Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0015/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Од холбогдох эрүүгийн 2018004390400 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.О /РД: /, 1994 оны 02 дугаар сарын 25-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Замчны ** дугаар гудамжны ** тоотод байх иргэн С.Сын байшингийн цонхоор нэвтрэн орж 720.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аяга авсан, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчидийн ** дүгээр гудамжны ** тоотод байх иргэн У.Дгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 220.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хос шармал бөгж, хос шармал ээмэг зэргийг авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Огийн өгсөн: ...Тухайн үед архи уусан байсан болохоор “хулгай хийж архи ууя” гэж бодоод эхлээд С.Сын гэрийн цонхоор орсон, дараа нь У.Дгийн гэрийн цоожийг чулуугаар цохиж эвдээд орсон. С.Ст 720.000 төгрөгийн, У.Дд 220.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Сын өгсөн: ...ажлаа тараад гэртээ ирэхэд цонхны салхивч онгорхой, доор нь хүний гутлын мөр гарсан, гал тогооны шүүгээнд байсан 4 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Миний хохирлыг төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

Хохирогч У.Дгийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 29-ний орой гэртээ ирэхэд хашааны хаалга хүн орох зайны онгорхой, гэрийн хаалга цоож нь байхгүй хаалттай байсан. Гэр дотроо ороход эд зүйл эмх замбараагүй, хувцаснуудыг шүүгээнээс гаргаад шидчихсэн, авдрын таг онгорхой, доторх эд зүйлүүдийг тараачихсан байсан. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс, гоёлын ээмэг, бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

Гэрч Ч.Чийн өгсөн: ...2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр О “4 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс зармаар байна” гэж хэлэхээр нь би “хаанаас авсан юм бэ?” гэж асуутал “Дархан сумын 7 дугаар багт байрлах нэг айлын вакум цонхыг түлхэж ороод 4 ширхэг мөнгөн аягыг авсан, нэг айлын монгол гэрийн хаалгыг эвдэж ороод мөнгөн бүсийг авсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27, 75 дахь тал/,

Гэрч Ц.Цийн өгсөн: ...эгч Д “манай гэрт хулгай орсон байна” гэж ярихаар нь Хонгорзул бид хоёр гэр лүүгээ яваад очиход эд зүйлс эмх замбараагүй, ямар нэгэн зүйл хайсан шинжтэй хувцаснуудыг тараасан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Замчин ** дугаар гудамжны ** тоотод үзлэг хийхэд ертөнцийн зүгээр зүүн талын цонхны салхивчийг түлхэж онгойлгосон мэт байдалтай, онгорхой цонхны доор гутлын мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “Хэргийн газраас бэхжүүлэн авсан 3 ширхэг гутлын мөрний №1, 3 гэж дугаарласан гутлын хээний мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Харин хашааны гадна хэсэгт үүссэн мөрийг харуулав гэсэн 1 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зураг дээрх гутлын өмсгөлийн гутлын мөр 176-181 сантиметр өндөртэй, 39-41 размерын эрэгтэй хүний баруун хөлийн өмсгөлийн мөр үүссэн байх боломжтой. Шинжилгээнд тэнцэх гутлын мөр нь санд байх Жордан-1 загварын гутлын хээгээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн “дунд гарын хэрэглэж байсан 4 ширхэг мөнгөн аяга 720.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчид ** дүгээр гудамжны ** тоот хашаа байв... хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “эмэгтэй хүний мөнгөн бүс, шармал ээмэг, 2 хос бөгж зэрэг эд зүйлс 220.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 77-78 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хохирогч У.Д, С.С нарын гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд зүйл авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Замчны ** дугаар гудамжны ** тоотод байх иргэн С.Сын байшингийн цонхоор нэвтрэн орж 720.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аяга авсан, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчидийн ** дүгээр гудамжны ** тоотод байх иргэн У.Дгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 220.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хос шармал бөгж, хос шармал ээмэг зэргийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зааж, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулахаар хуульчилсан байдаг.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Огийн хохирогч С.Сын гэрт цонхоор нь нэвтрэн орж 720.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг мөнгөн аяга авсан, хохирогч У.Дгийн гэрт цоожийг нь эвдэн орж 220.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг, хос шармал бөгж, хос шармал ээмэг зэргийг авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг агуулж байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Ст 720.000 төгрөгийн, хохирогч У.Дд 220.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Сын “...Миний хохирлыг төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/, хохирогч У.Дгийн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-73 дахь тал/, хохирогч С.Сын ХААН банкны 5108****** тоотод дансанд 720.000 төгрөгийн орлого орсон гэх дансны хуулга /хавтаст хэргийн 19 дэх тал/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, хамтран амьдрагч Б.Г нь жирэмсэн зэрэг хувийн байдал нь гэрч Б.Гийн мэдүүлэг /хавтас хэргийн 25 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 94 дэх тал/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбарууд /хавтаст хэргийн 96-105, 108-113 дахь тал/, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Өсөхбаярын тодорхойлолт /хавтаст хэргийн 158 дахь тал/ зэргээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэр бүлийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих санал гаргаж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх нөхцөл нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзана.

Гэтэл шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 940.000 төгрөгийн хохирол учирсан байгаа боловч амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахайн сэдлээр бусдын гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан гэх үндэслэлээр 2 удаа хорих ялаас хугацааны өмнө суллагдаж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.             

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ** дугаар гудамжны ** тоотоос 500 метрийн радиус дотор зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол энэ талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ** дугаар гудамжны ** тоотоос 500 метрийн радиус дотор зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоосугай.

7. Ялтан Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ял эдлэх бүсээ өөрчлүүлэх зайлшгүй шаардлагатай бол энэ талаарх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР