Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 1757

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа  даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01356 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Буман дусал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Батмөнх, Д.Мэндбаяр нарт холбогдох

 

   Зээлийн гэрээний үүрэгт 20 365 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Жадамба,

Хариуцагч: Д.Мэндбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Батмөнх нь манай байгууллагад 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хандаж өөрийн эрхэлдэг мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн бизнест хөрөнгө оруулах гэж байгаа тул 50 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай олгохыг хүссэн. М.Батмөнхийн зээлийн хүсэлт болон бусад холбогдох бичиг баримттай танилцаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 39 дүгээр байрны 32 тоот орон сууцыг барьцаалж зээл болон барьцааны гэрээг байгуулж, 2014 оны 04 сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр 50 000 000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрөөс 36 797 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 38 861 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 202 200 төгрөг, нийт 75 860 200 төгрөг төлсөн болно. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Манай байгууллагын зүгээс М.Батмөнхөд хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд төлбөр тооцоог цаг тухайд нь төлж дуусгахыг шаардахад удалгүй төлнө хугацаа өгөөч гэж шалтаг тоочин өдийг хүрлээ. М.Батмөнх нь байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 13 203 000 төгрөг, хүүгийн төлбөр 6 037 700 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 124 300 төгрөг, нийт 20 365 000 төгрөгийг  хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч М.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2014 оны 4 сард эртний танил болох З.Батцэцэгээр зуучлуулан, түүний төрсөн ах болох З.Түмэндэмбэрэлийн "Буман дусал" ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай авсан бөгөөд гэрээний хугацаандаа төлж дуусгаагүй байгаа нь үнэн боловч өнгөрсөн хугацаанд өөрийн бололцоогоор цувуулан 75 860 200 төгрөгийг төлсөн байна. Зээл хариуцсан эдийн засагч Б.Саранцэцэгтэй байнга холбоотой байж, нөхцөл байдлаа хэлж, сүүлийн хэдэн жилд Монгол Улсад эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэж, энгийн ажил амьдралтай бидэнд халтай, арилжаа наймаа хумигдсан хэдий ч төлж дуусгахыг хичээж, захирлын дүү З.Батцэцэгтэй бас ярьж, барьсан байшин, бусад эд бараа хүртэл удаа дараа санал болгож байсан боловч зараад мөнгөө өг гэдэг байсан. Зээл төлөхөд хүнд байгаагаа удаа дараа хэлж, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хэд хэдэн удаа гаргасан боловч болохгүй гэсэн хариу авч байсан. Гэхдээ 2016 оны 03 сард 50 000 000 төгрөг төлөхөд 13 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн ба хүүгээ зогсоогоод өгөөч гэхэд боломжгүй 50 хувь хөнгөлье гэсэн хариуг эдийн засагч өгсөн. Тэгээд бас төлөх бололцоо гарахгүй өдий хүрсэн нь үнэн бөгөөд хэрүүл маргаангүйгээр 13 000 000 төгрөгийн үлдэгдлээс хойш хүүгээ зогсоогоод төлбөрийн янз бүрийн хэлбэрээр, тодорхой хугацаа тохироод төлөх боломжтой гэж бодож байгаа тул шүүхээр орох шаардлагагүй, өөрсдөө учраа олох эсвэл эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаагаар шийдэх боломжтой гэж бодож байна гэжээ.

 

            Хариуцагч Д.Мэндбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:Буман дусал ББСБ" ХХК-тай иргэн М.Батмөнх нь зээлийн үлдэгдэлээ төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байгаатай танилцлаа. Эцсийн төлөлт дуусах хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр юм байна. Хэрэв энэ хугацаанд төлж чадахгүй бол барьцаанд тавьсан миний байрыг зарж борлуулах замаар нэхэмжлэлийг хангана гэснийг би зөвшөөрөхгүй. М.Батмөнх энэ хугацаанд төлж дуусгана гэж ярьж тохиролцсон гэж ярьсан. Миний байрыг зарж борлуулахыг би зөвшөөрөхгүй. М Батмөнх өөрөө хариуцаж төлж барагдуулна биз гэжээ.

 

 

             Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Батмөнхөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 365 000 төгрөг /хорин сая гурван зуун жаран таван мянга/ гаргуулж, "Буман дусал ББСБ" XXК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Мэндбаярын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 39-32 тоотод байрлах, Ү-22020002421 улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 775 /хоёр зуун тавин есөн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 /хорин тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид 259 775 /хоёр зуун тавин есөн мянга долоон зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Буман дусал ББСБ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

  Хариуцагч Д.Мэндбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх бидний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрт М.Батмөнхийн зээлийн гэрээний дагуу 20 365 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэг цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь хариуцагч М.Батмөнх, Д.Мэндбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 365 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Мэндбаяр эс зөвшөөрч маргажээ.

 

            Зээлдэгч М.Батмөнх нь зээлдүүлэгч “Буман дусал ББСБ” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн төлбөрт 20 365 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 9-10 дугаар тал/                                 

                                                                                                           

            Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй болно.

 

            Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талууд зээлийн төлөлт хийх дарааллыг зээлийн гэрээний 2.1, 2.2-т нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл юм.

 

Иймд анхан шатны шүүх зээлдэгч М.Батмөнхөөс 20 365 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Буман дусал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.  Хариуцагч Д.Мэндбаяр нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 39-32 тоотод байрлах 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-тай барьцааны гэрээг байгуулсан, тэрээр уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд байгуулсан байна. Иймд хариуцагч Д.Мэндбаярын үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн  77.1-д заасан журмын дагуу мэдэгдсэн байх боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ