Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогч *******************,

Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2238000000105 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө Батсүх гэж танилцуулан хохирогч *******************мах зарна гэж 88760137 дугаарын утсаар холбогдон 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг тус тус Хаан банкны 5915080404 дугаарын дансанд шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч *******************нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө Батсүх гэж танилцуулан хохирогч *******************мах зарна гэж 88760137 дугаарын утсаар холбогдон 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг тус тус Хаан банкны 5915080404 дугаарын дансанд шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  2238000000105 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад мөнгөний хэрэг болоод Цагааннуур сумын нэгдсэн зарын групп дээр мал мах авна гэсэн зар байсныг утасны дугаарыг нь тэмдэглэж аваад 89474939 гэсэн дугаар луу өөрийн 88760137 гэсэн дугаараас хойд аав болох Батсүх байна гэж холбогдож мал мах авах талаар асууж тодруулахад мал мах авна гэхээр нь би хонь, ямаа үхрийн мах өгнө гэж худал ярьж 5915080404 гэсэн өөрийн эзэмшлийн данс руу урьдчилгаа мөнгө гэж 1,000,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлж авсан тэгээд маргааш өглөө нь нөгөө хүн рүү яриад дахин 850,000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед би Рэнчинлхүмбэ суманд хөдөө байна. Хөдөөнөөс махаа оруулж өгнө гэж ярьсан. Тэгэхэд нөгөө мөнгө шилжүүлж авсан хүн аймгийн төвөөс сум руу гарах гэж байна. Намайг махаа сумын төвд оруулаад ирээрэй гэж яриад гарсан байсан. Би тухайн үед Рэнчинлхүмбэ суманд байгаагүй. Мөрөн суманд байсан. Тэр хүн орой суманд очоод над руу 3 удаа залгасан байсан. Би согтуу байсан учир утсаа аваагүй. Тэгээд би тэр орой нь 88760137 дугаартай гар утсаа согтуу явж байгаад хаясан байсан. Тэгээд нөгөө хүнтэй холбогдож чадаагүй юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 02 сарын 20-ны өдөр миний өөрийн 89474939 дугаарын гар утас руу Ренчинлхүмбэ сумаас ярьж байна. Намайг Батсүх гэж хүн байна. Манайх 2 дугаар багт амьдардаг. Надад 4 үхэр, 82 тооны хонь ямааны мах байна. Үнэ ханш нь хэдтэй байна гэж асуухаар нь ямааг нь 6000, хонь 7000, үхрийн махыг 8700 мянган төгрөгөөр газар дээр очиж авч болно гэж хэлсэн чинь эргээд холбогдъё гээд утсаа салгасан. Тэгээд цаг гарангын дараа хүн амьтантай ярьж хөөрлөө ирж авна гэвэл би хөдөөнөөс махаа оруулж өгч болно гэж хэлээд манай хүүхэд энэ хавар хурим найрын ажилтай тийм болохоор хотод гэрийнхээ тавилга эд зүйлсийг бэлдэж яваа юм мөнгө төгрөг дутаад байх шиг байна. ******************* гэсэн данс байгаа гээд 5915080404 дугаарын данс хэлэхээр нь тэр данс руу нь 1,000,000 төгрөг явуулсан. Маргааш нь над руу залгаад би багийн төвөөс сумын төв рүү хоёр машинтай гарч байна. Чи хурдан гар би махаа өгчхөөд буцаад хурдан гармаар байна гэж хэлсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад дахин залгаад нөгөө хүүгийн данс руу 850,000 төгрөг явуулчих би төв дээр хүлээж байя гэхээр нь нөгөө данс руу 850,000 төгрөг хийгээд гарсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Рэнчинлхүмбэ сум орсон. Ороод нөгөө гар утас руу залгахад дуудаад авахгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг болж байхад босоод хөдөөний хүн яарч байгаа байх гэж бодоод утас руу нь залгасан чинь холбогдохгүй байна гээд байсан. Тэгээд сумын төвөөр Батсүх гэж сураглаж өөрийнх нь дугаарыг олж аваад залгасан чинь наадах чинь манай хүүхэд байна. Надад ямар нэгэн мах байхгүй наад хүүхэд чинь чамайг хулхидсан байна. Чи ажлаа бодоорой надад төлөх чадвар байхгүй шүү гэхээр нь байдал бишдээд сумын цагдаагийн хэсэг дээр очиж бүртгүүлсэн юм...*******************данс руу шилжүүлсэн мөнгөө бүрэн бүтэн гаргуулж авмаар байна. Мөн дээрээс нь сум руу ирж очсон бензиний мөнгө болох 300,000 төгрөг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхболд нь манай хүү байгаа юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд гэр орондоо байхгүй гадуур янз бүрийн хүнээс мөнгө төгрөг, эд бараа ээж аавынхаа нэрийг барьж залилаад байгаа. Тэр хүмүүс нь над руу залгаад мөнгө төгрөг нэхдэг. 2022 оны 02 дугаар сарын дундуур миний утас руу Намхай гэдэг хүн байна гэж залгаад мал махаа авъя Рэнчинлхүмбэ суманд ороод ирсэн байна гэж над руу залгасан. Тэгэхээр би юун мал мах вэ хэн гэдэг хүн хаанаас ярьж байна гэсэн чинь, та өөрөө надад мах өгий гээд урьдчилгаа мөнгө аваа биз дээ, манай хүү хурим найр хийх гээд байна. Шинэ гэрийнхээ юмыг бэлдэж яваа надад мөнгө яаралтай хэрэг болоод байна гээд манай хүүгийн данс Мөнхболд гэсэн данс руу хийлгэсэн биз дээ. Тэгээд тухайн үед таны ярьсан дугаар чинь холбогдохгүй би таньдаг хүнээсээ энэ дугаарыг чинь аваад ярьж байна гэсэн. Тэгэхээр нь би манай хүү Мөнхболд ярьж мөнгө төгрөг авч хулхидсан байх гэж бодоод тухайн Намхайрагчаа гэдэг хүнд манай хүү Мөнхболд байх гэж хэлээд хуулийн байгууллагад ханд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч Х.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хамгийн том хүүхэд байгаа юм. Зан ааш нь их хурц, гэртээ байдаггүй, энд тэнд явж байдаг юм. 4-р анги төгссөн. Цэрэгт яваад ирсэн. Их сэргэлэн хүн байгаа юм. Сүүлдээ буруу сэргэлэнтээд хүмүүсийг залилсан байна... Мөнхболдод өгөх мөнгө төгрөг байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхболд их сэргэлэн хүүхэд байсан. Би бага байхад нь хурдан морь унуулдаг байсан...Мөнхболдыг сурч ирсэн тэр эмэгтэй хэлэхдээ мөнгө залилж авсан талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Хохирогч *******************гийн Хаан банкны 5507011239 дугаарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 40-41-р хуудас),

Шүүгдэгч *******************Хаан банкны 5915080404 депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 42-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44-46, 50-52, 54-61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000105 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******************нь 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийгөө Батсүх гэж танилцуулан хохирогч *******************мах зарна гэж 88760137 дугаарын утсаар холбогдон 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 850,000 төгрөг тус тус Хаан банкны 5915080404 дугаарын дансанд шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч *******************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч *******************(хх-ийн 23-24-р хуудас), гэрч Х.Отгонбаярын (хх-ийн 26-27-р хуудас), гэрч *******************(хх-ийн 29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч *******************гийн Хаан банкны 5507011239 дугаарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 40-41-р хуудас),

Шүүгдэгч *******************Хаан банкны 5915080404 депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 42-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Залилах гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************д 1,850,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч *******оос 1,850,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******************д олгох нь зүйтэй байна.

Хохирогч ******************* сум руу ирж, очсон бензиний мөнгө 300,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрлүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******************нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44, 54-61-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *******************нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 22 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 2238000000105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ************* 1,850,000  (нэг сая найман зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******************д олгосугай.

      6. Эрүүгийн  2238000000105  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч ******************* нь сум руу ирж, очсон бензиний мөнгө 300,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР