Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Х.Энхтуул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ш, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ургийн овогт Б Ад холбогдох эрүүгийн 2235000560050 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, програм хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 36 айлын орон сууцны 3-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д ургийн овогт Б А. /Регистрийн дугаар: ОН85041073/.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.А нь 2007 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200727802 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр томилогдож, улмаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл уг дипломыг ашиглаж, 81,936,960 төгрөгийн хууль бус орлого олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000560050 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтуудыг (хавтаст хэргийн 08-34 дүгээр тал),

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/268 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтуудыг (хавтаст хэргийн 40-42 дугаар тал),

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтуудыг (хавтаст хэргийн 44-48 дугаар тал),

-Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл, баримтуудыг (хавтаст хэргийн 51-55 дугаар тал),

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримт хүлээн авсан /Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн/ тэмдэглэл баримтуудыг (хавтаст хэргийн 56-76 дугаар тал),

-Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай албан тоот, хавсралт баримтуудыг (хавтаст хэргийн 77-85 дугаар тал),

-2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 91-92 дугаар тал),

-Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 94, 111 дүгээр тал),

-2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 98 дугаар тал),

-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Лхагва-Очирын хохирлын тооцоо гаргасан баримтыг (хавтаст хэргийн 138 дугаар тал),

-2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрч Ш.Зын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав:

-2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 79-85 дугаар тал),

-Увс аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/268 дугаартай албан тоотыг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

-Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн /төгсөлтийн хонхны баярын гэрэл зураг, монтаж/ нотлох баримтуудыг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технилогийн их сургуульд 2003 оноос 2007 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд суралцаж байсан боловч албан ёсоор улсын шалгалт өгөөгүй, дипломын ажил бичиж хамгаалаагүй, төгсөөгүй атлаа тус сургуулийн “Компьютерийн програм хангамж” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн гэх Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200727802 дугаартай хуурамч дипломоор 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээллийн технологийн ажилтнаар тус дипломыг ашиглан ажиллаж байсан болох нь:

-Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 121 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд (хавтаст хэргийн 08-34 дүгээр тал),

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэн Б А /ОН85041073/ нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг 2007 онд төгссөн талаарх мэдээлэл байхгүй, D200727802 дугаартай бакалаврын диплом нь “Компьютерийн програм хангамж” мэргэжлээр өөр хүнд олгогдсон талаар манай газрын болон тус сургуулийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна” гэх 06/268 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 40-42 дугаар тал),

-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд (хавтаст хэргийн 44-48 дугаар тал),

-Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан “О овогтой Б Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгссөн бакалаврын дипломыг хуулбарлан авав. 4 хуудас” гэх тэмдэглэл, баримтууд (хавтаст хэргийн 51-55 дугаар тал),

-Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримт хүлээн авсан “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн” тэмдэглэл баримтууд (хавтаст хэргийн 56-76 дугаар тал),

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79-85 дугаар тал),

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шын “Миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Танай цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/1558 дугаартай албан бичгийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Б.А нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар томилогдсон бөгөөд тухайн хугацаанаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Уг хүн нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “Өөр ажилд шилжин ажиллах болсон тул өнөөдрийн дотор ажлаас чөлөөлж өгнө үү? ажлаа хүлээж авна уу? амралтын өдөр Улаанбаатар хот руу явахаар болсон” гэсэн хүсэлтийг миний нэр дээр өгсөн бөгөөд би тухайн өдөртөө хүсэлтийн дагуу Б.Аыг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Б.А нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа байгууллагаас 81,936,960 төгрөгийн цалин, хөлс авсан байна. Иймд манай байгууллагад учирсан хохирлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу Б.А гэх хүнээс гаргуулж өгнө үү гэж хүсмээр байна. Манай хэлтэст мэдээлэл технологийн ажилтан гэсэн албан тушаал нэг байдаг бөгөөд бусад ажилчид ажлыг нь орлон гүйцэтгэх боломж байдаггүй. Уг хүн нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бариад манай өрөөнд орж ирэхээр нь миний бие “Одоо хаана ажиллах гэж байгаа юм бэ? ажлаа солих асуудлаа сайн бодож үзсэн үү?” гэж асуухад Б.А “би бодож үзсэн, намайг өнөөдрийн дотор та ажлаас чөлөөлөөд өг” гэж гуйсан. Тухайн үед миний бие “чиний ажлыг маш мэдэх ажилтан манай хэлтэст байхгүй. Чиний албан тушаалд дараагийн хүн томилогдвол хэлтсийн албан ёсны фейсбүүк хуудасны нууц кодыг хэлж өг” гэхэд Б.А зөвшөөрсөн. Шинээр мэдээлэл технологийн ажилтан ажилд авсан. ...Б.А нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллахдаа төрийн үйлчилгээний 7.1-ээс 7.3 дугаар зэрэглэлээр цалин, хөлс авсан байсан. Уг ажилтан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд жилийн эцсээр үйл ажиллагааны бичмэл тайланг нь авч үнэлэж, дүгнэдэг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар тал),

-Гэрч Б.Мын “Б.А нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл технологийн ажилтнаар ажиллаж байсан. Уг хүн нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ТҮ-ийн зэрэглэлийн 7.1 дэх шатлалаар, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ТҮ-ийн зэрэглэлийн 7.2 дахь шатлалаар, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ТҮ-ийн зэрэглэлийн 7.3 дахь шатлалаар цалин хөлс авч байсан. Б.А нь 2012 оноос 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэп хугацаанд тасралтгүй 9 жил 11 сарын хугацаанд тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажилласан байна. Улсын бүртгэлийн хэлтсээс Б.А нь 81,936,960 төгрөгийн цалин, хөлс авсан байх бөгөөд уг мөнгийг задалж авч үзвэл 66,738,096 төгрөгийн цалинг гар дээр бэлэн авсан, 6,613,202 төгрөгийг цалингийн ашигт төлсөн, 8,585,652 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна. ...Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлд 5 сая гаруй төгрөгийн өглөгтэй байгаа, бусад шимтгэлийн төлбөрийг төлсөн байгаа. Тийм учраас ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй мэтээр харагдаж байгаа. 5 сая гаруй төгрөгийн өглөг буюу өрийг Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 4 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар төлөвлөж байгаа. Төлбөрийг төлөхдөө байгууллагын зүгээс төлөлт хийдэг, ажилтан нэг бүрээр төлөлт хийхгүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллийн санд хүн нэг бүрээр мэдээллийг илгээдэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94, 111 дүгээр тал),

-Гэрч Д.Эгийн “Увс аймагт 2009 онд Улсын бүртгэлийн хэлтэс шинээр байгуулагдахад миний бие даргаар томилогдсон бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарахаар өөрийн ажлыг хүлээлгэн өгсөн. ...Монгол Улсын Засгийн газраас бүртгэлийг төгөлдөржүүлэх зорилгыг 2009 оны орчимд тавьсан. Уг зорилгын хүрээнд 2012 оны орчим иргэний шинэчилсэн бүртгэлийг Увс аймагт зохион байгуулах шаардлага гарч байсан юм. Одоо бодоход энэ ажилд шаардлагатайгаар мэдээлэл технологийн ажилтаны албан тушаалтан чухал болж ирсэн бөгөөд би энэ албан тушаалд томилох зорилгоор мэргэжлийн хүн хайж эхэлсэн. Тухайн үед манай хэлтэст ажиллаж байсан П.Г гэх нэртэй хүн “А гэж залуу байна. Энэ хүн нь мэдээлэл технологийн мэргэжилтэй” гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. ...Би ингэж анх Атай утсаар холбогдсон бөгөөд Увс аймагт ирж надтай уулзсаны дараагаар уг залууг Улсын бүртгэлийн хэлтэст технологийн ажил хариуцсан албан тушаалтнаар ажилд авч байсан. ...Миний бие хүнийг ажилд томилохдоо дипломыг өөрөөр нь канондуулж авдаг байсан бөгөөд дипломын хуулбарыг дипломтой нь тулгаж үздэг байсан. Яг энэ жишгээр Б.Аыг ажилд томилохдоо дипломыг нь хуулбартай нь харьцуулж үзсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар тал),

-Гэрч Ш.Зын “...Би О.Бийн эхнэр нь байгаа юм. Б.А гэдэг хүнийг огт танихгүй. О.Б бид хоёр гэр бүл болоод 14 жил болж байна. Миний нөхөр О.Б нь 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник хангамжийн сургуулийн програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байгаа. Надад О.Бийн их сургууль төгссөн диплом байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 165 дугаар тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

-Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Би Шинжлэх ухаан, технологийн сургуульд 4 жил сурсан. Төгсөлтийн хонхны баяртаа хүртэл оролцсон. Сургууль төгссөн монтаж, гэрэл зургууд нь байгаа. Сургууль төгсдөг жил буюу 2007 онд манай 2 дүү оюутан болж хотод ирсэн. Тиймээс ажил хийж мөнгө олох гээд сургуульдаа сүүлдээ яваагүй. Төгсөх үед хэдэн хичээлийн кредитийн өртэй болсон байсан. Тэгэхэд манай дээд курсийн ах болох Ж.Б гэгч нь “Сургалтын албанд таньдаг хүн байгаа, ярьж хэлээд дипломыг чинь гаргуулж өгөхийг бодъё” гэсэн. Тэгээд дараа нь “нөгөө ажлыг чинь бүтээчихлээ, сургалтын төрийн сангийн зээлээ төлчихвөл дипломыг чинь гаргаж өгөх боломж байна” гэхээр нь 1,500,000 төгрөг өгөөд дипломоо 2007 оны намар гаргуулж авсан. Тэгэхэд надад хуурамч диплом өгсөн гэж би огт мэдээгүй. Албан ёсны диплом байна гэж бодсон. Энэ талаар сүүлд мэдсэн. Хэрэв дипломоо хуурамч гэдгийг мэдсэн бол дахин сургуульд суралцаж бакалаврын боловсрол эзэмших боломж байсан” гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.А нь хуурамч дипломтой байсан гэдгээ яллагдагчаар татагдах үедээ мэдсэн. Сургуульдаа 4 жил суралцсан. Тэгээд тодорхой шалтгааны улмаас сургуульдаа сүүлийн саруудад явж чадаагүй байдаг. Тэгээд Ж.Б гэх хүн сургалтын албаны эрх бүхий албан тушаалтантай ярилцаад дипломыг нь аваад өгчихсөн л гэж бодож явсан байдаг. Ж.Б гэх хүнийг энэ хэрэгт гэрчээр асуух ёстой байсан. Энэ хүн хуурамчаар диплом үйлдээд Б.Ад өгсөн байхыг үгүйсгэхгүй. Энэ ажиллагааг хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн. Гэвч шүүх хүлээн аваагүй. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж гэрчийг асууж өгнө үү” гэж,

-улсын яллагчаас “шүүгдэгч Б.Ааас “та улсын шалгалт өгсөн үү?” гэхэд “үгүй” гэж хариулсан, “та дипломын ажил бичсэн үү, хэрэв бичсэн бол ямар нэртэй дипломын ажил бичсэн юм бэ?” гэж асуухад мөн л “үгүй, би дипломын ажил бичээгүй” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөхдөө улсын шалгалт өгөөгүй, дипломын ажил бичиж, түүнийгээ хамгаалаагүй буюу албан ёсоор төгсөөгүй гэдгээ мэдэж байсан атлаа гэнэт гар дээрээ дипломтой болчихсон асуудлаа хуурамч диплом гэдгийг мэдээгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна. Дипломын дугаараар нь шүүж үзэхэд О.Б гэдэг хүний нэр дээрх диплом болох нь тогтоогдсон, харин шүүгдэгчийн нэр дээр бакалаврын боловсролын диплом байхгүй, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хуурамч диплом ашиглаж ажилд орж 9 жил 11 сар ажилласан болох нь тогтоогдож байна. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Ж.Б гэгчийг асуух шаардлагагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.А хуурамч диплом гэдгийг мэдээгүй гэж байгаа боловч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Б овогтой А /Оюутны код: D.SW03D148/ Компьютерийн техник, менежментийн сургуульд Компьютерийн програм хангамж мэргэжлээр 2003-2004 оны хичээлийн жилд элсээд 2006-2007 оны хавар хүртэл суралцаж байгаад сургуулиас хасагдсан болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар тал), оюутны дүнгийн хуудас (хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь 2003 оноос 2007 оны хавар хүртэл хугацаанд 4 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцсан боловч сургууль төгсөх үедээ сургуулиас хасагдсан, сургуулиа албан ёсоор төгсөх боломжгүй болсон гэдгээ мэдэж байсан. Нөгөөтэйгүүр өөрийн хамгаалаагүй дипломын ажлын сэдэвтэй /“Гар утас дээрх толь бичиг” гэх/, өөрийн цуглуулаагүй кредит оноо, дүнтэй дипломыг хууль ёсны буюу хуурамч биш гэж ойлгож хүлээн авч байгаа нь бодит байдалтай нийцэхгүй буюу мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь дээд дамжааны оюутан Ж.Б гэгчид 1,500,000 төгрөг өгч дипломоо гаргуулж авсан талаар мэдүүлдэг /диплом гаргаж өгөх эрх мэдэл бүхий албан тушаалтан биш/ тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэж Ж.Б гэгчийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглах үйлдлийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг нь агуулдаг бөгөөд удаарширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D200727802 дугаартай хуурамч дипломыг ашиглаж Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлэл технологийн ажилтнаар 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж цалин авч байсан бөгөөд хуурамч дипломыг ашиглах гэмт хэрэг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр таслан зогсоогдсон буюу гэмт хэрэг төгссөн байна. Тиймээс уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Б.А нь 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Нийт 9 жил, 11 сар тасралтгүй ажилласан бөгөөд ажлаа хангалттай үнэлгээтэй хийж, ажил хөдөлмөртөө тохирсон цалин хөлсөө авч ажиллаж байсан. Хэрвээ өөр хэн нэгэн тухайн албан тушаал дээр ажиллаж байсан бол мөн хэмжээний цалин хөлсөө аваад ажиллах байсан. Тиймээс манай байгууллагад хохирол учраагүй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргажээ.

Шүүгдэгч Б.А нь хуурамч диплом ашиглаж Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл технологийн ажилтнаар ажиллахдаа нийт 81,936,960 төгрөгийн цалин хөлс авсан байх бөгөөд уг мөнгийг задалж авч үзвэл 66,738,096 төгрөгийн цалинг гар дээр бэлэн авсан, 6,613,202 төгрөгийг цалингийн ашигт төлсөн, 8,585,652 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 94, 111 дүгээр тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Шаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 56-76 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 79-85 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол хор уршгийг нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараахь байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Аын хувийн байдлын талаар гэрч П.Гын “Б.А нь намайг 7 дугаар ангид Цогцолбор 1-р сургуульд суралцаж байхад манай ангид шилжиж ирсэн түүнээс хойш найзалж нөхөрлөж байна. Б.А нь тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт эхнэр хүүхдүүдийн хамтаар оршин сууж амьдардаг, 4 хүүхэдтэй. Б.А нь айлын 3 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 ах, 1 эгчтэй, доороо 2 дүүтэй. Хүүхэд байхдаа найз Б.А нь төлөв даруухан, үг дуу цөөтэй, математикийн хичээлд сайн, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, нийтэч, эелдэг боловсон харилцаатай, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Тус аймгийн Түргэн сумын гаралтай, Улаанбаатар хотод байхдаа уулзаж, сумын нэрэмжит тэмцээнүүдэд хамтарч оролцож явж байсан. ...Одоо тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр Увс аймгийн Түргэн сумаас сонгогдон ажиллаж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дугаар тал), гэрч Г.Жгийн “...Манай нөхөр Б.А нь тус аймгийн Улаангом сумын нутагт байнга оршин сууж амьдардаг, дээд боловсролтой, компьютерийн програм хангамжийн мэргэжилтэй, хөдөлмөрийн дээд сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хүн юм. Б.А бид хоёр 2013 онд гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. ...Ажиллаж байх хугацаандаа манай нөхөр Б.А маш их ачаалалтай ажиллаж байсан. Одоо цахимжиж байгаа энэ үед програм хангамжийн инженерийн ажил хамгийн хэрэгцээтэй ажил болоод байгаа, тиймээс ч ар гэрээ орхиод хөдөөгүүр томилолтоор явах, илүү цагаар сууж ажиллах зэрэг тохиолдол их байсан. Б.А зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зан аашгүй, үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, миний үгнээс гардаггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайтай, аав хүний үүрэг, ханийн үүрэг маш сайн гүйцэтгэдэг, зөв хүмүүжилтэй, хүнд тусархаг, ямар нэг муу зуршилгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 137 дугаар тал), 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 168 дугаартай Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр шүүгдэгч нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдалд хамаарахгүй байна. Мөн шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэн ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал биш юм.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул 2,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас үйлдэж олсон ашиг орлого болох 81,936,960 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийг нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хувьд түүнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж байсан тул ашиг орлого олсон гэж үзэхгүй байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

Иймд шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нь хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан ажилд томилогдсон бөгөөд энэхүү хууль бус үйлдлийн улмаас хууль бусаар орлого олж амьдарсан байна. Хэрэв шүүгдэгч Б.А нь хуурамч диплом ашиглаж уг албан тушаалд томилогдоогүй бол хууль ёсоор сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн өөр хэн нэг хүн хууль ёсоор уг ажилд орж, шударгаар хөдөлмөрлөж цалин хөлс буюу баялагийг хүртэх байсан. Иймд түүнийг хууль бус үйлдлийн улмаас хууль бусаар хөрөнгө орлого олсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг түүний гарт нь олгогдсон цалингийн хэмжээгээр буюу 66,738,096 /жаран зургаан сая долоон зуун гучин найман мянга ерэн зургаа/ төгрөгийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ургийн овогт Б Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ад оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох түүний гарт олгогдсон нийт 66,738,096 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН