Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0030/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б- овогт Х-гийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2218000000013 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам ээж, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .....тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Х-гийн Б- /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Шүүгдэгч Х.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Булгийн 1-03 тоотоос Т.Б-ийн Самсунг M21 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б- нь согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булгийн 1-03 тоотоос Т.Б-ийг унтаж байхад нь ширээн дээр байсан Самсунг М12  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу баярын өдөр байсан тул Тосгонд амьдардаг Э- ахын гэрт 1 шил архи авч очиж хамт уусан. Тэгээд удалгүй гаднаас миний танихгүй Э- ахыг таньдаг гэх залуу бас нэг шил архи барьж орж ирсэн юм. Тухайн үед би согтоод байсан тул архи байсан ширээн дээр өөрийн гар утсаа тавьж үлдээгээд орон дээр очиж унтаж амарсан. Орой 19 цагийн үед сэргээд гар утсаараа ярих гэтэл утас байхгүй байхаар нь Э- ахаас асуухад ширээн дээр л байж байгаа харагдсан анзаараагүй гэж хэлсэн. Гэрт нь хайж үзээд олдоогүй ба гаднаас ирсэн танихгүй гэх залуу явчихсан байсан. Хамт архи уусан Э- ах үл таних залуу бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 9-11 хуудас/,

 

Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр билүү 27-ны өдрийн аль нэгэнд нь би ажил дээрээ сууж байхад зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй хүн ирээд гар утас авах уу гэж надаас асуухаар нь ямар утас зарах гэж  байгаа талаар тодруулж зарах гэж байгаа гар утсыг нь үзэхэд сим картгүй цэнэглэж үзэхэд асуудалгүй цэнэглэгдэж асаж байсан Самсунг М-12 загварын гар утас байсан. Утасны дотор хэсгийг үзэхэд дотор хэсэгтээ нэвтрэх кодтой байсан тэгэхэд утас зарах гэж байгаа хүнээр энэ утасны кодыг тайл гэж хэлтэл тухайн хүн өөрөө халамцуу байсан учир мэдэхгүй, санахгүй байна, чи өөрөө кодыг нь гаргаад авчих гэхээр нь би энэ хэний утас юм бэ, яагаад зарах гээд байгаа юм гэж асуутал надад хариулахдаа энэ миний утас байгаа юм, надад мөнгөний хэрэг гараад би зарж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй утас авах үнэ тохиролцоход надад зарах үнээ 140,000 төгрөг гэсэн тэгэхээр нь би тэгвэл ийм мөнгөөр авахгүй гэж дахин хоорондоо ярилцаад 100,000 төгрөгөөр авахаар болсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14 хуудас/,

 

Гэрч Ж.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...15 цагийн орчим гаднаас манай тэр хавьд байдаг Б- 0.75 литрийн Хараа нэртэй архи барьж ирсэн, тэр архийг Б-, Б- нартай хувааж уугаад байж байсан. Б- архи ууж дуусаад 16-17 цагийн орчим явсан, яг хэдэн цагт гэрээс гараад явсан талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Б- гарч явна гэхээр нь би гаргаж өгнө гээд босоод хувцсаа өмсөхөд Б-ийн утас ширээн дээр байгааг хамгийн сүүлд харсан. Би тэгээд Б-ыг хашааны хаалгаар гаргаж өгөөд хашааны хаалгаа түгжээд буцаж гэртээ орж ирээд хэсэг байж байхад Б- орон дээрээ хэвтэж байгаад босож ирээд миний гар утас хаана байна, би хүнтэй утсаар яримаар байна гэхээр нь би хамгийн сүүлд ширээн дээр байсан гэж ширээ рүү заатал утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “...Самсунг М-12 маркийн 64GB багтаамжтай гар утас / хэрэглэж байсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 370,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 21-22 хуудас/,

 

Яллагдагч Х.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Э-, Б- нартай архи уучхаад гэрээс нь гарах гэхэд бид нарын архи ууж байсан ширээн дээр гар утас байхаар нь түүнийг авч яваад маргааш нь зах дээр очоод 100,000 төгрөгөөр зарсан. Б-ийн гар утасны мөнгийг бүрэн төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Х.Б-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон ял, эрүүгийнхариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн ангийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээг авч, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Т.Б-ид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Х-гийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч Х.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД