| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2017/00356/И/ |
| Дугаар | 1846 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 1846
“Номин холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Эрдэнэтуяад холбогдох
Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7 553 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1 638 420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Туяажаргал,
Хариуцагч: Д.Эрдэнэтуяа,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ю.Сэвлэгмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 4 698 337 төгрөг, алданги 2 349 170 төгрөг нийт 7 047 507 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч тухайн үед Д.Эрдэнэтуяатай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан хуульч нийт үнийн дүнг 4 698 337 төгрөг гэж алдаатай буруу үнийн дүнг үндэслэж гэрээ байгуулсан байна. Бодит байдлаар өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нийт 5 705 217 төгрөгийг төлүүлэхээр гэрээ байгуулах байтал барьцаа хөрөнгө болох 1 006 880 төгрөгийг хассан үнийн дүнгээр гэрээ байгуулсан байна. Энэ барьцааны мөнгийг 2015 онд түүний төлөх ёстой төлбөрөөс тухайн үед нь хасаад буцаагаад залруулга хийсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний бичилтээс харагдана. Иймд төлбөл зохих төлбөрийн зөрүү 1 006 880 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчаас нийт 8 053 000 төгрөгийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн байна. Иймд хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 7 553 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Номин холдинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Эрдэнэтуяа нь “Номин Холдинг” ХХК-тай 2007 оноос хойш 9 жил гэрээтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд гэрээнийхээ үүргийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Түрээсийн төлбөрийг хожимдуулах буюу төлөхгүй байх ямарч боломжгүй билээ. Учир нь: “Номин холдинг” ХХК нь бүх түрээслэгч нартай жил бүр “худалдааны хамтын ажиллагааны гэрээ”, ”тавилгын түрээсийн гэрээ” гэсэн 2 гэрээг хийдэг. “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-гээр талбай ашигласны төлбөр, хамтрагч /түрээслэгч/ сар бүр борлуулалтын орлогын 0.5 хувийг маркетингийн шимтгэл болгон төлдөг. Мөн хамтын ажиллагааны гэрээний 4.8-д хамтрагч нь цэвэр борлуулалтын орлого /бонус хассан/-ыг Номингийн кассаар дамжуулан авах ба борлуулалтын орлогоо нуун дарагдуулах, худалдан авагчтай гар дээрээс бэлнээр тооцоо хийхийг хориглоно гэж заасан байдаг учир бүх орлого Номингийн кассаар дамждаг учир түрээслэгчид орлого нуух асуудал гардаггүй. Гэрээний 5.2-д хамтрагчийн кассаар дамжсан борлуулалтын орлогын 5.73 хувийг талбайн төлбөрт тооцож болох ба гэрээний 5.1-д заасан төлбөрөөс өндөр байгаа тохиолдолд энэ заалтыг баримтлан талбайн төлбөрийг тооцно гэж заасан байдаг. Тиймээс Д.Эрдэнэтуяа нь нэхэмжлэлд дурдсан 2015 оны 10 сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу ... гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалт бүхий талбайн 2015 оны 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр болох 4 698 337 төгрөгийг төлөх үүрэггүй. Д.Эрдэнэтуяа нь түрээсийн төлбөр төлөөгүйгээс бус өөр төрлийн бүтээгдэхүүн зарах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй, өөрийн тасгийн худалдагчгүйгээс “хамтын ажиллагааны гэрээ”-г зөрчиж байна гээд гэрээг цуцалж, талбайг чөлөөлсөн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр авлага үүсгээд түүнийгээ хууль эрх зүйн мэдлэггүйгээр нь айлган сүрдүүлж “төлбөр барагдуулах гэрээ” гэдгийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2015 оны талбайн түрээс, тавилгын түрээс, маркетингийн шимтгэлийг 1-10 сар дуустал бүрэн төлсөн, 11 сард талбайн түрээсийг төлсөн байна. Харин ч 2015 оны 10 сарын 01-нээс талбайг нь чөлөөлж өгчихөөд байхад нь ямар ч үндэслэлгүйгээр 10 дугаар сарын талбайн түрээс 503 440 төгрөг, тавилгын түрээс 119 952 төгрөг, маркетингийн шимтгэл 79 төгрөг, 11 дүгээр сарын талбайн түрээс 399 218 төгрөгийг түүний барьцааны мөнгө болох 700 ам.доллар /анх гэрээ байгуулахад барьцаалсан/-аас нь суутган авсан байна. Энэ нь ямар нэгэн гэрээгүйгээр илүү төлбөр суутган авсан байна. Д.Эрдэнэтуяагаас 2 сарын төлбөр 1 022 650 төгрөгийг илүү авсан байна. Гэтэл юуг үндэслэж 2015 оны 9 сарын түрээс гэж гэрээ төлбөр барагдуулах гэрээ хийсэн нь ойлгомжгүй байна. Тиймээс “төлбөр барагдуулах гэрээ” нь ямар ч үндэслэлгүй түрээслэгч Д.Эрдэнэтуяагийн эрх зүйн байдлыг дордуулсан хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Иймд “Номин холдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Номин тав трейд” ХХК-тай 2007 оноос хойш гэрээ хийж гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан бөгөөд жил жилдээ гэрээ хийж гэрээний дагуу түрээсийн төлбөрийг орлогынхоо хувиас тооцон суутгуулж байсан. Гэтэл 2015 оны 9 сарын түрээсийн төлбөр гэж “Номин холдинг” ХХК нь нэхэмжилсэн боловч Д.Эрдэнэтуяа нь 2015 оны 01 сарын 01-нээс 2015 оны 11 сарын 31 хүртэл түрээсийн төлбөрийг төлсөн байна. Д.Эрдэнэтуяа нь түрээслэж байсан гоо сайхны талбай болон тавилгыг нь 2015 оны 9 сарын 29-нд чөлөөлж өгсөн учир илүү төлсөн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. 2015 оны 01 сарын 01-ний өдрийн худалдааны хамтын ажиллагааны гэрээ №Т+в/15/637, 2015 оны 01 сарын 01-ний өдрийн Тавилгын түрээсийн гэрээ №Т+в/15/260 гэрээний дагуу илүү төлсөн 10, 11-р сарын талбайн түрээс 902 658 төгрөг, тавилгын түрээс 119 952 төгрөг, маркетингийн шимтгэл 15 810 төгрөг нийт 1 038 420 төгрөг, мөн бэлнээр төлсөн 2015 оны 10 сарын 30-ны өдөр “Номин холдинг” ХХК-ийн Голомт банкны 2201088679 тоот дансанд 300 000 төгрөг, 2015 оны 11 сарын 30-ны өдөр мөн дансанд 300 000 төгрөгийг тус тус тушаасан бөгөөд нийт 1 638 420 төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр хоёр зүйлийг нэхэмжилсэн байна. Хүчин төгөлдөр бус тооцуулах тухай шалтгаан, үндэслэлээ сөрөг нэхэмжлэлд дурдаж өгөөгүй байна. Д.Эрдэнэтуяа нь өөрөө “Номин холдинг” ХХК-д гурван ч удаа хүсэлт бичиж, хандсаны дагуу түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Илүү төлсөн түрээсийн төлбөр гэх 1 638 420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь мөн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 09 сарын 30-ний өдөр 5 705 000 төгрөгийн авлага үүссэн. Түүнээс гадна 2015 оны 10, 11 саруудад Д.Эрдэнтуяа нь талбайг хүлээлгэж өгөөгүй байсан. Одоогоор түрээсийн төлбөр төлж чадахгүй, компанид хохирол учруулж байгаа нь үнэн гэсэн өөрийнх нь хүсэлт зэрэг эдгээр нотлох баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэтуяа /РД:ХЕ71050663/-гаас 6 547 505 /зургаан сая таван зуун дөчин долоон мянга таван зуун таван/ төгрөг гаргуулж, “Номин холдинг” ХХК-/РД:2708392/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 005 493 /нэг сая таван мянга дөрвөн зуун ерэн гурван/ төгрөг, хариуцагчийн 1 638 420 /нэг сая зургаан зуун гучин найман мянга дөрвөн зуун хорин/ төгрөг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэтуяагаас 119 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин холдинг ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 710 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 288 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримталжээ. Шүүх нь тогтоох хэсэгт Иргэний хуулийн 60 дугаар зүйлийг баримталсан атлаа манай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. 2015 оны түрээсийн төлбөр гэж нэхэмжилдэг боловч түрээсийн төлбөрийг "Номин холдинг" ХХК нь Д.Эрдэнэтуяагийн данснаас cap болгон авдаг бөгөөд хариуцагч талаас бүр дансны хуулга болон баримтыг гаргаж өгсөн байхад зөвхөн түүний төлбөр төлнө гэсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түрээсийн төлбөрийг төлсөн баримтыг үнэлээгүй орхисон нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарлаа. Лангуу чөлөөлөх тухай мэдэгдэлд өөр төрлийн бараа зарсан тул гэж мэдэгдэл өгсөн байдаг болохоос түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар хэргийн материалд ямар ч баримт байхгүй. Хариуцагчийг шүүх хуралд оролцуулаагүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүйг зөвтгөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Номин холдинг” ХХК нь хариуцагч Д.Эрдэнэтуяад холбогдуулж төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7 553 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, илүү төлсөн 1 638 420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Зохигчид 2007 онд түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Д.Эрдэнэтуяа нь Улсын их дэлгүүрийн 1 давхарт гоо сайханы барааны зориулалттай талбай лангууг 2015 оны 10 дугаар сар хүртэл түрээслэж байсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Түрээслэгч Д.Эрдэнэтуяа нь түрээсийн төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүйгээс талууд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, 4 698 337 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн байна. Уг төлбөрийн үлдэгдлийг түрээслэгч Д.Эрдэнэтуяа нь сар бүр 500 000 төгрөг төлж барагдуулахаар хуваарь гаргаж, тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/
Хариуцагч дээрх төлбөр барагдуулах гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан, түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэж маргаж, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн гэх 1 638 420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүйгээс гадна тэрээр нэхэмжлэгч байгууллагад хандаж 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 4 698 337 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтийг өөрийн гараар бичиж өгсөн баримт хэрэгт авагдсан байна. /хх-10-13 дугаар тал/ Иймд уг гэрээг хүч хэрэглэж байгуулсан, хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн баримтад гарын үсгээ зурж бичгийн хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр талууд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн шаардлага, өр төлбөрийн талаар харилцан тооцоо нийлж, уг тооцонд заагдсан өр төлбөрийг төлөх хугацааг үе шаттайгаар тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх талуудыг түрээсийн гэрээний үүргийн харилцааг төлбөр барагдуулах гэрээний үүргийн харилцаагаар сольсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь талууд өмнөх түрээсийн гэрээний үүргээс үүдэлтэй өр төлбөрийн талаар тооцоо нийлж, түүнийгээ баталгаажуулан, төлбөр төлөх хугацааг шинэчлэн тогтоож, уг үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хүлээх хариуцлагаа буюу алданги зэргийг тодорхойлсон бие даасан гэрээг шинээр байгуулсан байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу үүргийг өөр үүргээр сольсон тохиолдолд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар өмнөх буюу түрээсийн гэрээний хүрээнд тодорхойлогдоно. Гэтэл шүүх сүүлд байгуулагдсан, хэрэгт авагдсан төлбөр барагдуулах гэрээний дагуу алдангийг тооцсон атлаа гэрээний үүргийг солигдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байх боловч тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн үндсэн болон нэмэлт үүргийг зөв тодорхойлж, хариуцагч Д.Эрдэнэтуяагаас төлбөр барагдуулах гэрээгээр тооцоо нийлсэн 4 698 337 төгрөг, түүний алданги 2 349 168 төгрөг, нийт 7 047 507 төгрөгөөс төлөгдсөн болох нь баримтаар тогтоогдсон 500 000 төгрөгийг хасч, үлдэх 6 547 505 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 006 880 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч уг шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөөгүй, талуудын хоорондын тооцоо нийлсэн төлбөр барагдуулах гэрээнд энэ талаар тусгагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн атлаа түүний эрх зүйн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ