Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0321/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгч Ш.А- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Ш-гийн А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118002490324 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, Б- овогт Ш-гийн А- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А- нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байхдаа А.С-өд өөрийгөө “Б-” ХХК-ний захирал гэж танилцуулан байгууллагын санхүүжилт орж ирэхээр өгнө гэж хэлэн төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хуурч Хаан банкны 5451078954 дугаарын дансаар 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 1,700,000 төгрөг, 62,150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.А- нь  “Б-” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан атлаа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Саруул Ирээдүй Орших” хүнсний дэлгүүрийн эзэн А.С-өд өөрийгөө “Б-” ХХК-ийн захирал гэж танилцуулан  “байгууллагын санхүүжилт орж ирэхээр өгнө, Улаанбаатар хотоос ажилчид ирж байгаа, замын зардал мөнгө хэрэг болоод байна” гэж хэлэн хуурч, төөрөгдөлд оруулж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар Хаан банкны ХХХХХХХХХ дугаарын дансаар 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 1,700,000 төгрөг, 62,150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авч нийт 1,762,150 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би өөрөө 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Саруул Ирээдүй орших нэртэй хүнсний дэлгүүр нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Ш.А- гэх нэртэй хүн манай хүнсний дэлгүүрээр орж үйлчлүүлдэг болсон юм. Тухайн хүн өөрийгөө Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьж байгаа  “Б-” ХХК-ний захирал гэж хэлж байсан юм. Тэгээд надад манай байгууллагын төсөв санхүү орж ирээгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төсөв, санхүүжиж орж ирнэ, тэгэхээр өгье Улаанбаатар хотоос ажилчид ирж байгаа замын зардал мөнгө хэрэг болоод байна гэж тусламж хүсэхээр нь би тухайн Ш.А- гэх хүний эзэмшлийн Хаан банкны 5451078954 дугаартай данс руу 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 350,000 төгрөг, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 400,000 төгрөг, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөг, үүний дараа 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг хийж нийт 1,700,000 төгрөг болсон юм. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ш.А- над руу утсаар яриад жолоочоо явуулъя зээлээр хүнсний зүйлс өгөөд явуулчих чамаас авсан мөнгөтэйгөө цуг явуулъя гэж хэлсэн. Тухайн зээлээр авсан хүнсний зүйл нь 62,150 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/,

Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.А- гэх хүн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн манай компанид туслах ажилтнаар ажилд орсон цагаас нь  би таньдаг болсон, түүнээс өмнө огт харж байгаагүй хүн байна лээ. А- манай компанид ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр баяр наадмын амралтаар явснаас хойш эргэж ажил дээрээ ирээгүй, одоо хаана явж байгааг би мэдэхгүй байна. Анх манай компаниас ажилтан авна гэсэн зар тавьсан юм, тэгтэл удалгүй манайд ажилд орохоор Ш.А- ирсэн. Түүний гэр орон хаана байдгийг мэдэхгүй, мөн манайд бүртгүүлсэн анкет гэрээ гэж байхгүй. Ш.А- нь манай компанид туслах ажилтан учраас компанийн дотоод ажилд оролцох эрхтэй хүн биш. Манай компани төсөв санхүү энэ хүнд ямар ч хамаагүй. Тийм учраас энэ хүн худлаа ярьж мөнгө авч явсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Яллагдагч Ш.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 06 дугаар сарын сүүлээр Шарын гол суманд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компанид туслах ажилтнаар ажилд орж ажиллаж байхдаа С-тэй холбогдсон чинь Хайрхан багийн 8 дугаар байранд дэлгүүр нээж ажиллуулж байгаа гэж хэлсэн. Надад өөртөө хувцас ойр зуурын эд зүйл авах хэрэг гарч С-тэй утсаар холбогдож өөрийнхөө талаар худлаа хэлж компанийн төсөв санхүүжилт орж ирнэ мөн Улаанбаатар хотоос компанийн ажилчид ирж явна замын зардал хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө зээлж аваад ажлаасаа гарч Улаанбаатар хот ороод тэндээ өөр ажил хийж дахин Шарын гол суманд ирээгүй, ...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, үлдэх хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Ш.А- нь барилгын компанид туслах ажилтнаар ажиллаж байсан атлаа өөрийгөө “компаний захирал, санхүүжилт орж ирэхээр өгнө” гэж худал хэлэн бусдын эд хөрөнгийг авч өөрийн хэрэгцээнд зарцуулж буй үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ш.А-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ш.А- нь шүүх хуралдааны өмнө хохирогч А.С-өд 562,500 төгрөг төлсөн, үлдэх 1,200,000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгчээс 1,200,000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ш.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын тодорхой хэсгийг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.А- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн  төлөхөө илэрхийлсэн, хохирогч хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэж хүсэл гаргасан зэргийг харгалзан  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ахуй үйлчилгээний төвд эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Ш-гийн А-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.А-т 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дцгаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.А-аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоотод оршин суух Б овогт А-гийн С- /утас: /-д олгосугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ахуй үйлчилгээний төвд өдөрт 8-аас илүүгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД