Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0026/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч О.И- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт О-ийн И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2126000170356 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... тоотод оршин суух хаягтай,

Урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2,700,000 төгрөг ял шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн 3200 нэгж буюу 3,200,000 төгрөгөөр торгох ял,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт О-ийн И- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.И- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

  1. Шүүгдэгч О.И- нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байхдаа З.Л-ийн “З.Л-” фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, улмаас уг хаягийг ашиглан иргэн З.Л-ийн нэрийн өмнөөс Л.И-т “хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн хуурч мэхлэн 100,000 төгрөгийг Хаан банкны Ч.М-ийн эзэмшлийн ХХХХХХХХ дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Хохирогч З.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэмтлийн эмнэлгээс гараад хүргэн ахын гэрт эгч ******* хамт гэрт нь байж байсан. Тэгсэн 11 цагийн үед манай төрсөн дүү ******* над руу залгаад та эмчилгээ ихтэй байж яагаад хүн рүү мөнгө шилжүүлээд байгаа юм бэ гэхээр нь юун мөнгө төгрөг гэсэн та фейсбүүк чатаараа ээжээс хүний данс руу мөнгө шилжүүлээч гэж чат бичсэн юм биш үү гээд ээжийн чатаас харилцсан чатын зургийг дараад над руу  явуулсан. Тэгэхээр нь би чат бичээгүй гэж хэлсэн. Тухайн үед эмнэлэгт хагалгаанд орох болсон байсан учир тэр даруй цагдаагийн байгууллагад хандаагүй байж байгаад хагалгаанаас гарч ирээд хандсан. Манай ээжтэй миний фейсбүүк хаягаар харилцсан хүний нэрийг би мэдэхгүй. Ээж рүү явуулсан дансыг ч мэдэхгүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 28 хуудас/,

 

Хохирогч Л.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний хүүхэд З.Л- нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт хагалгаанд ороод гарсан байсан. Тэгээд миний хүүхэд өөрийн З.Л- нэртэй фейсбүүк чатаас над руу чатаар харилцан ээж надад 100,000 төгрөг шилжүүлээч гэж хэлсэн. Би яах гэж байгаа талаар асуухад найздаа юм захих гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би 100,000 төгрөгийг шилжүүлэх гээд данс асуухад надад ХХХХХХХХ дугаартай данс явуулсан. Би тухайн дансанд өөрийн ХХХХХХХХ дугаарын данснаас мобайл банк ашиглан мөнгөө шилжүүлээд дараа нь хүүдээ М- гэсэн нэртэй байна гэж хэлсэн. Тэгсэн та чадвал 150,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед харилцаагүй завгүй орхисон байсан. Дараа нь 2 цагийн дараа ийм их мөнгөөр яах гэж байгаан гэж дүүгээр нь утсаар асуулгатал юун мөнгө бэ надаас асууж байж шилжүүлэхгүй яасан юм бэ, би мөнгө аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 21-23/,

 

Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би И-, М- нарыг сайн танихгүй, тэр өдөр манай гэрт ирээд танилцсан. Манайд байх хугацаандаа нэг удаа И- ээжээс мөнгө өгөх гээд байна, надад виза карт байхгүй гээд миний данс руу 100,000 төгрөг хийлгээд авсан. Тэр мөнгийг авахдаа М-, И- хоёр цуг гараад 380-ын АТМ-ээс авахаар явсан. Гарахдаа И- миний өмсдөг саарал өнгөтэй юүдэнтэй цамцыг өмсөж гарсан. Мөн манайд байхдаа И- М-ын данс руу мөнгө хийгээд авсан. Хэдэн төгрөг хийснийг мэдэхгүй. Дарханд хөл хорио тавигдсаны дараа *******,*******,******* буюу М- нар гэртээ харьсан. Харин манайд М-, И- бид гурав үлдсэн. Нэг өдөр М- шинээр нээсэн Хаан банкны виза картаа аваад ирсэн. Тэгтэл И- хүнээс мөнгө орох гээд байна гээд М-ын виза картыг аваад гарсан. Тэгээд удалгүй орж ирээд М-ыг дагуулаад хамт яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй. И- манай гэрт байхдаа Самсунг галакси жи 2 маркийн гар утас барьдаг байсан. И- байнга гал тогооны өрөөнд ороод хүнтэй чатлаад байдаг байсан, чатны дуу нь сонсогдоод байдаг байсан юм. Би харах гэхээр нуугаад байдаг байсан. Хааяа М- ороод суучихдаг байсан. Тэр үед М- гар утасгүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 205-209/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-ийн гэрт байхад И- М-ийн Хаан банкны картанд мөнгө хийлгэсэн асуудал болсон. Тухайн үед ээжээс мөнгө орж байна гэж хэлж байсан. Тэгээд М- ахын карт руу мөнгө хийсэн. Би И- ахтай хамт гарсан. Гарч яваад Хээтэй хорооллын 380 дугаар байрны доор байрладаг АТМ-ээс мөнгө авахдаа би мөнгө авсан бөгөөд 100,000 төгрөг авсан юм...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 37-40/ гэх мэдүүлгээр,

 

  1. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б.О-гийн цахим хаягт хууль бусаар халдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт цахим хэрэгсэл ашиглан, Б.О-гийн фейсбүүк хаягийг ашиглан түүний нэрийн өмнөөс зурвас бичин иргэн Д.А-аас 100,000 төгрөг, иргэн К.Б-оос 200,000 төгрөг, иргэн А.Г-ээс 300,000 төгрөгийг Хаан банкны Б.М-ын эзэмшлийн ХХХХХХХХ дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Хохирогч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15-16 цагийн хооронд өөрийн “**************” гэсэн фейсбүүк хаяг руугаа орох гэтэл орж болохгүй байсан. Тэгсэн мөртлөө миний фейсбүүкийн чат руу мессеж ирээд устгагдаад байсан. Тэгэхээр нь чатаар харилцаж байгаа хүмүүсийг цээжилж аваад нөгөө хүмүүс рүү ярьсан чинь Г- 300.000 төгрөг, А- 100.000 төгрөг, ******* найз Б- 200.000 төгрөгийг М- гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагт Yahoo чатаар мессеж ирээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед орж үзэхгүй орхисон байсан. Тэгээд сүүлд фейсбүүкийн нууц код алдчихсан болохоор yahoo чатаа орж шалгасан чинь 2020 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө миний фейсбүүк рүү орох гээд оролдож байсан байна лээ. Харин яаж нэвтэрч орсныг мэдэхгүй байна. Би фейсбүүк хаягийнхаа нууц үгийг юу гэж хийснийг одоо санахгүй байна. Том жижиг үсэг оруулаад утасны дугаараа хийсэн санагдаж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185/,

 

Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надтай өмнө хамт ажилладаг байсан О-гийн фейсбүүк хаяг болох “**************” хаягаас 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр над руу чат ирсэн. Тэгээд “Сайн уу эгч, танд 100.000 төгрөг байна уу, хүн рүү шилжүүлээд өгөөч, маргааш өгье” гэсэн утгатай чат ирсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны ХХХХХХХХ дугаартай данснаас чатаар ирүүлсэн ХХХХХХХХ дугаартай данс руу “Zul” гэсэн утгатай 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд удаагүй байтал О- над руу залгаад  “та над руу чат бичсэн байна, энэ би биш, миний фейсбүүкийг нэг хүн ороод чат бичсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 170/,

   

Хохирогч К.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр надтай хамт ажилладаг Дамбаравжаа над руу яриад чамд мөнгө байвал ХХХХХХХХ дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5026416232 дугаарын данснаас ХХХХХХХХ дугаарын данс руу 200.000 төгрөгийг “” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгсэн удалгүй миний шилжүүлсэн мөнгийг залилсан байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174/,

 

Хохирогч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Уул уурхайн компанид хангамжийн инженерийн ажил эрхэлдэг бөгөөд харилцагч О- 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний хувь чат руу өмнө нь зээлээр юм авсан, тэр мөнгө өгөх талаар яриад тэр зээлийнхээ мөнгийг шилжүүлсэн талаар чат бичилцэж байсан юм. Тэр чат бичсэнээс 1 цагийн дараа О-гээс “хүнд мөнгө өгөх гэсэн юм аа, та 300.000 төгрөг шилжүүлэх боломж байна уу” гэсэн чат ирсэн. Тэгээд надад ХХХХХХХХ гэсэн дансыг явуулсан. Тэгээд “хүнд битгий хэлээрэй” гэж гуйсан. Тэр гуйлтын дагуу би өөрийнхөө Хаан банкны 5ХХХХХХХХ гэсэн дугаарын данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд удаагүй байж байтал О- залгаад “танд миний фейсбүүкээс чат ирсэн үү, би фейсбүүкээ хакердуулсан” гэхээр нь “би сая 300.000 төгрөг шилжүүлчихлээ” гэсэн чинь О- “над руу чаталсан чатаа явуулчхаарай” гэж хэлэхээр нь О-д явуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр  хавтаст хэргийн 180/ болон хэрэгт авагдсан ыусад бичгийн нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15-18 цагийн хооронд Ц.Д-ын фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, цахим хэрэгсэл ашиглаж Ц.Д-ын нэрийн өмнөөс зурвас илгээн С.Х-аас 10,000 төгрөг, Б.Ж-гээс 150,000 төгрөг, Г.С-оос 200,000 төгрөг, Г.Д-ээс 100,000 төгрөг, Ц.О-аас 200,000 төгрөгийг Хаан банкны ХХХХХХХХ дугаарын дансаар шилжүүлэн авсан болох нь:

 

Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гурванбулаг сумын 3 дугаар баг Давааны энгэр гэх газар аав, ээжтэйгээ байж байхад орой 18 цагийн үед манай төрсөн эгч О- залгаад мөнгийг чинь хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун мөнгө гэж асуухад сүлжээ байхгүй байхад яаж фейсбүүк орхов гэж хэлсэн. Би өөрийн фейсбүүк хаягийг нэвтрэх нэр нь миний өөрийн утасны дугаар болох ХХХХХХХХ харин нууц үг нь ХХХХХХХХ Dd гэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 62-63/,

 

Хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гурванбулаг суманд байж байхад 15 цаг 50 минутын үед манай ах Д-ын фейсбүүк хаягаас ахдаа 20.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь өөртөө байсан 10.000 төгрөгөө М- гэх хүний ХХХХХХХХ дугаартай данс руу шилжүүлсэн. Тэгсэн 2-3 цагийн дараа Д- ах над руу залгаад миний хаягаас хүн мөнгө гуйсан уу гэж асуусан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51/,

 

Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Д-ын фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэхээр нь зөвшөөрөөд  М- гэх ХХХХХХХХ дугаартай данс руу өөрийн ХААН банкны ХХХХХХХХ дугаарын данснаас 150.000 төгрөг  шилжүүлсэн. Тэр орой Д- над руу залгаад миний хаягаас хүн мөнгө гуйсан уу гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 55-56/,

 

Хохирогч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д-ын фейсбүүкээс найздаа мөнгө зээлээч хүнд мөнгө өгөх хэрэгтэй байна гэхээр нь зөвшөөрөөд М- гэх хүний ХХХХХХХХ данс руу өөрийн Мобайл банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59/,

 

Хохирогч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Д-ын фейсбүүк хаяг нээлттэй байхаар нь чатаар залгасан чинь салгаад байсан. удалгүй сайн уу найз гээд чат ирсэн. Тэгээд найздаа мөнгө байвал зээлээч гэхээр нь өөрт байгаа 100.000 төгрөгийг М- гэх хүний ХХХХХХХХ данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66/,

 

Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай төрсөн дүү Д-ын фейсбүүк хаягаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 54 минутад сайн уу эгчээ гэсэн чат ирсэн. Тэгээд миний Мобайл банк болохгүй байна та хүний данс руу мөнгө хийгээд өгөөч гэхээр нь зөвшөөрөөд над руу явуулсан М- гэх хүний ХХХХХХХХ данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай дүү Д- хөдөө аавын гэрт байсан болохоор аавын гэрийн утас руу залгаад Д-ад хэлэхэд би танаас мөнгө гуйгаагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69/ гэх мэдүүлэг болон   ХХХХХХХХ дугаартай дансны хуулгаар,

 

       4. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт Н.ын “Otgoo otgonod” фейсбүүк хаягт хууль бусаар халдан нэвтэрч, Н.ын нэрийн өмнөөс иргэн Л.Б- руу “хүн рүү мөнгө шилжүүлээд өгөөч, маргааш өгье” гэж зурвас илгээн 200,000 төгрөгийг Хаан банкны Б.М-ын эзэмшлийн ХХХХХХХХ дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь:

 

       Хохирогч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөхөр хамт айлд байж байтал манай ах манай нөхөр рүү залгаад намайг мөнгө гуйсан байна, юун мөнгө хэрэгтэй болсон юм гэж асуухаар нь би тийм мөнгө төгрөг гуйсан юм байхгүй гэж хэлэхэд чиний гэх фейсбүүк хаягаас чинь мөнгө гуйсан чат ирээд байна гэхээр нь гайхаад би өөрийн фейсбүүк рүүгээ орох гэтэл код нь солигдчихсон орж болохгүй байсан. Тэгээд тухайн өдрийн орой нь өөрийн фейсбүүк рүүгээ орох гэж оролдож байгаад бүртгэлтэй дугаараа өөрийн фейсбүүкийн кодоо солиод өөрийн фейсбүүкээ ороод үзтэл миний фейсбүүкийн ойр дотно гэсэн найзууд руу мөнгө гуйсан чат биччихсэн байсан. Би гэх фейсбүүк хаягаа хэрхэн алдсанаа мэдэхгүй байна. Миний гэх фейсбүүк хаягийн код нь otgonoo0504 гэсэн кодтой, нэвтрэх нэр нь миний утасны дугаар байдаг байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186/,

 

       Хохирогч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богд Виллаж хотхон 1201-2-139 тоотод байж байсан. 17-18 цагийн үед манай нөхрийн багийн найз Зоригоогийн эхнэр ын фейсбүүкээс найздаа 200.000 төгрөг түр хүний данс руу хийгээд өгөөч, орой найз нь буцаагаад чамд өгье гэж бичихээ нь би тэр дор нь М- гэх ХХХХХХХХ дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа фейсбүүкээ шалгаж байтал нийтлэл оруулсан байсан, фейсбүүкийнхээ нууц үгийг алдчихлаа, миний фейсбүүкээс мөнгө асуувал битгий шилжүүлээрэй,кодоо сольж болохгүй байна гэсэн. Тэгээд би утасны дугаар руу нь залгаад асуутал найз нь харин кодоо алдчихсан, чи бас шилжүүлсэн юм уу? гэсэн. Тэгээд би мөнгөө алдсанаа мэдсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178/,

 

       Б.М-ын эзэмшлийн Хаан банкны ХХХХХХХХ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 151/,

 

  1. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар баг, тоотод оршин суух иргэн Г.Г-ийн фейсбүүк хаягт нэвтрэн орж, Г.Г-ийн нэрийн өмнөөс “мөнгөний хэрэг гараад байна” гэж чат буюу зурвас бичиж хохирогч Ц.Л-гээс 1,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Э.И-гоос 350,000 төгрөг, хохирогч Б.Т-оос 1,002,330 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Хохирогч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Над руу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай сургуулийн захирал захирал өөрийн ХХХХХХХХ гэсэн дугаараас залгаад таны фейсбүүк чатаас мөнгө зээлээч мөнгөний хэрэг болоод байна гэсэн утгатай чат ирсэн байна гэж хэлэхээр нь би ямар нэгэн байдлаар хүнээс мөнгө зээлэх талаар чат бичээгүй гэж хэлээд миний чатаар хүн ороод хүнээс мөнгө гуйсан талаар мэдсэн. Миний фейсбүүк чатаар Солонгос улсад амьдардаг Б.Т-оос 1 сая төгрөг, УБ хотод амьдардаг манай ангийн багш Э.И-гоос 350,000 төгрөг, хадам эгч рүү чат бичсэний дагуу хадам эгч найз Л-гээрээ 1 сая төгрөгийг ХХХХХХХХ тоот М- гэх хүний данс руу шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26/,

Хохирогч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн орчим гэртээ байж байхад манай найз миний фейсбүүк чат руу Г-эд мөнгөний хэрэг гараад байна гэнэ, өөрөө гарч ирж чадахгүй байна та аргалаад явуулаад өг би маргааш өгчихье гээд чат бичээд, гүйлгээний утган дээр нь Г- гэж бичээрээ гээд байна чамд мөнгө байвал 1 сая төгрөг явуулаад өгөөч гэхээр нь би мобайл банкаар явуулсан. М- гэсэн нэртэй ХХХХХХХХ дугаартай данс байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29/,

Хохирогч Э.И-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 16 хороо Туул 20-412 тоотод байж байхад Өвөрхангай аймгийн 1-р сургуулийн багш ажилтай манай шавь Г-ийн фейсбүүк хаягаар чат бичээд багшаа интернэт болохгүй байна мөнгөний хэрэг болоод байна 350.000 төгрөгийг энэ хүний данс руу шилжүүлээд өгөөч гээд М- гэсэн хүний дансыг надад өгсөн. Тэгэхээр нь би тэр данс руу 350.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36/,

Хохирогч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улс руу яваад 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдөр ирсэн. Г- багш яг 2021 оны 01 сарын 03-ны өдөр 18 цаг 47 минутын үед Солонгос улсад байхад нэртэй фейсбүүк хаягаас миний гэх нэртэй фейсбүүк мессенжер рүү багшдаа нэг тус болооч мөнгө зээлээч гэсэн мессеж ирсний дагуу түүний хэлснээр ХХХХХХХХ дугаартай М- гэх хүний данс руу “Г-” гэсэн утгатайгаар 1,002,330 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41/, ХХХХХХХХ тоот дансны хуулгаар болон хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ямар ч байсан М-ийн гэрт байхад И-, М- нар гарч яваад мөнгөтэй болоод дэлгүүрээс юм авчирсан. Одоогоос 2 жилийн өмнө буюу 2019 оны зун Улаанбаатарт байхдаа И- болон түүний Улаанбаатарт байдаг найзууд гэх залуучуудтай нийлдэг байсан. Тэгж байхдаа И- кибер буюу цахим гэмт хэрэг хийдэг гэж мэдсэн. Тэрнээс хойш би мэдээд И-д хийж байгаа зүйлээ боль гэж хэлдэг байсан. Тэгээд би И-тэй нийлэхээ болиод Дарханд ирсэн. Сүүлд И-г Хөвсгөлийн Цагдаагийн газар цахим хэргээр шалгагдсан гэж сонссон. И- шинэ хорооллын 16 дугаар байранд байр түрээслэхээс өмнө ахындаа билүү эгчийндээ байх үед нь хааяа уулздаг байсан. Тэгэхэд И- байр түрээслэх мөнгө олох хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Тэгсэн М- байхгүй үед И- надад хэлэхдээ М-ын дансаар дамжуулан фейсбүүкээр мөнгө олно гэж хэлээд М-т хэлнэ гэж байсан. Хэрэв цагдаа нар асуувал би хэлэх үгийг нь заагаад өгнө гэж ярьж байсан. Тэгээд М-ын дансаар дамжуулан бусдын хаяг руу нэвтэрч залилан хийсэн мөнгөөрөө шинэ хорооллын 16 дугаар байранд өрөө түрээсэлсэн. Тэр байранд байх үед хааяа би очиход И- бусдын фейсбүүк хаяг руу нэвтэрч залилан мэхлэх гэмт хэргээ долоо хоногт 2-3 удаа мөнгөгүй болсон үедээ хийгээд байсан. Тэгэхээр нь би нэг удаа М-ыг дуудаад 2-улаахнаа уулзаад одоо чи гэртээ харь, картаа хаалгаад эд нараас холбоогоо салгаад өөрийнхөө амьдралыг бод гэж хэлсэн чинь М- за ахаа гэж хэлсэн. Тэгээд дараа нь И-гийн байранд ирэхэд М- байж байсан. Тэгэхээр нь би эд нарт юм хэлээд нэмэргүй юм байна гэж бодоод харьцахаа больсон. Сүүлд намайг очсоноос хойш 7-10 хоногийн дараа хар тамхины хэргээр И-, , , нэг эмэгтэй найз залуутайгаа хамтдаа цагдаад баригдсан гэж сонссон” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 39-40/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... саарал өнгийн мөр хэсэгт мөн бүдэг саарал өнгийн оруулгатай энгэртэй ягаан өнгийн босоо цахилгаантай, саарал өнгийн юүдэн түүний дотор талд бараан саарал өнгийн цагаан бичиглэлтэй саравчтай малгай өмссөн цагаан цэнхэр өнгийн амны маск зүүсэн 20-25 орчим насны залуу АТМ174 дугаартай Хаан банкны Дархан-Уул аймгийн Дархан сумын Шинэ Дархан 10 дугаар баг Модерн Номадсын дэргэдэх “Алтан хүрд” хүнсний дэлгүүрийн үүдэнд байрлах Wincor  АТМ-д гүйлгээг хийсэн зургууд байх бөгөөд дуу авианы бичлэг хийгдээгүй байх ба үзлэгийн явцад өөр ач холбогдолтой зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 7-9/,

 

Гэрч Э.Эмүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сард надтай хамт сурч байсан М- гэх залуугийн гэрт бараг 20 хоног хамт байсан. М-ийн гэр нь Шинэ хорооллын 20 дугаар байранд байдаг байсан. Тэгж байхдаа М-, И- нартай хамт байсан. И- Дархан сумын 12 дугаар баг 16 дугаар байрны 131 тоотын хажуу өрөөнд байдаг байсан. Тэр үед И- их мөнгөтэй байгаад байсан. Тэгэхээр нь би М- И- нарыг хамт байх үед нь та нар хаанаас ингэж мөнгөтэй болоод байгаа юм бэ гэж асуухад И- надад хэлэхдээ М-ын дансаар дүгнэж байгаа гэж хэлсэн. Дүгнэж байгаа гэдэг нь болохоор залилан хийж байгаа гэж хэлж байгаа юм. Харин М- тэр үед гар утастай болсон байхаар нь яаж авсан талаар асуухад И- ах авч өгсөн, миний дансыг ашиглаж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи цагдаад баригдвал яах юм бэ гэхэд намайг 16 насанд хүрээгүй болохоор гайгүй гэж И- ах хэлсэн гэсэн юм. И- нь М-ын дансаар бараг 10 сая төгрөг авсан гэж хэлсэн. И- надаас өмнө нь хоол байна уу, мөнгө байна уу гэж асуудаг байсан. Тэгсэн түрээсэлдэг байранд нь очиход тухайн үед Шинэ жил болох гэж байсан болохоор тухайн үед мөнгөтэй болсон байсан. Тэгээд мансуурдаг эм, тариагаа аваад байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-212/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сард  шинэ хорооллын 16 дугаар байрны 131 тоотын хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сард И- миний түрээсэлж байсан хажуу өрөөний өөр нэг өрөөг түрээсэлдэг болсон. Тэгээд танилцаж байсан юм. Би 2021 оны 01 дүгээр сард байрнаасаа гарсан. Тэгээд 2 сард буцаад И-тэй нэг өрөөнд амьдрах болсон. Тэгээд И-г мэдэх болсон. Харин М- гэх залуу И-гийн дүү гээд И-гийн гэрт ирдэг байсан. О.И- ажил хийхгүй мөртлөө мөнгөтэй байгаад байдаг байсан. Тэгэхээр нь би анзаарахад цахимаар мөнгө олдог байсан. Нэг удаа миний сонссоноор 300,000 төгрөг орлоо гээд яриад байсан. Надад бол ямар нэгэн юм хэлдэггүй байсан. Миний сонссоноор хүний утасны дугаараар фейсбүүкт хийгээд ордог юм байна гэж бодсон. Энэ үйл явдал 2-3 удаа болсон. Миний ойлгосноор М-ын дансаар мөнгө авдаг юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 214-215/,

 

Гэрч Ч.М-өөр 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хаан банкны 09 дугаартай албан бичгээр ирүүлсэн АТМ-174, АТМ-1190, АТМ-451, АТМ-1354 дугаартай АТМ дээр авагдсан гэрэл зургийг таниулсан: “...АТМ-1190 дээр авагдсан зурагт дээрх И- мөн байна. Нүд болон малгай, саарал цамц юүдэнтэй харагдсан байна. Харин АТМ-1354 дээр авагдсан И- мөн байна. Мөн миний ягаан өнгийн ноосон малгай өмссөн байна” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 27/,

 

Э.Эмүжингээр АТМ-174, АТМ-1190, АТМ-451, АТМ-1354 дугаарын АТМ-ийн камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Нэг дэх АТМ-1190 болон гурав дахь АТМ-451 зураг нь дээрх хүн бол И- мөн байна. Харин нөгөө 2 зураг дээр нь сайн мэдэхгүй байна. Эхний зураг дээрх саарал цамц болон малгайгаар нь И- мөн байна гэж таньж байна. И-гийн өмсдөг байсан саарал цамц байна. Мөн хөмсөг, нүд нь мөн байна” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 29/,

 

АТМ-174, АТМ-1190, АТМ-451, АТМ-1354 дугаартай АТМ-ийн камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллаа явуулсан: “...Үзүүлсэн гэрэл зургаас АТМ-451 /2020.12.18-ны өдрийн/ дугаартай АТМ дээр бичигдсэн гэрэл зураг дээрх хүн нь И- мөн байна. Эхний гэрэл зураг дээрх байгаа хүн нь миний куртикийг өмссөн байна. Харин 2 дахь гэрэл зураг дээр байгаа хүн нь М- байх шиг байна. Сүүлийн гэрэл зураг дээрх хүнийг танихгүй байна. Миний куртик мөн байна Би И-гийн түрээсэлдэг байсан шинэ хорооллын 16 дугаар байрны 131 тоотод ирээд өлгүүрт куртикээ өлгөчихдөг юм. Тэгээд хэн нэг нь гадагшаа гарахдаа өмсөөд гардаг юм”  гэх тэмдэглэл,

 

АТМ-174, АТМ-1190, АТМ-451, АТМ-1354 дугаартай АТМ-ийн камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллаа явуулсан: “... Гурав дахь зэрэг дээр байгаа нь И- юм шиг байна. Бусдыг сайн танихгүй байна. Хөмсөг нь төстэй харагдаж байна” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 37/,

 

Гэрч Г.М-ээр АТМ-174, АТМ-1190, АТМ-451, АТМ-1354 дугаартай АТМ-ийн камерын бичлэгт бичигдсэн гэрэл зургаар таньж олуулах ажиллаа явуулсан: “...Нэг, гурав дахь зургаас хараад таньж байгаа нь И- юм шиг байна. Нөгөө хоёр зураг нь М- байна. И-гийн нүдний харагдах байдлаар нь таньж байна. М-ын малгай байна. М-ын куртик байна” таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 39/,

 

Дансны хуулганууд үзлэг хийсэн: “...уг дансны гүйлгээнд үзлэг хийхэд 2020 оны 12 дугаарын сарын 11-ний өдрийн 15 цаг 45 минутад ХХХХХХХХ дугаарын данснаас Д- гэсэн утгатай 100.000 төгрөг, мөн өдрийн 15 цаг 54 минутад ХХХХХХХХдугаарын данснаас jamtsaa гэсэн утгатай 200.000 төгрөг, мөн өдрийн 16 цаг 14 минутад ХХХХХХХХ дугаарын данснаас “Д-” гэсэн утгатай 10.000 төгрөг, мөн өдрийн 16 цаг 30 минутад ХХХХХХХХ дугаарын данснаас dashjamts,s гэсэн утгатай 200000 төгрөг, мөн өдрийн 16 цаг 49 минутад ХХХХХХХХ дугаарын данснаас Dashjamts гэсэн утгатай 150000 төгрөг нийт 660000 төгрөг Б.М-ын дансанд орж мөн өдрийн 16 цаг 51 минутад 450.000 төгрөг АТМ-1190 Dar гэсэн АТМ-ээс гарсан, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 15 минутад АТМ-451 дугаартай АТМ-ээс 200.000 төгрөгөөр бэлнээр гаргаж авсан үлдэгдэл 950 төгрөг” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 45/,

 

Б.М-ын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 46 /,

 

Дансны хуулгад үзлэг хийсэн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цан 51 минутад 001109317475 дугаарын данснаас OTGO гэсэн утгатай 200,000 төгрөг Б.М-ын дансанд орж АТМ-453 DA гэсэн нэртэй АТМ-ээс 2020 оны 12 сарын 17-ны өдөр 16 цаг 06 минутад 375000 төгрөг бэлнээр гарсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 156/,

 

Яллагдагч О.И-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 16-р байрны 131 тоот байрны нэг өрөөг сарын 80.0 төгрөгөөр түрээслэн оршин сууж байхдаа 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тухайн байрандаа өөрийн эзэмшлийн I phone-6 маркийн гар утсаа ашиглан интернэтэд орж фейсбүүкээр дамжуулан бусдын эзэмшлийн фейсбүүкт нэвтрэх оролдлого хийдэг Ингэхдээ зарын групп өөрийн утасны дугаараар зар тавьсан хүмүүс болон өөрөө бас тааж олсон дугаараа фейсбүүкийн нэвтрэх нэр дээр нууц үгийг хийж болохгүй сүүлийн хэдэн тоог удаа дараа өөрчилж аль нэвтэрч болж байгаа хаяг руу ороод фейсбүүкт идэвхтэй байгаа хүмүүс руу мөнгө зээлээч маргааш өгье гэх мэтээр чат бичээд мөнгийг дансаар шилжүүлж авдаг байсан. Ингэхдээ М-ын дансыг ашиглаж мөнгө авдаг байсан. Тухайн үед халдварт өвчний улмаас Дархан-Уул аймаг 0 зогсолт хийсэн байсан учраас мөнгөний хэрэг болоод би бусдын цахим хаягт нэвтэрсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109/, ..үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийгүй байж чадна, учруулсан хохирлоо өөрөө ажил хөдөлмөр хийж төлнө” гэх мэдүүлгүүд болон хохирогчдын мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч О.И-гийн бусдын цахим хаягийн бүртгэлд авагдсан утасны дугаарыг Фэйсбүүкийн хэрэглэгч хэсэгт оруулан хэрэглэгчийн нууц үг хэсэгт мөн утасны дугаартай ижил болон ойролцоо тоо нууц үг оруулах замаар бусдын цахим хаягт хууль бусаар халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг, хууль бусаар халдсан цахим хаягийнхаа хэрэглэгчийн нэрийн өмнөөс түүний орй дотно хүмүүс рүү чат буюу зурвас бичих замаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдэл нь  “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч О.И-н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.И-г цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 3,912,330 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй хохирол нэхэмжилнэ гэжээ.

 

Хууль бус үйлдлээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этигээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгч О.И-гээс 3,912,330 төгрөг гаргуулж хохирогч Л.И-т 100,000 төгрөг, Д.А-д 100,000 төгрөг, К.Б-т 200,000 төгрөг, А.Г-эд 300,000 төгрөг, С.Х-д 10,000 төгрөг, Б.Ж-д 150,000 төгрөг, Г.С-ид 200,000 төгрөг, Г.Д-д 100,000 төгрөг, Ц.О-д 200,000 төгрөг, Л.Б-д 200,000 төгрөг, Ц.Л-д 1,000,000 төгрөг, Э.И-д 350,000 төгрөг,  Б.Т-т 1,002,330 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. 

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.И- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор  1 жил, 2 сар, 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар уг ялаас биеэр 4 сарыг эдэлж, 10 сар 28 хоногийн ялыг эдлээгүй байна.

 

Мөн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдсэн ба Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 355 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулсан байна.

 

 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох торгох ялаас 534,000 төгрөгийг биелүүлж, 2,166,000 төгрөгийн торгох ял биелүүлээгүй үлдсэн байна.

 

Шүүгдэгч О.И- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн  төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн энэ тогтоолоор оногдуулсан нийт ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 2 жил, 10 сар, 28 хоногоор тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй 2,166,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр 60,167 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1 Б- овогт О-ийн И-г цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч О.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, энэ тогтоолоор оногдуулсан нийт эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, уг ял  дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 2 жил, 10 сар, 28 хоног зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 2,166,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч О.И-д оногдуулсан 2 жил, 10 сар, 28 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 65 дугаар брак байрны 09 тоотоос өөр чиглэлд явахгүй байхаар тогтоож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялаас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 2,166,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, зорчих эрх хязгаарлах ял, шүүхээс тогтоосон эрх хязгаарлах арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.И- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч О.И- нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх, ажилд орох зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.И-гээс 3,912,330 төгрөгийг гаргуулж, хохирогч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, ..... тоотод оршин суух Ш овогт Л-гийн И- /РД: /, утас: -т 100,000 төгрөг, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай Н овогт Д-гийн А- /РД:/, утас:-д 100,000 төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороолол, .... тоотод оршин суух Х овогт К-гийн Б- /РД:/, утас:-т 200,000 төгрөг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух хаягтай М овогт А-ийн Г- /РД: утас: -д 300,000 төгрөг, Булган аймаг, Гурванбулаг сум ..... суух Ш овогт С-ын Х- /РД:/, утас:-д 10,000 төгрөг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух Ш овогт Б-ны Ж- /РД:/, утас:- д 150,000 төгрөг, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 2 дугаар хороо, .... тоотод оршин суух М овогт Г-гийн С- /РД:/, утас:-д  200,000 төгрөг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, ....тоотод оршин суух Х овогт Г-ийн Д- /РД:/, утас:-д 100,000 төгрөг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ...тоотод оршин суух хаягтай О овогт Ц-ийн О- /РД:/, утас:-д 200,000 төгрөг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо ....тоотод оршин суух хаягтай Л овогт Л-гийн Б-д 200,000 төгрөг, Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын .... тоотод оршин суух хаягтай Б овогт Ц-ийн Л- /РД:/, утас:-д 1,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг .... тоотод оршин суух хаягтай Б- овогт Э-ийн И-д 350,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай Ш овогт Б-ын Т- /РД:/, утас:-д 1,002,330 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  5 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГЭРЭЛТ-ОД