД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 шар тооцооны төвд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09.10 минутын үед теллер Хажидсүрэн бид хоёр хамгийн түрүүнд ирээд банкийг гаднаас нь онгойлгож хамт нээсэн. Тэгээд ажилчид болох теллер Дөлгөөн, борлуулалт мэдээллийн ажилтан Уранбаяр, Мягмарцэрэн, дадлагажигч ажилтан Тулгаа нар гаднаас 09.50 минутын орчимд ирцгээсэн. Би тооцооныхоо төвийн хяналтын камерын бичлэгийг ухраагаад үзээд сууж байтал манай төвийн арын хаалга дуугараад гадны хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь би үзэж байсан бичлэгээсээ гараад камерыг хэвийн байдалд нь оруулсан чинь гадны хоёр хүн орж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би банк онгойх болоогүй байна гэж хэлээд очих гээд сандал дээрээсээ боссон чинь өөдөөс нүүрэндээ баг зүүсэн, гартаа буу барьсан нэг эрэгтэй хүн гарч ирээд надад дээрэмдэж байна гэж хэлээд над руу буугаа чиглүүлж харуулж байгаад гараа өргөөд доошоо суу гэхээр нь би гараа өргөөд доошоо суухад шууд тааз руу нэг удаа буудсан. Тэгтэл араас нь дахин нэг буутай залуу орж ирээд дээрэмдэж байна гэж хэлээд теллер дээр очих үед над руу буугаа чиглүүлсэн залуу нөгөө залуугийнхаа араас очсоноо удаагүй эргэж ирээд намайг газар хэвт гээд хэвтүүлээд цаашаа компьютер руу очоод утсыг нь тасдаж аваад нөгөө залуу теллерийн кабин дотор орчихсон мөнгө шуудайнд хийж аваад хоёулаа зэрэг гараад явсан. Надаас гарахдаа түлхүүр чинь хаана байна гэхээр нь би дуугараагүй бид нарыг хөдөлвөл ална шүү гээд буу чиглүүлсэн байсан болохоор юу ч хийж чадаагүй. Тэр үед гэрчээр мэдүүлэг өгөхдөө санаж байсан зүйлээ хэлсэн байх одоо сайн санахгүй байна. ...Бид нарт гар хүрсэн зодсон зүйл болоогүй, миний хувьд шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, хүсэлт гэхээр зүйл байхгүй. Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч, шалгаж шийдэж өгнө үү” гэжээ. /3хх 31-32-р тал/                               

 

Хохирогч Д.Мягмарцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Худалдаа хөгжлийн банкны СХД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 5 шар тооцооны төвийн байран дээрээ 2015 оны 12 дугаар сарын 13-ний өглөө 09.50 минутын үед ирсэн. Намайг ирэх үед ажил дээр теллер Хажидсүрэн, Дөлгөөн, борлуулалт мэдээллийн ажилтан Уранбаяр, дадлагажигч ажилтан Тулгаа нар бүгд ирсэн байсан ба би хамгийн сүүлд нь ирсэн. Би өөрийн ширээний ард суугаад удаагүй 2-3 минут орчим болж байхад эхэндээ хараагүй мэдээгүй сүүлд салбарын хойд хаалгаар орж ирсэн юм байна лээ байран дотор эхлээд нэг эрэгтэй хүн ороод ирчихсэн дээрэм хийж байна гэж хэлэхийг би сонсоод юу болоод байна аа гээд дээшээ босоод харсан чинь хамгаалагч Ням-Очирт буу тулгачихсан зогсож байсан. Тэр үед Ням-Очир тайван байгаарай гэж хэлсэн чинь нөгөө хүн шууд тааз руу буудсан, чих шуугиад л явчихсан араас нь хоёр дахь эрэгтэй хүн болох гар буу барьсан хүн орж ирээд доошоо гэж орилоод байхаар нь би ширээн доогуураа ороод хажуу тийшээ юу болоод байгааг ажиглаад хартал теллер Дөлгөөн, Хажидсүрэн хоёрыг нөгөө гар буу барьсан хүн буу тулгаад сейфний цаад тал руу буюу ахлах теллерийн ширээний зүг рүү аваачаад өөрөө мөнгө хийдэг голын их сейф рүү очоод бэлтгэж ирсэн уутандаа мөнгөө хийгээд аваад гарсан. Миний харсан зүйл гэвэл энэ байна өөр зүйл хараагүй. Анх цагдаагийн газар ирээд гэрчээр мэдүүлэг өгөхдөө санаж байсан зүйлээ хэлсэн байх, одоо сайн санахгүй байна. ...Бид нарт гар хүрсэн, зодсон асуудал болоогүй. Би шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, хүсэлт гэхээр зүйл байхгүй. Эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч, шалгаж шийдэж өгнө үү” гэжээ. / 3хх-33-34 тал/                           

 

Хохирогч П.Уранбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 12 дугаар 13-ны өглөө 09.45 минутын үед ажилдаа ирээд хувцсаа өрөөнд оруулж хувцсаа сольж өмсөөд хаалга нь онгорхой би тэр өрөөнөөс гараагүй байж байхад гэнэт нэг буутай хүн ороод ирчихсэн дээрэм хийж байна гэж орилсон дуу гарсан. Би тэр дууг сонсоод хаалганы завсраар харсан чинь хамгаалагч маань хоёр гараа өргөөд зогсчихсон байдалтай байсан. Удаагүй шууд буун дуу дуугарахаар нь би балмагдаад тэр өрөөнөөс гаралгүй шууд чихээ дараад доошоо суусан. Миний сонссоноор доошоо доошоо суу гэх мэтээр орилоод дээрэм хийж байна гээд хашгираад байсан. Тухайн үед манай банкны дохиолол дуугарч байсан болохоор сайн дууг нь сонсож чадаагүй. Тэгээд нөгөө хүмүүсийг гараад явсны дараа нь би хувцас солих өрөөнөөс гараад хартал хамгаалагч маань ганцаараа зогсож байсан ба нөгөө хэд маань байгаагүй. Ширээн доогуураа орсон байсан. Би хаанаас яаж, юунд хийж мөнгө авсан аль хаалгаар хаанаас орж ирсэн гэдгийг нь хараагүй” гэжээ. /3хх-35-36-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...2015 оны 3 дугаар сарын 26-ны орчимд ажил дээр ирж “Ланд круйзер-105” маркийн 92-92 УБЗ улсын дугаартай машинаа авто ломбарданд эзэмшлийг шилжүүлж нэг сарын хугацаатай 10.000.000 төгрөгөөр барьцаалсан. Тухайн үед ганцаараа ирж байсан. Би тэр үед нь өөрийнх нь ажиллуулдаг 10 дугаар хорооллын урд байдаг “Голден парк” хороололд дэлгүүр ажиллуулж байсан, “Маршил таунд” байр зээлээр авч байгаа гэж байсан, би дэлгүүр дээр нь очиж үзэж байсан. Үүнээс хойш 1 сар гаруй хугацааны дараа Бат-Оргил эхнэртэйгээ ирж машинаа буцааж авсан. Эхнэрийг нь сайн танихгүй, Солонгост л тэр 2 танилцсан гэж байсан. Тухайн үед Бат-Оргил эхнэрт битгий хэлээрэй чамаас хүүгүй мөнгө зээлж авсан гэж хэлээрэй гэхээр нь би үндсэн 10.000.000 төгрөгийг аваад хүүг нь тусдаа бодож үлдээсэн.

Үүнээс хойш Бат-Оргил мөнгөний хэрэг болоод байна 3.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би компаниас 3.000.000 төгрөг гаргаж өгсөн. Үүнээс хойш хүү 210.000 төгрөгийг төлж сунгаж байсан.

...2015 оны 10 сарын орчим байх өдрийг нь санахгүй байна над дээр ирээд надтай уулзаад “Нэт капитал”-д машинаа тавьчихсан хугацаа нэлээн алдсан, машин хураагдах гээд байна, зээл чөлөөлөөд өгчихөөч машинаа унаж явдгаар тавиад нэрээ шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тухайн үед “Нэт капитал”-ын дансанд машины барьцааны мөнгийг бүрэн төлж чөлөөлсөн.

2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ГД-005 дугаартай фидуцийн гэрээ байгуулж 2015 оны 10 дугааар сарын 08-ны өдөр “ЭНТ финанс” ХХК-ны эзэмшилд шилжүүлж 16.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй Д.Бат-Оргил зээлж авсан.

Үүнээс хойш Д.Бат-Оргил ирж уулзаад “Соната-6” маркийн машиныг дахиад барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгээд 6.000.000 төгрөг зээлье гэхээр нь урьд нь нэг машинаа тавьсан гайгүй байх гэж бодоод зөвшөөрсөн, ингээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл шилжүүлэх албан бичгийг авсан.

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г-090 дугаартай фидуцийн гэрээг нэг сарын 7 хувийн хүүтэй, нэг сарын хугацаагаар 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед “Соната-6 “маркийн 63-97 УБҮ улсын дугаартай машиныг “ЭНТ финанс” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн...” гэжээ. /1хх-191-193 тал/,

 

Гэрч Д.Алтантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09 цаг 30 минутанд өөрийн ажилладаг Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн 37-а салбараас шуудангийн 37 дугаар  салбар буюу 5 шарын “БСБ” дэлгүүрийн хойд талд шуудан хүргэхээр жолооч Энхболдын хамт ирсэн. ...Тэгээд урагшаа “ВСВ” дэлгүүрийн байр луу хандсан урагшаа харсан цонхтой кассын өрөөнд орж би цонх руу хараад ширээний цаана сууж цонхоор харж байтал цагаан саарал юүдэнтэй цамцтай эрэгтэй хүн том цагаан шуудайтай юм барьчихсан амыг нь гараараа хумисан байдалтай, уг “ВСВ” төвийн байрны хойд талын хашааны том хаалгаар гүйхээрээ гарч ирээд дээрх хаалганы баруун талын манаачийн байрны хойд талд манаачийн байр луу ар хэсгээрээ тулгаж тавьсан мөнгөлөг приус 20 маркийн машины жолооч таньж арын хаалгаар орж суухад машин хөдөлж зүүн гар буюу ертөнцийн зүгээр баруун тийш эргэж явсан. Тэр машины урд улсын дугаарыг нэлээн том бордуу өнгийн шуудай ч юм уу даавуугаар бүтээчихсэн. Уг даавуу нь доод хэсгээрээ бараг газарт хүрэхээр урт байхаар нь би анх ялаа шумуулын машины тор юм уу гэж харсан юм. Тэгээд Энхболд, Туул бид 3 хоорондоо энэ одоо хулгай хийж байгаа юм шиг юун сүртэй гүйж ирдэг юм. Хүний юм хулгайлаад байна уу гэж би тэр хоёрт хэлсэн. Тэр 2 над руу харчихсан сууж байсан юм...” гэжээ. /1хх-194-196 тал/,

 

Гэрч Г.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Бат-Оргил нь манай компаниас нийт 5 удаа зээл авсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Хьюндай соната 6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай хар өнгийн автомашиныг хадгалуулахаар барьцаалж 7.000.000 төгрөгийн зээл авсан. Сарын 4.5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээл авсан. 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 105” маркийн машиныг 15.000.000 төгрөгөөр нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах нөхцлөөр барьцаалсан. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлээ төлж хаалгасан. Сүүлд буюу 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Соната-6 машиныг барьцаалахдаа Д.Бат-Оргил нь “ЭНТ финанс” ХХК-ни эзэмшилд шилжүүлсэн байсан боловч энэ талаараа дахин зээл авсан. Энэ зээлийн гэрээг би хийсэн автомашиныг хадгалуулах нөхцлөөр зээл авч байгаа бол барьцаандаа тулгуурлаж зээлийн гэрээ хийдэг. Би компанийн автомашин үнэлэх, хадгалах, чөлөөлөх журмыг баримталж зээлийн гэрээг байгуулсан. Намайг ажилд ороход л энэ журмыг мөрдөж ажилладаг байсан...” гэжээ. /2 хх 14-15 тал/

 

Гэрч Ч.Цэрэнбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны хавар Баярхүү гэдэг хүнээс өрөндөө нэг ширхэг Дробинк гэдэг шувууны буу авсан юм. Тэгээд тэр буугаа хадгалж байгаад 2015 оны 12 дугаар сарын 10-нд Фэйсбүүк үзээд байж байтал Мөнхмандах Гансүх гэсэн хаягнаас хямдхан Дробинк буу авна гэсэн зар байсан. Тэгээд би тэр хүнтэй 99609220 дугаарын утсаар холбогдоход хөдөө хотонд дуугаргах буу хэрэгтэй байна хэдэд зарах юм гэж асуусан. Тэгэхээр нь би бичиг баримтгүй буу та нар өөрсдөө бичиг баримтыг нь зохицуулаад авна гэвэл хямдхан өгнө гэж хэлсэн. Тэгээд би 400.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл арай үнэтэй байна, цаашаа бичиг баримт хөөцөлдөхөөр их мөнгө орно гэсэн тэгээд бид хоёр 350.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд тэр залуу хөдөө явах унаа нь явах гээд байна та яаралтай явуулаач гэсэн. Тэгээд би буугаа Багануур, Улаанбаатарын чиглэлд явдаг таксинд өгөөд явуулаад мөнгөө буцаагаад таксины жолоочид өгч явуулахаар тохирсон. Буу уртаараа бол 1 метр орчим урт, бууны мөрлөгч мод нь гол төмрөөсөө салдаг юм, салхаараа гол төмөр нь 50-60 см орчим урттай, мөрлөгч мод нь 30 гаран см урттай болно...” гэжээ. /2хх-22-23 тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Д.Бат-Оргил мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Миний бие эхнэр С.Лхагвамаа, хүүгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Эрхүүгийн 10-51 тоотод оршин суудаг юм.  Би 2014 оны 9 дүгээр сараас эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 10 дугаар хороололд хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Одоо бол энэ дэлгүүрийг ажиллуулахгүй байгаа. Дэлгүүрээ 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үед ажиллуулахаа больсон юм. Би дэлгүүрээ ажиллуулж байх хугацаандаа өөртөө авч уная гэж бодож хадам ээжээс 15.000 доллар зээлж “Тоёота Ланд круйзер 105” маркийн автомашиныг 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр, мөн “Соната 6” маркийн автомашиныг 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр тус тус худалдаж авсан байсан юм.

2015 оны 9 дүгээр сард ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүрийн түрээс нэхэгдээд байсан болохоор өөрийн “Тоёота Ланд круйзер” маркийн, 92-92 УБЗ улсын дугаартай автомашинаа “Нэт капитал ХХК”-д 10.000.000 /арван сая/ төгрөгийн барьцаанд унаж явдагаар тавьж дэлгүүрийн түрээсийн мөнгө болон дэлгүүрийн бараа татах зэрэгт зарцуулсан юм. Тэгээд буцаагаад найз Энхбаяраас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийг зээлж авч “Тоёота Ланд круйзер” маркийн, 92-92 УБЗ улсын дугаартай автомашинаа чөлөөлж авсан. Дэлгүүр ажиллуулах ашиггүй болж эхлээд 2015 оны 10 дугаар сарын 07-ны үед гэж санаж байна Сэлэнгэ аймгийн Зүүн хараа руу алтанд явсан юм. Зүүн хараад бараг 1 сар гаран байж байгаад ашиггүй байхаар нь яг цаг хугацаагаа сайн хэлж мэдэхгүй байна одоогоос 5, 6 хоногийн өмнө Улаанбаатар хотод буцаж ирсэн. Энэ хугацаанд өр зээлийн асуудал ихсээд байсан юм.

Би Худалдаа хөгжлийн банкинд карт эзэмшдэг тэгээд Улаанбаатар хотод Зүүнхараагаас ирсэн үедээ картынхаа пин кодыг солиулах гээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “БСБ Мегасторе” дэлгүүрийн доор байрладаг “Худалдаа хөгжлийн банк” руу орж байсан юм. Өдрөө яг сайн санахгүй байна 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байсан байх гэж санаж байна буруу ч байж мэднэ.Би уг банкинд орж үйлчлүүлэхдээ хамгаалалт сул, төвөөс зайдуу, хүн бага ордог зэргийг нь ажиглачихаад өнгөрсөн юм .Тэгээд ер нь болчихмоор ч юм шиг санагдаад хэрэг гарахаас 2, 3 хоногийн өмнө өөрийн төрсөн дүү Дангаагийн Эрдэнэзаяад банкны салбарыг дээрэмдэх санаагаа хэлэхэд дүү маань “эхэндээ дэмий юм бишүү” гэж хэлж байсан. Би дүүгээ их ятгасны хүчинд зөвшөөрүүлсэн. Тэгээд би өөрийн “Тоёота Ланд круйзер” маркийн, 92-92УБЗ улсын дугаартай автомашинаа буцаагаад “Нэт капитал ХХК”-д 10.000.000 /арван сая/ төгрөгийн барьцаанд тавьсан.

Би фейсбүүкийн “Оргил4402” гэх хаягаараа орж гар буу зарах зар хайсан юм. Тэгтэл нэг группд буунуудыг зарах тухай зар байсан тэр зарын дагуу нэрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 9903-тай дугаартай хүн байсан ба “Багануур”-т байдаг гээд нэг залуу “Аванте Эксти” маркийн саарал өнгийн 82-29 гэсэн дугаартай серийг нь сайн санахгүй байна машинтай хүнээр бууг явуулсан ба уг буу нь 2 амтай, ангийн дробинк гэдэг буу байсан. Уг бууг 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авсан ба уг автомашины жолоочид мөнгийг буугаа авангуутаа жолоочид нь өгч явуулсан. Дробинк буугаа аваад гол төмөрнөөс ойролцоогоор 40 орчим см, мөрлөвч модоос 20-30 орчим см-ийг тайрч авсан. Өөр нэг бууг мөн өөрийн фейсбүүк хаягаар ороод уг дробинк авсан группээс хайж байгаад “МП” гээд тэгээд серийн дугаар бүхий макаров гэдэг буутай төстэй гар бууг нэрийг нь сайн санахгүй байна би өөрийн дүү Д.Эрдэнэзаяаг явуулж авахуулсан юм. Ямархуу царайтай хүн байсныг дүү мэдэж байгаа. Уг гар бууг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Дробинк болон гар бууг өөр өөр хүнээс худалдаж авсан байгаа.

Дүү Д.Эрдэнэзаяа бид 2 уг мөнгөөрөө 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгөөр хамт явж “Да хүрээ” захаас нэрийг нь мэдэхгүй нэг хүнээс 45-43УНӨ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашиныг худалдаж авсан юм. Энэхүү автомашиныг авахдаа эхлээд өдөр нь “Да Хүрээ” зах дээр очоод хүнтэй нь уулзаад утасных нь дугаарыг авч үлдээд орой нь УБДС-ийн Офицеруудын тал руу явдаг автобусны буудал дээр дуудаж автомашинаа бэлэн 6.200.000 төгрөгийг өгч автомашиныг авсан байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй учир нь дараа өдөр нь амралтын өдөр байж таарсан юм. Мөн дээрэм болохоос 2 өдрийн өмнө Хархорин захаас хар өнгийн ноосон маск 2 ширхэгийг худалдаж авсан.

Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 12-ны орой дүү бид 2 хамтдаа 3 дугаар эмнэлгийн зүүн талд байдаг зочид буудалд 20 цагийн үед  ороод тэндээ амарцгааж хоноод 2015 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед дээрэмдэхээр товлосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БСБ Мегасторе” дэлгүүрийн нэг давхарт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шарын тооцооны төв рүү явсан юм. Бид хоёр 09 цаг өнгөрч байхад “Худалдаа хөгжлийн банк”-ны тооцооны төвийн гадаа байх хашааны хаалганы хажууд автомашинаа хойд зүгт харуулж хөдлөхөд бэлнээр байрлуулсан. Бид 2 автомашинаа байрлуулаад 20-30 минут байж байгаад банк руу орцгоосон, бид 2 банк руу би эхэлж ороод Д.Эрдэнэзаяа ард хоцорч хаалгыг дотор талаас нь цоожилсон. Би дробинк бууг барьж үйлчилгээний заал руу орж тааз руу нэг удаа буудаж “хэвт” гэж хэлсэн. Үүдэнд хамгаалагч сууж байсан ба хамгаалагч газар хэвтсэн энэ үед дүү орж ирээд би зааланд буутайгаа зогсож байх үед дүү Д.Эрдэнэзаяа явж шилэн кабинуудын цаагуур тойрч онгорхой сейфнээс мөнгийг шуудайлсан. Би мөн хамгаалагчийн ширээн доор байсан процессорын утаснуудыг салгасан учир нь би дэлгүүр ажиллуулдаг байхад хяналтын камерын бичлэгүүд хамгаалагчийн компьютерт төвлөрдөг талаар мэддэг байсан юм. Тэгээд таслах болсон. Ойролцоогоор 2-3 минутын дараа л гэж санаж байна тухайн үедээ сандраад хэр удсаныг сайн санахгүй байна. Тэгээд дүү Д.Эрдэнэзаяа мөнгөө сейфнээс шуудайлаад үүрээд бид 2 банкнаас гарч машиндаа суухаар явсан ба машиндаа суух гээд явж байх үедээ би дүүгийн үүрч байсан шуудайтай мөнгийг нь авч дүү жолооны ард сууж бид 2 хөдөлсөн. Банкны гаднаас хөдлөөд хойшоогоо чигээрээ яваад баруун гар тийш эргээд “Тесо ХХК”-ны хашаагаар нэвт гарч төв зам руугаа нийлж, төв замаараа урагш эргэж явсан. Бид 2 автомашиныхаа урд талын дугаар дээр дугаараа харуулахгүй гэж  алчуур тохоод явж байсан ба “Тесо ХХК”-ны хашаанаас гараад удалгүй явж байгаад уг алчуураа би бууж авсан. “5 шар”-ын уулзвараар зүүн эргээд “Барс-2” зах руу буюу “Хархорин” зах явах замд байдаг зах руу явсан. “Барс-2” зах дээр ирээд бид 2 автомашинаа зогсоолын зүүн тийш эргэж байрлуулсан, тэгээд дээрэм үйлдэхэд өмсөж байсан хувцаснуудаа будаг шингэлэгч асгаж байгаад шатаасан. Будаг шингэлэгчийг дээрэм болохоос 2 хоногийн өмнө “Нарантуул” захын барилгын материалын дэлгүүрээс авчихсан байсан юм. Бид 2 машин дотроо дээрэм үйлдэхэд ашигласан хувцсаа сольж өмссөн. Тэгээд бид 2 бууж хотын төв рүү төв замаас такси бариад Бөхийн өргөөний хойд талд буусан. Тэндээ бид 2 хоол унд идэж байгаад, цаашид яах талаараа ярилцаж байгаад орой 17 цаг өнгөрч байх үед буцаж ирж машинаа аваад төв замаараа зүүн тийш явж замын баруун талд байх “Номин” их дэлгүүр лүү орж “Номин” дэлгүүрийн ард байх зогсоол дээр автомашинаа байрлуулсан. Автомашинаа байрлуулаад бид 2 барагцаалбал 5 минутын дараа байрны урд талд нь гаргаж зогсоол дээр тавихаар болж хөдлөөд байрны урд талын зогсоол дээр хананаас нэг машины зайтай хойд зүгт харуулж автомашинаа байрлуулаад бид 2 автомашинаасаа буусан. Бид 2 автомашиндаа 2 цүнхтэй мөнгө, жижиг гар буугаа үлдээгээд явцгаасан. Бид 2 хамтдаа байрны зүүн талаар хойшоогоо төв зам руугаа гарч замын урд талаар явган хотын төв рүүгээ чиглэж явцгаасан. Бид 2 хамтдаа Саппорогийн тойрог өнгөртөл алхаад зам гарч такси барьсан. Бид 2 хамтдаа суугаад Бөхийн өргөөний зүгт явж интернэт тоглоомын газарт тоглох гэж орцгоогоод удалгүй тэндээсээ гарсан. Бид 2 хамтдаа Модны 2-т байрладаг “Түндэмүн” орох гэсэн боловч Д.Эрдэнэзаяа яваагүй, дүү Баянбүрдийн хажуунаас надаас салаад явсан ба би дүүг цааш нь юу хийж явсан талаар мэдэхгүй байна.

Харин би Модны 2-т “Түндэмүн”-д орж тэндээ хоноод өглөө 09 цаг өнгөрч байхад гарч ирээд шууд такси бариад машинаа байрлуулсан “Номин” дэлгүүртэй байрны урд талын зогсоол дээр ирээд машиндаа суутал цагдаа нар ирээд намайг баривчилсан байгаа.Тухайн үед тоолж амжаагүй. Шуудайтай мөнгийг “Барс 2” худалдааны зах дээр ирэх замдаа 2 цүнхэнд хувааж хийсэн. Тухайн үед хэдий хэр хэмжээний мөнгө авснаа тоолоогүй. Тоолж ч амжаагүй. Дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан.

...Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь тооцооны төвд нийт 3-4 удаа ирж байсан. Ирэх болгондоо ямар нэгэн зүйл ажигладаг байсан.

... өөрийн “Оргил4402” гэх фейсбүүк хаягаар буу авахдаа буу худалдах гэж байгаа хүнтэйгээ мессенжерээр харьцаагүй. Зарын доор нь утасныхаа дугааруудыг биччихсэн байсан.

...Дробинк бууг надад зардаг хүн нь 9903-тай дугаартай, Багануур хотод амьдардаг гэж хүн байсан. 8221 билүү 8229-тэй дугаартай Аванте Эксти маркийн автомашинтай хүнээс буугаа авсан байгаа. Тэр хүний фейсбүүк хаягийг мэдэхгүй байна. Гар бууг бол дүү мэдэж байгаа....Барс 2 зах дээр ирсний дараа би дробинк бууг Барс 2 захын ард талын бохир усны урсгалд хаясан байгаа. Зааж өгч чадна.

...Би банкнаас авсан мөнгөнөөс хэдэн ч төгрөгийг үрээгүй. Учир нь надад өөрт мөнгө байсан тэр мөнгөөрөө буудал болон таксинд тооцоо хийж явж байсан....Би саарал өнгийн малгайтай цамц, шар канттай, хүрэн өнгийн биеийн тамирын өмдтэй, дробинк барьсан байсан. Харин дүү маань адилхан өмдтэй, бор өнгийн малгайтай цамц, цүнх үүрч гар буу барьсан байсан.

...Нэт капиталд 16.000.000 /арван зургаан сая/, найз Энхбаярт 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн өртэй, хадам ээжид автомашины мөнгө 30.000.000 /гучин сая/ төгрөгийн өртэй.

...Би дээрэм хийх санааг гаргасан. Тэгээд энэ үйл хэрэгтээ дүүгээ уруу татсан. Миний дүү эхэндээ хэрэггүй юм биш үү гэж хэлж байсан ч би ятгаад зөвшөөрүүлчихсөн юм. Д.Эрдэнэзаяа миний хэлснийг л хийсэн.

...Дүү бид 2 гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөний зарим хэсгийг уг 92-92УБЗ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн автомашинд хийж үлдээсэн. Ойролцоогоор 1 боодол 10 пачка 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан байх, 1 боодлыг л үлдээсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-73-175 тал/   

 

Шүүгдэгч Д.Эрдэнэза мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2015 оны 11 дүгээр сарын эхээр “Голден парк” хотхоны 104 дүгээр байрны 1 дүгээр давхарт түрээсэлж байсан 8 нэрийн барааны дэлгүүрийн түрээсийн хугацаа дуусч байсан. Энэ дэлгүүрийг 2014 оны 11 дүгээр сард миний төрсөн Дангаагийн Бат-Оргил эхнэр Лхагвамаагийн хамт түрээсэлж ажиллуулж байсан. Би худалдагчаар ажилладаг байсан. Тэгээд дэлгүүрийг Бат-Оргил ах бид хоёр дэлгүүрийн эзэн залууд хүлээлгэж өгөхөд үндсэн 20.000.000 орчим төгрөгний бараа дутсан. Тэрнээс болж Бат-Оргил ах эхнэртэйгээ муудалцсан байх, мөнгө төгрөгнөөс болж тэр хоёр байнга л муудалцдаг. Манай бэр эгч арай ахиу мөнгө гаргасан байсан тэрнээс болж л муудалцсан байх.

Өдрийг нь сайн санахгүй байна дэлгүүр хүлээлгэж өгсний дараа Бат-Оргил ах надад хоёулаа дутсан мөнгийг нь ольё гээд Зүүнхараагийн урд уул руу алтанд явсан. Тэнд бараг 20 орчим хоносон. Бид хоёртой хамт Амарсанаа гэдэг залуу хамт байсан. Тэр газар нь Амарсанаагийн таньдаг ах нь лиценз эзэмшдэг юм гарвал та нар өөрсдөө аваарай гэж хэлсэн юм шиг байна лээ тэгээд тэнд олон хоноход алт ч авч чадаагүй.

Ууланд ухаж байсан нүх доошоо тулаад хөрс нь хатуураад ухаж болохоо болиод 2015 оны 12 дугаар сарын эхээр Бат-Оргил ах бид хоёр хотод багаж авахаар  буцаж ирсэн. Амарсанаагийн таньдаг ах нь багаж авч өгнө гэсэн боловч бүтээгүй. Хотод багаж ч олдохгүй дэмий байсан, мөн Бат-Оргил ах 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байрны лизинг төлөх байсан, тэгээд хоорондоо ярилцаж байгаад банк дээрэмдье гэж ярилцсан. Тэгээд л тийм зүйл ярилцаад л явж байсан, дараа нь 2015 оны 12 дугаар сарын 05, 06-ны орчим BSB дэлгүүртэй 5 шарын “Худалдаа хөгжлийн банк” руу Бат-Оргил ах орж “Most money” үйлчилгээг утсандаа идэвхижүүлнэ гээд орсон. Тэгээд гарч ирчихээд энэ банк мөнгөтэй юм байна энэ банкийг дээрэмдье гэж ярилцсан. Тэгээд бид хоёр буу бас элбэг байдгаар нь “Приус-20” маркийн машин авья гэж ярилцаад интернет зар үзэж байгаад хийн гар буу зарна гэсэн зараар би өөрийн 80948008 дугаарын утсаар яриад Замын цагдаагийн газрын хажуугийн Таван богдын хойно байрны дунд нэг залуутай уулзаад хийн гар буу 1000 ширхэг үрлэн сумтай хамт 650.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн интернет зараар хайж байгаад 9513-тай сүүлийн дугаарыг нь санахгүй байна, худалдаж авсан дугаараар буу зарна гэсэн хүн рүү ярьж Амгалангийн тэнд таксигаар очиж буу худалдах хүнтэй уулзсан тэр хүн Багануураас таксигаар бууг авчруулсан. Тэр буу нь урт 2 амтай дробинк буу байсан. Энэ бууг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Буугаа урт хар цүнхэнд хийгээд өдөр нь зах дээр очиж харсан Приус машинаа утсаар эзэнтэй нь ярьж багшийн дээдийн тэнд 6.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа эзэмшигчийг солиулна гэж хэлж тохирсон. Тэгээд машинаа унаад нисэхийн тийшээ хээр очиж дробинкны амыг нь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж тайрч богино болгосон.        

Тэгээд хот руу орж ирээд 10-р хорооллын Кореана зочид буудалд 205 дугаарын өрөөнд бид хоёр хоносон. Маргааш нь өглөө бид хоёр хотоос зайдуу 22-ын товчоогоор гарч хээр очиж гар буугаараа буудаж үзсэн. Гар буугаар шил буудахад шилийг хага буудаж байсан тэгээд энэ буугаар хүн буудаж болохгүй юм байна аюултай юм байна гэж ярилцаад хот руу буцаж явсан. Энэ бол хэрэг хийдгийн өмнөх өдөр 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байсан. Тэгээд 10 дугаар хорооллын хойно DH зочид буудлын 3 давхарт өрөө авч би тэндээ үлдээд Бат-Оргил ах машинаа аваад явсан. Орой 21 цагийн үед Бат-Оргил ах машинаа 5 шарын “Худалдаа хөгжлийн банк”-ны гадаа хаячихсан гээд орж ирсэн.

Тэгээд бид хоёр буудалдаа хоночихоод 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 09 цагт босоод 5 шарын банкны салбар дээр таксигаар ирсэн. Тэгээд машиндаа орж хувцасаа сольж өмссөн.Тэгээд банк руу оръё гээд цувралдаад ороход банкны баруун талын хаалга нь онгорхой байсан. Бат-Оргил ах түрүүлж орсон, дробинк авч орсон. Би хийн гар буутай байсан. Бат-Оргил ах хаалгаар оронгуутаа дээрэмдэж байна гээд шууд дээшээ тааз руу буудсан. Намайг араас нь ороход банкны хүмүүс бүгд хэвтчихсэн сейф нь онгорхой байхаар нь би очоод барьж явсан уутандаа мөнгөнүүдийг нь хийсэн. Би том цагаан 50 кг-ын уут авч очсон юм аа. Тэгээд л мөнгөө аваад гарсан. Бид хоёр машиндаа суугаад хөдлөөд хойд талаар нь явж Тэсо группын хашаагаар гарч 5 шарын тойргоор Хар хорин зах руу эргэсэн. Барс-2 захын гадаа машинаа банкнаас авсан мөнгөтэй хамт орхисон. Тэгээд бид хоёр Цайз захын тийшээ алхаад урагшаа эргэж Нарантуул захын тэрүүгээр алхсан тэгж явсаар байтал орой болсон. Алхсаар байгаад Хархорин захын тэндээс очиж машин дээрээ ирж авч явсан дробинк буугаа Барс-2-ын ард хогийн цэг дээр шатаасан. Тэгээд ах машинаа унаад бид 2 Цамбагаравын замын урд талд байх Өнөр хотхоны гадаа машинаа тавиад цүнхэнд байсан мөнгөнөөсөө 20 гаран сая төгрөг аваад үлдсэнийг нь цүнхтэйгээ цуг машиндаа үлдээгээд Баянбүрдэд байх “Нэт капитал” авто ломбардны хашаанд байсан “Тоёота ланд круйзер 105” маркын 92-92 УБЗ дугаартай машинд авч явсан 20 гаран сая төгрөгөө хийгээд үлдээсэн. Тэгээд тэндээсээ салаад ах хорооллын Түндэмүн саун руу яваад би 13 дугаар хорооллын Намьянжү саун руу явсан. Намайг ороход 21 цаг өнгөрч байсан. Тэгээд саунд ороод усанд орчихоод зурагт үзэж байгаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 10 цаг өнгөрч байхад гарч ирээд ах руу залгатал Өнөр хотхонд хүрээд ир гэсэн. Тэгээд такси бариад яваад очсон. Би очоод таксинд мөнгөө өгөөд машинаас буугаад Номингийн урдуур алхаад ах руу залгаад Номингийн урд байна гэж хэлтэл 3 хүн ирээд бариад авсан. Тэгээд цагдаагийн газарт дээр авчирсан.  

...Бат-Оргил ах бид хоёр банк дээрэмдье гэж ярилцсан байсан тэгээд хамт явж байгаад ах “Most money” үйлчилгээгээ сунгуулах гэж дээрх банк руу орсон би ороогүй гадаа нь хүлээж байсан. Тэгээд л гарч ирэхдээ энэ банк мөнгөтэй юм байна энэ банкийг дээрэмдье гэж хэлсэн. Банкны хувьд тэр үед л тухайн банкыг дээрэмдэх санааг Бат-Оргил ах гаргасан. Хэр зэрэг их хэмжээний мөнгө байгаа талаар тодорхой мэдээгүй байсан. ...Банк дээрэмдэх санаа төрөхөөс өмнө алтанд явахдаа хийн гар бууг нь авчихсан байсан. Ууланд явах юм чинь хэрэг болох байх гэж авсан, дробинк бууг дээрэм хийхэд хэрэг болно гэж урьд нь авчихсан байсан. Сүүлд дээрх банкийг сонгосон.

...Алт руу явахдаа ахын нэр дээр байсан Соната 6 маркийн хар өнгийн машиныг Бат-Оргил ах барьцаанд тавьсан. Хэдээр хаана барьцаалсныг би мэдэхгүй, мөн ахын нэр дээр байдаг 92-92 УБЗ “Тоёота ланд круйзер 105” машиныг Баянбүрдийн тэнд “Нэт капитал” ББСБ-д Бат-Оргил ах өөрөө барьцаанд тавьсан, хэдэн төгрөгөөр барьцаалсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ машиныг барьцаалсан мөнгөөр Приус машин болон буу бусад зардлыг гаргасан. Мөнгийг Бат-Оргил ах барьж байсан.  ...Тухайн үед гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан бүх хувцсаа дробинк бууг шатаахад хамт шатаасан. Бат-Оргил ах өөрөө явж шатаасан би наана нь хараад байж байсан, бууг тэнд л шатаасан. Хэрэг үйлдэх үед ах бид хоёр ижил улаан өнгийн биеийн тамирын өмдтэй байсан, бор өнгийн юүдэнтэй цамцтай, юүдэнг өмссөн, нүд болон ам гаргасан хар өнгийн ноосон малгай, улаан хүрэн өнгийн өвлийн хагас түрийтэй гуталтай байсан. Бат-Оргил ах цагаан юүдэнтэй цамцтай, бор өнгийн хагас түрийтэй гуталтай байсан. Буудлаас гарахдаа би одоо өмсөж байгаа улаан хүрэн өнгийн богино сөдөн куртик, бор ногоон өнгийн олон халаастай өмд, хар өнгийн Adidas гэсэн бичигтэй пүүзтэй байсан. Бат-Оргил ах ямар хувцастай байсныг санахгүй байна. 

...Ах бид хоёр тэр мөнгөнөөс нэг ч төгрөг үрээгүй байгаа, би өөрөө хэрэг үйлдэх үед 40.000-50.000 төгрөгтэй байсан, Намянжу-д ороход 16.000 төгрөг төлсөн, дотор ороод 2 цай авч уусан. Таксинд 5000 төгрөг зарцуулсан. Үлдсэн 25.000 төгрөгийг сая цагдаагийн хэлтэс дээр үзлэг хийхэд гарч ирсэн.   

...Би архи уудаггүй, архи дарс хэрэглээгүй, ах бас архи уудаггүй хэрэглээгүй байсан.  ...Энэ хэргийг ах эхэлж сэдсэн, Бат-Оргил ахын хувьд өр ширтэй байдаг юм шиг байна лээ, тэгээд л энэ асуудлаас яаж гарах вэ гэж ярилцсан, тэгээд л зэвсгээр айлган сүрдүүлж мөнгө дээрэмдье гэж ярилцсан, гэхдээ бидэнд хүн буудах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, хээр гараад хийн буугаар буудаж үзээд хүчтэй сумтай сумтай байсан учраас энэ буугаар хүн буудаж болохгүй юм байна гэж ярилцаж байсан.

...Тухайн үед дробинк бууг худалдаж аваад ах бид хоёр Нарантуул зах руу явж би баг, хувцас зэрэг хэрэг үйлдэх үед ашиглаж өмсөх бүх хувцасыг худалдаж авсан, Бат-Оршил ах бууны сум авсан, хэдэн ширхэг сум авсныг би мэдэхгүй.

...Хийн гар буу худалдсан залуу 99-тэй дугаартай байсан, энэ утас руу 80948008 дугаараас 2015 оны 12 дугаар сарын эхээр залгасан. Том бууг худалдсан хүн нь машинд дайгаад Багануураас явуулсан гэж байсан, саарал өнгийн Аванте ХD маркийн машин байсан, ах бид хоёр такси барьж Амгаланд очоод таксины жолоочоо гуйж байгаад бууны үнэ 350.000 төгрөг өгч явуулж авчруулсан. Сууж явсан таксины дугаарыг мэдэхгүй, зам дээрээс л авч явсан, япон Тоёотагийн хар хөх өнгийн цагаан канттай машин л байсан марк загварыг нь мэдэхгүй байна.

...Би 80948008 дугаар ашиглаж байсан, манай найз Цагаан-Уулын эхнэр Баярсайханы Баярнямын нэр дээр байдаг. Цагаан-Уул 99690778 гэсэн утастай. Замын үүдэд ажил хийж байгаа гэж байсан. 95137615 гэсэн дугаарыг 2015 оны 12 дугаар сард 25-ын автобусны буудлын хороолол өгсдөг талд дэлгүүрээс худалдаж авсан. Өөр дугаар байхгүй. Бат-Оргил ах 99344832 гэсэн дугаартай, өөр дугаар мэдэхгүй.

...2015 оны 12 дугаар сарын 13-ны орой машинаа Өнөр хорооллын тэнд тавьчихаад 20 орчим сая төгрөг авч яваад Баянбүрдийн Нэт капитал ББСБ-ын хашаанд байсан Ланд 105 машин дээр очиж машинд мөнгийг үлдээсэн. Машины хойд болон урд суудлын завсарт хайрцаг дотор хийсэн байгаа. Бат-Оргил ах л тэнд мөнгө аваачиж хийнэ гэсэн, яагаад тэнд мөнгө үлдээх болсныг би мэдэхгүй байна.

...Тэр бичгийг Бат-Оргил ах авчирсан, ороод энийг хаалган дээр наагаарай гэсэн би дотор талаас нь скочоор наасан.

...Би банкинд хоёр удаа очсон, эхлээд ахтай хамт очихдоо ах банк руу орсон, би хажуугийн цахилгаан барааны дэлгүүрт орж юм сонирхож явсан, дараа нь дээрэм хийх гэж очсон. Өөрөөр тэр банк руу очоогүй. Хичнээн хэмжээний төгрөг байгаа талаар миний хувьд мэдэх зүйл байгаагүй.

...Бид хоёр банк руу орохдоо хэн нь эхэлж орох яах ийх гэсэн юм ярилцаж төлөвлөөгүй, харин би гар буугаа авна гэж авсан ах том бууг авсан, Бат-Оргил ах надад хэлэхдээ чи том буу авбал буу алдаад хүн буудчихаж магадгүй гэж хэлээд өөрөө авсан. Бид хоёр буудна гэж ярилцаагүй байсан ч ах хий буудчихсан. 

...Хичнээн сейф байсныг мэдэхгүй, би мөнгийг очиж авсан, сейф онгорхой байсан би ихэвчлэн 20.000-ын боодолтой мөнгийг авсан, гэхдээ цаана нь мөнгө үлдээсэн би өөрийнхөө авсан мөнгийг хангалттай гэж бодсон. Өөр мөнгөний сейф тэнд байсан эсэхийг би мэдэхгүй.

...Би мөнгөний тоог нь мэдэхгүй, тухайн үед банкнаас хөдлөөд Хархорин захын баруун талын Барс-2 захын хашааны дотор орж зогсоод авч явсан хар өнгийн том жижиг 2 үүргэвчинд хувааж хийсэн. Тэгэхдээ тоолоогүй, тэнд хичнээн төгрөг байсныг мэдээгүй.  

...Хийн гар буу зарсан хүнийг буу авахдаа хальт харсан, дробинк зарсан хүнийг хараагүй болохоор аль алиныг нь одоо хараад танихгүй ээ.

...Миний хувьд бусдад тавьсан өр шир байхгүй, бусдаас авах авлага байхгүй, алт олборлох гэж яваад өрөнд орсон зүйл байхгүй, тухайн үед ууланд 20 орчим хоносон, зардлыг Бат-Оргил ах л хариуцаж байсан...” гэх мэдүүлэг /2хх-187-193 тал/   

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 5-33, 44-48, 64-68-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Д.Эрдэнэзаяа /1-р хх-ийн 34-41-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бат-Оргил /1-р хх-ийн 42-43-р хуудас/, 92-92 УБЗ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49, 51-54-р хуудас/, Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл 30.000.000 төгрөг /1-р хх 50 дугаар хуудас/, 45-43 УНӨ дугаартай авто тээврийн хэрэгсэлээс хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 50-63-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 69-р хуудас/, Эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 70-р хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  /1-р хх-ийн 71-72-р хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 73-р хуудас/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 74-85 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №85 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, ахлах дэслэгч Г.Ганзоригийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №677 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, дэд хурандаа А.Сайнхүүгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №6203 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 94-99 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн №391 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 105-109 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №654 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 116-117 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №862 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 124-225-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №653 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 130–133 дугаар хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №52 дугаартай дүгнэлтэнд “…Д.Эрдэнэзаяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Эрдэнэзаяа нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Д.Эрдэнэзаяа нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 139 дүгээр хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №103 дугаартай дүгнэлтэнд: “…Д.Бат-Оргил нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Бат-Оргил нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. Д.Бат-Оргил нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 147 дугаар хуудас/   

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 202-209 дүгээр хуудас/,

Гэрч Д.Мөнхтулгын “...Д.Бат-Оргилын хувьд зан байдал томоотой, ажилд махруу дуулгавартай, их зөөлөн сэтгэлтэй учир нь хүнд ашиглуулчих гээд байдаг юм. Энэ зангаасаа болж хүнд залилуулж байсан тохиолдол ч байдаг. Хүнд их итгэмтгий хүүхэд байгаа юм. БНСУ-руу явхаасаа өмнө над дээр хэсэг хамт ажиллаж байсан юм. Аливаад их эрч хүчтэй сэтгэлгээ сайтай, ажлаас хойш суудаггүй хүүхэд байгаа юм...

Д.Эрдэнэзаяагийн хувьд Орхон аймагт төрсөн айлын бага хүүхэд учир жаахан эрх байж магадгүй, дураараа хүүхэд. Хөдөө эмээгийнхээ гар дээр өссөн болохоор чих зөөлөнтэй дуулгавартай хүүхэд байгаа юм. Бид нартай их сайхан харьцдаг. Би дүү нараа яагаад ийм хэрэгт холбогдсныг нь гайхаад л байгаа юм. Ах дүүгийнхээ дунд хоёулаа л нэр хүнд сайтай, ямар нэгэн муу зуршил байдаггүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхдуламын “...аав нь 10 жилийн өмнө зүрхний өвчний улмаас нас барсан, ээж нь 2014 онд даралт харваж нас барсан, би нагац эгч нь байгаа юм. Зан байдлын хувьд хоёулаа дуугүй, хүнтэй янз бүрээр буруу харьцдаггүй, дээрээ хамаатны олон ах нартай учир хүмүүжил их сайтай хүүхдүүд юм. Бага байхад нь аав нь нас барсан, ээж амьтай, хүнд тусархуу, ээж, эмээгээ зовоочихгүй юмсан гэсэн сэтгэлтэй харагддаг...”  гэсэн мэдүүлэг /2хх-11 тал/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Гангар инвест”-ийн 22 дугаар байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарын байранд орж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, тааз руу буудан бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж 424.000.000 /дөрвөн зуун хорин дөрвөн сая/ төгрөгийг дээрэмдэж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь “ЭНТ финанс” ХХК-д өөрийн эзэмшлийн “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай авто машин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн авто машины тээврийн хэрэгслийн эзэмшигчийг шилжүүлэн тус тус барьцаалж 22.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ мэдсээр байж давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар “Соната-6” маркийн 63-97 УБҮ улсын дугаартай автомашины “гэрчилгээг гээгдүүлсэн” гэж гэрчилгээ гаргуулан авч 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Нэт Капитал” ХХК-д 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер-105” маркийн автомашиныг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр тус тус Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нэт Капитал Финаннс Корпораци банк бус санхүүгийн байгууллага”-ын Баянгол салбарт барьцаалж, залилан мэхэлж бусдад үлэмж хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнх-Эрдэнийн “...2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн орчимд “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарт дээрмийн гэмт халдлага болсон. Уг хэргийн улмаас манай банкинд 424.000.000 төгрөгийн хохирол учирсан. Тэгээд гэмт халдлага гарсан учраас манай банк цагдаагийн байгууллагад хандсан. мэдүүлэг /1  хх 89-91 тал/,

Иргнэий нэхэмжлэгч Ж.Гунгаагийн “Тоёота ланд круйзер 105” 92-92 УБЗ улсын дугаартай автомашиныг 2015 оны 6  дугаар сарын 18, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус барьцаалж байсан. Үүнээс Соната 6 машиныг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, “Тоёота ланд круйзер 105” маркийн машиныг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус барьцаалахдаа эзэмшигчийг “ЭНТ финанс” ХХК-нд шилжүүлсэн байсан ба манай компанид тээврийн хэрэгслүүдийг бусдад шилжүүлснээ мэдэгдэлгүйгээр зээлийн эдийн засагч Сарантуяаг хуурч мэхэлж зээл авсан гэж үзэж байна гэх мэдүүлгээр /1хх-167-168 тал/

 

Иргэний нэхэмжлэгч С.Энхбаярын “2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ГД-005 дугаартай фидуцийн гэрээ байгуулж 2015 оны 10 дугааар сарын 08-ны өдөр “ЭНТ финанс” ХХК-ны эзэмшилд шилжүүлж 16.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй Д.Бат-Оргил зээлж авсан. Үүнээс хойш Д.Бат-Оргил ирж уулзаад “Соната-6” маркийн машиныг дахиад барьцаанд тавья гэж хэлсэн. Тэгээд 6.000.000 төгрөг зээлье гэхээр нь урьд нь нэг машинаа тавьсан гайгүй байх гэж бодоод зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл шилжүүлэх албан бичгийг авсан. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Г-090 дугаартай фидуцийн гэрээг нэг сарын 7 хувийн хүүтэй, нэг сарын хугацаагаар 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед “Соната-6 “маркийн 63-97 УБҮ улсын дугаартай машиныг “ЭНТ финанс” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр /1 дүгээр хх-ийн 191-193 тал/, Хохирогч Т.Дөлгөөний мэдүүлэг /хх-ийн 27-28/, Б.Хажидсүрэнгийн /хх 29-30/, Д.Ням-Очирын мэдүүлэг /хх-ийн 31-32/, Д.Мягмарцэрэнгийн мэдүүлэг / хх- 33-34/, Хохирогч П.Уранбаярын мэдүүлэг / хх-ийн 35-36/, Гэрч Г.Сарантуяагийн мэдүүлэг /2 хх 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Хадхүүгийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 16-18 дугаар хуудас/, гэрч Ч.Цэрэнбатын мэдүүлэг /2хх 22-23 дугаар хуудас/ ,Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 5-33, 44-48, 64-68-р хуудас/, 92-92 УБЗ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 49, 51-54-р хуудас/ Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл 30.000.000 төгрөг /1-р хх 50 дугаар хуудас/Автомашинаас хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх 55-56 дугаар хуудас/,бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 394.000.000 төгрөг /1-р хх 57 дугаар хуудас/ 45-43 УНӨ дугаартай авто тээврийн хэрэгслээс хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 64-68-р хуудас/Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 69-р хуудас/Камерийн бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл,  /1-р хх-ийн 71-72-р хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №85 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Дангаа овогтой Эрдэнэзаяагийн гарын хээний дардас 2013-026-ДАР гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн 2013.03.05-ны өдөр Дархан сумын 15-р баг, 19-р байр Анар дэлгүүрт хулгай орсон хэргийн 1 ширхэг мөртэй тохирч байна./2 дугаар хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч, дэд хурандаа А.Сайнхүүгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №6203 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 94-99 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн №391 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 105-109 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №654 дугаартай дүгнэлт, фото зурган үзүүлэлтүүд  /2 дугаар хх-ийн 116-117 дүгээр хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №862 дугаартай дүгнэлтэнд: “…шинжилгээнд ирүүлсэн 2 хошуу бүхий бууны хэсгээр буудлага үйлдэгдсэн байна. Харин хэзээ хамгийн сүүлд буудлага үйлдсэнийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 124-225-р хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №653 дугаартай дүгнэлтэнд: “…Шинжилгээнд ирүүлсэн хийн гар буу нь галт зэвсэг биш. Шинжилгээнд ирүүлсэн ОХУ-д спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн МР-654 загварын хийн гар буу ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хийн гар буугаар шидэгдсэн үрэл нь хүний биеийн ил хэсгүүдэд ойрын зайнаас өвдөлт өгөх болон нүд зэргийг гэмтээж болно...” гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 130–133 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нар нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, эдгээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бат-Оргилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, шүүгдэгч Д.Эрдэнэзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч  Д.Бат-Оргилыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр, хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсны улмаас бусдад үлэмж хэмжээнийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Эрдэнэзаяаг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөрийн талаар

Гэмт хэргийн улмаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Гангар инвест”-ийн 22 дугаар байранд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны 5 шар дахь 412 дугаар салбарт учирсан 424.000.000 төгрөгийг шүүгдэгч нарын унаж явсан авто тээврийн хэрэгслээс хураан авч хохирогч байгууллагад хүлээлгэн өгсөн тул төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч Д.Бат-Оргилоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол  16.000.000 төгрөгийг гаргуулан  “Нэт капитал финанс корпораци” ББСБ” ХХК-д, 22.000.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “ЭНТ финанс” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хураагдсан МР-654К Cal 4.5 мм, Т14055618 үйлдвэрийн бичиглэлтэй хийн гар буу 1 ширхэг, бортогтой 13 ширхэг үрлэн сумтай магазин 1 ширхэг, жижиг хийн баллон 1 ширхэг, 4.5 мм-ийн 500 штук 3 “Borner” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг савтай үрлэн сум, бууны гол төмөр, гохны хэсэг бүхий дробинк бууны 2 тусдаа хэсэг,  4 ширхэг ногоон өнгийн дробинк бууны сумыг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлж,

Дробинк бууны шатсан сумны үлдэгдэл 1 ширхэг, дутуу шатсан модны үлдэгдэл 1 ширхэг, 3.5х2 см хэмжээтэй цагаан өнгийн хуванцар зүйл 1 ширхэг, хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга мэт жижиг хэсэг 23 ширхэг, хананд байсан кабель утасны дотор байсан хэлбэр дүрсгүй саарал өнгийн тугалга 1 ширхэг, буунд шинжилгээ хийхэд авсан арчдас зэргийг устгаж,

2 ширхэг DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ,  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураахаар заасан тул энэ хэрэгт хураагдан битүүмжлэгдсэн 45-43 УНӨ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины үнэ 6.200.000 төгрөгийг /3хх-96 тал/ шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэгт  63-97 УБҮ улсын дугаартай, “Соната-6” маркийн ¹01074781 дугаартай тээврийн хэрэгслийн, ¹0333569 дугаартай татварын гэрчилгээтэй автомашин, 92-92 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд круйзер 105” маркийн ¹00932649 дугаартай тээврийн хэрэгслийн, ¹0304507 дугаартай татварын гэрчилгээтэй автомашин, 45-43 УНӨ улсын дугаартай Тоёота приус-20” маркийн ¹01099304 дугаартай тээврийн хэрэгслийн, ¹0790954 дугаартай татварын гэрчилгээтэй автомашинуудыг битүүмжилсэн бөгөөд

“Тоёота ланд круйзер 105” маркийн автомашины түлхүүр 1 ширхэг “тоёота приус-20” маркийн автомашины түлхүүр 2 ширхэгийг, даатгалын гэрээ 1 ширхэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэзаяа, Д.Бат-Оргил нар нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 253 хоног цагдан хоригдсоныг тус тус  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.

Шүүгдэгч Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэмжээ зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.