Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0003/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х- овогт Г-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000396 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... тоотод оршин суудаг, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х- овогт Г-ийн А- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 3-58 тоотод Б.Б-ийн эрүүн тус газар цохиж доод уруулд шарх, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 3-58 тоотод Б.Б-тэй маргалдаж зодож, хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөлөөс Дархан руу найз Г-, ах Сэргэлэн нарын хамтаар ирж байхад замд найз Ж- /Л-/ А- 2 залгаад хүрээд ир уулзъя гээд байсан, тэгээд 22 цагийн орчим Цахилдагийн гудамжинд Тэс гээд шатахуун түгээх станцын ар талд уулзаад А-гийн машин дотор 0.5 литртэй тал шил архи, 1 том пиво уугаад юм яриад сууж байхад А- надад хэлэхдээ гадаа ууж байхаар танайд очоод ганц юм ууя гэхээр нь би зөвшөөрөөд манай гэр лүү Г- машин бариад гэрт очиход дүү Б- ангийнхаа нэг хүүхэдтэй хамт байж байсан, гэрт ороод Г- архи уугаагүй, Г- архийг тойруулаад байж байхад Ж-гийн дуудсан Зулаа гэх охин ирсэн, гэхдээ тэр эмэгтэй архи уугаагүй. Ингээд архи дуусах дөхөж байхад Г- “би явлаа, та нар уучхаад амрах нь амраад харих нь харьчихгүй юу” гэсэн. Ингээд манай 2 дүү гадаа гарчихсан, архи дууссаны дараа А- бие засах гээд гарахад Ж-гийн дуудсан охин нь хамт бие засна гээд гарсан. Тэгтэл Ж- согтчихоод муу янхан гээд байхаар нь чи эмэгтэй хүнийг дуудаж авчирчхаад тэгж хэлж ярьж болохгүй шүү гэсэн, гэтэл намайг араас 2 гарыг баглаж тэврээд орон дээр суучхаад би чамтай юу гэж маргалдахав гээд намайг огт хөдөлгөхгүй босгохгүй байсан тэгтэл А- гаднаас орж ирээд юу ч ярилгүй миний нүүр лүү 1 удаа цохиход би Ж-г тавь гэтэл намайг тавихгүй байсан, гэтэл А- ахиад  нэг цохиход миний уруулаас цус гараад тогтохгүй байсан, гаднаас 2 дүү орж ирээд А- намайг дахиад цохих гэж байтал нэг нь А-г татаж унагаахад Ж- намайг тавьсан чинь Б- намайг хүн зохиж болохгүй гээд хөдөлгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Гэрч Н.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 23 цагийн үед би Дархан сумын 3 дугаар баг, Тосгоны 1-17 тоот гэрээсээ бие засах гээд гарсан чинь дэлгүүрээс А-, Ж-, Б- нар 0.5 литрийн архи аваад гарч байсан. Тэгээд Б-ийн гэрт нь очиж архиа уусан харин А- бид хоёр гараад тамхи татаж байгаад би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...найзтайгаа тамхи татах гээд гадаа гараад хүнтэй утсаар ярингаа тамхи татаад байж байхад А-, Зулаа 2 бие засах гээд гарч ирээд А- дотогш гэр лүү ороод харин Зулаа, М- бид хоёртой юм яриад байж байхад гэр дотор Б- ах цус гараад байна ш дээ гэж орилоод байсан, тэгэхээр нь би найз М- хамтаар яваад ороход Б- ахын найз Ж- Б- ахын араас 2 гарыг нь хамж цээж хэсгээр нь тэврээд орон дээр хэвтчихсэн ахын уруулаас цус гарсан байдалтай А- дээрээс нь дахиад цохих гээд байж байхаар нь би А-г түлхэж холдуулаад Ж-гаас ахыг салгаад ах А-тэй маргалдах гээд хутга  хаана байна гэж орилоод байхаар нь би хүн цохиж болохгүй хутгаар яах гээд байгаа юм гээд тэвэрч байгаад 2 найзыг нь хөөгөөд явуулчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б-ийн гэр лүү бид нар алхаж очоод гэр лүү нь ороход Б-ийн хуурай дүү Б- найз М- гэх залуугийн хамтаар байж байсан. Тэгээд бид нар тэндээ авсан архиа уухаар болоод намайг уу гэхээр нь би уухгүй, би хундагалж өгье хундагалж байгаад  архи дуусах дөхөж байхад 00 цагийн орчим гэртээ харилаа гээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би нэлээд согтсон байсан ямар ч байсан би Б-ийг араас нь тэврээд орон дээр суусан дараа нь А- Б-ийг цохисон тэгээд би Б-ийн гэрээс А-гийн хамтаар гарч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “...Б.Б-ийн биед доод уруулд шарх, зүүн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Б-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Б-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,

Шинжээч эмч Д.Туяагийн “...эрүү нүүрний мэс заслын эмчийн тэмдэглэлд дээд шүд хөндүүрлэнэ, уруулд оёдол тавигдсан, дэлгэмэл зурагт хугарал цууралтгүй гэж бичигдсэн байсан, ... үүдэн шүднүүд эмзэглэнэ гэдэг нь рентгэн зурагт хугарал цууралтгүй байсан ч шүдний хэвийн байдал алдагдсан, ямар нэгэн хэмжээгээр хөдөлгөөнтэй байдал үүсэн байж болохыг харуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,200,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.А- төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл шүүх хурал завсарласан хугацаанд төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Г.А-гийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Х- овогт Г-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-д 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,200,000  төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД