Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/539

 

 

2015 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2015/539

Улаанбаатар хот

                  

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын

газрын дарга Ч.Ч, нягтлан бодогч Х.Б

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрт хариуцагчийн давж заалдах гомдлоор, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Ч, нягтлан бодогч Х.Б нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Ч, аудитор Ч.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга  Ч.Ч,нягтлан бодогч Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Актуудаар тавигдсан 31.590.600 төгрөгийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиудын холбогдох заалтын хүрээнд шийдвэр гарган зарцуулсан, аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгийг хууль зөрчин, зориулалтын бусаар зарцуулаагүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймээс бид хоёрт хариуцуулсан нийт 31.590.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/02 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Ч, аудитор Ч.Г тнар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тус газрын 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу, бүрэн эрхийнхээ хүрээнд “Аймаг, сумын Засаг даргын нөөц сангийн 2014 оны зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Нийт 30.540.6 мянган төгрөг зарцуулсан нь Засгийн газрын 2002 оны 200 дугаар, 2014 оны 147 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 307 дугаар захирамжийг тус тус зөрчсөн байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Ч нягтлан бодогч Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор С.Ч давж заалдах гомдолдоо: ...Аудитаар Дархан хот байгууллагдсаны 53  жилийн ойн баярын өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд шаардагдах зардалд 18,058.0 төгрөг олгосон. Мөнгөн сарнай шинэ жилийн арга хэмжээнд 5,000.0 төгрөг, Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн шинэ жилийн арга  хэмжээнд 2,000.0 төгрөг, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Ундраа, Хөрөнгө, оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Баттулга нарын шагнал, урамшуулалд 891.9 төгрөг, “Дархан Хайрхан” уулыг тайх төр, шашны ёслолын арга хэмжээнд 590.7 төгрөг, Дархан-Уул аймгийн 25 дугаар хорооллын хөрөнгө оруулалтын талаар олон нийтэд сурталчлах зардалд 4,000.0 төгрөг тус тус олгосон. Нийт 30,540.6 төгрөг зарцуулсан нь Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоол, 2014 оны 147 дугаар тогтоол, Дархан-Уул аймгийн Засаг даргын 307 дугаар захирамжийг тус тус зөрчсөн.

Засгийн газрын 2002 оны 200 дугаар тогтоолын 2-т “Орон нутгийн чанартай наадам, уул, овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай” гэсэн заалт, 2014 оны 147 дугаар тогтоолоор зардлын үр ашгийг сайжруулах хүрээнд Засгийн газар тэвчиж болох зарим зардлаа он дуустал хугацаанд хэмнэхээр болж байгаа явдал юм. Үүнд: Төсвийн хөрөнгөөр хурал зөвлөгөөн сургалт зохион байгуулах тоо давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш шатахуун, гадаад дотоод албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр гадаад дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон байна.

Үүний зэрэгцээ хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийг сурталчилан таниулахаас бусад хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр байгууллага, хамт олныг сурталчилах, телевизийн шоу уралдаан зохион байгуулах, төсвийн хөрөнгөөр телевизийн олон ангит кино хийх, мөн сургалт семинар зохион байгуулах, байгууллага, салбарын ой, баяр ёслол тэмдэглэхтэй холбогдуулан цаасан мэндчилгээ илгээх, цүнх календарь бэлтгэх зэргийг хориглосон. Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 307 дугаар захирамжийн хавсралтын 4.4-д “Төсвийн хөрөнгөөр тойрон аялал, ой тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулахгүй байх”, 1-ийн Г-д “Төсвийн хөрөнгө, нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор хамт олныг сурталчилах, баяр ёслол тэмдэглэлт өдрөөр цаасан мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, ивээн тэтгэх үйл ажиллагаа явуулахгүй байх, хэмнэгдсэн зардлаар бусад байгууллагын туршлага судлах нэрээр өөр аймагт явахгүй байх, элдэв үзвэр үйлчилгээний тасалбар авахыг хориглох” гэж заасныг тус тус биелүүлээгүй нь албан тушаалаа хэтрүүлсэн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3-д “Төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн ашиглалт, зарцуулалтад аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулна” гэж заасны дагуу танай байгууллагад шилжүүлж байна. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үндэслэл тус бүрт эрх зүйн дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус эсэхийг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ч, нягтлан бодогч Х.Б нар нь “тус аймгийн Аудитын газрын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 05/97, 06/98, 07/99, 08/100, 09/101, 10/102 дугаар актуудыг хүчингүй болгуулж, өөрсдөд нь хариуцуулсан нийт 31.590.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас 2015 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу “Аймаг, сумын Засаг даргын нөөц сангийн 2014 оны зарцуулалт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг хийсэн бөгөөд маргаан бүхий 05/97 дугаар актаар “Дархан-Уул аймгийн 53 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд 18.058.0 мянган төгрөг”, 06/98 дугаар актаар “Мөнгөн сарнай шинэ жилийн арга хэмээнд 5.0 сая төгрөг”, 07/99 дүгээр актаар “Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн шинэ жилийн арга хэмжээнд 2.0 сая төгрөг”, 08/100 дугаар актаар “Шарын гол сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Г.Ундраа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Баттулга нарыг 891.9 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан”, 09/101 дүгээр актаар “Дархан-Хайрхан” уулын тахилгад 590.7 мянган төгрөг”, 10/102 дугаар актаар “Дархан сумын 25 дугаар хорооллын сурталчилгаанд 4.0 сая төгрөг” зарцуулсан зөрчилд тус тус төлбөр хариуцуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д “Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн хариу тайлбарын үндэслэл нь өөр байхад анхан шатны шүүх тэдний маргаагүй, “нэхэмжлэгчээс санхүүгийн баримтыг шаардаж гаргуулаагүй, тэдэнтэй уулзаж байгаагүй” гэх, мөн маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй “танилцуулж, гардуулаагүй” гэх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий акт тус бүрийн эрх зүйн үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргааны үйл баримт, түүнтэй холбоотой баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “...төсөвлөсөн хөрөнгөөс зохих ёсны хэмнэлт хийсэн учраас урьд төлөвлөсөн ажилдаа төсвөө зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулаагүй..., Аймгийн 53 жилийн ойн баяр наадмын арга хэмжээг тэмдэглэх асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнасан...” гэж, хариуцагч нь “...оны эхэнд 240 сая төгрөг баталсан бөгөөд Засгийн газрын 147 дугаар тогтоол гарсны дараа оны эцэст 317 сая төгрөг болгон нэмэлт тодотгол хийсэн байдаг. Уг нь 240 саяас хэмнэлт үүсэх байтал хүчээр 317 сая болгож өсгөөд үүнээс хэмнэлттэй ажилласан тул 240 саяас хэмнэлт үүссэн гэж үзэхгүй...” гэж тус тус тайлбарлаж байгаа боловч эдгээртэй холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын нөөц сангийн 2014 оны зарцуулалт, орон нутгийн төсвийн 2014 оны санхүүгийн тайлан, холбогдох баримтад шалгалт явуулж, маргаан бүхий актуудыг гаргахдаа 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 147 дугаар тогтоолыг, уг тогтоолыг үндэслэн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга нь “Төсвийн хэмнэлтийн горимд шилжих тухай” 307 дугаар захирамжийг үндэслэл болгожээ.

Тиймээс маргаан бүхий актад дурдсан зөрчлийн үйл баримт нь дээрх тогтоол, захирамж гаргаснаас өмнө, хойно үйлдэгдсэн эсэх, цаг хугацааны хувьд хамаарч байгаа эсэх, нэхэмжлэгч байгууллага хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн актууд үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий акт тус бүрийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байхад одоогоор хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх боломжгүй тул ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаарсарын 05-ны өдрийн 39 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ                          ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН                                ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР