Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 163/2017/0053/Э/001/2018/0320

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар

Шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Н.Тунгалаг,

Шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э-, А.Г-, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Б-, Ц.Д- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын ...... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х-Т- овогт Д-ын Э- /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, авто замын механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х-Б- овогт П-гийн Б- /РД: /, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.    

 

3. Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Э ү” ТӨҮГ цахилгааны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Э- овогт Ц-ийн Д- /РД: /,

 

4. Монгол Улсын иргэн, 1965 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган  аймгийн  Булган  суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, М- овогт А-ийн Г- /РД: /,

 

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э-, А.Г-, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт П.Б-, Ц.Д- нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Д.Э- нь Булган аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолоор  15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800,000,000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/206 дугаар захирамж гаргаж, үнэлгээний хорооны даргаар Л.А-, гишүүдээр Л.Батболд, М.Алтанцэцэг, Н.Буянхишиг, Ж.Чинчулуун нарын албан тушаалтнуудыг томилсон,

 

Үнэлгээний хороо нь 2 удаа нээлттэй тендерийг зохион байгуулж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр тендерт оролцсон компаниудаас татгалзаж, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах” №1 дугаар зөвлөмж гаргасан,

 

Засаг дарга Д.Э- нь техникийн үнэ, долларын ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нар хуралдаж 2013 оны 10-р сарын 31-ний өдөр “тоног төхөөрөмж” буюу трактор, самосваль зэрэг 2 техникийг “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргасан,

 

 Засаг дарга Д.Э- 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г-т даалгасан,

 

 А.Г- нь “Д-” гэх ХХК-тай 2013 оны 11-р сарын 15-ны өдөр 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсан,

 

 “Д-” ХХК-ийн захирал Ц.Д- нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн,  VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг 2014 оны 2-р сарын 25-ны өдөр шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн үйл баримт  тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын талаар оролцогч нарын хэн аль нь маргахгүй байх ба шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх бүх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, гэм буруугүй гэж мэтгэлцэж байна.

 

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Д.Э-ын өгсөн: “...Яллах дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд Иргэдийн төлөөлөгчийн хуралд би нөлөөлдөггүй. Надад тийм эрх байхгүй. Засаг даргад өөрийн дураар тендерийг шийдэх эрх байхгүй. Үгсэн хуйвалдсан гэж байна. Энийг нотлоод өгөөч гэхээр надад ойлгогдохоор баримт нотолгоо гаргаж өгдөггүй. Намайг үнэлгээний хорооны гишүүдээр А3 сертификат аваагүй хүмүүсийг тавьсан гэж буруутгаж байгаа. 2012 онд Алтанхуягийн засгийн газар байгуулагдаад 2013 оны 01 сараас аймгуудад үнэлгээний хороо байгуулж эхэлсэн. Тендер орж байхад үед аймгуудад мэргэжлийн сертификаттай хүмүүс байгаагүй. Улсын ажил хуулиар явах ёстой учир би 4 хүний бүрэлдэхүүнтэй газар байгуулж байсан. Эдийн засаг, санхүү, хуулийн боловсролтой 4 хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулж байсан. Тендер зарлах үед сертификат аваагүй байсан ч шалгаруулах үед сертификат авсан байсан” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Г-ийн өгсөн: “...Э- нартай үгсэн хуйвалдаж энэ ажлыг хийсэн гэж байгаа ч ямар нотлох баримтаар нотлогдож байгааг би ойлгохгүй байна. Тухайн үед иргэдийн хурал дээр нэрийг өөрчилсөн гэж ярьж байгаа. Машин механизм тоног төхөөрөмж гээд  ерөнхий нэрээр оруулсан байгаа. Надад нэрийг нь дураараа өөрчлөх боломж байхгүй. Иргэдийн төлөөлөгчийн хурлаар зөвшөөрсөн машин механизм техникийн үзүүлэлтээс өөр тоног төхөөрөмж байсан учраас худалдан авах ажлын албанаас заавар зөвлөгөө авахад марк зааж болохгүй, харин энэ машинтай дүйцэхүйц машин оруулж ирэх хэрэгтэй гэсэн. Харин ч зарим нэг моторын чадал нь илүү байсан. Би дүйцүүлж оруулж ирсэн. Би энэ хүмүүстэй хуйвалдаж, зааж зааварласан зүйл байхгүй. Надад Аймгийн Засаг даргад заах эрх байхгүй, яагаад үгсэн хуйвалдсан гэж хэлж байгааг ойлгохгүй байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Д-ийн өгсөн: “...Би өмнө 2 даргыг таньдаггүй байсан. Гэрээ хийх үед анх удаа харсан. Тиймээс үгсэн хуйвалдсан гэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг манай гэрийн хүн Сэржмядаг болон Б-гийн эхнэр Цэрэндэжид нар Авлигатай тэмцэх газар мэдүүлэг өгснөөр эхэлсэн. Цэрэндэжид, Б- 2 гэр бүлийн маргаантай байсан. Тухайн үед мөнгө цаасны маргаантай байсан тул Б-г АТГ өгсөн байдаг. Манай гэр бүлийн хүн эхнэртэй нь найз байсан. Тэгээд эхнэрийг АТГ-д бас мэдүүлэг өгүүлсэн байдаг. Урьд нь би дарга нартай уулзаж байгаагүй тул үгсэн хуйвалдах боломж байхгүй. Би Б-гийн машинтай явдаг байсан. Тэрнээс болж биднийг үгсэн хуйвалдсан гэж бодсон юм байлгүй. Машин механизмын хувьд хүчин чадлын хувьд дүйцүүлж зааж өгсөн трактороос илүү, чанартай, түрдэг, бүтээмж өндөртэй трактор байгаа юм. Тэдгээр трактор Булган аймгийн хог хаягдлыг цэвэрлэх, өвөл зам цэвэрлэхэд дайчлагдаж байдаг бүх зүйлд ашиглаж болох олон талт ажиллагаатай трактор байгаа юм” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.Б-гийн өгсөн: “...Д-ийн ярьж байгаатай санал нийлж байна. Трактор нийлүүлээд 3 жил болсны дараа мэдүүлэг өгсөн байдаг. Д-ийн нэрийг барьж өргөдөл гаргасан. Би тухайн үед дүйцүүлж трактор өгнө гэсэн тэрийгээ өгсөн. Эдгээр трактор болох уу гэж асуухад болно гээд л авсан. Надад ашиг олсон зүйл байхгүй, Цэрэндэжид намайг хувийн өс хонзонгийн сэдэлттэйгээр АТГ-д хандсан. Тиймээс цагаатгаж өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,  

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын өгсөн: “Хэдийгээр би хэрэг саяхнаас оролцож байгаа боловч 2016-2017 онд би хуулийн хэлтсийн мэргэжилтэн байсан учир энэ хэргийг мэддэг байсан. 2021 дахин томилогдсон юм. Энэ хэрэгт нийт 7 удаагийн хурлын тогтоол байгаа. 3 хуралд Сайнзаяа оролцсон. Хавтаст хэргийн 156 дугаар талд Сайнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг байгаа. Шүүх хуралдаанд нэг удаа оролцохдоо өгсөн мэдүүлэг мөн цагаатгах тогтоолд байгаа. Би дээр цагаатгах тогтоол гарах үед өгсөн мэдүүлгийг дэмжиж оролцож байна. Төсөвт төлөгдөх хохирол байхгүй учраас, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Засаг дарга надад итгэмжлэл өгөхдөө хохирол хэдэн төгрөг, түүнийг олж ирээрэй гэсэн заавар өгөөгүй. Төсөвт хохирол учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй, ... Шүүхийн шийдвэрээр хохирлыг тогтоовол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

 

Шинжээч Д.Нямлхагвын өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллагад Авлигатай тэмцэх газраас албан тоот ирээд ажлын 5 өдрийн дотор гаргаж өгөөч гэсний дагуу үнэлгээ хийсэн. Бид интернэтээс ижил төстэй техникийн үзүүлэлт олж гаргасан. Ачигчийг харж үзээгүй хийсэн. Үнэлгээ хийлгэх ачигч хөдөө орон нутагт байдаг, мөн ажлын 5 хоногийн дотор үнэлгээг хийж ирүүл гэсэн байсан тул үзэж харах боломж байгаагүй. Гурвалжингийн гүүрэн дээр байх ижил төстэй техникийн үзүүлэлт бүхий техникийн зах зээлийн үнэ, интернэтийн эх сурвалж, Алибаба сайт, WZ25-16 маркийн ухагчтай адил үзүүлэлттэй техникийн үнийг 2016 оны байдлаар судлаад 2013 онд иймэрхүү байсан байх гэж дүгнэсэн. Одоо харахад нарийн бичээгүй харагдаж байна. Би өөрөө очиж үзээд дотроо бодсон боловч ижил төстэй техникийн талаар асууж, харьцуулсан талаараа нарийн бичээгүй харагдаж байна. Гурвалжингийн гүүрнээс 2016 онд орж ирсэн ижил төстэй техникийн үнийг асууж 2013 оны байдлаар  гэж тооцоод хасаж гаргасан” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Л.Б-ны сэжигтнээр өгсөн “... Аймгийн засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр трактор, машин гэсэн 2 техник худалдан авахаар 50,000,000 төгрөг төлөвлөсөн боловч валютын ханш өсөж үнэ хүрэхгүй байгаа тул “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтаар батлагдсан “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” гэж өөрчлөхийн зэрэгцээ шууд гэрээ байгуулах аргаар 2013 онд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгах эрхийг захиалагчид олгож өгнө үү” гэсэн албан бичиг ирсэн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Ц-ийн “...П.Б-тэй 1998 онд гэр бүл болсон. 2013 онд Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "Анаг" ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн. ...Б- надад тайлбарлан хэлэхдээ  "Орон  нутгийн  компани  учраас  хэл  ам   гараад байна,  өөр  компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад танил Д- гэгчийн "Д-" нэртэй  компанийг уг тендерт оруулахаар  болсон. Б-  өөрөө  хэлэхдээ  "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан ба яг хэн гэж албан тушаалтан тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Ингээд Д-ийн "Д-" ХХК-ийг тендерт оруулахаар болоод Д-той хамт өдөр бүр Булган аймаг руу явж байсан ба нэг өдөр намайг Б- Эрдэнэт хотын Хас банкин дээр дуудсан. Тэгээд яваад очтол Б- ганцаараа Хас банкны вип өрөөнд их л баяр, хөөртэй сууж байсан ба "Чиний дансанд тракторын урьдчилгаа мөнгө болох 400 сая төгрөг төрийн сангаас орчихсон байгаа. Одоо аваад надад өгөөдөх" гэж хэлсэн. Тэгээд би гайхаад уг мөнгийг нь данснаасаа аваад Б-д бэлнээр нь өгсөн. Үүний  дараа  Б-гийн  төрсөн дүү Янжиндолгорын хүү Түвшинбаяртай  холбогдож  БНХАУ руу явсан. Явахдаа ганцаараа явсан. Ингээд БНХАУ-ын трактор үйлдвэрлэдэг компанитай гэрээ байгуулж ирсэн. Гэвч удалгүй Б- гэртээ ирэлгүй 7 хоног орчим хугацаанд алга болсон бөгөөд бид хүмүүсээс сурагласаар байгаад түүнийг БНСУ руу  явсан талаар олж мэдсэн. Ингээд Солонгосоос ирээд байж байтал Эрээн дээр тракторууд нь ирчихээд үлдэгдэл мөнгөө Хятадууд нь шаардаад эхэлсэн. Иймд Д-ийн болон түүний дүүгийнх нь байрыг Хас банкинд барьцаанд тавьж 100 гаруй сая төгрөгийн зээл авч байсан. Банкнаас зээлсэн мөнгийг Б- авсан ба БНХАУ руу трактор авч ирэхээр явсан. Арав гаруй хоногийн дараа төмөр замаар тээвэрлэн Эрдэнэтэд тракторуудыг авч ирсэн. Тэгээд тракторуудыг Булган аймагт хүлээлгэн өгөх ажиллагаа болсон ба Б- нь би  Булган аймагт үзэгдэж харагдаж болохгүй гээд гэртээ байгаад байсан. Д- болон түүний хамаатан нар л тракторуудыг хүлээлгэн өгсөн байх. Тэгээд дараа нь гүйцэтгэл мөнгөө авч Д-ийн барьцаанд тавьсан байр зэргийг чөлөөлсөн боловч гэртээ ямар нэгэн ашиг орлого авч ирээгүй. Б- надад Д-ид 100 сая төгрөг зээлчихсэн байгаа гэсэн. Харин Б-гийн дүү Түвшинбаяр надад сүүлд хэлэхдээ "Нугарсан ашигтай бизнес болсон шүү эгчээ" гэж хэлж байсан. Трактор хүлээлгэн өгөх ажиллагаанаас хойш 3 орчим сарын хугацаанд Б- нь Булган аймгийн Засаг дарга Э-, ИТХ-ын дарга Батсайхан нартай огт харьцахгүй, тэднийг утсаар залгахаар утсаа авахгүй байгаад байдаг байсан. Тэгээд би Б-д “найз нөхөд чинь ашиг орлоготой тендерийн ажил олж өгч байхад чи эргээд харьцдаггүй ямар муухай юм бэ” гэхээр ямар нэгэн юм хэлдэггүй байсанаа эцэстээ тэдэнтэй хэвийн харьцаатай болчихсон, ярьж хөөрөөд явах болсон..., Э- даргатай Б- нь эртнээс найз нөхдийн харьцаа холбоотой” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-160/,

 

Гэрч Д.С-гийн “...Манай нөхөр Д- Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Д-" ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны нА- багын найз Б- гэгч нь ирж "Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна, танай компанийг уг тендерт оруулья гэж манай нөхрөөс гуйсан. Д- зөвшөөрч "Д-" ХХК-ний нэрээр орж ялалт байгуулсан. Уг тендер нь 16 ширхэг тракторыг 800 сая төгрөгөөр худалдан авч, нийлүүлэх байсан бөгөөд урьдчилгаа 400 сая төгрөг нь 2013 оны 11 дүгээр сарын 30-нд манай шинээр нээлгэсэн Хас банкны дансанд орж, уг өдрөө Б- нь мөнгийг өөрийн эхнэрийн данс руу хийлгэсэн. Үлдэгдэл 400 сая төгрөгийг 2014 оны 3 дугаар сарын 25-нд мөн дансаар орж ирснийг Б- бэлнээр авсан. Компанийг тендерт оруулж өгсний урамшуулал гэж 5 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162, 5-р хх-ийн 80-81/,

 

Гэрч Д.Т-ын “... ээж Янжиндолгорын төрсөн ах П.Б- гэгч 2013 оны сүүлчээр над руу залгаж “Хятадаас трактор авахаар явж байна. Одоо Бээжин хотод ирчихсэн байна. Чамтай цуг явна шүү” гэж хэлсэн. Ингээд удалгүй Б- ах ганцаараа ирсэн ба “”Д- гэж хүнтэй цуг явж байгаад Улаанбаатар хотод үлдээсэн” гэж хэлж байсан. Ингээд Б- ахын хамт Шандун хот руу явж “Votal” гэж компани дээр очиж уулзсан. Уг компаниар дамжуулан трактор үйлдвэрлэдэг компанитай холбогдон Шандун хотоос 16 ширхэг WZ25-16 маркийн трактор худалдан авахаар болж гэрээ байгуулсан. Трактор худалдан авах гэрээг хамгийн анх Б- ах очихдоо амаар ярьж тохироод урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөөд байгуулсан. Тэгээд Эрээн хотоос очиж трактороо авахдаа Д- нь албан ёсоор цаасан дээр байгуулж, “Д-” ХХК-ийн нэрээр хилээр оруулж ирсэн” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Б-ны “... Би 2014 оны хавар Эрдэнэт хотод төмөр замаар тээвэрлэн авч ирсэн 16 ширхэг урд талдаа түрдэг, хойд талдаа хутгадаг шанага бүхий тракторыг хүлээн авч Булган аймгийн Байгаль орчны газарт түр хүлээлгэн өгөөд дараа нь нэгдсэн журмаар хүлээн авах сумдын Засаг дарга нарыг ирэхээр нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн. Б- надад 2,000,000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. “Д-” ХХК-ийн техник хүлээлцсэн актууд дээрх захирал Д- болон менежер Д.Чимэдлхам нарын нэр дээрх гарын үсгүүдийг сумдуудад трактор хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр би орлон зурсан юм. Би уг компанид ямар нэгэн ажил эрхэлж, цалин авч байгаагүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-гийн “... Миний бие 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/206 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. “Д-” ХХК нь 3 удаагийн нээлттэй тендерт огт тендерийн баримт бичиг материалаа ирүүлж байгаагүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч М.А-гийн “... аймгийн засаг даргад шууд гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн. Ингээд шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар байгаль орчны газарт гэрээ байгуулах эрх ирсний дагуу манай газарт “Анаг” ХХК болон “Д-” ХХК-иуд шууд гэрээ байгуулах санал ирүүлсэн байсан. Тухайн үед газрын дарга Г- нь “Д-” ХХК-тай 16 ширхэг универсаль трактор худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Манай байгууллага албан ёсоор, албан бичгээр 1 трактор болгож өөрчилье гэсэн санал хүргүүлээгүй. “Д-” ХХК-иас тракторуудыг шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тракторуудыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүн, гишүүдийг томилсон шийдвэр гараагүй. Тракторуудын техникийн тодорхойлолтыг тулгаж хараагүй. Газрын дарга Г- нь надад “Анаг” ХХК болон “Д-” ХХК-иудын материалыг үзүүлж байсан бөгөөд “Анаг” ХХК-ийн материал нь хүсэлтээс өөр юмгүй байсан” гэх мэдүүлэг,

 

 Гэрч Б.Б--ийн “...”ММК” ХХК 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799,850,000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 25,440,000 төгрөг, 1 автомашиныг 16,800,000 төгрөгөөр тооцсон” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цолмонтуяагийн “... Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан “Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх машин механизм бэлтгэн нийлүүлэх” тендер шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар зөвлөмж тайлбар гаргаж байсан. Үнэлгээний хорооны гишүүдийг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасныг зөрчин томилсон тул уг тендер бүхэлдээ хүчингүй гэж үзэх үндэслэлтэй юм. А3 сертефикатыг сургалтанд хамрагдаж, шалгалт өгсөн дор нь олгодог. Түүнээс сургалтандаа хамрагдчихаад хэсэг хугацааны дараа олгодоггүй” гэх мэдүүлэг,

 

Тендерийн урилга /1-р хх-ийн 49/,

 

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2013 оны 10-р сарын 31-ний өдрийн 18 дугаартай “...Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас хэдийгээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ”хог хаягдлыг ландфилийн аргаар дарж, булах тоног төхөөрөмж” гэж баталсныг “хог хаягдлыг ланфилийн аргаар дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор” гэж нарийвчлан томьёолж тогтоол батлав” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 68-69/,

 

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдааны Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай 2012 оны 12-р сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-ийн 51-58/,

 

Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /1-р хх-ийн 73/,

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Г-, “Дачибу” ХХК-ийн захирал Ц.Д- нарын хооронд 2013 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулагдсан “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэтгэн нийлүүлэх” гэрээ, хавсралтууд /1-р хх-ийн 78,  81/,

 

Сумдын хатуу хог хаягдлыг дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторыг хүлээн авах комиссын 2014 оны 2-р сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэл, хүлээлцсэн акт /1-р хх-ийн 84-86/,

 

Үнийн санал хүргүүлэх тухай Монтрак групп ХХК-ийн албан бичиг /1-р хх-ийн 94/,

 

Монгол Улсын Сангийн яамны зөвлөмж тайлбар /1-р хавтас 179-181 хуудас/, трактор худалдах, худалдан авах гэрээ  /1-р хавтас 146 хуудас/,

 

Шинжилгээ хийх шинжээч томилсон тогтоол, хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 182-183/ болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримт зэргийг шинжлэн судлав.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр тус тус заасан ба 2015 оны Эрүүгийн хуульд эрх хасах ялын доод хэмжээг заасан, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул Нийслэлийн Прокурорын газраас гэмт хэрэг мөрдөгдөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э-, А.Г-, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт П.Б-, Ц.Д- нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна. 

 

Тухайн үед засаг даргаар ажиллаж байсан Д.Э- нь долларын ханш өссөн үндэслэлээр Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд ”Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж, уг хүсэлтийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж өмнө нь 800,000,000 төгрөгөөр хог хаягдлыг ухах, ачих, түрэх, булах зориулалттай трактор, самосваль тус тус 16 буюу нийт 32 ширхэг техник худалдан авахаар байсан бол 16 ширхэг трактор болгон өөрчилж худалдан авах төсвийн хэмжээг хэвээр үлдээжээ.

 

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /цаашид ТБОНХБАҮХАТ гэх/ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг шударгаар, олон нийтэд ил тод байдлаар, олон нийтийн оролцоог хангах замаар явуулж хамгийн бага өртгөөр хамгийн сайн бараа, ажил үйлчилгээг худалдан авахад оршино.

 

Гэтэл уг хуулийг илтэд зөрчин, үл мэдэх дүр эсгэн, худалдан авахаар төлөвлөж байсан техникийн тоог 2 дахин бууруулж, төсөвт өртгийг хэвээр үлдээсэн байхад өмнө зарласан 32 ширхэг техникийг худалдан авах саналд шаардлага хангасан тендер ирээгүй гэх шалтгаанаар 16 ширхэг тракторыг шууд худалдан авах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноос эхлэн хууль бус үйл ажиллагаа явагдаж эхэлжээ.

 

Өөрөөр хэлбэл 16 ширхэг трактор, 16 ширхэг самосваль худалдан авах саналд шаардлага хангасан тендер ирүүлээгүй нь 32 ширхэг техникийг худалдан авахаар төсөвт тусгасан 800,000,000 төгрөгөөр 16 ширхэг тракторыг шууд худалдан авах үндэслэл болохгүй.

 

Энэхүү хууль бус үйл ажиллагааг урьдчилан төлөвлөж үйлдсэн гэх үндэслэлтэй байна.

 

Нээлттэй тендер сонгон шалгаруулах замаар худалдан авах бараа, үйлчилгээний тоо хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин нээлттэй тендер шалгаруулах ёстой, шууд гэрээ байгуулах үндэслэлгүй байхад Д.Э- нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “эрх шилжүүлэх, ажил гүйцэтгэх тухай” А/463 дугаар захирамж гарган ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г-т даалгажээ.

 

Шүүгдэгч А.Г- нь ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ямар ч ажлын туршлагагүй, санхүүгийн хувьд чадавхигүй, байгуулагдсанаас хойш ихэнхи хугацаанд татварын “х” тайлан гаргаж өгч байсан /хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан баримтууд/ “Д-” ХХК-ийг сонгожээ.

 

Шүүгдэгч Д.Э-, А.Г- нарын дээрх үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны буюу нийтийн эрх ашгийн эсрэг ашиглаж, “Д-” ХХК, П.Б- нарт эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хийгджээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Б- нь “Д-” ХХК-ийн захирал Ц.Д-ийн хүсэлтээр БНХАУ руу явж трактор худалдан авах ажиллагаанд оролцсон, тендер шалгаруулах гэрээ байгуулах зэрэгт ямар ч хамааралгүй гэж байх боловч “Д-” ХХК-ийн дансанд 2 удаагийн гүйлгээгээр орж ирсэн мөнгийг орж ирсэн даруйд нь шилжүүлэн авч зарцуулсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга,

 

Гэрч  Ц.Шинэдоржийн “...Миний том ах Ц.Д- нь өөрийн найзын бизнест туслаж байгаа гэж тухайн үед би ойлгож, ах Д-ийн хүсэлтийн дагуу өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-26-35 тоот хаягт байрлалтай 38 м.кв 3 өрөө байрыг Орхон аймгийн Хас банкны барьцаанд тавьж 66 сая төгрөгийн зээл авч, мөнгийг нь бэлнээр банкин дээр Д- ах болон түүний найз Б- нарт өгсөн. Миний ах Ц.Д- нь надад хэлэхдээ "найз Б-гийн бизнест тусалж байгаа юм" гэж хэлсэн ба тухайн үед банкнаас зээл авахдаа Ц.Д- ахын "Д-" ХХК-ийн нэрээр Б- нь Булган аймгаас зарласан тендерийг авч 16 ширхэг трактор оруулж ирээд Булган аймагт нийлүүлж байгаа талаар хэлсэн. Түүний "Д-" ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, жил бүр "Х" тайлан гаргаж өгдөг компани гэж би ойлгодог” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175/, гэрч Б.Энхнасангийн “...2014 оны 01 дүгээр сард П.Б- надаас Булган аймагт трактор, комбайны тендерт шалгарсан. Уг тендерт санхүүгийн туслалцаа хэрэгтэй байна гээд 60,000,000 төгрөгийн зээл гуйсан. Би өөрөөсөө 9,000,000 төгрөгийг, найз Батжаргалаас 48,500,000 төгрөгийг гэх мэтээр цуглуулж 60,000,000 төгрөгийг зээлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174/,  

 

Гэрч Ц.Цэрэндэжидийн “...П.Б-тэй 1998 онд гэр бүл болсон. 2013 онд Булган аймгийн ЗДТГ-аас сумдад трактор нийлүүлэх тендер зарлагдаж, уг тендерт "Анаг" ХХК оролцон материалаа бүрдүүлэн өгсөн, ...Б- надад тайлбарлан хэлэхдээ  "Орон  нутгийн  компани  учраас  хэл  ам   гараад байна,  өөр  компани оруулах хэрэгтэй байна" гэж байгаад танил Д- гэгчийн "Д-" нэртэй  компанийг уг тендерт оруулахаар  болсон. Б-  өөрөө  хэлэхдээ  "Өр зээлгүй бол ямар ч хамаагүй, ямар нэгэн компани олоод ир" гэж байна гэж хэлж байсан ба яг хэн гэж албан тушаалтан тэгж хэлсэн талаар мэдэхгүй байна. Ингээд Д-ийн "Д-" ХХК-ийг тендерт оруулахаар болоод Д-той хамт өдөр бүр Булган аймаг руу явж байсан ба нэг өдөр намайг Б- Эрдэнэт хотын Хас банкин дээр дуудсан. Тэгээд яваад очтол Б- ганцаараа Хас банкны вип өрөөнд их л баяр, хөөртэй сууж байсан ба "Чиний дансанд тракторын урьдчилгаа мөнгө болох 400 сая төгрөг төрийн сангаас орчихсон байгаа. Одоо аваад надад өгөөдөх" гэж хэлсэн. Тэгээд би гайхаад уг мөнгийг нь данснаасаа аваад Б-д бэлнээр нь өгсөн” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Сэржмядагийн “...Манай нөхөр Д- Орхон аймагт гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Д-" ХХК-ийг 2009 онд байгуулан ажиллуулж байгаа. 2013 оны нА- багын найз Б- гэгч нь ирж "Булган аймгийн ЗДТГ-аас 16 суманд хог хаягдал түрж булах трактор авах тендер зарлагдлаа. Манай компани уг тендерт ортол орон нутгийн компани учир хэл ам гараад байна, танай компанийг уг тендерт оруулья гэж манай нөхрөөс гуйсан. Д- зөвшөөрч "Д-" ХХК-ний нэрээр орж ялалт байгуулсан, ... Компанийг тендерт оруулж өгсний урамшуулал гэж 5 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

 

 П.Б- нь “Д-” ХХК-ийн нэрээр худалдан авах ажиллагаанд үгсэн тохирч оролцсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Д-ийн компанийн нэрийг ашиглаж худалдан авах бүхий л үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлд “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, “давуу байдал” гэж хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан.

 

Захиалагч буюу А.Г- нь “Дачибу” ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа уг компани ТБОНХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан  “төлбөрийн чадвартай эсэх, Монгол Улсын хуулийн дагуу татвар төлсөн эсэх, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон туршлагатай эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитай эсэх”-ийг огт нягтлалгүй  гэрээ байгуулсан нь албан тушаалтан хийх ёстой үйлдлийг хийгээгүй байна гэж үзэх бүрэн үндэслэл юм.

Шууд гэрээ байгуулахтай холбогдон бүрдүүлсэн гэх “Д-” ХХК-ийн материалд: “Д- ХХК-ийн 2013 оын 11-р сарын 11-ний өдрийн “бидний хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллана уу” гэх хүсэлт, Д- ХХК-ийн өмнө бусад газар тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлж байсан гэх өөрийн компанийг өөрөө тодорхойлсон баримт, үнийн санал, тоног төхөөрөмж нийлүүлэх хуваарь, эрүү, иргэний болон тендертэй холбогдолтой асуудлаар хэрэг маргаан шийдвэрлүүлж байгаагүй талаарх Орхон аймгийн шүүхийн Тамгын хэлтсийн тодорхойлолт, 2013 оны 10-р сар хүртэл “х” тайлан гаргасан талаарх Орхон аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт” зэрэг 8 хуудас л баримт авагджээ. /эд мөрийн баримтаар хураагдсан Аймгийн БОАЖГ №2 гэх 56 хуудас бүхий цэнхэр хавтас/

ТБОНХБАҮХАТ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт: “...шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэж заасан ба тендерт оролцогч төлбөрийн чадвартай эсэх, хуулийн дагуу татвар, хураамж, төлбөр төлдөг эсэх, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн эсэх зэргийг нягтлан, тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт, тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл, техникийн чадавхи болон туршлагыг үнэлж шууд худалдан авах ажиллагааг явуулахаар хуульчилсан.

Гэтэл дээрх хуульд заасан наад захын шаарлагыг хангаагүй, ямар ч санхүүгийн чадавхигүй, 2013 оны 10-р сар хүртэл “х” тайлан гаргасан “Д-” гэх компанийг дээр дурдсан 8 хуудас материалд үндэслэн сонгосон нь илт хууль бус байна.

 Шүүгдэгч Д.Э-, А.Г- нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй шалтгаанаа “уг хууль хэрэгжиж эхлээд удаагүй байсан, сургалтад оролцож эрх авсан хүн байхгүй байсан, долларын ханш өссөн, цаг хугацаа алдсан бол төсөвт суулгасан 800,000,000 сая төгрөг эргэн татагдах байсан” гэж тайлбарлажээ.

Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой.

 

Төрийн албан тушалтан хэн боловч албан үүргээ зохих ёсоор биелүүлж, хуулийг ягштал мөрдөх учиртай ба хууль мэдэхгүй байх, хуулийг ойлгоогүй  нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш болно.

 

Хэрэгт авагдсан “Д-” ХХК-ийн трактор худалдан авах гэрээ, худалдан авсан тракторуудын гааль, НӨАТ төлсөн баримт, төмөр замаар тээвэрлэсэн баримт зэргийг түүвэрлэн тооцож үзэхэд вагон тээвэрт /2-р хавтас, 126-132/  16 ширхэг тракторыг 6 вагонд хуваан ачиж нийт 8,645,200 төгрөг буюу нэг тракторт 540,325 төгрөг, гааль, НӨАТ-т 16 ш тракторт нийт 46,248,204.36 төгрөг буюу нэг тракторт 2,890,213 төгрөг, үйлдвэрлэгч нийлүүлэгчээс DAF нөхцлөөр худалдан авагчийн хилийн гарц хүртэл буюу Эрээн хот хүртэл зардал орсон үнэ /2-р хавтаст хэргийн 184, 178/ 10,500$*1752,38₮ /тухайн үеийн ханш/ =18,662,847 төгрөгөөр тооцоход 1 тракторын үнэ хэрэгт авагдсан баримтуудаар 22,093,685 төгрөг болж байна.

 

Шинжээч /1-р хавтаст хэргийн 186/ нэг тракторын үнийг 10 хувь ашиг тооцон 28,278,400 төгрөг гэж тогтоожээ.

 

Шүүгдэгч П.Б-, Ц.Д- нар тракторыг Эрээнээс Замын-Үүд, Эрдэнэтээс Булган хүртэл жолооч тус бүрт тус 300,000 төгрөгөөр хөлсөлж жолоодуулан хүргэсэн, масло тос, бензиний зардал, гэрээ байгуулах хэлэлцээ хийх зорилгоор удаа дараа явахад гарсан тээвэр, буудал, орчуулагч, хоолны гэх зардлуудыг тооцоогүй гэж мэдүүлж байх боловч уг зардлуудыг нэг тракторт 5 сая нийт 16 ширхэг тракторт 80 сая төгрөг гэж тооцсон ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд хүрэхгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай байгууллагад Авлигатай тэмцэх газраас албан тоот ирээд ажлын 5 өдрийн дотор гаргаж өгөөч гэсний дагуу үнэлгээ хийсэн. Бид интернэтээс ижил төстэй техникийн үзүүлэлт олж гаргасан. Ачигчийг харж үзээгүй хийсэн. Үнэлгээ хийлгэх ачигч хөдөө орон нутагт байдаг, мөн ажлын 5 хоногийн дотор үнэлгээг хийж ирүүл гэсэн байсан тул үзэж харах боломж байгаагүй. Гурвалжингийн гүүрэн дээр байх ижил төстэй техникийн үзүүлэлт бүхий техникийн зах зээлийн үнэ, интернэтийн эх сурвалж, Алибаба сайт, WZ25-16 маркийн ухагчтай адил үзүүлэлттэй техникийн үнийг 2016 оны байдлаар судлаад 2013 онд иймэрхүү байсан байх гэж дүгнэсэн” гэж мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтээр тракторын үнэлгээг бодитой тогтоож чадаагүй байна гэж мэтгэлцсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь шинжээч тухайн үед ижил төстэй тракторын Монгол Улсад болон гадаад худалдааны сайтад байсан үнийг жишиг болгож гаргасан гэх боловч үнэлгээнийхээ тайланд энэ талаарх баримтаа хавсаргаагүй байна.

 

Иймд тухайн үед шинжээчийн дүгнэлтэд “30-35 сая төгрөгөөр зарагдаж буй мэдээлэл байна” гэснийг үндэслэн хамгийн дээд хэмжээний өртгөөр тракторын үнийг тооцож мөн үнээс 10 хувийн ашиг тооцоход нэг трактор хамгийн ихдээ 38,500,000 төгрөг болж байна.

 

Дахин шинжээч томилсноор тухайн үеийн тракторын үнэлгээг бодитоор тогтоох боломжгүй гэж үзсэн ба шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хамгийн өндөр үнэлгээгээр тооцох нь шүүгдэгч нарт ашигтай байна.

 

Нийт 16 тракторын үнийг дээр дурдсан 38.5 сая төгрөгөөр тооцоход 16*38,5 сая, нийт 616 сая төгрөг болж байна.

 

Үүнийг нийт төсвөөс зарлагадсан 800,000,000 төгрөгөөс хасахад шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсад 184,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 38,400,000 төгрөгөөс дээш хохирол нь онц их хэмжээнд хамаарах тул зүйлчлэлд нөлөөлөхгүй байна.

 

Шүүгдэгч А.Г- нь захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод WZ30-18 маркийн, ухах шанаганы багтаамж 0,3 м куб, ковш буюу түрэх хэсэг 1 м куб багтаамжтай  гэж заасан байхад WZ25-16 маркийн, шанаганы багтаамж 0,3 м куб, ковш буюу түрэх хэсэг 0,8 м куб багтаамжтай  ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан эсэхийг нягтлахгүйгээр хүлээн авсан байна.

 

 Шүүгдэгч Д.Э-, А.Г- нар нь хувийн явцуу ашиг сонирхлоор шүүгдэгч Дайчибү ХХК-ийн захирал Ц.Д-, түүгээр улбаалан найз П.Б- нарт давуу байдал олгож, ТБОНХБАҮХАТ хуулийг илтэд зөрчин хууль бус худалдан авах ажиллагаа явуулж, шүүгдэгч П.Б-, Ц.Д- нартай үгсэн хуйвалдаж, тракторыг 50 сая төгрөгөөр нийлүүлж эдийн ашиг хонжоо олжээ.

 

Гэрч Б.Б--ийн “...”ММК” ХХК 2013 онд Булган аймгаас зарлагдсан трактор, өөрөө буулгагч автомашин нийлүүлэх тендерт манай компани оролцож 799,850,000 төгрөгөөр 16 ширхэг WZ40-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5тн даац бүхий өөрөө буулгагч самосваль зэрэг нийт 32 техник нийлүүлэхээр үнийн санал хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл 1 универсаль тракторыг 25,440,000 төгрөг, 1 автомашиныг 16,800,000 төгрөгөөр тооцсон” гэх мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ММК” компанийн тендерийн материал зэргээс үзэхэд “ММК” компани 16 ширхэг WZ40-16 маркийн универсаль трактор, мөн 16 ширхэг 5 тоннын даац бүхий өөрөө буулгагч самосваль нийлүүлэх үнийн санал ирүүлсэн өдөр буюу 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  АНУ доллар 1,470.36 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдөр буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан өдөр 1,716.28 төгрөг, тракторыг хүлээлцсэн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,780.82 төгрөгийн ханштай байжээ. /Монгол банкны зарласан албан ёсны ханш/

 

2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс трактор хүлээлцсэн өдөр буюу 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд долларын ханш 1,470.36 төгрөгөөс 1,780.82 төгрөг хүртэл 17.43 хувь өссөн нь яагаад ч 32 ширхэг техникийн тоог 2 дахин бууруулах, 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ”ММК” ХХК-иас 0,4 м куб шанаганы багтаамжтай WZ40-16 маркийн тракторыг 25,440,000 төгрөгөөр 45 хоногийн дотор нийлүүлэхээр санал болгож байсан тракторыг 2 дахин өндөр үнээр худалдан авах үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э-, А.Г- нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Б-, Ц.Д- нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж дээрх хэрэгт хамжигчаар оролцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-  шүүхийн хэлэлцүүлэгт “шүүхийн шийвэрээр тогтоогдсон хэмжээгээр хохирлыг нэхэмжилнэ” гэжээ.

 

Иргэний хуулийн 497-р зүйлд “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахаар,гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч П.Б- нь төсвөөс шилжүүлж “Д-” ХХК-ийн дансанд шилжсэн 800,000,000 төгрөгийг захиран зарцуулсан байх тул түүний гэм хор учрулахад оролцсон оролцоог харгалзан 184,000,000 төгрөгийн хохирлын 40 хувь буюу 73,600,000 төгрөгийг П.Б-гээс, бусад шүүгдэгч нараас тус тус 20 хувь буюу тус  тус 36,800,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан.

 

Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд татвар болон бусад хэлбэрээр мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож, хуримтлуулсан хөрөнгийг хэрхэн юунд зарцуулахыг илэрхийлдэг төрийн М- хөрөнгийн төвлөрсөн сан бөгөөд өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт ард түмний хөрөнгө юм.

 

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “балансад авлагаар тусгагдсан өр авлага үүсээгүй тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулсан хохирлыг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн  анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

800 сая төгрөгийг бүрэн шилжүүлж авсан өдрөөр буюу 2014 оны 3-р сарын 26-ны өдрөөр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан хугацааг тооцоход шийтгэх  тогтоол гарах өдөр хүртэл 7 жил, 9 сар, 23 хоног өнгөрчээ.

Шийтгэх тогтоол гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар “хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан бол гэмт хэргийг мөрдөн шалгах хугацаа дуустал хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байхаар”, 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс өмнөх хуулиар бол “хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан эсэхээс үл хамааран шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол” эрүүгийн хариуцлагад татаж болохгүй байхаар хуульчилсан байсан.

Шүүгдэгч П.Б- нь 2016 оны 4-р сарын 10-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-8-13 тоотод эхнэр Ц.Цэрэндэжидийг зодож бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай тогтоолоор /2-р хавтас 42-47-р хуудас/ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан ба шүүгдэгч П.Б-гийн сүүлийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс буюу 2016 оны 4-р сарын 10-ны өдрөөс түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг  тоолсон ч  2021 оны 4-р сарын 10-ны өдөр дууссан байна.

Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш тухайн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хуульд заасан хариуцлага хүлээхээс зориуд зайлсхийх үйлдэл хийгээгүй, хуульд тусгайлан заасан хугацааны дотор дахин ямар нэгэн санаатай гэмт хэрэг үйлдээгүй нь тогтоогдсон тохиолдолд шалгуур тогтоосон хугацаанд уг этгээд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгон, засарч хүмүүжсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүмүүнлэг энэрэнгүй ёсны зарчимд үндэслэсэн ойлголт ба нөгөө талаас төр гэмт хэргийг илрүүлэх, шалган тогтоох, буруутай үйлдэл нь тогтоогдсон тохиолдолд шийтгэх ажиллагааг тодорхой хугацаанд хийж чадаагүйн төлөө төрийн хүлээж буй  хариуцлага гэж тодорхойлж болно.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба шүүгдэгч нарын хувьд 2020 оны 1-р сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг “эрүүгийн хариуцлага татаж болохгүй хугацаа” гэж ойлгомжтой байдлаар хуульчилсан байсан бол 2015 оны Эрүүгийн хуул 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагчаар татаж болохгүй хугацаа” гэж бичсэн атлаа тоолох журмыг 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, яллагдагчаар татах хүртэл” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан журмаар хөөн хэлэлцэх хугацааг тоолвол шүүгдэгч нарыг хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан тул ял халдаах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тоолох журмаар тоолвол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул ял халдааж болохгүй байна.

Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх, Эрүүгийн хуулийг тайлбалахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгон 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э-, А.Г-, Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Б- 95 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувь тэнцүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн тул хэрэгт битүүмжлэгдсэн Ц.Д-ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны, А.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105 дугаар байрны 188 тоот орон сууцны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.Э-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ландкрузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машин, П.Б-гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууц битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Д-” ХХК-ийн  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материал, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг хэрэгт үлдээхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

   

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Түшээ овогт Д-ын Э-, М- овогт А-ийн Г- нарыг бүлэглэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашилаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, Х-Б- овогт П-гийн Б-, Э- овогт Ц-ийн Д- нарыг төрийн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Түшээ овогт Д-ын Э-, М- овогт А-ийн Г-, Э- овогт Ц-ийн Д-, Х-Б- овогт П-гийн Б- нарт холбогдох 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х-Б- овогт П-гийн Б-гээс 73,600,000 /далан гурван сая, зургаан зуун мянга/ төгрөг,  Түшээ овогт Д-ын Э-аас 36,800,000 /гучин зургаан сая найман зуун мянга/, М- овогт А-ийн Г-өөс 36,800,000 /гучин зургаан сая найман зуун мянга/, Э- овогт Ц-ийн Д-оос 36,800,000 /гучин зургаан сая найман зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан, нийт 184,000,000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э-, А.Г-, Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Б- 95 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай  37 хуудас материал, “Дачибу” ХХК-ийн  гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй  56 хуудастай хавтасласан материал, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ий тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Ц.Д-ийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын орон сууц, А.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө байр, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит Найрамдал орон сууц, Ниссан сани маркийн ХХ-ХХ БУА улсын дугаартай авто машин, Д.Э-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол, 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн ХХ-ХХ УБВ улсын дугаартай автомашин, Тоёото ланд крузер 100 маркийн ХХ-ХХ БУА улсын дугаартай авто машин, П.Б-гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, хохиролд тооцуулахаар Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-, А.Г-, Ц.Д-, П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД