Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 1845

 

 

 

 

 

 

 

 

 

“Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Сүм их бүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Загдсүрэн, С.Баттулга нарт холбогдох

 

   Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 74 212 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.Эрдэнэ-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Борхүү, А.Батбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч О.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүм их бүрд” ХХК нь Т.Загдсүрэнтэй 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 119 дүгээр байранд гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу харуул хамгаалалтын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 3 ээлжээр хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр харилцан тохирсноор хамгаалалтын үйлчилгээний 1 сарын хөлсийг 1 хамгаалалтын албан хаагч 450 000 төгрөг, нийт 3 хамгаалалтын албан хаагч 1 350 000 төгрөг байхаар тогтоон төлбөрийг сар бүрийн 25-ны дотор бэлнээр “Сүм их бүрд” ХХК-ийн санхүүд тушааж байхаар заасан. Гэтэл иргэн Т.Загдсүрэн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ныг дуусталх хугацааны харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр 55 475 000 төгрөгийг төлөөгүй. “Сүм их бүрд” ХХК нь гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлж байхдаа тус обьектын гараашийн орлого 5 000 000 төгрөгийг суутган авсан. Мөн С.Баттулгын эхнэрээс 1 000 000 төгрөг авсан. “Сүм их бүрд” ХХК нь гэрээний  дагуу хөлсөө шаардахад Т.Загдсүрэн түр хүлээж бай өгнө, эсвэл орон сууц, газар өгнө гэж итгэл хүлээлгэсээр байсан. Анх С.Баттулга гэрээ хийх санал гаргасан тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. Гэхдээ гэрээг Т.Загдсүрэнтэй байгуулсан тул түүнээс гэрээний дагуу олгох хөлс 49 475 000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 24 737 500 төгрөг нийт 74 212 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

     Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүм их бүрд” ХХК-ийн захирал О.Эрдэнэ-Очирт нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй. Нэхэмжлэлийн шаардлага 74 212 500 төгрөг нь хаанаас гарч ирсэн хохирол гэдэг нь ойлгомжгүй. Уг компанитай ямар нэгэн хүү, алданги тооцсон гэрээ байгуулаагүй. О.Эрдэнэ-Очир банкнаас зээл авах хэрэгтэй байна, гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйгаад байхаар нь зурсан. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээгээр “Сүм их бүрд” ХХК, Т.Загдсүрэн нарын хоорондын гэрээгээр гэрээний зүйлээ тохиролцсон зүйлгүй, хамгаалуулах гэж буй нь тодорхойгүй, хамгаалалтын ямар үйлчилгээ авах талаар харилцан тохиролцсон зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т.Загдсүрэнгээс 74 212 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгож, хариуцагч С.Баттулгад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 012 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Загдсүрэнгээс 529 012 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Т.Загдсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээний дагуу олгох хөлс 49 475 000 төгрөг, гэрээнд зааснаар хүү, алданги 24 737 500 төгрөг, нийт 74 212 500 төгрөг гэж шаардсан байдаг. Шүүх 49 475 000 төгрөгийг яаж бодож, ямар үндэслэлээр хангаж шийдвэрлэж буй талаараа хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Сүм их бүрд" ХХК, Т.Загдсүрэн нарын хооронд байгуулагдсан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний тухайд бол Т.Загдсүрэн гарын үсэг зурснаас өөр зүйлгүй юм. Тухайн гэрээ нь бодит байдал дээр байгуулагдаагүй, биелэгдээгүй гэрээ юм. Яагаад гэвэл тухайн гэрээгээр гэрээний зүйлээ тохиролцсон зүйлгүй. Юуг ямар обьектийг хамгаалуулах гэж буй нь тодорхойгүй, хамгаалалтын ямар үйлчилгээ авах талаар тохиролцсон зүйл огт байхгүй нь уг гэрээнээс тодорхой харагдаж байгаа болно. Мөн гэрээ сунгасан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх гэрээг ямар үндэслэлээр 3 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэж гэрээний дагуу олгосон  хөлс гэж 49 495 000 төгрөг гэж тооцсон нь ойлгомжгүй. Туйлын буруу үндэслэлгүй байна. Хүү алданги гээд 24 737 500 төгрөг гэж бичсэнийг шүүх өөрөө ухамсараараа алданги гэж бичээд 24 737 500 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд маш их гомдож байна. Учир нь гэрээний дагуу ямар нэг ажил гүйцэтгээгүй тохиолдолд ажил
гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үүргийг хүлээхгүй тул нэхэмжлэгч "Сүм их бүрд” ХХК
нь ажлын хөлс гэрээний хариуцлага болох алданги шаардах эрхгүй юм. Хуулинд хүү, алданги гэдэг чинь 2 өөр ойлголт байхад нэхэмжлэгчээс тодруулалгүй  шийдвэрлэсэн нь шүүхийн алдаа юм. Нэхэмжлэгч гэрээний дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 119 дүгээр байрны гараашийг харж хамгаалсан гэх боловч гэрээнд ямар обьектийг хамгаалалтанд авах талаар огт дурдаагүй, гэрээний 2.2-т зааснаар хамгаалах
обьектийг актаар хүлээлцсэн баримт байхгүй, ийм акт үйлдээгүйг гэрчийн
мэдүүлгээр давхар нотлогдсон байхад мөн л шүүх анхааралгүй шийдвэрлэсэн.  Ажил хүлээлцсэн 4 ширхэг дэвтэр, "Сүм их бүрд" ХХК-ийн ажилчдын цалингийн хүснэгт, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст С.Баттулга, О.Эрдэнэ-Очир нарын гаргасан тайлбар зэргийг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан. Ажил хүлээлцсэн 4 ширхэг дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй “Есөн Эрдэнэ” харуул хамгаалалтын албаны дэвтэр байхад шүүх үүнийг анхаараагүй. Ажилчдын цалингийн хүснэгт нь "Сүм их бүрд" ХХК-ийн ажилчид мөн юм уу, тэдгээрийн нийгмийн даатгал энэ тэрийг төлсөн гэх баримт байна уу
энэ мэтээр анхаарч харах зүйл олон байхад үүнийг мөн л анзаарч харсангүй.
Дээр дурдсан зүйл нь энэ хэрэгт ямар хамааралгүй, ойлгомжгүй баримтууд байсан. Гэрч нар бүгд зөрүүтэй мэдүүлэг өгч байхад шүүх үүнийг мөн үнэлж буй нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээний дагуу ажил үйлчилгээ үзүүлсэн гэх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй байхад шүүх надаас 74 212 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд туйлын гомдож байна. Маргаж байгаа зүйл ба түүний үндэслэл буюу обьект нь одоогоор эд хөрөнгийн өмчлөлийн маргаантай байгаа уг маргаан шийдвэрлэгдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хангаагүй нь буруу юм. Маргааны зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүссэн, шийдвэрлэгдээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөх шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК нь хариуцагч Т.Загдсүрэн, С.Баттулга нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 74 212 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Т.Загдсүрэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн гэх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119 дүгээр байрны гараашийг харж, хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хамгаалсан” гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... Хөлсөөр ажиллах гэрээг бодитоор хийгээгүй, тус байгууллага нь зээл авахад хэрэгтэй байна гэж дүр үзүүлж уг гэрээг байгуулуулсан. Миний өмчлөлийн гэх ямар обьектод харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байна” гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК болон хариуцагч Т.Загдсүрэн нар нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, талууд уг гэрээнд гарын үсэг зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу бичгээр хэлцэл хийжээ. Хариуцагч уг гэрээг дүр үзүүлэн хийсэн, харуул хамгаалалтын үйлчилгээ аваагүй гэж маргасан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч О.Сүхбат, Ц.Дашбалжир нараас “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119 дүгээр байрны гараашийг хамгаалж байсан” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэгт гэрч О.Эрдэнэ-Очироос “...тус обьектод харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулж ажилласан” зэрэг мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд эрүүгийн хэрэгт О.Эрдэнэ-Очир, С.Баттулга, Т.Загдсүрэн нарын өгсөн мэдүүлэгт “... Дамдинсүрэн нь харуул хамгаалалтын обьектод дайрч орон, хаалганы цоож эвдэлсэн” гэх зэрэг мэдүүлгийн цаг хугацаа дараалалтай авч үзвэл  нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК нь 2012 оны 10 сараас 2015 оны 10 сар хүртэл гэрээний зүйлийг хамгаалсан гэж үзэхээр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-иас уг гэрээний үүргийн дагуу харуул хамгаалалтын үйлчилгээг 3 жилийн хугацаанд  үзүүлсэн гэж дүгнэв.

 

Талууд гэрээнд хөлсийг сар бүр 1 350 000 төгрөгөөр тогтоосон боловч ямар хугацаанд гэрээний зүйлийг хамгаалахаар тохиролцсон буюу гэрээний хугацаа тодорхойгүй байх боловч гэрээний 2.2-т “Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчийн обьектийг хамгаалалтандаа авч актаар хүлээлцсэнээр хугацаа эхэлнэ” гэж зааснаар дээрх обьектийг акт үйлдэж хүлээн аваагүй боловч харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн нь тогтоогдож байх тул хариуцагч Т.Загдсүрэнгийн хувьд хөлс төлөх үүрэг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар үүсчээ.

 

Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд хамгаалсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна харуул хамгаалалтын  ажилтануудад цалин хөлс олгож байсан хүснэгтээс үзэхэд  2015 оны 10 сар хүртэл 3 хамгаалалтын ажилтанд цалин хөлс олгож, уг хугацаанаас хойш 1 хамгаалалтын ажилтанд цалин хөлс олгож байсан зэргийг дээрх гэрч нарын мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд дээрх тайлбар үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагч Т.Загдсүрэнгээс хэргийн үйл баримтаар тогтоогдсон 2012 оны 10 сараас 2015 оны 10 сар хүртэлх 36 сарын үйлчилгээний хөлсний төлбөр болох 48 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Хариуцагч С.Баттулга нь нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсгээгүй, үүрэг хүлээгээгүй байх тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин анхан шатны шүүх алданги төлөх үүрэгтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь талуудын байгуулсан гэрээний 3.2-т  “..хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн  дүнгийн 0,5 хувиас  хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”  гэж заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар алдангийн талаарх энэхүү тохиролцоо хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь уг хэлцэлд үндэслэн алданги шаардах эрхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 74 212 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгож...” гэснийг,

“48 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сүм их бүрд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 612 500 төгрөгт холбогдох хэсгийг болон” гэж,

2 дахь заалтын “...56 дугаар зүйлийн 56.1..” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж,  “... Т.Загдсүрэнгээс 529 012 төгрөг гэснийг “Т.Загдсүрэнгээс 400 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 012 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                    

                                                                                                  Г.ДАВААДОРЖ