Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0004/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хэрэгт  С- овогт Б-ын Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118000420370 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энгэс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С- овогт Б-ын Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн Т.А-гийн эзэмшлийн 1 тооны хээлтэй үхрийг өөрийн эзэмшлийн 00-00 СЭА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь  шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн  нутаг дэвсгэрт бэлчиж байсан иргэн Т.А-гийн эзэмшлийн 1 тооны хээлтэй үхрийг өөрийн эзэмшлийн 00-00 СЭА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би нийт 28 тооны үхэртэй. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө тугалуудыг нь хашаандаа үлдээгээд 19 тооны үхэр бэлчээрт нь гаргасан юм. Орой 18 цагийн үед манай үхрүүд хашаандаа ирэхэд нь өвсөө өгөөд өвөлжөөндөө хийдэг юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө үхрээ гаргатал нэг үхэр байхгүй болохоор нь хайгаад явж байтал манай үхэр бэлчдэг “Ган хүдэр” ХХК-ийн ард талын газарт үхэр шулаад гэдэс, хээлийг нь гаргаад хаясан байсан юм. Гэдэс хээлийг нь хаяад үхрийн арьс, шир, толгой зэргийг нь үлдээлгүй аваад явсан байсан. Миний алдсан үхэр улаан халзан зүсмийн 4 настай, баруун чих нь үзүүрээсээ онь, араасаа ухам имтэй, хээлтэй үхэр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороолол “Ган Хүдэр” ХХК-ний хойд талд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-17 тал/,

 

Хохирогчийн мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллого /хавтаст хэргийн 23-26 хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18 тал/,

    

Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 тал/,

 

Шүүх хуралдааны явцад камерын бичлэгт үзлэг хийхэд “цагаан өнгийн тээврийн хэрэгсэл 2021 оны 01-р сарын 18-ны өдрийн 16 цаг 10 минутад төмөр замын гармаар хөндлөн гарч Дархан чиглэлд явж буй” бичлэг,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “... 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улаан халзан зүсмийн хээлтэй 4 настай эм үхэр 1,400,000 төгрөгөөр үнэлсэн” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 3 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Уг гутлын мөрнүүд нь нэг хүний, 40-41 размерын өмсгөлтэй байна. Гутлын мөрнүүдийн нь зах ирмэг нь тод дарагдаж үүссэн, гутлыг ул нь бүхэлдээ цэгчилсэн дүрслэлтэй ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдэгтэй байна. Уг гутлын мөр нь эрэгтэй хүний баруун хөлний өмсгөлийн гутлаар мөр үүссэн байх боломжтой. 173-177 см-ийн өндөртэй байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-64 хуудас/,  

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 101 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Б.Б-ын баруун гарын эрхий хурууны дардас нь гарын хээний нэгдсэн санд 2021-002-ДАР дугаараар кодлогдсон, 2021 оны 01-р сарын 19-ний өдөр Дархан сумын Малчин баг, Хөтөл хороолол Задгай гэх газар 1 тооны үхэр нядлагдсан байдалтай олдсон гэх хэргийн газрын үзлэгээр хураан авсан Нийслэл гэсэн бичигтэй пивоны савны гадаргуугаас бэхжүүлсэн 4 ширхэг гарын мөрний   4 гэж дугаарласан гарын мөртэй хувийн онцлог шиж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 88-90 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг нь машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Т.А-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй,  хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “...иргэн Б.Б-ын эзэмшлийн “Хьюндай соната-6” маркийн 00-00 СЭА улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины /№02639886 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2011 онд Монгол улсад орж ирсэн, KMHEU41MP6A247952 тоот арлын дугаартай/  автомашины тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 4,000,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 78-79 хуудас/-ээр Б.Б-ын гэмт хэрэг гэмт хэрэгтээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоожээ.

 

Уг тээврийн тээврийн хэрэгсэл нь Б.Б-ын өмчлөлийнх болох нь хэрэгт хавсаргаж ирүүлсэн №02639886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын төсөвт шижүүлж улсын орлого болгох”-оор заасан тул Б.Б-ыг өмчлөлийн /№02639886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, KMHEU41MP6A247952 тоот арлын дугаартай/ Соната-6 маркийн 00-00 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 9 хоногийг хорих ялын 9 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, гарын мөр 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, №02639886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Б.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг 2021 оны 7-р сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хэсэгт хамаарч байх боловч уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 4, 6, 7 дугаар зүйлд заасан шийдвэрийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх гаргана” гэж заасан, ял эрүүгийн хариулагын хуралдаанд прокурор өршөөл үзүүлэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаагүй тул шүүх өршөөл үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй ба ялтан нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа,  эсхүл давж заалдах журмаар уг асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  С- овогт Б-ын Б-ыг машин механизм ашиглаж, бусын малыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “ мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т  1 /нэг/ жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 03 /гурван/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 9 хоногийг хорих ялын 9 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан /№02639886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2006 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн, KMHEU41MP6A247952 тоот арлын дугаартай/ Соната-6 маркийн, 00-00 СЭА улсын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн №02639886 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди, гарын мөр 2 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД