Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ДШМ/35

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                         прокурор Н.Батмөнх /цахим сүлжээгээр/

                          хохирогч Ч.А

                          хохирогчийн өмгөөлөгч Л.Лхааганжав

                         шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

                         шүүгдэгчийн өмгөөлөгч  Э.Ганбат /цахим сүлжээгээр/

                         шүүгдэгч Б.П /цахим сүлжээгээр/

                         нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч  Б.Сарантуяа даргалж, шүүгч П.Гандолгор, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.П-д холбогдох эрүүгийн 1827000000003 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ял шийтгэл, гавьяа шагналгүй, Боржигон овогт Б.П

Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвөөс 10 километр зайд байрлах бригадын хашаанд Ч.Э-г алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум  дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржигон овогтой Б.П-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь оршуулгын зардалд 10 000 000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангах 3 976 300 /гурван сая есөн зуун далан зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ад /Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 1-3 тоотод оршин суух олгохоор, нотлох баримт гаргаагүй 6 023 700 төгрөгийн, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А нь хэлэлцэхгүй орхисон оршуулгын зардалтай холбоотой 6 023 700 төгрөгийн талаарх, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Харзтай” нэртэй архины шил 4 ширхэг, 26 сантиметрийн урттай цул төмөр 1 ширхэг, 45 сантиметрийн урттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Б.П-н бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/57 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэг Талийгаачид учирсан үхлийн шалтгааныг нарийвчлан сайн тогтоогоогүй. Үүнд: А.Задлан шинжилгээний явцад талийгаачийн толгойд үүссэн
гэмтлийн оройн хэсгийг фото зургаар харуулсанаас гэмтлийн эхлэл,
төгсгөл хэсгийг нарийвчилж тодорхойлоогүй.

Б. Цохилтын механизмд инерцийн хүч чухал үүрэгтэй /толгойн оройн хэсэгт цохих мөн толгойгоороо гадаргуу дээр савж унах, гэмтэх аль ч үед нь/ цохилтын механизм хамаардаг.

B.Архины шилээр цохьсон гэж үзвэл архины шил нь хэлбэр дүрсний
хувьд бөөрөнхий гадаргуутай гэтэл талийгаачийн толгойн орой хэсэгт тухайн
гэмтээгч зүйлийн ул мөр огт байдаггүй.

2. Мөн талийгаачийн тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа тархинд үүсэх нь цаг хугацааны хувьд богино хугацаанд үүсэх боломжгүй. Талийгаач нь гэрийнхээ баруун урд хаяанд хальтирч унасан нь тархинд тодорхой хэмжээгээр доргилт өгч гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатуудад дахин 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах ингэж гаргахдаа эксгумаци хийлгэе гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч аль ч шатанд хүлээж аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хэргийн бодит үнэнд нийцээгүй шийдвэр гэж үзэж байгаа тул хэргийг дахин нягталж шалгаж шийдвэрлэх боломжоор нь хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.П давж заалдах гомдолдоо: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байхад Э ах утсаар яриад зардлын мөнгөө явуулъя гээд манайхаас цүнхтэй хувцас, 5000 төгрөг, 1 шил архи байгаа аваад ир гэсэн. Тэгээд би гэрээр нь орж юмнуудыг аваад 2 цагийн автобусанд сууж, Есөнзүйл сумын гарц гэж газар буусан. Төвшин ах намайг тосож авсан. Талийгаач бид хоёр гэрт нь очоод авчирсан архиа уугаад хөзөр тоглож байгаад амарсан. Маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр талийгаач Есөнзүйл сумын төв ороод ирье гээд замын унаанд суугаад явсан. Орой 19 цагийн үед талийгаач танихгүй хоёр хүнтэй машинтай ирсэн. Талийгаач авчирсан 1 шил архи, мөн хамт ирсэн Ц 1 шил архи гаргаж ирсэн. Тэгээд бид дөрөв 2 шил архиа ууж дуусгаад ирсэн хоёр хүнд өвс гаргаж өгөхөөр гэрээс гарцгаасан. Би Б гэдэг хүнтэй түрүүлж гарсан. Араас талийгаач, Ц гэх хүнтэй гарч байгаад гэрийн үүдэнд савж унасан. Ц гэдэг хүн талийгаачийг татаж босгож байх шиг байсан. Би зүгээр үү гэхэд талийгаач ёо гээд толгойгоо бариад ирсэн. Тэгээд тэр 2 хүнд өвс авч өгөөд явуулсан. Бид хоёр гэрлүүгээ орсон. Талийгаач цүнхнээсээ 2 шил архи гаргаж ирээд бид 2 уугаад амарцгаасан. Өглөө 9 цагийн үед сэрээд талийгаачийг босоорой галаа түлээрэй гээд дуудтал сэрэхгүй байсан. Очоод таттал нас барсан байсан. Тэгээд ар гэрийхэнд нь утсаар мэдэгдсэн. Удалгүй 12 цагийн үед Есөнзүйл сумын цагдаа эмчийн хамт ирсэн. Ар гэрийнхэн нь мөн ирцгээсэн. Өвөрхангай аймгаас шинжээч эмч Хүрэлсүх ирээд аймгийн төв рүү авч явсан. Эмнэлэгт аваачиж, ноорогт хийгээд хөндлөнгийн гэрчээр намайг болон талийгаачийн хүргэнийг оруулсан. Эмч үзлэг хийгээд биеийг нь үзээд гадны нөлөө байна гэж хэлээд явуулсан. Гэртээ хариад байж байтал цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт авчирч мэдүүлэг авсан. Намайг цагдаагийн газартаа байлгаж байгаад ахмад Мөнхбат байцаалт авсан. Юу болсон талаар хэлсэн. Намайг цагдаагийн хэлтэс дээр байлгаж байгаад 2 хонуулаад хэсгийн төлөөлөгч Доржготов Есөнзүйл сум руу авч явсан. Есөнзүйл сумын цагдаагийн байранд очиход ахмад Батпүрэв, ахлах дэслэгч Амарсайхан нар байсан. Надаас удалгүй байцаалт авсан. Авахдаа бороохойгоор далаалгаж, өшиглөж, айлган сүрдүүлж дарамталж тулган ингэсэн үү, тэгсэн үү гэж эрүүдэн тулгасан. Хоёулаа цуг хоночихоод яахаараа нэг нь үхдэг юм бэ гээд айлган чи хэргээ хүлээхгүй бол шүүх чамд ялын дээд хэмжээ өгнө гэж айлган сүрдүүлж дарамталсан. Хэрвээ чи цохисон гээд хэлчих юм бол шүүх чамд хөнгөн ял оногдуулна гэсэн. Тэгээд намайг Хархорин сумын цагдаагийн газарт авчирч хонуулаад маргааш өглөө нь үүн дээр гарын үсэг зур гэж уншуулж, танилцуулаагүй зуруулсан. Тухайн үед өрөөнд нэг хүн байсан ба тэр хүн нь Болд өмгөөлөгч байсан байна лээ. Надаас Болд өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр авахуу гэхээр нь гэрийнхэнтэйгээ уулзаж байж болно гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хархорины цагдан хорих байранд хорьсон. Хоригдож байхад Оюунчимэг өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр авахаар болсон байсан. Дашцэрэн өмгөөлөгчийг дагуулж ирээд танайх энэ өмгөөлөгчийг авсан гэж худал хэлж байцаалт авсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шалгуулж, дахин цогцост шинжилгээ хийлгэж, бүрэлдэхүүнтэй шалгуулмаар байна. Амарсайхан байцаагч намайг хүчээр хэргийг хүлээлгэсэнд гомдолтой байна. Талийгаач Э нь тухайн үед гэрээс гарч байхдаа гэрийн үүдэнд байсан мотоцикль мөргөж унасан байх боломжтой мотоцикль гэрийн үүдэнд байсан. Тэр үед унасныг Ц, Б гэх хүмүүс харсан. Талийгаач бид хоёр тэр орой архиа уучихаад амарсан. Хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.П нь Ч.Э-г алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа. Иймд Б.П-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Хохирогч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.П нь анхан шатны шүүх хуралдаанд оршуулгын зардлыг төлнө гэж хэлж байсан. Гэтэл одоо оршуулгын зардлыг төлөхгүй байна... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Лхааганжаваас: Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.П нь Ч.Э-г алсан гэм буруутай нь хангалттай нотлогдож байгаа. Иймээс шүүгдэгч П болон түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулах, байцаалтыг үнэн зөвөөр өгмөөр байна. Миний хэлээгүй зүйл байцаалтанд зөндөө орсон байна. Жишээ нь гэрээс нь 5000 төгрөг, 1 шил архи авч ирээрэй гэж хэлсэн гэтэл дээрээс нь 2 ширхэг пиво авч ирээрэй гэж нэмж бичсэн байсан. Үнэн зөвөөр нь мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлэг өгч, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа байна гэж үзэж байгаа. Бичиг үсэг мэдэхгүй хүнээс яллагдагчаар байцаалт авахдаа өмгөөлөгчийг байлцуулах шаардлагатай. Эсвэл ярьсан зүйлийг дуу-дүрсний бичлэгээр хурааж авах ёстой. Дашцэрэн өмгөөлөгчийг байлцуулж авсан мэдүүлэгт нь миний өмнө нь ярьсан шиг зүйл болоогүй гэж шүүгдэгч тайлбарладаг... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангаагүй мэдүүлэг дээр үндэслэл болгож шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагч хэрэг нотлогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд хүний хувь заяаг шийдэх тогтоол болоогүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах саналтай байна. Гомдлоо дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Б.П нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвөөс 10 километр зайд байрлах бригадын хашаанд Ч.Э-г толгойн тус газар нь цохиж алсан болох нь мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Б.П-н ... босож ирэх гээд өөдөөс өндийхөөр нь би аягалах гэж байсан тал хиртэй үлдсэн архитай шилнийхээ амнаас нь баруун гараараа барьж байгаад толгойн зулай хэсэгт нь нэг удаа цохиод цааш нь гараараа түлхсэн... би гутал өмд хоёрыг нь тайлж өгөхөд талийгаач өмдөндөө шээчихсэн байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90-91х/, хохирогч Ч.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33х, 2-р хх-ийн 54х/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №03 тоот “... талийгаач Ч.Э-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Гавал тархины битүү гэмтэл, гавлын дух, зулай, орой ясны шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дух зулай, хэсгийн хатуу хальсны дээрх тархмал цусан хураа, тархины зүүн баруун тал бөмбөлгийн зулай дух, зүүн хажуу хэсгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн доорх цус харвалт, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдөг шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь биеийн жингээр унах үед үүсэх боломжгүй. /хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээс үүсэх боломжтой ба тухайлбал мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой/. Талийгаач Ч.Э нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №302 тоот “...1. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018-01-16-ны өдрийн №03 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь биеийн жингээр өөрийн өндрөөс газар унахад үүсэх боломжгүй гэх бүрэлдэхүүнтэй дүгнэлт /хх-ийн 172-174 дүгээр хуудас/, шинжээч эмч Т.Номинцэцэг, С.Одончимэг, гэрч С.Чимэдцэрэн, Д.Ц, Ж.Т, П.Б нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 44-49, 181-182, 177-178, 219-220 дугаар хуудас/, болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, нотлох баримтыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.П-н дээрх үйлдлийг Ч.Э-г алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болсон, оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ерөнхий ангийн гэснийг тусгай ангийн гэж, 4 дэх заалтанд шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг 61 хоног гэснийг 60 хоног гэж зөвтгөн, 6 дахь заалтын мөн гэсний араас иргэний нэхэмжлэгч Э.Сугармаа гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П болон түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

2 дахь заалтын “ерөнхий ангийн” гэснийг “тусгай ангийн” гэж,

4 дэх заалтын “61” гэснийг “60” гэж,

6 дахь заалтад “мөн гэсний араас иргэний нэхэмжлэгч Э.С” гэж нэмж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П-н 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 76 хоногийг түүний  ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.