Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/559

 

 

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/559

Улаанбаатар хот

 

 

“З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Г.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 455 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 104 дэх хэсэгт зааснаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн гараашийн барилгын салгаж үл болох хэсэг 2350 м.кв газрыг “З” ХХК-д эзэмшүүлж, гэрээ хийгдэн, гэрчилгээ олгогдож хууль ёсны эзэмшигч болсон... Д.Г нь тус сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа ...“З” ХХК-ийн эзэмшлийн 2350 м.кв газраас 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 696 м.кв, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 837 м.кв хэмжээтэй газруудыг удаа дараа хууль бусаар хасуулж, уг компанийн хууль ёсоор эзэмшвэл зохих 2350 м.кв газрыг 1129 м.кв болтол нь багасгаж бусдын өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн…

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжуудын “З” ХХК болон Ц.Б, А.Б нарт холбогдох хэсгүүд, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Ц.Б болон “Б” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, “З” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...“З” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаар захирамжаар 2350 м.кв газрыг эзэмшүүлсэн. Ц.Бд “З” ХХК-ийн эзэмшлийн газраас 696 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 258 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/420 дугаар захирамжаар “Б” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар шилжүүлсэн. 2011 онд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль болон А.Б нар хамтарч сургуулийн өргөтгөл барихаар хүсэлт гаргасны дагуу Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн газраас 312 м.кв, “З” ХХК-ийн эзэмшлийн газраас 525 м.кв газрыг тус тус шилжүүлэн А.Бд сургалтын зориулалтаар 837 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн гэжээ.

Гуравдагч этгээд А.Б, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: ...“Б” ХХК нь маргаж буй газрын эзэмших эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авсан, үүний улмаас “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлгүй... Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар захирамжаар 696 м.кв газрыг Ц.Бд эзэмшүүлж, 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/420 дугаарзахирамжаар Ц.Бгийн эзэмшиж байсан газрыг “Б” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тухайн үед газар Ц.Бгийн нэр дээр нэгэнт шилжчихсэн байсан...2004 оноос хойш “З” ХХК-ийн нэр дээр 2350 м.кв хэмжээгээр ямар нэг кадастрын зураглал хийгдэж байгаагүй, 2011 онд тэдний одоогийн эзэмшиж байгаа 1129 м.кв газар нь мэдээллийн санд бүртгэгдсэн. Нэхэмжлэгч талд эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлд бүртгүүлсэн зүйл байхгүй… Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3. 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжийн Ц.Б болон “З”ХХК-д, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжийн А.Бд нэхэмжлэгч “Залуу Mонгол” ХХК-ийн газраас 275 м.кв газрыг олгосон хэсэг болон “Залуу Mонгол” ХХК-ийн 1129 м.кв газартай холбоотой хэсгийг, 2012 оны 06 дугаар сарын 12-ныөдрийн А/420 дугаар захирамжийн Ц.Б, “Б” ХХК-д холбогдох хэсгийгтус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “А.Бд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар Монгол-Энэтхэгийнхамтарсан сургуулийн болон “З” ХХК-ийн газраас 562 м.кв газар олгосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд А.Б болон “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нотлох баримтыг бурууүнэлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэжбайна. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн эзэмшдэг гэх 2350 м.кв газар нь кадастрыннэгдсэн мэдээллийн санд 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл бүртгэгдэж байгаагүй, 2011 онд 1129 м.кв газар эзэмшдэг байдлаар бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, маргаж буй захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх үндэслэлтогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагууНийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулах ёстой. Гэрээ байгуулаагүй, газар эзэмших гэрчилгээ байхгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй ньнэхэмжлэгч талыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчсөн болохыг нотолдог.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар газраа эзэмшээгүй, 35 дугаар зүйлийн 35.2-т заасан газар эзэмшигчид хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харагддаг. Гуравдагч этгээд А.Б олгосон газар дээрээ барилга барих үед болон барьсны дараа “З” ХХК-ийн зүгээс ямар нэг гомдол, санал, өргөдөл, нэхэмжлэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхэд хандан гаргаж байгаагүй. Эдгээрийг харгалзан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хуулийн нэг зохицуулалт бүхий хэд хэдэн захиргааны актын зарим хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг анх гаргасан. Тухайн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тухайн захиргааны актууд нь тус бүртээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэсэн боловч тухайн захиргааны актуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосон шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн сэргээж чадаагүй байна.

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжаар Ц.Бд “З” ХХК-ийн эзэмшил газраас 696 м.кв газрыг шилжүүлсэн нь хууль бус шийдвэр болсон байна гэж үзэн улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/420 дугаар захирамжийн Ц.Б, “Б” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосон, мөн А.Бд “З” ХХК-ийн эзэмшил газраас 837 м.кв газрыг шилжүүлсэн нь хууль бус шийдвэр болсон байна гэж үзсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 837 м.кв газрыг “З” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэлгүй тухайн газрын хэмжээ м.кв-тай холбоотой эргэлзээ бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс өгсөн.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “З” ХХК-ийн газраас Нийслэлийн Засаг дарга хууль зөрчиж, 837 м.кв газрыг иргэн А.Бд шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх 562 м.кв, 275 м.кв гэх мэтээр илтэд үндэслэлгүйгээр газрын хэмжээг өөр өөр байдлаар тогтоож, тухайн дүгнэлтүүдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус юм.

Иймд, шийдвэрийн тогтоох хэсгийн “А.Бд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн болон “3алуу Монгол” ХХК-ийн газраас 562 м.кв газар олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж, тус захиргааны актын “З” ХХК-ийн болон А.Б, Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуульд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжийн иргэн Ц.Б, “З” ХХК-д, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжийн иргэн А.Бд нэхэмжлэгч “З” ХХК-ийн газраас 275 м.кв газрыг олгосон хэсэг болон “З ХХК-ийн 1129 м.кв газартай холбоотой хэсгийг, 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Ц.Б, “Б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, “иргэн А.Бд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль болон “З” ХХК-ийн газраас 562 м.кв газрыг олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжийн иргэн Ц.Б, “З” ХХК-д, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжийн иргэн А.Бд “З” ХХК-ийн газраас 275 м.кв газрыг олгосон хэсэг болон “З” ХХК-ийн 1129 м.кв газартай холбоотой хэсэг, 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Ц.Б, “Б” ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гэснийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байгаа талаар шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Нийслэлийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 729 дүгээр захирамжаар “З” ХХК-д 1129 м.кв газар эзэмшүүлж байгаа хэдий боловч “З” ХХК нь бодит байдал дээр 1379 м.кв газар эзэмшиж байгаа тул гуравдагч этгээд А.Бд шилжүүлсэн 525 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болголгүйгээр түүнд эзэмшүүлсэн 275 м.кв газрыг, Ц.Бд 696 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлснийг хүчингүй болгосноор анх эзэмшиж байсан 2350 м.кв газраа “З” ХХК эзэмших боломжтой гэж үзэж Нийслэлийн Засаг даргын 2011 оны 729 дүгээр захирамжийн 562 м.кв газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцжээ.

Тодруулбал, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр иргэн А.Б нь тухайн газартаа барилга барьсан, мөн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжуудаар “З” ХХК нь 1129 м.кв газрыг эзэмшиж байгаа гэх боловч бодит байдал дээр одоо 1379 м.кв газар эзэмшиж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх нь хэрэг маргааны үйл баримтын шалтгаант холбооны тодорхой хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, түүнд дүгнэлт өгөх хуулиар олгосон эрх хэмжээтэй.

Иймд, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР