Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/631

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Энэрэл,

хохирогч: Б.Г,

шүүгдэгч: Л.А , Г.О /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Л.А , Г.О нарт холбогдох эрүүгийн 00000000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Л-гийн А /РД:0000000/

Монгол Улсын иргэн, ****оны * дугаар сарын **-ний өдөр ******* хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, ээж, аав, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон тоотод оршин суух хаягтай, урьд:

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн суллагдсан.

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн суллагдсан,

 

Д овогт Г-гийн О /РД:0000000/

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “В ” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хадам аав, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо Их нарангийн 3 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхон 1-41 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Л.А , Г.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О ” караокены гадаа:

 Л.А нь эхнэр Г.О-ийг зөөгч Б.Г-лтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, үсдэлцээд харилцан ноцолдож байхад нь Б.Г-ын дагз руу нь гараараа 1-2 удаа цохиж,

Г.О нь Б.Г-тай “чи миний нөхрийн толгойд хүрлээ” гэх зэргээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Б.Г-ын цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр цохисны улмаас Б.Г-ын эрүүл мэндэд нь “цээж, зүүн бугалга, баруун бугуй, баруун зүүн гарын ядам хуруу, баруун шилбэ, өвдөгт цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус бүлэглэн санаатай учруулсан гэмт хэрэгт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

-Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Г-аас гаргасан “...бусдад зодуулсан...” гэх гомдол, гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-р хуудас/,

-Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед эгч караокегоо нээсэн. Миний бие доод давхарт үйл ажиллагаа явуулдаг нийтийн халуун усны газар ажиллуулж байгаад 19 цагийн үед өөрийн оронд хүн суулгаад 19 цаг өнгөрч байхад караоке руу эгчид туслахаар орсон. Тухайн үед зааланд 4 ширээнд хүн суусан байсан бөгөөд намайг орох үед 3 давхрын буудал руу орж цэвэрлэгээ хийхээр явсан. Тэр хооронд би зааланд хүмүүст үйлчлэхээр байж байхад 6 дугаар ширээнд зүс таних А гэх эрэгтэй, эхнэрийн хамт, мөн Н гэх хүнтэй 0,75 литрийн Экс нэртэй архи уугаад сууж байсан. Тухайн хүмүүс урьд олон удаа орж ирээд үйлчлүүлж байсан болохоор зүс харсан юм. Тэгээд намайг зааланд явж байхад зүс таних Н /0000000/ гарч явах гэж байснаа намайг сайн уу гэхээр нь би сайн гээд караокены хаалгаар гараад мэнд мэдэлцээд буцаад орох гэхэд А гэх залуу үүдээр гарч таараад би танай караокег хаалгана шүү, танай караоке ажиллах ажиллахгүй надаас шалтгаална гэж хэлэхээр нь чи яахаараа мэддэг юм. Чи нэг биш удаа ийм зан гаргаж байна шүү, битгий давраад байгаарай гэж хэлсэн чинь би Сонгинохайрхан дүүргийн цагдаа нарыг мэднэ янхан минь, шоронд 10 жил болсон болохоор цагдаа нар намайг яаж ч чаддаггүй юм гэж хэлсэн. ...Угаасаа янхан ш дээ яагаад өмөөрөөд байгаа юм гэж хэлэхээр нь би Н-ыг хойш түлхээд шатаар доош буугаад А-г чи намайг янхандаж байхыг хаана харсан юм гэж хэлээд мөр хэсэг рүү түлхсэн чинь эхнэр нь чи миний нөхрийг цохидог хэн юм гэж хэлээд миний үснээс зулгааж доош дарсан. Би өөдөөс нь нөгөө эмэгтэйн үснээс адилхан зулгаан доош дарж бид 2 газар өвдөглөөд суусан чинь А гэх залуу чи миний эхнэрийг зодлоо гээд миний толгойн ар хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж үснээс зулгааж толгой руу хөлөөрөө дэвсээд байсан. Мөн миний зүүн хөл, гар луу өшиглөөд байхаар нь орилоод Н энэ хүмүүсийг аваач гэхэд Н А болиоч гэж хэлээд салгасан. Тэгтэл А түүнтэй маргалдаад эхэлсэн чинь эхнэр нь миний үснээс тавихгүй болохоор нь би чи эхлээд тавьчих, тэгэхээр нь би тавина гэж хэлээд бид 2 салсан. Тэгэхэд манайхаар үйлчлүүлдэг нэг залуу караокены үүдэнд гараад ирсэн зогсож байхаар нь ороод Бямбаа эгчийг дуудаад ир гээд оруулсан. Тэр үед эхнэр нь чи миний нөхрийг цохидог хэн бэ гээд дахин үснээс зулгааж байхад эгч гарч ирээд салгасан. Тэгээд эгч цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний толгойд учирсан гэмтлүүдийг А-гийн эхнэртэй намайг харилцан үсдэлцээд доош тонгойсон байх үед А гараараа хүчтэй 1-2 удаа цохиж гэмтээсэн. Баруун зүүн гарын ядам хурууны гэмтлийг би үсдэлцэж зууралдаж байх үедээ баруун шилбэ өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг үсдэлцээд газар суух үедээ өөрөө учруулсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16, 18-р хуудас/,

- Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А текний хажууд очиж тэр ажиллуулж байсан хүмүүстэй юм яриад зогсож байтал Бямбаагийн дүү эмэгтэй алгадаад цохиод унахаар нь О бид хоёр явж очоод О манай нөхрийг яагаад цохиод байгаа юм бэ гэж асуухад уг эмэгтэй намайг гичий гэж хэлсэн гэхээр нь эхнэр нь А-т  чи яагаад ингэж хэлсэн юм гэж хэлээд бид ширээндээ буцаж суугаад үлдэгдэл архийг ууж дуусаад би эхэлж гараад гадаа хүлээж байхад уг эмэгтэй О хоёр үсдэлцээд хаалгаар гараад ирсэн тэгээд би А-тай  хамт хажуунаас нь салгах гэхэд салахгүй байсан тэгээд уг караокены эмэгтэй гарч ирж салгаад А эхнэртэйгээ явсан би тэнд явж байсан дүүтэйгээ хамт уг караокед орж 2 шил пиво уучаад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,

-гэрч Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Караокены эмэгтэй нэг эмэгтэй хүнтэй маргалдаад гараад ирсэн караокены эмэгтэй, нөгөө эмэгтэй хоёр үүдэнд хоорондоо хэрэлдээд нэг нэгнийхээ үснээс зулгаагаад авсан. Тэгтэл караокены эмэгтэй дээрээс хүн дуудаарай гэж хэлэхэд нь би дээшээ гараад караоке ажлуулдаг эгчид танай үүдэнд хоёр эмэгтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч гараад явсан. ...Тэр хоёр эмэгтэй орилоод л үснээсээ зулгаацалдаад байсан. Нэг нэгнийхээ үснээс гараараа зулгаалцсан доошоо тонгойсон байдалтай байсан. Караокены зөөгч эгч хүн дуудаарай гэж хэлэхэд нь би дээшээ гараад караокены эзэнд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53-р хуудас/,

-гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гадаа гарахад манай дүүг А гэгч залуу манай дүү Г-ыг доош нь үсдээд дарж байхаар нь боль гээд би А-г эмэгтэй хүнийг ингэж болохгүй гээд гараараа цохисон чинь тавьсан. Тэгээд эхнэр нь дайраад манай дүүг дахиад цохиод үсдээд авахаар нь би дахин салгасан. ...тэгээд тэр дор нь цагдаа дуудаад утсаар залгасан чинь А эхнэртэйгээ хамт машинд суугаад зугтаагаад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

“...1. Б.Г-ын биед цээж, зүүн бугалга, баруун бугуй, баруун зүүн гарын ядам хуруу, баруун шилбэ, өвдөгт цус хуралт, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41-р хуудас/,

-Шинжээч эмч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дагзны хуйхны цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл гэрч, хохирогчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

-Шүүгдэгч А-ын яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухаарч байна...” гэж /хавтаст хэргийн 71-р хуудас/ мэдүүлж байсан,

-Шүүгдэгч Г.О-эгийн яллагдагчаар өгсөн:  “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж /хавтаст хэргийн 79-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр халуун усаа хаагаад дээшээ гарч байтал энэ хэд орж ирээд суусан байсан. Н-тай мэндэлчихээд буцаад ортол А гарч ирээд түрүү жил байсантайгаа адилаар танайх онцгүй болчихож, танайх хаалгах нь надаас шалтгаална. Би 10 жил шоронд суусан учраас цагдаа нар бүгд намайг танина би Сонгинохайрхан дүүргийн цагдаан нарыг атгасан гэж хэлсэн. Тэгээд намайг янхан, банзлаар дуудаад шатаар буухаар нь миний уур хүрээд нэг удаа цохитол эхнэр нь намайг үсдээд доошоо суусан. Тэгж байтал А намайг цохих гэж байгаад андуураад эхнэрийнхээ толгой руу нэг удаа цохисон. Эхнэр нь орилоход миний толгой руу 2-3 удаа цохиод хажуу талаас өшиглөсөн. Би сүүлдээ Н-ыг наадахаа болиулаач гэж хэлсэн. Эхнэрт хэлж тавиулаад үүдэнд хүн гараад ирэхээр нь манай эгчийг дуудаад өг гэж хэлсэн. Эгч гарч ирээд А чи яаж байгаа юм бэ гэхэд А Бямбаа эгчээ гэхэд эхнэр нь хажуугаас нь нөхөртөө чи яагаад та гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед манай эгч нөхрөө алдаад удаагүй, сэтгэл санааны хямралтай байхад ирээд манай эгч рүү чи нөхрөө алсан биз дээ янхан минь гэж хэлсэн. Энэ хугацаанд нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй. Маргааш нь эхнэр нь манай эгч рүү залгаад уучлаарай эгчээ согтуу байсан гэж хэлсэн байсан. Манай эгч эхнэрт нь эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдсан бол юм хэлэхгүй, нөхөр чинь яагаад ингэж хандсан юм бэ гэж хэлсэн байсан. Эхнэр нь нөхрийгөө манай караоке руу ороход хэнтэй нь мэдэгдэхгүй харддаг гэж хэлсэн байсан. Энэ хоёрын хувьд нэг ч удаа уучлалт гуйж ирээгүй бөгөөд найзууд нь орж ирээд манай найз эхнэр нь 2 ихэр хүүхэдтэй гомдолгүй гээд хэлчих гэж хэл амаар доромжилсон. Найз Н нь чи 100.000 төгрөг авах гээд байгаа юм уу, тэрийг чинь би өгчихье гэж удаа дараа хэл амаар доромжилсон. Тэр өдөр зодоон болсны дараа цагдаа иртэл байж байгаарай гэж хэлтэл бүгд яваад өгсөн. Би дуудлагаар ирсэн 2 цагдаатай шүүх эмнэлэг рүү явах хооронд дахин хувцсаа тайлсан орж ирсэн байсан. Манай эгч чи цагдаа иртэл байж бай гэж хэлтэл эргэж гараад зугтаад явсан байсан. Тэр өдрөөс хойш 10 хоног ажлаа хийгээгүй. Эгчтэйгээ хоёулаа өр зээл төлөх гээд ажиллаж байгаа. Би өдрийн 70.000 төгрөгөөр цалинждаг 4, 5 хоног бариачаар өдрийн 4 удаа 20.000 төгрөгөөр бариулсан. Иймээс 780.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч А-ын хувийн байдлын хувьд А-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 114-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 115-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 116-р хуудас/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хавтаст хэргийн 117-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 118-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 119-р хуудас/, депизот дансны хуулга 120-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81-р хуудас,

Шүүгдэгч Г.О-ийн хувийн байдлын хувьд тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 100-р хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 101-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 102-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 103-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 104-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80-р хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.А нь бүрэн дунд боловсролтой, шүүгдэгч Г.О нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Г-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, шүүгдэгч Л.А , Г.О нарын үйлдэл нь “хувийн таарамжгүй харьцаа” буюу маргалдсаны улмаас хохирогч Б.Г-ын цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө хөл рүү нь өшиглөх, үснээс нь зулгааж байгаа зэрэг үйлдлүүд нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.А , Г.О нар санаа зорилгоороо нэгдэж, үйлдлээрээ бие биенээ дэмжин, хохирогч Б.Г-ын биед халдсан зэрэг нөхцөл байдал нь бүлэглэсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасантай нийцэж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.А , Г.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт баримтаар 207,400 төгрөгийн нэхэмжилснийг шүүгдэгч нар төлсөн байх бөгөөд “эмчилгээний зардал 780,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Гэвч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан тул төлбөр гаргуулахаар тооцох бичгийн баримтаа хохирогч хэрэгт болон шүүх хуралдаанд гаргаагүй тул хэлэлцэхгүй орхив.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийг үг хэлээр доромжилсных нь төлөө биед халдсан зүй бус үйлдэл харагддаг. Шүүгдэгч Л.А , Г.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон, 6.6 дугаар зүйлд заасныг харгалзан үзсэн. Шүүгдэгч Г.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй байдлаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч А-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзсэн учраас торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Л.А , Г.О нар нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.А , Г.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг /ажил хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгч Г.О нь жирэмсэн/ тогтоосон бөгөөд тэдний ам бүлийн байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, үйлдлийн арга барил, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал шүүгдэгч Л.А-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,

   шүүгдэгч Г.О-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзсэн тул уг ял шийтгэлийг оногдуулав.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.А , Г.О нар нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Л-гийн А, Да овогт Г-гийн Ог нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Л.А- 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч Г.О-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Л.А , Г.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА